8o
Улаанбаатар хот
mobile menu

Шинэ дайчид цэргийн тангараг өргөлөө

2018-06-11 09:31:13

Улаанбаатар цэргийн хүрээний ангиудын аранзал улаан туг салхины аясаар намирах агаад сүр хүч, тэмцэл ялалтын билгэдэл энэ тугийн дор цэцэн буугаа мөрлөсөн цэрэг эрс жигдрэн жагсчээ. Энэ бол Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хугацаат цэргийн албанд татагдсан ирсэн ирсэн шинэ дайчид. Тэд цэргийн албаны анхан шатны бэлтгэл сургалтад хамрагдаж, эх орондоо үнэнчийн баталгаа болсон цэргийн тангарагаа өргөхөөр эгнэн жагссан нь энэ юм. Өчигдөрхөн л ижий, аавын эрх танхил хүү байсан тэд өнөөдөр эх орноо улам ихээр хайрлах сэтгэл тээж зогсоо нь лавтай. Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчдын цэргийн тангарах өргөх ёслолын арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг, БХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, хурандаа Ө.Эрдэнэ-Очир болон сайдын зөвлөх Д.Бүрэнтогтох тэргүүтэй албаныхан, дайчдын ар гэрийн төлөөлөл оролцсон юм.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд цэргийн тангараг өргөсөн дайчдад золбоо хийморьтой байж, албандаа зүтгэлтэй, аливаад шударга хандлагатай, сурлага сахилгын өндөр амжилт гаргахыг захисан бол дайчдын ар гэрийнхэн хүүгээ, дүүгээ өнгө жавхаатай, сайхан харагдаж байна гэцгээв. Цэргийн тангараг өргөсөн хугацаат цэргийн алба хаагчдын төлөөлж байлдагч Х.Очирбат “Ээж аавын хүүгээс эх орны хүү боллоо. Цэргийн албаа нэр төртэй хаагаад очно оо, бид. Цэргийн бахдам түүх, бахархам амжилтыг сонсч биш дунд орж бүтээлцэж байгаадаа бид баяртай байгаа” гэлээ.

Хүүгийнхээ тангараг өргөх ёслолын сонирхохоор Увс аймгийн Түргэн сумаас ирсэн Н.Цэвээн “Миний хүүг Ц.Ариунболд гэдэг. Ах нь хүүгээ хараад таньсангүй. Ямар сайхан томоожиж, өнгө жавхаатай болоо вэ. Цэргийн алба хүнийг сэтгэлзүй, бие бялдарыг нь хөгжүүлж төлөвшүүлдэг ийм л сайхан газар юм даа” гэж бахархсан бол  Өвөрхангай аймгаас татагдан ирсэн байлдагч Н.Батжаргалын ээж Н.Түвшинжаргал “Би дөрвөн хүүгийнхээ гурвыг нь цэргийн албанд явуулсан ээж хүн л дээ. Цэргийн алба хаагаад ирсэн хүн амьдралд хандах хандлага нь өөрчлөгдөж, хөдөлмөрч, эх оронч үзэлтэй, хүний үг даах чадвартай, тэсвэр хатуужилтай, хариуцлага үүрч чаддаг. Тийм болохоор хөвгүүдээ цэрэгт явуулах дуртай. Энэ завшааныг ашиглаад БХЯ, ЗХЖШ-ын удирдлагад баярлалаа” хэмээн сайд Н.Энхболдод талархал илэрхийлж байв.

Сайд Н.Энхболд цэргийн тангараг өргөх ёслолд оролцохоос гадна Зэвсэгт хүчний 013, 150 дугаар ангиудад үргэлжлүүлэн ажилласан юм.  Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн захирагч, хурандааС.Пүрэвдорж салбарын сайддаа ангийнхаа түүх, хийж гүйцэтгэж буй ажлуудаас эхлээд Соёлын төв, эмнэлгийн байр, хугацаат цэргийн байр болоод зарим тоног төхөөрөмжөө танилцуулсан. Харин Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн захирагч, хурандаа С.Болдбаатар хамт олныхоо энхийг дэмжих ажиллагаа дахь оролцоо, шат дараатай явагдаж буй сургалт бэлтгэлүүд, алба хаагчдынх нь цэргийн мэргэжил төдийгүй спортоор тив дэлхийд гаргаж буй амжилтаас тулгамдаж буй асуудал хүртлээ дэлгэрэнгүй танилцуулсан юм. 

Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Н.Энхболдоос зарим асуултад хариулт авлаа.

-Та цэргийн тангараг өргөх ёслолд оролцлоо. Шинэхэн дайдын ар гэрийнхэн танд талархал илэрхийлж байсан?

- Өнөөдөр манай залуус Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, эр цэргийн тангараг өргөхийг нь харахад сайхан байна.  Цэргийн тангараг өргөж байхдаа би эх орныхоо эзэн юм, тусгаар тогтнол, аюулгүй байдлаа сахин хамгаалах үүрэг надад бий гэдгээ ойлгож зогсохыг нь хараад сэтгэл хөдөлж л байлаа.  Хүн бүр ийм бодолтой байж, улс орноо хөгжүүлэх ёстой. Олон эцэг эхтэй уулзлаа. Бүгдээрээ баяртай байна. “Хүү маань миний хүү биш эх орны хүү боллоо. Сэтгэл зүй, бие бялдар бэлтгэгдсэн сайн хүн болоход нь Зэвсэгт хүчин туслаарай. Манай гэр бүлээс ийм цог жавхаатай цэрэг төрж байгаад бид баяртай байгаа, өөрсдөөрөө ч бахархлаа” гэдгээ илэрхийлж байна.  Сүүлийн үед залуусын дунд цэргийн албыг биеэр хаах сонирхол нэмэгдэж байгаа нь хамгийн сайхан. Үүнийг бид бүхэл талаар нь дэмжих ёстой. Ялангуяа, УИХ-аас төсөв хөрөнгө оруулалтыг  нь нэмэгдүүлэх шаардлага бий. Би энэ тухай дахин дахин яриад л байгаа нь батлан хамгаалах чадавхийг улам нэмэгдүүлэхийн төлөө юм.

-Та зарим ангид ажиллалаа. Шийдвэрлэх ямар асуудлууд байна гэж харав?

-Бидэнд алба хаагчдаа хөгжүүлж, сургалт бэлтгэлээ улам боловсронгуй болгож,  техник хэрэгслээ шинэчлэх шаардлага байна. Өнөөдөр дэлхийн нийтэд цэргийн зэвсэглэл хурдацтай өөрчлөгдөж байгааг бид бүхэн мэднэ. Манайд ч энэ зэвсэглэлүүд түрүүчээсээ нэвтэрсэн байна. Гэхдээ шинэчлэх нь түүнээс ч илүү олон. Ялангуяа, Зэвсэгт хүчний 013 дугаар ангид ажиллахад юу анзаарагдсан гэхээр төрийн цэргийн байгууллагуудын холбоо мэдээллийн хэрэгслүүдийг нэгдсэн системд оруулах шаардлага байна. Удахгүй УИХ-аар Орон нутгийн хамгаалалтын тухай хууль батлагдаж, Дайчилгааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах учиртай. Эдгээр хуультай уялдуулан шийдэх олон асуудал байна гэж харлаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment