8o
Улаанбаатар хот
mobile menu

Дамжин өнгөрөх тээвэрт 25 жил тогтвортой тарифын хөнгөлөлт эдэлнэ

2018-06-09 12:35:00

ОХУ-тай байгуулахаар есөн жилийн турш  ажил хэргийн түвшинд хэлэлцсэн гэрээнд өчигдөр хоёр тал гарын үсэг зурсан бөгөөд үүнийг түүхэн хэмээн тодотгож багаа юм.

Тодруулбал, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, ОХУ-ын Тээврийн сайд Дитрих Е.И. нар “Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т өнөөдөр гарын үсэг зурлаа.

Энэ бол сүүлийн 10 жил яригдсан тарифийн хэлэлцээр билээ. Энэхүү хэлэлцээр баталгаажснаар Монгол Улсын экспортын бараа бүтээгдэхүүнийг ОХУ-аар дамжуулан гуравдагч зах зээлд гаргах тохиолдолд ОХУ-ын нутгаар дамжуулан тээвэрлэх төмөр замын тээвэрлэлтэд 25 жилийн хугацаанд тогтвортой тарифын хөнгөлөлтийг эдлэх юм. 

25 жилийн хугацаанд хүчин төгөлдөр мөрдөх хэлэлцээрт: 

– хоёр улсын нутаг дэвсгэрээр төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрт тарифын уян хатан бодлого хэрэгжүүлэх 

– төмөр замын ачаа тээвэрт бусад чиглэлүүдтэй харьцуулахад өрсөлдөхүйц тарифын нөхцөлийг урт хугацаанд хангах; 

– төмөр замаар тээвэрлэж буй ачааг улсын хилээр нэвтрүүлэх ажиллагааг хөнгөвчлөх нөхцөлийг бүрдүүлэх 

– хоёр улсын төмөр замын ачаа тээврийн өсөлтийг хөхиүлэн дэмжих 

– ачаа тээврийн өсөлтийн эрчим болон төмөр замын тээврийн суурь бүтцийн хөгжил харилцан уялдааг хангах 

– Монгол Улсын экспортлогчдод далайд саадгүй гарах нөхцөлийг бүрдүүлэх зэргийг тусгажээ.

Хэлэлцээр байгуулснаар манай улсын экспортын бараа бүтээгдэхүүнийг ОХУ-аар дамжуулан гуравдагч зах зээлд гаргах тохиолдолд ОХУ-ын нутгаар дамжуулан тээвэрлэх төмөр замын тээвэрлэлтэд 25 жилийн турш тогтвортой тарифын хөнгөлөлт эдэлнэ. Энэ нь уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг гуравдагч улсын зах зээлд гаргахад экспортын үнийн өрсөлдөх чадварыг хангах, уул уурхай, үйлдвэрлэлийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татаж урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулахад чухал ач холбогдолтой юм. Өөрөөр хэлбэл, дамжин өнгөрөх ачаа тээврийн чиглэлийн тарифын түвшинг бусад чиглэл дэх тарифын түвшин эрс өөрчлөгдсөн тохиолдолд тухайн тарифтай өрсөлдөхүйц байдлаар тохиролцох боломжтой.

Тус хэлэлцээр нь талууд дотоодын ажиллагааг гүйцэлдүүлсэн тухай бичгээр үйлдсэн сүүлчийн мэдэгдлийг дипломат шугамаар хүлээн авсан өдрөөс хүчин төгөлдөр болох юм.

Монгол Улс ОХУ-аас дамжин өнгөрөх нүүрсний тээвэрт Нэгдсэн нэвтрэх тарифаас 66.4%, чингэлэг тээвэрт 52%-ийн хөнгөлөлт авч байна. Ийнхүү Монгол Улс “Оросын төмөр замууд” НХН-ээс дамжин өнгөрөх нүүрсний тээвэрт 1 жилийн хугацаагаар олгож буй тарифын хөнгөлөлтийг 25 жилийн хугацаанд баталгаажууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл