Прокуророос УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарыг эргүүлэн татах хүсэлтээ УИХ-д илгээсэн. УИХ энэ асуудлыг өнөөдрийн 17.00 цагаас өмнө шийдвэрлэж хариуг өгөх ёстой учраас өнөөдөр УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо болон Хууль зүй, Төрийн байгуулалтын байнгын хороод хуралдаж эхлээд байна.
Үдээс өмнө Халдашгүй байдлын дэд хороо хуралдсан ч ямар шийдвэр гаргасныг нууцалж байгаа юм. Харин одоо Хууль зүйн байнгын хороо хуралдаж байна. Хуралдааныг хаалттай эхлүүлсэн ч УИХ-ын гишүүн Н.Оюундарь нээлттэй хуралдуулах горимын саналыг гаргасныг байнгын хорооны гишүүд дэмжив.
Ингээд уг хуралдаанаар УИХ-ын гишүүд хэрхэн, байр сууриа илэрхийлснийг хүргэе. Хуралдаанд УИХ-ын гишүүн Д.Гантулга болон Д.Мурат нар оролцсон юм.
- УИХ-ын гишүүн бол жирийн иргэн бус хууль тогтоох дээд байгууллагын ажилтан, ард түмний элч. Тэгэхээр ийм хүнийг энгийн иргэний адилаар шүүхийн өмнө зогсоогоод байх боломжгүй. Гишүүний бүрэн эрхийн асуудал хөндөгдөх учраас би энэ асуудлыг УИХ-аар оруулж ирж байгаа юм. Хяналтын прокуророос УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах асуудлыг оруулж ирлээ. Энэ дагуу би та бүхэнд уг асуудлыг танилцуулж байна. Энэ хүнийхээ асуудлыг хэлэлцээд түтгэлзүүлээд өгнө үү. Үргэлжлүүлэн шүүхээр уг асуудлыг хэлэлцэе гэсэн саналыг би хэлж байна. УИХ-ын гишүүнийг эрүүгийн хэрэгт татаад шалгаад байх боломжгүй. Тэгэхээр энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэх хуулийн заалттай учраас би энэ асуудлыг оруулж ирсэн юм. Энэ хоёр гишүүнийг түтгэлзүүлж байгаад эрх зүйн байдлыг нь энгийн иргэнтэй адил болгосны дараа шүүхээр хэргийг нь хэлэлцэх нь зөв юм.
- Заавал хоёр гишүүний эрхийг түтгэлзүүлж байж хэргийг нь шүүх хурлаар хэлэлцүүлнэ гэж та хэлж байх шиг байна. Гэхдээ түтгэлзүүлээгүй байсан ч шүүхээр хэлэлцүүлж болно гэсэн ойлголттой байсан. Аль нь зөв юм бэ.
- Одоогийн хуулиар гишүүний бүрэн эрхийг нь түтгэлзүүлээгүй байсан ч шүүхээр гэм буруутайг нь хэлэлцэж болно. Гэхдээ энэ нь шүүхийн бүрэн эрхийн асуудал. Миний хувьд УИХ-ын гишүүнийг шүүхийн өмнө зогсоох хэрэггүй гэж бодож байгаа юм.
- Би өөрийгөө гэмт хэрэг хийсэн гэж бодохгүй байна. Би өмнө нь Ерөнхий прокурорт дөрвөн удаа гомдлоо хүргүүлж байсан. Миний хувьд энгийн хүний адилаар шүүх хуралд оролцоно. Заавал түтгэлзэх шаардлагагүй гэж бодоод байна. Намайг тэр эмэгтэйг зодсон гэж байгаа ч гэрч байхгүй. Маш олон удаа гүтгэж, доромжиллоо. Хүн зодсон гэж зохиож байна. Би шүүх хуралд оролцоход бэлэн. Түтгэлзэх шаардлаггүй. Хохирогч тал гомдлоо татаж авсан. Би гайхаж байна. Одоогийн хуулиараа заавал түтгэлзэхгүйгээр шүүхийн хуралд оролцох боломжгүй. Би хэлмэгдэж байна. Энэ асуудлыг зөв шийдэж өгнө үү. Маш их харамсаж байна.
- Шүүхийн шийдвэр гарсаны дараа УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэх хуультай. Гэтэл өнөөдөр бид түтгэлзүүлэх асуудлыг ярьж буй нь гайхмаар. Энэ асуудлаар улс төрийн шийдвэр гаргаж болохгүй.
Ингээд УИХ-ын гишүүдийг түтгэлзүүлэхээр хүргүүлсэн прокурорын хүсэлтийг дэмжих эсэхээр санал хураахын өмнө УИХ-ын гишүүн Ц.Нямдорж горимын санал гаргасан юм.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Үнэхээр хүнд байна
- Хуулийн дагуу нууцаар санал хураах ёстой. Энэ журмаараа явуулмаар байна. Бид энэ асуудлыг ч хаалттай хэлэлцэх ёстой. УИХ-ын гишүүдийн гэр бүлийн болоод хэргийн мөрдөн байцаалтын нууцын асуудал ч бий. Үүнийг ингэж хамаагүй ярьж болох юм уу. Үнэхээр харамсалтай байна. Энэ асуудлыг чинь хэлэлцэхэд их хэцүү байдаг юм байна. Нэг талаас хувь хүний асуудал яригдаж буй ч нөгөө талаас төлөөлөх эрхийн асуудал хөндөгдөөд байна. Цаашлаад төрийн тогтвортой байдал хүчний харилцааны асуудал ч хөндөгдөнө. Энэ их эмзэг асуудал. Үүний өмнө хуралдсан Халдашгүй байдлын дэд хороо маш хүнд нөхцөлд хуралдлаа. УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг хамгаална гэж Үндсэн хуульд заасан байдаг. Түтгэлзүүлж байж УИХ-ын гишүүний нэр холбогдсон хэргийг шүүхээр хэлэлцэх ёстой. Үүнийг ойлгох нь зүйтэй.
Ингээд УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн гаргасан горимын саналыг гишүүдийн олонх нь дэмжсэнээр нууцаар санал хураахаар болсон юм.
Нууц санал хураалтаар УИХ-ын гишүүн Д.Муратыг түтгэлзүүлэх эсэхийг дэмжих эсэхээр санал хураахад гишүүдийн санал тэнцэж түтгэлзүүлэх шаардлагагүй гэж үзэв.
Одоо УИХ-ын гишүүн Д.Гантулгын асуудлыг хэлэлцэж байна.