8o
Улаанбаатар хот
mobile menu

Мөнгө угаах гэмт хэрэг нь 3 үе шаттайгаар хийгддэг

2018-06-11 16:31:00

ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ БАЙГУУЛЛАГА БУЮУ ФАТФ (FINANCIAL ACTION TASK FORCE)-ИЙН ЗӨВЛӨМЖ, ТҮҮНИЙ ХЭРЭГЛЭЭНИЙ ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын хүчин зүтгэлийг нэгтгэн төвлөрүүлдэг, олон улсын стандартыг боловсруулж гаргадаг байгууллага нь Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага буюу ФАТФ (Financial Action Task Force) юм. Тус байгууллагыг 1989 онд “Их найм” гэгддэг дэлхийн тэргүүлэх хөгжилтэй улсууд НҮБ-ын конвенц, тогтоолуудыг хэрэгжүүлэх, олон улсын хүчин зүтгэлийг нэгтгэх чиг үүрэгтэйгээр үүсгэн байгуулсан. Манай улс энэхүү байгууллагын бүс нутгийг хариуцсан салбар байгууллага болох Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн гишүүнээр 2004 онд элсэн орсон. ФАТФ нь 40+9 гэх зөвлөмж боловсруулан, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд баримталбал зохих шаардлага, стандартуудыг тодорхойлж өгсөн юм. 

Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага (ФАТФ)-аас гаргасан 40+9 зөвлөмжид тусгасан зөвлөмжүүд:

•Улс орон бүр мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлж байж болзошгүй үйл ажиллагаатай холбогдуулж сэжигтэй гүйлгээний тайлан болон бусад холбогдох мэдээллийг хүлээж авах, түүнд дүн шинжилгээ хийх, түүнийг дамжуулах чиг үүрэгтэй үндэсний төв байгууллага болох Санхүүгийн мэдээллийн албыг байгуулах ёстой. Санхүүгийн мэдээллийн албыг бие даасан төрийн байгууллага хэлбэрээр юм уу одоо байгаа байгууллага эсхүл байгууллагуудад харьяалуулан байгуулж болно;

•Санхүүгийн мэдээллийн алба юм уу өөр холбогдох байгууллага санхүүгийн байгууллагууд болон бусад мэдээлэгч талуудад мэдээлэл ирүүлэхдээ мөрдөх мэдээллийн маягт болон дүрэм журмыг багтаасан мэдээлэх арга хэлбэрийн тухай дэлгэрэнгүй зааварчилгыг өгөх ёстой;

•Санхүүгийн мэдээллийн алба нь сэжигтэй гүйлгээний тайланд дүн шинжилгээ хийх гэх мэт өөрийн үндсэн үүргийг зүй зохистой хэрэгжүүлэх шаардлагаар санхүүгийн, захиргааны болон хууль сахиулах байгууллагын мэдээллийн санд тодорхой цаг хугацааны давтамжтайгаар шууд болон шууд бус нэвтрэх эрхээр хангагдсан байх ёстой;

•Санхүүгийн мэдээллийн алба нь өөрийн чиг үүргийг зүй зохистой хэрэгжүүлэхэд шаардагдах нэмэлт мэдээллийг мэдээлэгч байгууллагуудаас шууд юмуу бусад байгууллагаар дамжуулан авч байх ёстой;

•Санхүүгийн мэдээллийн алба нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх сэжигтэй гүйлгээний үндэслэлийг тогтоосон бол санхүүгийн мэдээллийг мөрдөн шалгуулахаар дотоодын холбогдох байгууллагад шилжүүлэх эрхтэй байх ёстой.

•Санхүүгийн мэдээллийн алба нь зүй бус нөлөөлөл болон хамаарлаас ангид байхын тул хангалттай үйл ажиллагааны бие даасан, хараат бус байдлаар хангагдах ёстой;

•Санхүүгийн мэдээллийн алба нь өөрийн эзэмшиж байгаа мэдээллийг нууц, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд хамгаалах бөгөөд зөвхөн хуулийн дагуу бусдад шилжүүлнэ;

•Санхүүгийн мэдээллийн алба нь тодорхой хугацааны давтамжтайгаар үйл ажиллагааны тайланг олон нийтэд гаргах бөгөөд энэхүү тайланд статистик, типологи болон өөрийн үйл ажиллагааны тухай мэдээллийг багтаана;

•Аливаа нэг улс Санхүүгийн мэдээллийн албыг байгуулсан бол тухайн орон Эгмонт бүлэгт элсэхийг зорих хэрэгтэй;

•Улс орнууд Эгмонт бүлгийн зорилтын тайлбар (Дүрэм) буюу Мөнгө угаах хэрэгтэй холбоотойгоор Санхүүгийн мэдээллийн албад хоорондын мэдээлэл солилцох зарчмыг баримтлахыг зорих ёстой.

Нэгдсэн Үндэсний Байгууллагын конвенц, тогтоол:

•Хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар наймаалахын эсрэг Вений конвенц. 1988 он;

•Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх Палермогийн конвенц. 2000 он;

•Терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх конвенц. 1999 он;

•НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 1267, 1373 дугаар тогтоол.

Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын конвенци, Палермо. 2000 он: 

•(I) тухайн эд хөрөнгө нь гэмт хэргийн орлого гэдгийг мэдсээр байж эд хөрөнгийн хууль бус үүсвэрийг нуух, далдлах, эсхүл эрх зүйн үндсэн зөрчлийг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд өөрийн үйлдлийн төлөө хүлээх хуулийн хариуцлагаас зайлсхийхэд нь туслах зорилгоор эд хөрөнгийг өөрчлөх буюу шилжүүлэх; 

•(II) тухайн эд хөрөнгө нь гэмт хэргийн орлого гэдгийг мэдсээр байж эд хөрөнгийн бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, шилжүүлэх, эзэмшигч буюу эд хөрөнгийн эрхийг нуух буюу далдлах; 

•(III) тухайн эд хөрөнгийг олж авах үед түүнийг гэмт хэргийн улмаас олсон орлого гэдгийг мэдсээр байж эд хөрөнгийг олж авах, эзэмших буюу ашиглах; 

•(IV) мөнгө угаах гэмт хэргийг үйлдэхэд оролцох, хамтрах, үгсэн тохиролцох, үйлдэхийг завдах болон хамжих, хатгах, туслах болон зөвлөгөө өгөх гэж тодорхойлсон байдаг. 

Мөнгө угаах гэмт хэрэг нь 3 үе шаттайгаар хийгддэг: 

1.Байршуулах үе шат: Хууль бусаар олсон мөнгөө хаа нэгтээ байршуулах шаардлагатай байдаг. Тухайлбал, гэмт этгээд өөр хүний нэр дээр банкинд нээлгэсэн дансанд хууль бусаар олсон мөнгөө анхаарал татахааргүй хэмжээтэйгээр таслан хийх, үнэт цаас, чек, хувьцаа худалдан авах, эсхүл байр, байшин ч худалдан авах замаар байршуулж болно;

2.Тараах буюу гүйлгээнд оруулах үе шат: Гарал үүслийг нь нуун далдлах, хууль ёсны орлого мэт харагдуулах зорилготойгоор нэгэнт байршуулсан мөнгөө эргэлтэнд оруулдаг. Жишээлбэл, худалдан авсан үнэт цаас, аяллын чекээ эргүүлэн зарах эсвэл гадаад худалдаа эрхэлж буй мэт харагдуулах зорилгоор мөнгө угаахтай тэмцэх хяналтын механизм бүрдүүлээгүй орнууд руу шилжүүлэх гэх мэт аргыг хэрэглэдэг;

3.Буцааж төвлөрүүлэх үе шат: Нэгэнт гарал үүслийг нь тогтооход бэрх болсон эсхүл хууль ёсны юм шиг харагдах болсон мөнгөө эргүүлэн өөрийн нэр дээр төвлөрүүлдэг аж. 

Мөнгө угаах гэмт хэргийн арга хэлбэр нь терроризмыг санхүүжүүлэхтэй ижил төстэй явагддаг тул энэ хоёр гэмт хэргийг нягт холбодог. 

Мөнгө угаах гэмт хэрэг болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийн ялгаа:

•Мөнгө угаах гэмт хэрэг нь: Хууль бус орлогыг хууль ёсны юм шиг харагдуулахыг зорьдог. 

•Терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэг нь: Хууль ёсны орлогоор хууль бус үйл ажиллагаанд зарцуулахыг зорьдог. 

Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх тогтолцооны давуу талууд: (банкны мэдээлэлд нэвтрэх, харилцагчийг таньж мэдэх, сэжигтэй гүйлгээний тухай мэдээлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор сурталчлах гэх мэт)-ийг ашиглаж тэдгээр үндсэн, нөхцөлдүүлэгч гэмт хэргүүдийг олж, илрүүлж байсан тохиолдол цөөнгүй ажээ. Түүнчлэн энэ тогтолцоог мөнгө угаахтай тэмцэх арга хэмжээнд хойрго хандсан банк, санхүүгийн байгууллагуудад хариуцлага тооцох хэлбэрээр өргөн хэрэглэдэг.

Монгол Улсад 2006 оны 7 дугаар сард “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай” хууль батлагдаж мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааны үндэс суурь тавигдсан. Энэ хуулийн дагуу 2006 оны 11 дүгээр сарын 29-нд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Санхүүгийн мэдээллийн алба (СМА) Монголбанкны бүтцэд байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна. 

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль нь банк, банк бус санхүүгийн байгууллага, даатгалын компаниуд, үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг этгээд, валют худалдах, худалдан авах үйл ажиллагаа эрхэлдэг этгээд, төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхэлдэг этгээд гээд маш өргөн хүрээг хамарсан хууль юм. Дээрх хуулийн этгээдүүд нь хуулийн дагуу мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой гэж үзсэн болон 20 сая төгрөг/түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют/ буюу түүнээс дээш үнийн дүнтэй бэлэн мөнгөн гүйлгээний талаар Санхүүгийн мэдээллийн алба (СМА)-д мэдэгдэх үүрэгтэй.

Эх сурвалж: ТЕГ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл