8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Бямбацогт: Унтаад босохдоо хууль санаачилдаг байсан цаг ард хоцорсон

2018-06-11 10:38:00

УИХ-аас хуулиудыг баталдаг ч хэрэгжүүлэхдээ төдийлөн анхаардаггүй. Тэгвэл баталсан хуулийг хэрэгжүүлэхэд шат, шатандаа хэрхэн анхаарч яаж ажиллах ёстой талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос тодрууллаа. 

- УИХ-аас хуулийг батлаад өнгөрдөг. Хэрэгжилтэд нь огтхон ч хяналт тавьдаггүй гэх шүүмжлэл байдаг. Та үүнтэй санал нийлэх үү? 

- Хууль санаачлах эрх бүхий 78 сүбьект болон УИХ хууль тогтоох чиг үүргээ сайн хэрэгжүүлдэг ч хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих ажлаа орхигдуулж байгаатай би санал нийлдэг. УИХ байгуулагдаад 26 жил болж байна. Энэ хугацаанд 660 гаруй хуулийг баталсан байна. Энэ хуулиуд болон бусад бичиг баримтууд үр нөлөөгөө хэр зэрэг өгч байна гэдэгт байнгын хяналт тавьж, эргэх холбоотой ажиллах ёстой. Хуулийн хийдэл давхардал болон бусад үндсэн зарчмууд алдагдсан тохиолдол ч цөөнгүй бий. Хууль тогтоомжийг амьдралд хэрэгжүүлэхдээ нийгэм дэхь эерэг болон сөрөг талуудыг нь олж судлах ёстой. Мөн хэрэгжилтийн байдалд нь байнга үнэлэлт дүгнэлт өгөхөөс гадна хуулийн хэрэгжилтэд байнга анхаарах ёстой юм. Энэ ажлууд маань учир дутагдалтай хийгдэж байна. Тийм учраас хууль баталсны үр дүн төдийлөн сайн гарахгүй байна.

- Өнгөрсөн хугацаанд УИХ-аас ямар хуулиудын хэрэгжилтэд илүү санаачлагатай, хяналттай ажиллаж ирсэн бэ? 

- Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох асуудал байна. Үе, үеийн УИХ, УИХ-ын гишүүд хүүхдийн мөнгөний асуудалд маш мэдрэмж, санаачлагтай ажиллаж ирсэн. Энэ хуулийг яаж амьдралд нийцүүлж, нийгмийнхээ дуу хоолойны захиалга болгох вэ гэдэгт санаачлагатай ажиллаж иржээ. Энэ бол сайн жишээ. Муу жишээ, 2001 онд батлагдсан Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг баталсан ч биелэлт маш тааруу байна. Энэ хуулийн хэрэгжилтэд УИХ-аас нэг ч удаа анхаарсангүй. Засгийн газар ч мөн уг хуулийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллаж үр дүнд хүргэхэд анхаарч ажилласангүй. Аль 18 жилийн өмнө баталсан УИХ-ын шийдвэр амьдралд хэрэгжихгүй нэг жишээ энэ байна.Үүнээс УИХ-ын үйл ажиллагаа, хууль тогтоомжид хяналт тавих үйл ажиллагаа хоёр туйлтай байгааг харж болно. 

-Цаашид хуулийн хэрэгжилтийг үр дүнтэй болгохын тулд яаж ажиллах ёстой вэ? 

-УИХ хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байна. Хамгийн энгийн жишээ хэлэхэд Урт хугацааны хөгжлийн бодлогоо хэрэгжүүлж чадахгүй байна. Засгийн газраас хуулийн хэрэгжилтэд анхаарч хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх ажлуудыг зохион байгуулах хэрэгтэй. Зөвхөн хууль тогтоох байгууллагаас гадна Засгийн газраас мөн үүнд хяналт тавьж ажиллах ёстой. Энэ чиг үүргийн хариуцлага учир дутагдалтай байгаа. Монгол улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн бичиг баримтыг УИХ-аас баталсан. Үүндээ салбар хоорондын уялдаа холбоог тусгаж өгсөн. Харамсалтай нь энэ бодлогын баримт бичиг маань хэрхэн хэрэгжиж байга нь тодорхойгүй байна. Үүнд нийцүүлж бусад бичиг баримтуудаа баталж гаргах ёстой. Энэ бичиг баримтдаа тулгуурлаж Засгийн газрын үйл ажиллагааны дунд хугацааны бичиг баримтууд боловсруулагдаж гарах ёстой. Богино, дунд, урт хугацааны бичиг баримтууд маань уялдаж байх ёстой. УИХ-аас баталсан гурван тулгуурт бодлогын бичиг баримт ч батлагдаж чадахгүй байна. Үүнээс манай парламентын хяналт, хэрхэн ямар байгааг үнэлж дүгнэж болох байх. Бид урт хугацааны бодлогын бичиг баримтад нийцүүлж хууль тогтоомж, бодлогын шийдвэрүүдээ гаргадаг баймаар байна. Тогтвортой хөгжлийн үндэс бол тогтвортой засаглал мөн. Төрийн бодлогын залгамж чанар, тогтвортой байдлыг хангаж салбар хоорондын уялдааг сайжруулан, хууль дээдлэх гэсэн зарчмыг баримтлаад явбал хуулийн хэрэгжилтэд ахиц гарна. Үүнийг хийж чадвал хий эргэсэн, шайрагдсан байдал харьцангуй цэгцрэх байх.Бид ч мөн хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үйл ажиллагаагаа илүү сайжруулах ажлыг уялдаа, холбоотой хиймээр байна. 

- Хууль тогтоомжийн тухай хуулийг баталснаар хуулийн хэрэгжилтэд ахиц гараагүй юм уу? 

- Хууль тогтоомжийн тухай хуулиар хууль санаачлах бүрэн эрхээ хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэхэд тодорхой ахиц, дэвшил гарсан. УИХ-ын 76 гишүүн Засгийн газар, Ерөнхийлөгч унтаад босоход л нэг хууль хууль санаачилдаг, өөрийнхөө үзэмж, эрх ашигт нийцүүлж, лоббид орж хууль ажилладаг байсан бол 2017 онд баталсан энэ хуулиар харьцангуй гайгүй болсон. Хууль санаачлах нь босго өндөртэй болсон.  Нийгмийн захиалга, шаардлагад нийцсэн хуулийг нэлээд ул суурьтай боловсруулдаг болсон л доо. 

- Хуулийн хэрэгжилтийг сайжруулахад анхаарч, хяналт тавьж ажиллах ёстой Өргөдлийн байнгын хороо ажлаа хэрхэн хийж байгаа вэ? 

-Өргөдлийн байнгын хороо хуулийн хэрэгжилт болон Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих, нийгэмд тулгамдсан асуудалд онцгой анхаарал тавихад анхаарч ажилладаг. Үүнд хяналт, шалгалт хийх бүрэн эрхийг хэрэгжүүлдэг. Гэхдээ зарим тохиолдолд хэрхээ хэтрүүлж хэрэгжүүлчих гээд байдаг. Хэтэрхий их асуудалд оролцдог ч гэх юм уу.Төрийн өмчийн болон аж, ахуй нэгжид хяналт шалгалт хийж тэдний үйл ажиллагаанд хутгалддаг. Парламент маань оролцох, оролцохгүй асуудалд оролцдог байдлаа мөн засах шаардлагатай. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
үйлс
Төрөөс нийгэмд зориулж батланмгаргаж байгаа хууль нь байгаль,нийгэм,сэтгэхүйн хуульд үндэслэсэн байх ёстой.Тэгэхгүй юм бол төрийн хууль нь мбайгаль,нийгэм,сэтгэхүйн хуульд яландана.
2018/06/12 49.0.218.40