8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Цогтбаатар: ШХАБ-т элсэх эсэх асуудлыг хөрш орнуудаа хардаж, сэрдэхгүйгээр шийдэх боломжтой

Сэтгүүлч Т.Хулан
2018-06-08 09:11:14

Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатараас цаг, үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа. 

-    Монгол улс ШХАБ-т элсэх, эсэхийг хэлэлцэж буй энэ үед “Монгол, Оросын санаачилга 2018” форум олж байна. Хоёр улсын харилцааг бүхий л түвшинд ахиулахыг зорьж буй энэ үед уг хурлыг зохион байгуулж буй нь ямар үр  дүнтэй гэж та харж байна вэ?

-    Хоёр улс хоорондоо худалдаа, хөрөнгө оруулалтынхаа бодлогод үйл ажиллагаагаа уялдуулах хэрэгтэй байна. Бид эндээ стандартаа сайжруулах хэрэгтэй. Чөлөөт худалдааны хэлэлцээртэй, хэлэлцээргүй манай бараа бүтээгдэхүүнийг гаргахад зохих стандартууд тавигддаг. Энэ тогтолцоогоо сайжруулж уг чиглэлд хөрөнгө оруулалт оруулах ёстой юм. Үүнээс гадна бизнесүүд хоорондоо уялдаатай байх хэрэгтэй. Ийм уулзалт бүрийн цаана шинэ харилцаа холбоо үүсч зах зээлээ олж авах боломж үйлдвэрлэгчдэд олдож байгаа юм. Өнөөдрийн хуралд бүс нутгийн захирагчид ирсэн байгаа. Ялангуяа хил орчмын худалдаагаа нэлээн хөгжүүлж ажиллах шаардлагатай байгаа. Манай иргэд хил орчмын худалдаанаас багагүй ашиг олдог. Тэгэхээр энэ чиглэлийг нь илүү хөгжүүлж өгөх ёстой. Хилийн хяналтын байгууллагууд иргэдээ ойлгодог тэдэнд үйлчилдэг тогтолцоо руу шилжих шаардлагатай. 

-    Манай үйлдвэрлэгчид Орос руу бүтээгдэхүүнээ гаргах сонирхол өндөртэй байна. Гэтэл татварын асуудал хүндрэл үүсгэдэг. Чөлөөт худалдааны хэлэлцээрээр энэ асуудал шийдэгдэх болов уу гэсэн хүлээлт байна. Энэ асуудал шийдэгдэх үү? 

-   Аливаа шийдвэрийг гаргахдаа судалгаа хийгээд үзэх хэрэгтэй. Түүнээс зүрхний дуудлагаар худалдааны ажлыг хийж болохгүй. Манайд ямар бодит боломж гарч байгааг харах хэрэгтэй. Ямар бүтээгдэхүүнд тарифын хэлэлцээр хийх ёстой гэдгээ маш сайн тодорхойлох ёстой юм. Өөрсдийнхөө гаргадаггүй бараа бүтээгдэхүүнд их хэмжээний татварын буулт авчихдаг. Тийм тохиолдол олон гарч байсан. Мөн гарал үүслийн тогтолцоо байна. Тухайлбал, манай улсаас Япон руу чацарганы шүүс гаргах гэхээр сахарын хэмжээ өндөр байдаг. Гэтэл сахар нь өөрөө Монголд үйлдвэрлэгддэггүй. Ингэхээр Монголын бүтээгдэхүүн биш болдог. Тэгэхээр татваргүй дэглэм үйлчлэхээ болих гээд байдаг. Чөлөөт худалдааны хэлэлцээрийг хийхээс өмнө маш сайн судалгаа хийх ёстой. 

- Монгол Улс ШХАБ-д элсэнэ гэх мэдээлэл гарснаас хойш нэлээд маргаан дагууллаа. Ер нь ШХАБ-д элсэх нь зөв үү, буруу юу. Гадаад харилцааны сайдын хувьд байр сууриа илэрхийлэхгүй юу? 

-Монгол Улс бол нээлттэй ардчилсан орон. ШХАБ-д элсэх эсэх асуудлаар хүн бүр янз бүрийн байр суурь илэрхийлж байна. Энэтхэг, Пакистан улс ШХАБ-д элсээд 2015 онд ШХАБ стратегийн бичиг баримт гаргасан. Үүнээс хойш нөхцөл байдал өөр болж байгаа. Тэгэхээр үүнийг улстөрч, судлаачид судлах хэрэгтэй гэсэн саналаа хэлж байна. Мэдээж энэ асуудлыг ярих эрхтэй. Гэхдээ нөгөө талаас нь харвал, ШХАБ-д элсэх эсэх асуудлыг бид дотооддоо ярьж, шийдэхгүй бол болохгүй. 

-Харин тийм. ШХАБ-д элсэнэ гэж ярьснаас хойш хоёр хөрш рүүгээ дайрах хандлага ажиглагдаад байх шиг? 

-Тийм. Энэ асуудал яригдсанаас хойш хоёр хөрш рүүгээ их дайрч байна. Үүнээс л их болгоомжилж байна. Одоо эсэргүүцэж байгаа хүмүүс Орос, Хятад хоёр улс нийлж байгаад Монголыг ганхуулах гэж байгаа мэтээр яриад байна. Гадаад бодлогын үзэл баримтлалд Монгол Улсын тусгаар тогтнолын гадаад хүчин зүйлийн тэргүүн эгнээнд Орос, Хятад улс байдаг юм. Үүний дараа бид бусад улс оронтой харилцаа тогтооно. Тэгэхээр Монголын тусгаар тогтнолын баталгааны гадаад хүчин зүйл нь энэ хоёр улс байгаа юм. Энэ хоёр улстай стратегийн түншлэлийн харилцаатай. Стратегийн түншлэлийн харилцаа гэдэг чинь оршин тогтнохуйн харилцаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улс оршин тогтноход энэ хоёр улсын түншлэл хэрэгтэй байгаа юм. Тэд нартай бид бүх л зүйлд хамтарч ажиллах хэрэгтэй. Тэднийг далдуур манай улсын тусгаар тогтнолд сөргөөр нөлөөлөх гээд байна гэдэг яриа чинь авцалдаагүй болчихож байгаа юм. Энэ асуудлыг дотооддоо яриад л шийдэх ёстой. Хөрш орнуудынхаа эсрэг зүйл ярих нь Монгол Улсын эрх ашигт нийцэхгүй.

-Та түрүүн ШХАБ стратегийн бичиг баримт гаргасан гэлээ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-ШХАБ стратегийн бичиг баримт гаргаснаас хойш нэг зүйл тодорхой болсон. Тодруулбал, энэ байгууллага цэргийн эвсэл биш. Аливаа нэг улсын эсрэг чиглэсэн байгууллага биш. Дотооддоо тулгамдсан асуудал болон терроризм, хар тамхитай тэмцэх зэрэг бидэнд хэрэгтэй олон асуудлыг ярьж байгаа. Манай монголд хар тамхины асуудал ямар хурц болж байгаа. Бид энэ үйл ажиллагааг явуулж байгаа далд бүлэглэлүүдийн талаар цагдаагийн байгууллага хоорондох мэдээллээр биш, тусгай мэдээллээр авдаг юм. Гэтэл энэ хоёр хөршийн тусгай байгууллагуудын мэдээллийг авч чаддаггүй бол энэ их далд мөнгөтэй хууль бус байгууллагуудын мэдээллийг олж авах боломжгүй. Энэ байгууллага жилдээ 380 гаруй хар тамхины хэрэг илрүүлдэг. Өдөрт нэг гэсэн үг. Бид энэ нөхцөл байдалд ийм мэдээллүүд хэрэгтэй. Энэ яриа хэлэлцээрээ эрүүлээр үргэлжлүүлэх ёстой. Бидэнд энэ асуудлыг хөрш орнуудаа хардаж, сэрдэхгүйгээр шийдэх боломжтой.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Овт шаар
Овт шар овоо гар
2018/06/08 202.131.227.82