8o
Улаанбаатар хот
mobile menu

Багануурын "Ноён тур"-т амарсан иргэд хоолны хордлогод орж эмнэлэгт хүргэгджээ

2018-06-11 08:33:00

“Багануур дүүрэг дэх "Ноён-тур" амралтын газарт үйлчлүүлсэн хүмүүс хүнсний зүйлд хордож эрүүл мэндийн төвд хүргэгдэж ирсэн байна" гэсэн дуудлага мэдээлэл энэ сарын 9 өдөр Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн жижүүрийн шуурхай албанд бүртгэгдсэн байна. Үүний дагуу Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулахад Багануур хувьцаат компани нь 40 жилийн ойн арга хэмжээний хүрээнд 3 үеийн уулзалт хүлээн авалтын арга хэмжээг энэ сарын 06-ны өдөр “Ноён-тур” амралтын газарт зохион байгуулсан байна. Уг арга хэмжээнд 27-79 насны нийт 72 хүн оролцжээ. Дээрх хүлээн авалтын арга хэмжээнд оролцсон хүмүүс нь энэ сарын 08-ны өдрөөс гэдэс өвдөж гүйлгэх, дотор муухайрах, толгой өвдөх, халуурах зэрэг хоолны хордлогын шинж тэмдэг илэрсэн эхэлсэн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр энэ сарын 08-ны өдөр дүүргийн эрүүл мэндийн төвд нийт 15 иргэн хандаж эмнэлэгийн тусламж авчээ. Өнөөдрийн байдлаар дээрх үйл ажиллагаанд оролцсон хүмүүсээс 2 хүн Халдварт өвчин судлалын үндэсний төвд, Багануур дүүрэг 14 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. 

Дээрх хэргийн шалгалтын хүрээнд Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтэс, мэргэжилийн байгууллага эрүүл мэндийн төв болон Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар хамтран хорлогын шалтгаан нөхцлийг тогтоох шалгалтын ажиллагааг хамтран явуулж байгаа бөгөөд хүлээн авалтын ажиллагааг зохион байгуулсан “Ноён-тур” амралтын газрыг битүүмжлэн үйл ажиллагааг зогсоож амрагч нарын хэрэглэсэн гэх жимс ногоо, хоол хүнснээс шинжилгээнд дээж аван шинжилгээний лабораторт хүргүүлсэн байна.

Урьдчилсан байдлаар хүлээн авалтын арга хэмжээнд оролцсон хүмүүс энэ сарын 04-ны өдөр “Барс” худалдааны төвөөс 5 төрлийн жимс /тоор, амтат гуа, алим, банана, слив/ худалдан авсан нь тогтоогдож эдгээр жимснээс хордсон байж болзошгүй аж.

Одоогоор энэ хэрэгт холбогдуулан шалгалтын ажил явагдаж байгаа юм байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл