Ажилт гаргана гэдэг тухайн өглөөг хэрхэн угтсанаас ихээхэн шалтгаалдаг юм шүү. Тийм учраас та бүхэн өглөө босоод заавал өглөөний цайгаа ууж байгаарай. Гэхдээ юу ч хамаагүй тааралдсан бүхнээ идэж болохгүйг мөн сануулж байна. Эрдэмтэд өглөө ямар хоол идвэл тохиромжтой болохыг судалж, өндөг хамгийн тохиромжтой хүнс болохыг тогтоожээ. Өглөөний цайгаа уухдаа өндөг тогтмол идэж байвал өдрийн турш эрч хүчтэй ажиллах тэжээлийг авдгаас гадна эрүүл мэндэд тустай болохыг Америкийн эрдэмтэд тогтоосон байна.
Эрдэмтдийн тогтоосноор, өглөө бүр өндөг идэх нь биеийн жинд нөлөөлөхгүй, харин ч эрүүл мэндэд тустай аж. Өндөгтэй хоол идэж ажлын өдрөө эхэлсэн хүн ажилдаа амжилт гаргах эрч хүчийг ихээр авдаг гэнэ. Тийм учраас та бүхэн маргааш өндөг идэхээ бүү мартаарай. Харин одоо та бүхэндээ "Монголын нэг өдөр" тойм мэдээллээ хүргэх гэж байна.
Ц.Нямдорж: Надад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа биз. Шалгаж байгаа газраас нь очиж асуу
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг сэтгүүлчдийг тагнаж, чагнасан хэрэгт эрүү үүсгэн, шалгаж байгаа гэсэн мэдээлэл байгаа. Энэ талаар Ц.Нямдорж сайдаас тодрууллаа.
-Сэтгүүлчдийг тагнаж, чагнасан асуудлаар танд эрүүгийн хэрэг үүсгэсэн гэсэн. Үнэн үү?
-Би сэтгүүлчдийг тагнаж чагнаагүй.
-Энэ хэргээр танд эрүү үүсгэн шалгаж байгаа юм биш үү?
-Шалгаж л байгаа биз. Шалгаж байгаа газраас нь очиж асуу.
-Таныг гурван удаа очиж байцаалт өгсөн гэсэн. Та энэ хэрэгтэй холбоотойгоор байцаалт өгсөн үү?
-Би нэг удаа мэдүүлэг өсгөн. Мэдүүлэг өгөхдөө сэтгүүлчдийг тагнаж, чагнаагүй гэсэн зүйл л ярьсан.
-Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбоотой төмөр замын хэргийг хэрэгсэхгүй болгосон байсан. ШХАБ-д элсэх, эсэх асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулж байгаад энэ хэргийг хэрэгсэхгүй болгочихлоо гэсэн хардлага байна. Ерөнхийлөгч энэ хэрэгт нөлөөлсөн гэсэн мэдээлэл ч явж байна. Хууль зүйн сайдын хувьд танд энэ хэргийн талаар ямар мэдээлэл байна вэ. Ерөнхийлөгч энэ хэрэгт нөлөөлсөн байх боломж бий юү?
-Би өчигдөр энэ талаар мэдээллийн төдийд л сонссон. Надаас асуугаад энэ талаарх мэдээлэл надад байхгүй. Миний дуулснаар тэр Солонгос хүнийг 40 сая төгрөгөөр торгоод хэргийг хаасан гэсэн мэдээллийг хэвлэлээс харсан. Хэвлэлийн л мэдээлэлтэй байна.
-Өнөөдөрт Гантулга гишүүний асуудлыг бүлгээр хэлэлцэнэ гэсэн. Прокуророос энэ хэрэгтэй холбогдуулж УИХ-д бичиг ирүүлсэн гэсэн?
-Энэ талаар би сонсоогүй.
Д.Нямхүү: ДОХ-ын халдвартай 600 хүн бидний дунд амьдарч байна
"Сүрьеэгийн өвчлөлийн тархалтын байдал, цаашид авах арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлэг өчигдөр Төрийн ордонд болж өнгөрлөө. Улсын хэмжээнд нийгмийн өвчнүүдээс тархалтаараа БЗХӨ, гепатит вирус, сүрьеэ нь эхний гуравт орж байгаа бол сүрьеэ нь нас баралтын нэгдүгээр шалтгаан болжээ. Жилд 4000 гаруй хүн шинээр сүрьеэгийн халдвар авч байгаагаас дийлэнхи буюу 53,5 хувийг эрэгтэйчүүүд эзэлж байгаа аж. Сүүлийн жилүүдэд олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн вирусийн халдвар нэмэгдэх болсон нь эмч мэргэжилтнүүдийн сэтгэл зовоосон асуудал болсон байна. Энэ талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дарга Д.Нямхүүтэй ярилцлаа.
СҮРЬЕЭГЭЭ ӨВЧИЛСӨН ХҮНИЙГ ХҮҮХЭД ШИГ Л АСАРДАГ
-Манай улсад халдварт өвчний тархалт хэр байна вэ. Халдварт өвчний төрөл нэмэгдэж байгаа юу?
-Монгол улсад 30 гаруй халдварт өвчин бүртгэгддэг. Үүний 40 хувийг бэлгийн замаар дамжих халдварт өвчин эзэлж байна. Энэ бол тогтвортой тоо. Тухайлбал, Тэмбүү, ДОХ, Заг хүйтэн, трихомониаз гэх мэт өвчин байна. Үүнээс өөр өвчин байдаг ч статистик мэдээнд ордоггүй юм. Үүний дараа сүрьеэгийн халдварт өвчин орж байна. Сүрьеэгийн халдварын тархалт Монгол улсад өндөр байна. Бүсийн 37 орноос эхний долоод жагсаж байна. Өндөр халдвартай орнуудтай харьцуулахад мөн л дээгүүр бичигдэж байна. Энэ дундаа олон эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчний асуудал сүүлийн үед олон улсад их яригдаж байна.
-Сүрьеэ өвчинтэй хүнд онцгой арчилгаа, эмчилгээ шаардлагатай гэдэг. Энэ өвчнөөр өвдсөн хүмүүс эмчилгээ, оношилгоондоо хэр идэвхтэй хамрагддаг вэ?
-Сүрьеэгийн нян нь их хувирамтгай юм. Эм үйлчлээд эхлэнгүүт өөрийгөө өөрчлөөд тэсвэртэй болоод өөрийгөө хамгаалаад байдаг. Мөн маш удаан эмчлэгддэг өвчин юм. Энэ өвчин туссан хүнийг 24 сар эмчилнэ гэдэг их хүндрэлтэй. Энэ хугацаанд 10000 эм уудаг. Эм бол маш өндөр хүчтэй хор. Тэгэхээр энэ хугацаанд өвчтөн залхаж, гаж нөлөөнөөсөө айгаад эм уухаасаа зугтдаг. Тэр их хүчтэй эм уухаар биед нь өөрчлөлт гарч, хямардаг. Бүр сүүлдээ эмч нартаа олдохгүй алга болдог. Бид хориод, цагдаад байлгаж чадахгүй шүү дээ. Өөр өвчнөөр өвчилсөн ХҮНИЙГ ЭМЧЛЭГЧ эмч нь “Энэ таны эм, уугаарай” гэж хэлж өгөөд гардаг. Харин сүрьеэгээр өвчилсөн хүнийг хүүхэд шиг асардаг. “За эмээ уусан уу. Уугаагүй бол яг залгисных дараа” өрөөнөөс нь гардаг. Хэрвээ эмээ ямар нэгэн байдлаар уугаагүй бол тухайн эмний цусан дахь хүч нь үгүй болно. Эмний үйлчлэл тодорхой хугацааны дараа цуснаас гардаг. Тэгэхээр тодорхой хугацаанд тэр эмийг цусанд нь байршуулж байж нянд нь үйлчлүүлдэг. Хэрвээ эмчилгээг тасалвал нян нь бэхжинэ. Дутуу цохиулсан хүн босоод ирдэг. Нам дарж байж өвчин эдгэрэнэ. Маш их бэрхшээлийн дунд өвчтөн болон эмч нар байна. Олон эмэнд дасалтай сүрьеэ Хятад, Орос улсад их байгаа нь бас аюултай. Учир нь энэ улс руу манай наймаачид их явдаг. Олон эмэнд дасалтай сүрьеэ нь энгийн сүрьеэгээсээ маш өөр, удаан эмчлэгддэг, өндөр өртөг шаарддаг. Цаашлаад улс орны эдийн засгийг хямраадаг, тэр айлыг сүйрүүлдэг. Энгийн сүрьеэ нь 6-8 сар эмчлээд бүрэн эдгэрдэг. Харин олон эмэнд дасалтай сүрьеэг 12-24 сар маш сайн эмчилбэл эдгэрнэ. Гэхдээ эмчлэхэд үнэхээр хэцүү.
-Олон эмэнд дасалтай сүрьеэг нар, агаараар хавсарч эмчилбэл илүү үр дүнтэй гэдэг. Танай эмнэлэгт энэ нөхцлийг ханган эмчилж чадаж байна уу?
-Манай эмнэлэгийн 200 орны 60 нь энэ төрлийн өвчтнийг эмчлэхэд зориулагдсан. Өвчтөнүүдийн хэвтэн эмчлүүлж буй өрөөний агаар эмч нарын өрөө рүү орж ирдэггүй хасах даралттай байх ёстой. Би коридорт явж байхад тасагт эмчлэгдэж буй өндөр халдвартай өрөөний агаар миний явж буй газарт бус цаашаа үлээх ёстой. Халдвар хамгааллын ийм нөхцөлд эмчлэх ёстой юм. Тэгэхээр маш өндөр халдвар хамгааллын нөхцлийг хангасан стандартын барилга байх ёстой. Жилээс жилд өвчлөл нэмэгдэж байна. Тэглээ гээд бид байшингаа сунгах боломжгүй. Халдвартын эмнэлэг нь хотын төв дотроо ажиллаж байна. Анх Халдвартын эмнэлэг ашиглалтад ороход буюу 1986 онд том намаган дотор ганц хашаа л байсан. Одоо хотын төвийн А бүсэд орчихлоо. Тэгэхээр нэн тэргүүнд Халдвартын эмнэлгийг бүхлээр нь хотоос гаргах шаардлагатай ч чадахгүй байна. Ядаж эмэнд дасалтай сүрьеэгийн эмнэлгээ хотоос гаргаж барих шаардлагатай байгаа юм. Маш олон эмэнд дасалтай сүрьеэгийн нян нарнаас айдаг. Тэгэхээр агаар, нарны эмчилгээг хавсарч эмчилгээ хийвэл өвчин эдгэх явц 50 хувиар хурдасна. Асар их өөрчлөлт гарна. Энэ эмнэлгийг барих ажлыг олон жил ярьсаны эцэст У.Хүрэлсүх сайдын Засгийн газрын үед ажил хэрэг болох гэж буйд нь талархууштай байна. Бид үнэхээр их баярлаж байна.
-Сүрьеэгийн өвчлөл өндөр байгаа гол шалтгаан нь юу вэ?
-Маш тодорхой. Сүрьеэгийн бактери чийгтэй харанхуй, хүйтэн орчинд өсч, үржиж бат бөх байдаг. Хүн бүхэнд унтаа сүрьеэ байдаг. Та бид эрүүл хооллоод, сайн унтаж амраад тав тухтай байгаад байгаа учир унтаа сүрьеэ сэргэж чадахгүй байна. Бидний дархлалын эсүүд бол баатрууд шиг унтаж байхад ч ажилладаг. Тэр эсүүд унтаа сүрьеэг сэхээхгүй дарж байгаа юм
-Сүрьеэгээр өвдөж буй хүмүүст судалгаа хийж үзсэн үү. Нийгмийн аль нэг давхарга нь өвддөг гэдэг ч юм уу ямар нэгэн тодорхой шинж байдаг уу?
-Ихэвчлэн ядуу, зүдүү хүмүүст тохиолдож байна. Амьдрал нь хүнд хоол, хүнс муутай байхаар хүн ядарна. Тэгээд дархлал нь унаад ирэхээр унтаа сүрьеэ босч ирдэг. Сүрьеэгээр өвдсөн хүн өөрөө мэдэлгүй халдвар тараагаад явчихдаг. Эмчлүүлж, оношлуулахгүй бол мэддэггүй. Халдвар, судлалын эмч нар бол эмнэлгийн цагдаа л гэсэн үг. Халдвартай хүний ойр хавьд ажиллаж, амьдарч буй хүнийг хүртэл олж мэдэн эмчилдэг.
СҮРЬЕЭГ ЭМЧЛЭХ ЭМЧ, СУВИЛАГЧ ХОВОРДОЖ БАЙНА
-Энэ төрлийн өвчний бууруулах арга замыг та юу гэж хардаг вэ?
- Илрүүлэх үзлэгийг эрчимтэй хиймээр байна. Үүнд асар их хөрөнгө шаардагдана. Рентгенд цээжний зургийг нь авахаас гадна цэрний шинжилгээ авч наалдац бэлтгэнэ. Энэ бүхэнд бүх хүнийг хамруулмаар байна. Аймаг, сум, ажлын газраар нь үзлэг оношилгоонд хамруулмаар байна. Ингээд өвчнийг илрүүлчихвэл эмчлээд явмаар байна. Энгийн сүрьеэг нэг сар эрчимтэй эмчлэхэд халдварыг тараахгүй. Нэг сар эмчлэгдээд эмнэлгээс гарч болно. Эмчтэйгээ ойр байж эмээ цагийн дагуу яг уухад болно. Үнэмшихэд хүндрэлтэй зүйлийг яръя. Бид зарим өвчтөнийхөө араас явж эмийг нь уулгадаг. Тэнээд явж буй архи уудаг нөхрийг олоод эмийг нь уулгачихаад бараг шагначихаад явдаг. Тэгэхээр энэ систем бол үнэхээр аймар. Ингэхээс өөр арга ч алга. Энэ ажилд хүний нөөц хэрэгтэй байна. Мэдлэгтэй, сэтгэлтэй эмч олон байвал бид энэ өвчний эсрэг ажиллаж чадна.
-Энэ өвчнийг эмчлэх эмч нарын хүний нөөц хэр байгаа вэ?
-Хүний нөөцийн 40 хувийн дутагдалтай байна. Банкныхаа талаар бензинтэй Хөвсгөлд очно гээд явж байна. Гэтэл бензин дутмагаас болж Архангай дээр гацахаар байна. Яг л ийм нөхцөл байдалтай байна шүү дээ.
-Мөн эмч, сувилагчид нь уг өвчин халдварладаг гэдэг. Энэ үнэн үү?
-Эмч, сувилагчид нь халдварладаг тохиолдол бий. Ер нь сүрьеэгийн өвчнийг эмчлэх эмч, сувилагчид ховордож байна.
-Уг өвчнийг илрүүлж, оношилж эмчлэхэд маш их санхүүжилт хэрэгтэй гэж та хэллээ. Ер нь энэ өвчинд хэр их хөрөнгө зарцуулдаг вэ. Цаашид улсын төсвөөс хэр ихийг нэмж гаргах шаардлага байна?
-Санхүүжилт дутуу. Глобал сангийн санхүүжилтээр уг өвчний эмчилгээний зардлын ихэнхийг гаргаж байна. Улс орны асуудлыг энэ байгууллага бүрэн даах албагүй. Нийт зардлын тодорхой хувийг л гаргадаг. Энэ байгууллагаас олон сая доллар орж ирдэг гэх боловч оношилгоо, эмчилгээ, эмний зардалд зарцуулаад л таардаг. 2020 онд Глобал сангийн энэ төсөл зогсоно. Тэр үед Засгийн газар эмчилгээний зардлыг бүрэн даах аюултай байдал руу ороод байна.
ДОХ-оор ӨВЧИЛСӨН 600 ГАРУЙ ХҮН БИДНИЙ ДУНД ЯВЖ БАЙНА
-Манай улсад ДОХ-ын халдвараар өвчилсөн нь илэрсэн хүн хэд байна.Түүний цаана далд байгаа хүн хэд байх магадлалтай байна вэ?
-Манайд 260 гаруй тохиолдол байна. Үүний 80 хувь нь гомо буюу эрчүүд, эрчүүдтэйгээ бэлгийн харьцаанд ордог хүмүүс байна. Өвчин илэрсэн гомо хүний хавьтлыг нь илрүүлэх замаар ажиллаж байна. Гомо нар цөөхөн учраас бие, биедээ халдаадаг. Хоорондоо бэлгийн харьцаанд ордог учраас үзлэгт оруулаад мэдчихдэг. Тэдний зарим нь эмэгтэй хүнд дамжуулсан тохиолдол ч бий. Харин 20 хувь холимог. Гэхдээ ДОХ бол зөвхөн гомо, биеэ үнэлэгч нарын өвчин биш. Ажил, төрөл хийгээд явж байгаа энгийн сайхан хүмүүс ч өвчилсөн. Бид тэдний нууцыг хадгалах үүрэгтэй. ДОХ-ын халдвараар өвчилсөн хүнд өдөрт ганцхан эм уулгаж вирусыг нь өсч үржихээс хамгаалж байна. Тэр эм насыг нь уртасгаж байгаа. 70 нас хүрэх тавилантай бол тэр хүртэл явж чадна. ДОХ бол дархлалын системийн сүйрэл юм. Түүнээс идээтэй өвчин биш. Хүний дархлал унавал ямар ч өвчин босч ирнэ. Сүрьеэ ч босч ирнэ. Сүрьеэгийн хавсарсан тохиолдлоор дэлхийд 400 мянган хүн нас барсан.
-ДОХ-оор өвчилсөн 200 гаруй хүний цаана нийт хичнээн хүн өвдсөн байх магадлалтай вэ?
-Тооцооллоор 600 гаруй хүн бидний дунд явж байна. Энэ өвчнөөр өвчилсөн хүмүүсийг илрүүлж гүнд нь орно гэдэг бол ур чадвар юм. Бид “Та энэ өвчнөөр өвчилсөн байна. Гэхдээ айх аюулгүй. Эмээ уу. Сэтгэлийн шаналгаагаа надтай хуваалц” гэж яриад сэтгэлийг нь тайвшруулдаг. Яг мөрдөж, мөшгөөд явж чадахгүй учраас тэр хүн будлиан тарихыг бид мэдэхгүй. Ихэвчлэн амьдарлын буруу зуршилтай олон хүнтэй бэлгийн харьцаанд ордог хүмүүс энэ өвчнийг тусч байна. Тэр буруу зан засрахгүй байгаа учраас аюул тарих магадлал өндөр. Би энэ төрлөөр дагнан судалгаа хийсэн хүн учраас биеэ үнэлэгчдийг шинжилгээнд оруулж үзлэг оношилгоо хийдэг байсан. Нэг өдөр халдвартай ӨВЧТӨНТЭЙГЭЭ ресторанд тааралдахад НАД РУУ уурлаж “ Би хүнтэй уулзаж хоол идэж БОЛОХГҮЙ ЮУ” гэж ХЭЛЖ БАЙСАН УДААТАЙ. Тэр хүн ямар хэрэг тарьж буйг би мэдэхгүй шүү дээ.
-Сүүлд 10 жилийн хоёр хүүхдээс ДОХ илэрсэн гэх мэдээлэл байсан. Энэ үнэн үү?
- Нас бол залуужсан. Хар тамхи болон бусад буруу зуршлаас болж ДОХ-ын тохиолдол их гарч байна.
-Урьдчилан сэргийлэх л их чухал ажил. Тийм үү?
-Тийм. Энэ өвчний талаар сайн мэдлэгтэй байх ёстой. Гарцаагүй тохиолдолд бэлгэвч хэрэглэхэд нэг удаа аварна. Түүнээс бэлгэвчийг сурталчлаад хэрэггүй. Хамгийн гол нь зан чанарын зөв хэвшил, үнэнч байдлаа л хадгалах хэрэгтэй.
Д.Хаянхярваа: Прокуророос гишүүдийг эгүүлэн татах хүсэлт бүхий бичиг ирсэн нь үнэн
УИХ дахь МАН, АН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдах гэж байна. Намын бүлгүүд гэнэтхэн хуралдах болсон нь шалтгаан нь Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын гишүүдийг эгүүлэн татах хүсэлтийг УИХ-ын хүргүүлсэн тэй холбоотой. Тодруулбал, тэднийг ёс зүйн зөрчил гаргасан хэмээн үзэж УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх санал прокурорын байгууллагаас ирсэн учраас ийнхүү намын бүлгүүд ээлжит бусаар хуралдахаар болсон гэнэ. Прокуророос эгүүлэн татах санал ирүүлснийг УИХ 48 цагийн дотор хуралдаж, хүлээж авах эсэхээ шийдвэрлэх ёстой юм. Тиймээс намын бүлгүүд УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын ёс зүйн асуудлаар хуралдахаар болоод байна.
МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагаас энэ талаар тодруулахад "Нийслэлийн прокурорын газраас дээрх гишүүдийг эгүүлэн татах бичих ирсэн эсэх талаар тодруулахад "Прокуророос гишүүдийг эгүүлэн татах хүсэлт бүхий бичиг ирсэн нь үнэн. МАН-ын бүлэг УИХ-ын гишүүн Д.Гантулгын ёс зүйн асуудлаар бүлгийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэхээр хуралдах гэж байна" гэв.
Эмчилгээ хийлгэж байгаа С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр шийднэ
Прокуророос ирсэн хүсэлтийн дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн цагдан хорих эсэхийг өнөөдөр хэлэлцэх юм байна. ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангид саатуулагдаад байсан Ерөнхий сайд асан С.Баяр, Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа юм. Харин Ч.Сайханбилэгийн хувь өчигдөр Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэгт шулуун гэдэсний хагалгаанд орсон билээ.
Эх сурвалжийн мэдээлснээр биеийн байдлыг харгалзан батлан даалтад гаргах уу эсвэл үргэлжлүүлэн хорих уу гэдэг өнөөдөр тодорхой болох юм байна
Иргэний бүртгэлийн лавлагааг дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс олгож эхэллээ
Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын А/588 тоот тушаалаар Улсын бүртгэлийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай болгох зорилгоор 2018 оны 06 сарын 04-ний өдрөөс 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс Иргэний бүртгэлийн чиглэлээр дараах лавлагааг олгож эхэллээ.
Үүнд:
• Төрсний бүртгэлийн
• Гэрлэлтийн бүртгэлийн
• Гэрлэлт цуцалсан бүртгэлийн
• Эцэг /эх/ тогтоосны бүртгэлийн
• Овог, эцэг /эх/-ийн нэр, нэр өөрчилсний бүртгэлийн
• Үрчлэлтийн бүртгэлийн
• Нас барсны бүртгэлийн
• Иргэний үнэмлэхийн
• Гадаад паспортын
• Төрөл садан /эцэг, эх, ах, эгч, дүү, эмэг эх, өвөг эцэг/-гийн
• Гэрлэсэн эсэх
• Регистрийн дугаар өөрчилсний
• Төрсний бүртгэлгүйн
• ХААТР-1
Хөвсгөл аймагт үнэгнээс ямаанд галзуу өвчин халджээ
Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Бүгдгээн гэх газарт үнэгнээс ямаанд галзуу өвчин халдсан байна. Улмаар тус газарт хязгаарлалтын дэглэм тогтоожээ.
Нэг үнэг айлын гадаа ирсэн бөгөөд нутгийн иргэд түүнийг хөөсөн боловч дахин ирээд байхаар нь мотоциклиор дайрч алаад үнэгний сэг зэмийг устгалгүй орхисон байна.
Хэд хоногийн дараа тэр орчимд зусаж байсан айлын ямаа үхэж эхэлсэн бөгөөд малын эмч дуудан үхсэн ямаанаас дээж авч шинжлүүлэхэд галзуу өвчин болох нь батлагджээ. Тус сумын Засаг даргын А/53 тоот захирамжаар энэ сарын 02-ноос эхлэн 14 хоногийн хугацаатай хязгаарлалтын дэглэм тогтоож мал амьтныг вакцинжуулж байгаа аж.
Прокуророос нэр бүхий гишүүдийг эгүүлэн татах асуудлаар хүсэлтээ УИХ-д хүргүүлжээ
УИХ дахь намын бүлгүүд хуралдах гэж байна. Бүлгүүдийн хуралдаанаар Д.Гантулга, Б.Мурат нарыг эгүүлэн татах асуудлыг хэлэлэх аж. Учир нь Улсын ерөнхий прокурорын зүгээс нэр бүхий гишүүдийг эгүүлэн татах асуудлаар хүсэлтээ УИХ-д хүргүүлсэн байна.
Хүсэлтийг 48 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэх хуулийн заалттай аж. Тиймээс бүлгийн дараа байнгын хороод энэ асуудлаар хуралдах тов гарсан гэнэ.
Татвараа төлөөгүй жолоочийг 240 мянгаар торгоно
Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөр, агаар бохирдуулсны хураамжийг төлөх хугацаа зургадугаар сарын 1-нд дуусдаг журамтай. Энэ журам дуусаад 6 хонож байна. Иргэ таны тээврийн хэрэгсэл 1, 6 тоогоор төгссөн автомашины улсын дугаартай жолооч нэгдүгээр сард, 2, 7 тоогоор төгссөн бол хоёрдугаар сард, 3, 8 тоогоор төгсссөн бол гуравдугаар сард, 4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард, 5, 0 тоогоор төгссөн бол тавдугаар сард албан татвар, агаар бохирдуулсны төлбөр, зам ашигласны төлбөрөө төлөх ёстой. Татвараа төлөөгүй бол хөдөлгөөнийг нь хязгаарлаж, Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 75.1.4-т заасны дагуу торгох арга хэмжээ авах юм байна. Өөрөөр хэлбэл, жолоочийг 240 мянган төгрөгөөр торго заалттай аж.
ЦЕГ: Сэржмядаг охиныг хөнөөсөн хүмүүсийг баривчилсан гэх мэдээлэл худлаа
Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 8 настай, Х.Сэржмядаг охин сураггүй алга болсноос хойш долоон сар гаруй хугацаа өнгөрч байгаа билээ. Энэ хугацаанд Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны даргаар ахлуулсан ажлын хэсэг шалгалтын ажиллагааг явуулж байгаа. Тэгвэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр охины талаар таагүй мэдээлэл гарах боллоо. Тодруулбал, охины амь насыг хөнөөсөн байж болзошгүй гэх хоёр хүнийг саатуулан шалгаж байгаа, Охины сураг гарлаа гэх зэрэг мэдээлэл гарч байна.
Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад " Х.Сэржмядаг охиныг хөнөөсөн хүмүүсийг баривчилсан гэх мэдээлэл гарч байна. Энэ мэдээлэл худлаа. Хэргийг одоо ч үргэлжлүүлэн шалгаж байгаа. Олон нийтийн анхаарлын төвд энэ хэргийг илрүүлэхийн тулд цагдаагийн бие бүрэлдэхүүн хэрэг гарсан өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нэг ч өдөр зогсохгүй ажиллаж байгаа. Охиныг олдох хүртэл эрэн хайх ажиллагааг зогсоохгүй" гэв.
Эмчилгээ хийлгэж байгаа С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр шийднэ
Прокуророос ирсэн хүсэлтийн дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн цагдан хорих эсэхийг өнөөдөр хэлэлцэх юм байна. ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангид саатуулагдаад байсан Ерөнхий сайд асан С.Баяр, Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа юм. Харин Ч.Сайханбилэгийн хувь өчигдөр Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэгт шулуун гэдэсний хагалгаанд орсон билээ.
Эх сурвалжийн мэдээлснээр биеийн байдлыг харгалзан батлан даалтад гаргах уу эсвэл үргэлжлүүлэн хорих уу гэдэг өнөөдөр тодорхой болох юм байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн зарим заалтыг түдгэлзүүллээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуульд нийцсэн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэцийн 2018 оны зургадугаар сарын 06-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаар хянан хэлэлцэв. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд, төлбөрт гаргуулсан боловч худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагч төлбөрт тооцон авахаас татгалзсан нөхцөлд гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцааж, түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй байхаар заасан байна.
Энэ нь Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэснийг зөрчсөн байна хэмээн Цэц дүгнэж холбогдох зохицуулалтыг түдгэлзүүлэхээр шийдвэрлэв. Мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалт, 73 дугаар зүйлийн 73.1, 73.4 дэх хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг тус тус зөрчөөгүй гэж үзсэн байна.
Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохтой холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгох, хууль зүйн техникийн хувьд засаж залруулах шаардлага байгаа талаар Үндсэн хуулийн цэц дүгнэлтэндээ дурдсан байна.
ЭЕШ-д 800 оноо авбал 300 мянган төгрөгийн урамшуулал авна
Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газраас элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багшийг урамшуулахаар болсон тухай өмнө нь мэдээлж байсан.
Тэгвэл Төв аймаг ЭЕШ-д 800 оноо авбал 300 мянган төгрөгийн шагнал, урамшуулал олгохоор болсон байна. Мөн үүнээс гадна Улсын төрөлжсөн олимпиадын гурван даваанаас алтан медаль хүртсэн сурагчийг 500 мянга, мөнгөн медаль хүртвэл 400 мянга, хүрэл медаль хүртсэн сурагчийг 300 мянган төгрөгөөр тус тус шагнан, урамшуулж байх шийдвэрийг гаргажээ.
228000 хүүхдэд дөрөв, тавдугаар сарын мөнгийг нөхөж олгоно
УИХ хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд олгох тогтоол баталсан. Энэ тогтоолын хэрэгжих хугацааг энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс гэж заасан байгаа. Ингэснээр сар бүр 20 мянган төгрөг авч байгаа 630 мянга гаруй хүүхдийн тоо 228 мянга орчим хүүхдээр нэмэгдэж, хүүхдийн мөнгөнд олгож байгаа санхүүжилт 41 тэрбум төгрөгөөр өсөх юм. Тэгвэл энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс хүүхдийн мөнгө авахаар болсон 228 мянган хүүхдийн дөрөв, тавдугаар сарын мөнгийг энэ сарын мөнгөн дээр нэмж олгох юм байна.