8o
Улаанбаатар хот
mobile menu

Х.Баттулга: Монгол Улс ШХАБ-д шат ахиулан оролцох боломжийг судалж, хэлэлцүүлж байна

2018-06-11 08:49:00

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ШХАБ-ын гишүүн, оролцогч орнууд болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцлоо. Хуралдааныг БНХАУ-ын дарга Ши Жиньпин албан ёсоор нээхдээ, “Алс холоос ирсэн найз нарыг хүлээн авах ямар гайхалтай юм бэ” хэмээн Күнзийн хэлсэн үгнээс иш татсан байна. Мөн Энэтхэг болон Пакистан улс ШХАБ-ын гишүүн орноор элссэнээс хойш болж буй анхны хуралдаан гэдгийг цохон тэмдэглэж, жил ирэх бүр ШХАБ-ын цар хүрээ улам нэмэгдэж байгааг хэлээд дөрвөн ажиглагч улс, зургаан яриа хэлэлцээний түнш орнуудтай хамтран ажиллаж байгаа талаар хэлэв. ШХАБ-ын дүрмийн дагуу Өргөтгөсөн хуралдааныг, ШХАБ-ыг ээлжийн дагуу даргалж байгаа БНХАУ-ын дарга Ши Жиньпин үг хэлж, дараа нь гишүүн орнуудын төрийн тэргүүнүүд үг хэлсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ШХАБ-ын өргөтгөсөн хуралдаанд оролцож, хэлсэн үгнээс нь дараах ОНЦЛОХ ИШЛЭЛИЙГ хүргэж байна. 

-ШХАБ-ын үйл ажиллагаа өргөжин тэлж, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн зэрэг олон чиглэлийг хамрах болсноор хамтын ажиллагааны механизм, эрх зүйн үндэс нь зохих түвшинд бүрдсэн, бүс нутгийн олон улсын байгууллага болон төлөвшиж байна гэж Монгол Улс үздэг.

-Монгол Улс гадаад бодлогын залгамж чанараа тууштай хадгалж, олон тулгуурт, энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан гадаад бодлогоо идэвхтэй хэрэгжүүлж байна.  

-ОХУ, БНХАУ болон гуравдагч хөршүүдтэйгээ найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн тогтвортой хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын үзэл баримтлал юм.

-Ази, Номхон далайн бүс нутагт өрнөж буй улс төр, эдийн засгийн олон талт үйл явцад идэвхтэй, үр бүтээлтэй оролцохыг эрмэлздэг.

- Шанхайн хамтын ажиллагааны байгууллагыг Монгол Улс тус бүс нутгийн хамтын ажиллагаанд оролцох нэг чухал  суваг хэмээн үзэж, өндөр ач холбогдол өгч 2004 онд ажиглагчийн статустай болсон үеэсээ тус байгууллагын уулзалт, арга хэмжээнд идэвхтэй оролцож ирлээ.

-Монгол Улс ШХАБ-д шат ахиулан оролцох боломжийг судалж, хэлэлцүүлж байна.

- Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хөгжил дэвшилд  хувь нэмэр оруулахын төлөө гишүүн, ажиглагч, яриа хэлцээний түнш орнуудтай идэвхтэй хамтран ажиллахад ямагт бэлэн байна.

- ШХАБ-ын орнуудын хамтын ажиллагааг юуны өмнө эдийн засгийн бодит агуулгаар баяжуулж, бүс нутгийн орнуудад тулгарч буй нийгэм, эдийн засгийн хүндрэлүүдийг хамтран шийдвэрлэх нь бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлыг шийдвэрлэх суурь нөхцөл юм.

-Монгол Улс тус байгууллагын орнуудтай хамтран  эрчим хүч, дэд бүтэц, дамжин өнгөрөх тээвэр, уул уурхай, хүнд үйлдвэр, хөдөө аж ахуй болон эдийн засгийн бусад салбарын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцохыг зорьж байна.

-Хүмүүнлэгийн хамтын ажиллагаа, боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, байгаль орчин, онцгой байдлын менежмент  болон терроризм, мансууруулах бодисын хууль бус наймаатай тэмцэх зэрэг салбарт Та бүхэнтэй идэвхтэй хамтран ажиллахыг зорьж байна.

- Монголын “Хөгжлийн зам” хөтөлбөрийг Хятадын “Бүс ба зам” санаачилга болон Оросын “Евразийн эдийн засгийн холбоо” хамтын ажиллагааны механизмтай уялдуулах, Монгол Улсын нутаг дэвсгэрээр Монгол, Орос, Хятадын “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийг бодитойгоор хэрэгжүүлэх, үүний тулд гурван талын хамтарсан механизмыг боловсронгуй болгох, Монгол Улсын газар нутгаар дамжуулан төмөр зам, автозам, байгалийн хий, газрын тосны  хоолой тавих, худалдааг хөнгөвчлөх, тарифын болон тарифын бус хориг саадыг арилгахад ШХАБ-ын гишүүн орнууд, ялангуяа ОХУ, БНХАУ онцгой анхаарал тавьж, дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлье. 

- ШХАБ-ын дээд түвшний энэхүү уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, ОХУ-ын Ерөнхийлөгч, БНХАУ-ын дарга нарын гурван талт дээд түвшний ээлжит дөрөвдүгээр уулзалтыг хийж, гурван талын хамтын ажиллагааны цаашдын чиг хандлагын талаар ярилцаж, тодорхой тохиролцоонд хүрлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл