Прокуророос УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарыг эргүүлэн татах хүсэлтээ УИХ-д илгээсэний дагуу өнгөрсөн баасан гараг хоёр гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр гурван байнгын хорооны хуралдаанаар орж, УИХ-ын чуулганаар асуудлыг хэлэлцж шийдвэрээ гаргасан. УИХ-ын чуулганаар дээрх хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзэж "авч" үлдсэн.
Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Гантулга Төрийн байгуулалтын Байнгын хороонын хурлын үеэр өөрийгөө өмгөөлж ийнхүү тайлбар өгсөн гэнэ. Тэрбээр “Тодорхой зохион байгуулалттай улстөрийн зорилготой, захиалгатай үйл ажиллагаа явагдаж байна.
Сүүлийн 11 сард мөнгө төгрөг авсан, нэхсэн, зохион байгуулсан гээд олон зүйл явж байгаа. Үүнтэй холбоотой олон гомдол саналыг прокурорын байгууллага, хууль хяналтын байгууллагууд гаргалаа. Эндээс нэг ч асуудлыг хуулийн хүрээнд хүлээж авч шийдэхээс татгалзсан.
Тэр болгонд энэ асуудлыг АТГ-т шалгаж байгаа учраас цагдаад ханд. Цагдаагийн байгууллагад хандахаар АТГ-т ханд гэдэг. Шүүх шинжилгээний байгууллага 3-4 удаа янз бүрийн дүгнэлт гаргадаг.
Энэ болгоноос зөвхөн намайг буруутгах бололцоотой бүхнийг авч, энэ хэрэг хийгдэж байгаа. Маш харамсалтай байгаа. Тийм учраас энэ асуудал гэмт хэрэг. Гантулгад зохион байгуулалтайгаар нэр хүндэд нь халдах, заналхийлэх, дарамтлах үйл ажиллагаа явагдсан шүү" гэжээ.