8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Баасанбат: Өсвөр насны 2 хүүхэд тутмын нэг нь сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай байна

Сэтгүүлч Б.Анхтуяа
2018-06-08 09:07:00

“Монгол өрх” сэтгэл зүйн хүрээлэнгийн захирал С.Баасанбаттай ярилцлаа.

-“Монгол өрх” сэтгэл зүйн хүрээлэнгээс өсвөр насны хүүхдүүдийн дунд судалгаа хийсэн гэсэн. Судалгааныхаа талаар болон судалгааны үр дүнгийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-“Монгол өрх” сэтгэл зүйн хүрээлэнгээс 20 сургуулийн 11-17 насны өсвөр насны 8465 хүүхдэд сэтгэл зүй болон зөн төлөвийн судалгаа хийсэн. Бидний таамаглаж байснаар манай улс хөгжингүй орон учраас сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай хүүхдүүд 10 орчим хувь байх болов уу гэж таамаглаж байтал гурав дахин өндөр эрсдэлтэй тоо гарлаа. Энэ тоо бидний сэтгэлийг их зовоож байна. Судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн 58,3 нь сэтгэл зүйн хямрал, зан үйлийн ямар нэгэн тулгамдсан асуудадтай байна. Судалгааны үр дүнгээс шалтгаалаад боловсролын төвшин үндэсний аюулгүй байдлын хэмжээнд иржээ гэж хэлэх гээд байна. Судалгааны үр дүнгээс харахад дэлхий нийтээс манай боловсролын төвшин хоцорсныг илтгэж байна. Өөрөөр хэлбэл, 20 жилийн дараах нийгмийн ямар өөрчлөлт биднийг хүлээж байна вэ. Энэ өөрчлөлтийг урьдчилан харах төрийн бодлогогүй явж байна. Одоо дөнгөж төрж байгаа хүүхдүүдтэй ажиллаж эхлэхгүй бол 20 нас хүрчихсэн залуучуудтай ажиллахад үр дүн бага харагдаад байна. Боловсролын салбарт эрс шинэчлэл хийхгүй бол болохгүй байна.

-Хүүхдүүдэд яг ямар сэтгэл зүйн хямрал зонхилон тохиолдож байна вэ?

-Нарийвчилсан оношлогооны үр дүнд дараах асуудлуудаас үүдэлтэй сэтгэл зүйн хямрал зонхилон тохиолдож байна. Тодруулбал,

  • Гэр бүлийн асуудлаас үүдэлтэй сэтгэл гутрал, зан төлөвийн өөрчлөлт
  • Бүрэн бус гэр бүл, хойд эцэг эхийн асуудал
  • Хүчирхийлэл
  • Өөртөө итгэх итгэл
  • Амиа хорлох эрсдэл
  • Үе тэнгийн дарамт
  • Үерхэл нөхөрлөл
  • Цахим орчин дахь ялгаварлан гадуурхалт

Компьютер тоглоом, дэлгэцийн хамаарал, хорт зуршлаас болж байна гэсэн судалгаа гарсан. Үүнийг хэн ч анзаарахгүй байна. Ямар нэгэн үйл явдал болсоны дараа хэвлэл мэдээллийн хэрэгслээр л шуугиад өнгөрч байна. Тэгэхээр боловсролын салбарт сэтгэл зүйн үйлчилгээ шаардлагатай байна. Судалгааны үр дүнгээр сэтгэлзүйн тулгамдсан асуудалтай гарсан сурагчдын 25%-тай ганцаарчилсан уулзалт, ярилцлага, сэтгэл зүйн нарийвчилсан оношлогоо хийж сэтгэл зүйн зөвлөгөөнд хамруулаад байна.

"Манай улс дэлхий улс оронтой харьцуулаад үзэхээр амиа хорлолтоороо эхний тавд орчихоод байна"

-Сургуульд эмчээс гадна сэтгэл зүйч ажиллуулах хэрэгтэй талаар зарим мэргэжлийн хүмүүс ярьдаг. Тэгэхээр цаашид боловсролын салбар ямар чиг хандлагаар ажиллах нь зүйтэй вэ?

-Тийм. Эрүүл мэнд болон иргэний боловсролын хичээлийг түлхүү оруулах хэрэгтэй байна. Мөн сургууль дээр эмч, нийгмийн ажилтнаас гадна боловсролын сэтгэл зүйч ажиллах хэрэгтэй. Монгол улс дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэл зүйн асуудалтай байна гэсэн судалгаа гарчихсан. Дэлхий улс оронтой харьцуулаад үзэхээр амиа хорлолтоороо эхний тавд орчихоод байна. Харин хүүхдүүдийг аваад үзэхээр хоёр хүүхэд тутмын нэг нь сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай байна. Сэтгэлийн зовлон шаналлаар дүүрэн явж байна. Зарим сургууль бүр ийм хүүхдүүдээ сургуулиас хөөдөг, ийм л харамсалтай байна. Хүүхдэд эцэг эхийн хайр, багшийн хайр, төрийн хайр л хэрэгтэй. 10, 20 жилийн дараах амьдралд бэлтгэхийн тулд одооноос ялах ялагдах, өрсөлдөх, хамтрах чадвар, асуудал тулгамдвал яаж даван туулах зориг, хатуужлыг л олгох хэрэгтэй байна.

Есөн сар хүртэлх хүүхдэд нинжин сэтгэлийг суулгадаг. Энэ хайр бол насан туршийн хөрөнгө оруулалт байдаг. 3 хүртэлх настай хүүхдүүдэд хүн чанарыг суулгадаг. Харин 6 нас хүртэл хөдөлмөрийн чадвар, амьдралыг шүүн тунгаах чадвартай болгох хэрэгтэй. Мөн өсвөр насанд нь эрдмийг яаж сурах, харилцахыг зааж өгдөг. Ер нь өсвөр насанд нь таван асуултанд нь хариулж өгчих. Тодруулбал, ямар авъяастай, ямар ажил хийдэг болох, би хаана амьдрах, ямар гэр бүлийн амьдралыг зохиоход бэлтгэх вэ гэдэг асуултад хариулт өгөхөөр болгочих хэрэгтэй.

-ЮНЕСКО-оос 2030 он хүртэл тавьсан боловсролын дөрвөн чиг хандлагыг тодорхойлсон байдаг. Тус дөрвөн чиг хандлагын талаар мэдээлэл өгөхгүй юу?

- Дэлхийн хөгжлийн цунамид нэрвэгдчихгүйн тулд дөрвөн чиг хандлагын хүрээнд ажиллах хэрэгтэй байна. Тухайлбал, сургуулийн сурагчидад суралцах, харилцах, хамтрах, амьдрах чадвар гэсэн дөрвөн тулгуур баганыг олгох ёстой. Үүнийг олгочих юм бол бид 20 жилийн дараах хорих ангийн зардал, халамжийн зардал, гэр бүл салалт, архидалтын асуудлыг шийдэж чадах юм гэж хэлэх гэсэн. Ирээдүйрүүгээ гар буугаар буудах  юм бол хожим бидэн рүү их буугаар буудна гэсэн үг ч бий.  Энийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр Германчууд юу гэж тодорхойлсон бэ гэхээр хүүхдэд хэрэгтэй цагт нь 1 ам.доллар зарцуулж чадах юм бол 27 жилийн дараа 12 дахин ашигаа өгдөг. Тэр ам.долларыг тухайн үед өгч чадаагүй бол 27 жилийн дараа 27 дахин хорт үр дагавар авчирдаг. Тухайлбал, хорих ангийн зардал, халамж, группын зардалаа нэмэх хэрэгтэй болно. Хэрэгтэй мөнгийг тухайн цаг үед нь зарцуулж чадах юм бол халамж авдаг биш татвар төлдөг хүнийг бэлдэнэ гэсэн үг. Өсвөр насны  хүүхдийн энэ асуудалд маргааш гэсэн ойлголт байхгүй. Тэдэнд өнөөдөр л хэрэгтэй байна. Өсвөр насны хүүхдүүддээ өнөөдөр анхаарч, сэтгэл зүйн туслалцаа үзүүлэж чадах юм бол 10, 20 жилийн дараах амьдралд нь хөрөнгө оруулалт хийж байна гэсэн үг. Тийм учраас “Монгол өрх” сэтгэл зүйн хүрээлэнгээс “Сэтгэл зүйн 10с дархлаа” хөгжлийн цогц үйлчилгээ үзүүлэх сарын аянг зарлаж байгаа юм.

-Аав ээж нар бас үр хүүхдээ төдийлөн анхаардаггүй нь сэтгэл зүйн гутралд ороход нөлөөлдөг байх. Тэгэхээр таны хүүхэд ямар ааш зан, зан төлөв гаргаад ирэх юм бол сэтгэл зүйчид хандах ёстой талаар эцэг эхчүүдэд зөвөлгөө өгөхгүй юу?

-Өсвөр насны хүүхэд болгонд сэтгэл зүйн туслалцаа хэрэгтэй. Энэ бол төрийн суурь үйлчилгээний нэг хэсэг. Ямар нэгэн асуудалтай болохоороо ч сэтгэл зүйн туслалцааг авдаг юм биш. 

Хүүхдээ ямар үед өндөр эрсдэлтэй гэж үзэх вэ гэхээр таны хүүхэд нойр муутай, шүдээ хавираад байвал, огцом цочимог уурлах, амархан уйлах, ямар нэгэн сөрөг үйлдэл хийгээд байвал, ямар ч идэвхи сонирхолгүй болох, сөрөг дайсагнасан үйлдэл хийгээд байвал  таны хүүхдэд тусламж хэрэгтэй байна гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээд сэтгэл зүйчид тухайн хүүхэд юунаас болж сэтгэл гутралд ороод байгааг нь эхлээд судлах хэрэгтэй. Тодруулбал, анги хамт олон, аав ээж гэх мэт юунаас болж байгааг нь тогтоогоод хамтран ажиллах юм бол үр дүнд хүрнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
TV eer l ta nar ene tukhai ukh yrikh um Odoo ajil hkiigeechee, yaj ene baidlaas hkurdan garakh be, hkii l yriad baikh umaa
2018/06/08 103.229.121.36