8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: "Ноён тур"-т амарсан иргэд хоолны хордлогод орж, Д.Гантулга УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн өдөр

2018-06-11 18:45:00

Дуулиантай, дуулгах сонинтой, дурсах цаг мөчтэй нэгэн шинэ өдөр дуусч байна. Улс төр, нийгэм, эдийн засаг гээд гадаад ертөнц хүртэл сонирхолтой, содон бас түгшээсэн мэдээллээр дүүрэн долоо хоног танд талархая. Ирэх амралтын өдрүүдэд цаг агаар тогтуун байх нь ээ. Тиймээс гэр бүлдээ цаг гаргаарай гэж зөвлөмөөр байна. Оюун уxаан ундаршгүй тул

Уншиж мэдэxэд цаг гарга

Ариун xишиг бурxныx тул

Хайр сэтгэлдээ цаг гарга... гэдэг шүлэг байдаг шүү дээ.

Өнөөдөр улс эх орны минь улс төр, нийгэмд сонсч дуулах мэдээллээр дүүрэн байлаа. 2018 оны улсын төсөвт хүүхдүүдэд сар бүр олгодог 20 мянган төгрөгийн тэтгэмжид зориулан 164 тэрбум төгрөг хуваарилжээ. Энэ нөөцийг нийт хүүхдийн 60 хувьд олгоно.Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаанд үндэслэн хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд олгож байсан юм. Харин өнгөрсөн оны сүүлээр улсын төсвийн орлого 500 орчим тэрбум төгрөгөөр давж биелсэн тул бүх хүүхдэд нөхөн олгосон. 2017 оны төсвийн тодотголд хүүхдийн мөнгийг 2017 оныг дуустал бүх хүүхдэд олгоход зориулан 104,5 тэрбум төгрөг зарцуулжээ. Харин энэ онд бүх хүүхдэд олгох эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Засгийн газрын тогтоолын дагуу босго оноо тогтоон, босго даваагүй өрхүүдэд л хүүхдийн мөнгө олгох талаар мэдээлэл гарлаа. Ингээд бусад онцлох мэдээллийг багтаасан Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна. 

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

Д.Гантулга УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө

УИХ-ын гишүүн Д.Гантулга бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ гаргаж байгаагаа мэдэгдэж Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Тэрбээр 'УИХ-ын гишүүн нь хувь хүн биш, хувь хүний шийдвэр гаргадаггүй. Миний ард сонсогчид, намайг дэмждэг маш олон хүн бий. Тэр хүмүүсээсээ уйчлал гуймаар байна. Мөн хайртай хань, аав ээж, гэр бүл, найз нөхөд, сонгогч нараасаа уйлчлалт гуйж байна. Өнөөдөр өөрөө бие дааж гаргасан шийдвэрээ та бүхэнд хэлье. Залуу насны гэнэн итгэмтгий зангаасаа болж ийм асуудалд орооцолдсондоо чин сэтгэлээсээ харамсаж байна. Гэхдээ Д.Гантулга миний бие УИХ-ын бүрэн эрхээсээ түтгэлзэх биш түр чөлөөлөгдөх хүссэлтээ өгч байна. Энэ хүсэлтээ албан ёсоор УИХ-ын даргад өргөнө барина. "Монголд үнэн гэж байдаг бол нотолно. Энэ бүхэн улс төр байсан. Надтай нэр холбогдоод хохирсон гэх Наранзаяа, Саранзаяа, Цэрмаа гэх бүсгүйчүүдэд улс төрийн золиос болж, эмэгтэй хүнийхээ хувьд нэр төрөөрөө хохирсон явдалд өмнөөс нь харамсаж байна

Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр намынхаа нэр дэвшигчийг дэмжиж, хэт дэврүүн мэдэгдлүүд хийж байсандаа яг одоо харамсаж байгаагаа хэлье. Улстөрийн золиос болж байгааг минь би ч, та бүхэнд ч, Монголын ард түмний нэлээдгүй хэсэг ойлгож байгаа байх гэж итгэж байна. Уужим сэтгэлтэй иргэд маань үүнийг улс төр байсан, гэмт үйлдэл байгаагүй юм аа гэдгийг ойлгох өдөр ирнэ гэж чин сэтгэлээсээ итгэж байна.

Ийм учраас УИХ-ын гишүүний албан тушаалаас түдгэлзэх биш харин чөлөөлөгдөх хүсэлтээ үүгээр гаргаж байгаагаа та бүхэнд мэдэгдье. Монголын ард түмэнд үнэн зөв мэдээллийг хүргэж байх та бүхний ажилд амжилт хүсье" гэв.

Шууд: “Айлын эрх дураараа хүүхдүүд Монголын төрөөр тоглож болохгүй”

УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудлыг өнгөрсөн баасан гаригийн хуралдаанаар хэлэлцээд дэмжээгүй. Үүнийг УИХ-ын эмэгтэй гишүүд эсэргүүцэж мэдэгдэл хийлээ. Тэд УИХ-ын шийдвэрт хориг тавьж өгөхийг хүсч Ерөнхийлөгчид хандаж байгаа аж.

Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Би Монголын улс төрд 20 жил зүтгэхдээ ийм асуудлаар улс төр хийж байгаагүй. Асуудалд бодитой хандааж байна. Айлын эрх дураараа хүүхдүүд орж ирчихээд дураараа загнадаг газар нь энэ биш. Бид хүчингийн хэрэгтэй цаашид ч тэмцэнэ” гэлээ.

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа “76 гишүүнтэйгээс 13 эмэгтэй гишүүнтэй. Бид эмэгтэйчүүдийн дуу хоолой. Тиймээс бид энэхүү мэдэгдлийг хийж байна” гэлээ.

Тэд мөн "Эмэгтэй гишүүд анхнаасаа энэ асуудалд шүүмжлэлтэй байр, суурьтай байсан. Бид хаалттай санал хураалтаар ч энэ л байр, сууриа илэрхийлсэн. Бид гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэж, охид, эмэгтэйчүүдийн дуу хоолой болж ажиллана. Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын гишүүдийн маань ихэнх нь прокурорын мэдээлэлд итгэхгүй байсан нь гайхалтай. УИХ-ын гишүүд итгэхгүй болохоор чинь энгийн иргэд яах болж байна. Хүчингийн хэрэгт нэр холбогдсон гишүүн өөрөө өргөдлөө өгөөд шалгуулчих. Шүүхээр зөв, буруугаа тогтоолгосны дараа УИХ-ын гишүүнээрээ ажиллах, эсэхээ шийдвэрлүүл.  Энэ хоёр гишүүн өөрсдийгөө шалгуулаад буруугүй гэдгээ нотлох хэрэгтэй. Бүлгийн өнөөдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэхийг бид шаардсан. Ингээд баасан гаригийн УИХ-ын хуралдааны шийдвэрийг хүчингүй болгохын төлөө эцсээ хүртэл тэмцэнэ гэж бодож байсан боловч Д.Гантулга гишүүн өөрөө УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө. Бидний тэмцлийн үр дүн гарч байна" гэсэн юм. 

Г.Энхбат: Шороон бумбагар бунхант булш нь Монгол Улсын нутаг дэвсгэрээс олдсон анхны ханын зураг

Соёлын өвийн үндэсний төвөөс Шороон Бумбагарын орчмийн археологийн хайгуул, бүртгэл, судалгааны дүнгээс танилцуулж өнөөдөр мэдээллэл хийлээ. Мэдээллийн эхэнд  Монгол Казахстаны хамтарсан судалгааны баг 2011 онд Булган аймгийн Баяннуур  сумын Шороон Бумбагарт орших бунхант дурсгалт газрыг илрүүлсэн. Тус газраас 570 гаруй олдвор олджээ талаар онцолсон юм. Мөн 170 гаруй алтан эдлэл, 45 орчим алтан зоос, Энэтхэг, Грек, Ром, Хятад, Солонгос улстай холбоотой олдворууд  судалгаа хайгууллын үеэр олдсон байна. Мөн Хүннүгийн үеийн булш 180 орчим, Хүрэл зэвсгийн үеийн 50 орчим булш, 30 гаруй хэрэгсүүр, Эртний Монгол булш оршуулгын  дурсгал 60  орчим, Хүрэл зэвсгийн үед хамаарах хадны зураг, суурин газрын үлдэц 2 хэрэм, Хятад бичигтэй хөшөөний хугархай олджээ.  Шороон бумбагар бунхант булш нь Монгол Улсын нутаг дэвсгэрээс олдсон анхны ханын зураг бүхий дурсгал гэдгийг Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат дурдсан юм. Улмаар тус газрын бүх дурсгалыг улсын  тусгай хамгаалалтанд авсан аж. 2011-2012 онд археологийн малтлагаас гарсан олдворуудыг хамгаалахын тулд Хархорум музейд түр хугацаагаар хадгалуулсан байна.

Шороо Бумбагарын археологийн дурсгалыг хадгалах хамгаалах, тогтвортой менежмент бий болгоход боловсон хүчнийг чадавхижуулах, олон нийтийн ухамсарыг нэмэгдүүлэх төсөл соёлын өвийн үндэсний төв, ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс зохион байгуулж энэ оны  тавдугаар сарын 17-28ыг хүртэл  ажилласан байна.

Хэвлэлийн хуралд Нүүдлийн соёл иргэншлийн хүрээлэнгийн гишүүн А.Очир, Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат Соёлын өвийн үндэсний төвийн мэргэжилтэн Г.Анхсанаа нарын хүмүүс оролцлоо.

Стандарт бус яндантай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцвол ТОРГОНО

Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 10.1-д “Улсын стандарт шаардлагыг хангасан үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрнө”, мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2-р хавсралтын 4.3-д “Яндан, дуу намсгуур ажиллахгүй буюу байхгүй болсон, зориулалтын бус дуу намсгууртай автомашин ашиглахыг хориглоно” гэж тус тус заасан байдаг. 

Мөн “Авто тээврийн хөдлөх бүрэлдэхүүний эргономикийн үзүүлэлтүүд” MNS 4599:2003 стандартад тээврийн хэрэгслийн утааны яндангаас гарах дуу чимээний зөвшөөрөгдөх түвшин суудлын автомашин бензин хөдөлгүүртэй бол 74, дизель бол 75 Дб /децибалл/-аас тус тус хэтрэх ёсгүй гэж тогтоосон. 

Дээрх хууль, дүрэмд заасны дагуу утааны яндангаас гарах дууны хэмжээ хэтэрсэн тээврийн хэрэгслийг нэг бол дуу намсгагч /глушитель/ ажиллахгүй болсон, эсвэл зориулалт бусаар өөрчилж тоноглосон гэж үзэж Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр зүйл 14.7 дахь хэсгийн 14.7.15-д заасныг үндэслэн хүнийг 20,000 төгрөгний, хуулийн этгээдийг 200,000 төгрөгний бэлэн бус торгуулийн шийтгэл ногдуулна.

Хэрвээ утааны яндангаас гарах дуу хэмжээ хэтэрсэн эсвэл зориулалтын бусаар өөрчилж тоноглосон тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байвал иргэн та гэрэл зургаар баримтжуулан Замын цагдаагийн албанд хандан шалгуулж, шийдвэрлүүлэх боломжтой юм.

АН төрийн өмчийг хувьчлах асуудлаар хуралджээ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр  /2018.06.11/ хуралдаж, “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлтэй холбоотой асуудлыг хэлэлцлээ.  УИХ дахь Ардчилсан намын бүлэг уг асуудлаар өнгөрсөн долоо хоногт завсарлага авсан байсан юм. Тэгвэл өнөөдрийн хуралдаанаараа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор, ЗТХ-ийн дэд сайд, Монгол банкны, Хяналт шалгалт газрын хэлтсийн захирал Ё.Мөнхбат, Хадгаламж даатгалын корпорацийн захирал Х. Бум-Эрдэнэ зэрэг албаны хүмүүсийг сонсож мэдээлэл солилцлоо.

Улмаар Мэдээлэл холбооны сүлжээ, Монгол шуудан, Хөдөө аж ахуйн бирж, МИАТ, Монголын хөрөнгийн бирж, Төрийн банк зэрэг төрийн өмчийг хувьчлах асуудлын талаар бүлгийн нэгдсэн дүгнэлтийг уг асуудлыг хэлэлцэх үеэр танилцуулахаар болсон юм.

Мөн бүлгийн хурлаар Татварын багц хуулийн төслүүдтэй холбоотойгоор ажлын хэсэг байгуулав. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн УИХ-ын дэд дарга Я.Санжмятаваар ахлуулсан ажлын хэсгийн мэдээллийг сонслоо.

Хачгаар дамжих халдварын 757 тохиолдол болж нэмэгджээ

Архангай,  Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай,  Говьсүмбэр,  Хөвсгөл,  Ховд, Хэнтий,  Дорнод, Дорноговь,Дундговь,  Дархан-Уул, Өвөрхангай,  Өмнөговь, Орхон, Завхан, Сэлэнгэ, Сүхбаатар, Увс, Төв аймгийн 105 сум, нийслэлийн 7 дүүрэгт хачгаар дамжих халдварын 757 тохиолдол мэдээлэгдсэн  нь өмнөх  оны  мөн  үеэс 21.3 хувиар, эпидемиологийн  22-р  долоо хоногтой харьцуулахад 22.8 хувиар  тус  тус буурсан үзүүлэлттэй байна.

6 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар хачигт риккетсиоз 87(11.5хувь), хачигт боррелиозын 16(2.1хувь), хачигт энцефалит 5(0.7хувь) тохиолдол тархвар судлал, эмнэлзүй, лабораторийн шинжилгээгээр онош батлагдаж, 75 тохиолдлын онош үгүйсгэгдээд байна.

Нийслэлд баригдаж буй барилгуудаас 408 зөрчил илэрсэн байна

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 14 хоногт нийслэлийн дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдэд гэмт хэрэг, зөрчлийн 24156 дуудлага, мэдээлэл хүлээн авсан. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 1598, зөрчлийн шинжтэй 18482, зам тээврийн 4075 дуудлага мэдээлэл байна. Гэмт хэргийн шинжтэй нийт дуудлага, мэдээлэл 87, хулгайлах гэмт хэргийн шинжтэй дуудлага, мэдээлэл 54 нэгжээр тус тус буурсан байна. “Аз жаргалтай хот”, “Эргүүл дэд” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын оюутны холбоотой хамтран оюутан залуучуудыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулах, гадаадын иргэд, жуулчдын аюулгүй байдлыг хангах, тэдэнд аялал жуулчлал, соёлын үйлчилгээний мэдээлэл түгээх зорилгоор 40 оюутанг сонгон шалгаруулж “Оюутан цагдаа-2018” арга хэмжээг энэ оны 06 сарын 01-ний өдрөөс эхлүүлээд байна” гэж танилцуулав.

“Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 2746 дуудлага мэдээлэл хүлээн авч 815 эд материалын хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэж, хүн гэмтсэн гэмт хэргийн шинжтэй 128 бүртгэгдсэн байна. Өнгөрсөн оны мөн үед хүний амь нас, эрүүл мэнд хохирсон осол 135 бүртгэгдэж байсан бол энэ оны мөн үед 128 бүртгэгдэж 5.2 хувиар буурсан дүнтэй байна” гэж Замын цагдаагийн албаны Нийслэлийн замын хөдөлгөөнийг зохицуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Батболд мэдээллээ.

Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод өдөртөө 22-24 хэм, шөнөдөө  11-13 хэм дулаан, салхины хурд 7-8 м/с байх төлөвтэй байна. Өнгөрөгч 14 хоногийн хугацаанд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 147 удаагийн дуудлагыг хүлээн авч Гал унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 134, аврах ажиллагааны 13 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, гал түймэр, техникийн холбогдолтой ослоос 23 иргэний амь бие, төр, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн 810 гаруй сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн Баавгайт уулын Шарлангийн гол гэдэг газар гарсан ойн түймрийн голомтод нийслэлийн Онцгой байдлын газраас 71 албан хаагч, 6 автомашинтайгаар тавдугаар сарын 19-ний өдрөөс одоог хүртэл гал түймрийг цурманд нь оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын А/520 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Туул гол дагуу амарч, аялал зугаалгаар явж байгаа иргэдийг усны ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр, нийслэлийн Цагдаагийн газартай хамтран зохион байгуулдаг “завьт эргүүл” нэгдсэн арга хэмжээг өнөөдрөөс эхлүүлээд байна” гэж танилцуулав.

“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөх болохтой холбогдуулан сарын хугацаанд хоол үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 252 иргэн, 741 аж ахуй нэгжид эрүүл ахуй, халдвар хамгаалал, хүнсний чанар, стандартын хяналт, хөдөлмөрийн хяналтын чиглэлээр 150 улсын /ахлах/ байцаагч хяналт тавин ажиллаж, нийт 368 зөрчил илрүүлснээс 297 зөрчлийг газар дээр нь арилгуулсан.

Нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулах 12 зуслангийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын /ахлах/ байцаагчийн 77 заалт бүхий 10 албан шаардлагаар хугацаатай үүрэг өглөө. Зуслангуудын ундны уснаас дээж авч Төв лабораторит хими, нян судлалын шинжилгээнд хамруулахад Монгол Улсад мөрдөгдөх “Ундны ус“ Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ MNS0900:2005 стандартын шаардлагыг хангаж байна. Төвийн 6 дүүрэгт баригдаж буй барилгуудын хөдөлмөр аюулгүй байдалд хяналт шалгалт хийж, нийт 408 зөрчил илрүүлж, газар дээр нь 210 зөрчлийг арилгуулж, 15 ААНБ-д 16.5сая төгрөгийн торгууль ногдуулан барагдуулсан. Илэрсэн зөрчлийг арилгуулахаар 39 ААНБ-д улсын /ахлах/ байцаагчийн 198 заалттай албан шаардлага хүргүүлж биелэлт 74 хувьтай байна” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.

Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү “Төсвийн орлогын төлөвлөгөөг тасалдуулсан Нийслэлийн Татварын газар болон бусад байгууллагууд орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлж, орлогын тасалдлыг энэ  сардаа багтаан нөхөн төвлөрүүлэх шаардлагатай байна” гээд “Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө, бусад эх үүсвэрээр санхүүжүүлэх барилга, зам, инженерийн шугам сүлжээ зэрэг улирлын шинж чанартай төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулж, удаашралтай байгаа ажлуудын хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах, нийтийн эзэмшлийн гудамж талбайн ногоон байгууламжуудын усалгаа, хог хаягдалгүй байлгахад анхаарч, цэвэрлэгээний ажлыг тогтмол зохион байгуулж ажиллах, Инженер, хангамжийн байгууллагууд энэ онд хөрөнгө оруулалт, болон урсгал засвараар хийгдэж байгаа барилга, зам, шугам, сүлжээний ажлуудаа графикт хугацаанд хийж гүйцэтгэх, засварын ажлуудын талаар иргэд, олон нийтэд тогтмол мэдээлж, Захирагчийн ажлын албанаас гүйцэтгэлд тогтмол хяналт тавих, зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг эхлүүлж, машрут, чиглэл, цагийн хуваарийг тодорхой гаргах, иргэд, олон нийтэд хэвлэл мэдээллийн байгууллагуудаар мэдээлэх, зуслангийн чиглэл болон засварын ажлын хүрээнд хаагдаж байгаа авто замуудын хөдөлгөөний аюулгүй байдлын зохицуулалтыг сайтар хийж ажиллах, нийслэлийн нутаг дэвсгэрт баригдаж дуусаагүй байгаа болон баригдаагүй зогссон барилгын нарийвчилсан судалгааг гаргаж нийслэлийн удирдлагуудад танилцуулах”-ыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Эмэгтэй гишүүд Д.Мурат, Д.Гантулга нарын асуудалд Ерөнхийлөгчөөр хориг тавиулна

Прокуророос УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат  нарыг эргүүлэн татах хүсэлтээ УИХ-д илгээсэний дагуу өнгөрсөн баасан гараг хоёр гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр гурван байнгын хорооны хуралдаанаар орж, УИХ-ын чуулганаар асуудлыг хэлэлцж шийдвэрээ гаргасан. УИХ-ын чуулганаар дээрх хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзэж "авч" үлдсэн. 

Мөн УИХ-ын эмэгтэй гишүүд байнгын хороодын хуралдааны дараа уг асуудлаар мэдээлэл хийсэн билээ. Энэхүү мэдээллээр УИХ-ын эмэгтэй гишүүд Д.Мурат, Д.Гантулга нарыг өөрсдөө УИХ-ын бүрэн эрхээсээ татгалзаж шалгуулах ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн. 

Тэгвэл өнөөдөр УИХ-ын эмэгтэй гишүүд Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн шийдвэрт Ерөхийлөгчийн хориг тавиулах тухай яригдаж эхэллээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын асуудлаар Ерөнхийлөгчөөр хориг тавиулах албан бичгээ хүргүүлэх юм байна. 

Авлига авсан гэх хэрэгт холбогдсон МХЕГ-ын дарга нарын суудалд хүн томилогдоогүй байна

МХЕГ-ын хэлтсийн дарга асан Б.Аззаяа, Т.Баярсайхан хоёрт аргагүй байдалд орж, авилга өгсөн байж болзошгүй 20 гаруй аж ахуй нэгж, байгууллага байгааг шалгалтаар тогтоосон хэргийн талаар өмнө нь бид мэдээлж байсан билээ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Б.Аззаяа, Хорио цээрийн хэлтсийн дарга Т.Баярсайхан нарыг Авилгатай тэмцэх газраас өнгөрсөн оны 12-р сарын 7-нд саатуулж, тухайн үед  тэдний гэрээс 500 орчим сая төгрөг хураан авсан. 

Тэгвэл эл хэргийн холбогдогч МХЕГ-ын хэлтсийн дарга асан Б.Аззаяа, Т.Баярсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийг НПГ-аас харьяа дүүргийн шүүхэд шилжүүлэхэд бэлэн болсон талаар өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн юм.

Энэ хэрэгт дарга нарын оронд өөр хүн томилоогүй байгаа юм байна. Одоогоор түр орлон гүйцэтгэгчид ажлыг нь хийж байгаа гэдэг мэдээллийг эх сурвалж өглөө. 

С.Бямбацогт: Унтаад босохдоо хууль санаачилдаг байсан цаг ард хоцорсон

УИХ-аас хуулиудыг баталдаг ч хэрэгжүүлэхдээ төдийлөн анхаардаггүй. Тэгвэл баталсан хуулийг хэрэгжүүлэхэд шат, шатандаа хэрхэн анхаарч яаж ажиллах ёстой талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос тодрууллаа. 

- УИХ-аас хуулийг батлаад өнгөрдөг. Хэрэгжилтэд нь огтхон ч хяналт тавьдаггүй гэх шүүмжлэл байдаг. Та үүнтэй санал нийлэх үү? 

-Хууль санаачлах эрх бүхий 78 сүбьект болон УИХ хууль тогтоох чиг үүргээ сайн хэрэгжүүлдэг ч хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих ажлаа орхигдуулж байгаатай би санал нийлдэг. УИХ байгуулагдаад 26 жил болж байна. Энэ хугацаанд 660 гаруй хуулийг баталсан байна. Энэ хуулиуд болон бусад бичиг баримтууд үр нөлөөгөө хэр зэрэг өгч байна гэдэгт байнгын хяналт тавьж, эргэх холбоотой ажиллах ёстой. Хуулийн хийдэл давхардал болон бусад үндсэн зарчмууд алдагдсан тохиолдол ч цөөнгүй бий. Хууль тогтоомжийг амьдралд хэрэгжүүлэхдээ нийгэм дэхь эерэг болон сөрөг талуудыг нь олж судлах ёстой. Мөн хэрэгжилтийн байдалд нь байнга үнэлэлт дүгнэлт өгөхөөс гадна хуулийн хэрэгжилтэд байнга анхаарах ёстой юм. Энэ ажлууд маань учир дутагдалтай хийгдэж байна. Тийм учраас хууль баталсны үр дүн төдийлөн сайн гарахгүй байна.

- Өнгөрсөн хугацаанд УИХ-аас ямар хуулиудын хэрэгжилтэд илүү санаачлагатай, хяналттай ажиллаж ирсэн бэ? 

- Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох асуудал байна. Үе, үеийн УИХ, УИХ-ын гишүүд хүүхдийн мөнгөний асуудалд маш мэдрэмж, санаачлагтай ажиллаж ирсэн. Энэ хуулийг яаж амьдралд нийцүүлж, нийгмийнхээ дуу хоолойны захиалга болгох вэ гэдэгт санаачлагатай ажиллаж иржээ. Энэ бол сайн жишээ. Муу жишээ, 2001 онд батлагдсан Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг баталсан ч биелэлт маш тааруу байна. Энэ хуулийн хэрэгжилтэд УИХ-аас нэг ч удаа анхаарсангүй. Засгийн газар ч мөн уг хуулийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллаж үр дүнд хүргэхэд анхаарч ажилласангүй. Аль 18 жилийн өмнө баталсан УИХ-ын шийдвэр амьдралд хэрэгжихгүй нэг жишээ энэ байна. Үүнээс УИХ-ын үйл ажиллагаа, хууль тогтоомжид хяналт тавих үйл ажиллагаа хоёр туйлтай байгааг харж болно. 

-Цаашид хуулийн хэрэгжилтийг үр дүнтэй болгохын тулд яаж ажиллах ёстой вэ? 

-УИХ хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байна. Хамгийн энгийн жишээ хэлэхэд Урт хугацааны хөгжлийн бодлогоо хэрэгжүүлж чадахгүй байна. Засгийн газраас хуулийн хэрэгжилтэд анхаарч хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх ажлуудыг зохион байгуулах хэрэгтэй. Зөвхөн хууль тогтоох байгууллагаас гадна Засгийн газраас мөн үүнд хяналт тавьж ажиллах ёстой. Энэ чиг үүргийн хариуцлага учир дутагдалтай байгаа. Монгол улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн бичиг баримтыг УИХ-аас баталсан. Үүндээ салбар хоорондын уялдаа холбоог тусгаж өгсөн. Харамсалтай нь энэ бодлогын баримт бичиг маань хэрхэн хэрэгжиж байга нь тодорхойгүй байна. Үүнд нийцүүлж бусад бичиг баримтуудаа баталж гаргах ёстой. Энэ бичиг баримтдаа тулгуурлаж Засгийн газрын үйл ажиллагааны дунд хугацааны бичиг баримтууд боловсруулагдаж гарах ёстой. Богино, дунд, урт хугацааны бичиг баримтууд маань уялдаж байх ёстой. УИХ-аас баталсан гурван тулгуурт бодлогын бичиг баримт ч батлагдаж чадахгүй байна. Үүнээс манай парламентын хяналт, хэрхэн ямар байгааг үнэлж дүгнэж болох байх. Бид урт хугацааны бодлогын бичиг баримтад нийцүүлж хууль тогтоомж, бодлогын шийдвэрүүдээ гаргадаг баймаар байна. Тогтвортой хөгжлийн үндэс бол тогтвортой засаглал мөн. Төрийн бодлогын залгамж чанар, тогтвортой байдлыг хангаж салбар хоорондын уялдааг сайжруулан, хууль дээдлэх гэсэн зарчмыг баримтлаад явбал хуулийн хэрэгжилтэд ахиц гарна. Үүнийг хийж чадвал хий эргэсэн, шайрагдсан байдал харьцангуй цэгцрэх байх. Бид ч мөн хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үйл ажиллагаагаа илүү сайжруулах ажлыг уялдаа, холбоотой хиймээр байна. 

- Хууль тогтоомжийн тухай хуулийг баталснаар хуулийн хэрэгжилтэд ахиц гараагүй юм уу? 

- Хууль тогтоомжийн тухай хуулиар хууль санаачлах бүрэн эрхээ хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэхэд тодорхой ахиц, дэвшил гарсан. УИХ-ын 76 гишүүн Засгийн газар, Ерөнхийлөгч унтаад босоход л нэг хууль хууль санаачилдаг, өөрийнхөө үзэмж, эрх ашигт нийцүүлж, лоббид орж хууль ажилладаг байсан бол 2017 онд баталсан энэ хуулиар харьцангуй гайгүй болсон. Хууль санаачлах нь босго өндөртэй болсон.  Нийгмийн захиалга, шаардлагад нийцсэн хуулийг нэлээд ул суурьтай боловсруулдаг болсон л доо. 

- Хуулийн хэрэгжилтийг сайжруулахад анхаарч, хяналт тавьж ажиллах ёстой Өргөдлийн байнгын хороо ажлаа хэрхэн хийж байгаа вэ? 

-Өргөдлийн байнгын хороо хуулийн хэрэгжилт болон Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих, нийгэмд тулгамдсан асуудалд онцгой анхаарал тавихад анхаарч ажилладаг. Үүнд хяналт, шалгалт хийх бүрэн эрхийг хэрэгжүүлдэг. Гэхдээ зарим тохиолдолд хэрхээ хэтрүүлж хэрэгжүүлчих гээд байдаг. Хэтэрхий их асуудалд оролцдог ч гэх юм уу.Төрийн өмчийн болон аж, ахуй нэгжид хяналт шалгалт хийж тэдний үйл ажиллагаанд хутгалддаг. Парламент маань оролцох, оролцохгүй асуудалд оролцдог байдлаа мөн засах шаардлагатай. 

Д.Гантулга: Намайг буруутгах зорилготой хийгдсэн ажил. Энэ гэмт хэрэг биш

Прокуророос УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат  нарыг эргүүлэн татах хүсэлтээ УИХ-д илгээсэний дагуу өнгөрсөн баасан гараг хоёр гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр гурван байнгын хорооны хуралдаанаар орж, УИХ-ын чуулганаар асуудлыг хэлэлцж шийдвэрээ гаргасан. УИХ-ын чуулганаар дээрх хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзэж "авч" үлдсэн.

Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Гантулга Төрийн байгуулалтын Байнгын хороонын хурлын үеэр өөрийгөө өмгөөлж ийнхүү тайлбар өгсөн гэнэ. Тэрбээр “Тодорхой зохион байгуулалттай улстөрийн зорилготой, захиалгатай үйл ажиллагаа явагдаж байна. 

Сүүлийн 11 сард мөнгө төгрөг авсан, нэхсэн, зохион байгуулсан гээд олон зүйл явж байгаа. Үүнтэй холбоотой олон гомдол саналыг прокурорын байгууллага, хууль хяналтын байгууллагууд гаргалаа. Эндээс нэг ч асуудлыг хуулийн хүрээнд хүлээж авч шийдэхээс татгалзсан.

Тэр болгонд энэ асуудлыг АТГ-т шалгаж байгаа учраас цагдаад ханд. Цагдаагийн байгууллагад хандахаар АТГ-т ханд гэдэг. Шүүх шинжилгээний байгууллага 3-4 удаа янз бүрийн дүгнэлт гаргадаг.

Энэ болгоноос зөвхөн намайг буруутгах бололцоотой бүхнийг авч, энэ хэрэг хийгдэж байгаа. Маш харамсалтай байгаа. Тийм учраас энэ асуудал гэмт хэрэг. Гантулгад зохион байгуулалтайгаар нэр хүндэд нь халдах, заналхийлэх, дарамтлах үйл ажиллагаа явагдсан шүү" гэжээ. 

Х.Баттулга: Монгол Улс ШХАБ-д шат ахиулан оролцох боломжийг судалж, хэлэлцүүлж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ШХАБ-ын гишүүн, оролцогч орнууд болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцлоо. Хуралдааныг БНХАУ-ын дарга Ши Жиньпин албан ёсоор нээхдээ, “Алс холоос ирсэн найз нарыг хүлээн авах ямар гайхалтай юм бэ” хэмээн Күнзийн хэлсэн үгнээс иш татсан байна. Мөн Энэтхэг болон Пакистан улс ШХАБ-ын гишүүн орноор элссэнээс хойш болж буй анхны хуралдаан гэдгийг цохон тэмдэглэж, жил ирэх бүр ШХАБ-ын цар хүрээ улам нэмэгдэж байгааг хэлээд дөрвөн ажиглагч улс, зургаан яриа хэлэлцээний түнш орнуудтай хамтран ажиллаж байгаа талаар хэлэв. ШХАБ-ын дүрмийн дагуу Өргөтгөсөн хуралдааныг, ШХАБ-ыг ээлжийн дагуу даргалж байгаа БНХАУ-ын дарга Ши Жиньпин үг хэлж, дараа нь гишүүн орнуудын төрийн тэргүүнүүд үг хэлсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ШХАБ-ын өргөтгөсөн хуралдаанд оролцож, хэлсэн үгнээс нь дараах ОНЦЛОХ ИШЛЭЛИЙГ хүргэж байна. 

-ШХАБ-ын үйл ажиллагаа өргөжин тэлж, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн зэрэг олон чиглэлийг хамрах болсноор хамтын ажиллагааны механизм, эрх зүйн үндэс нь зохих түвшинд бүрдсэн, бүс нутгийн олон улсын байгууллага болон төлөвшиж байна гэж Монгол Улс үздэг.

-Монгол Улс гадаад бодлогын залгамж чанараа тууштай хадгалж, олон тулгуурт, энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан гадаад бодлогоо идэвхтэй хэрэгжүүлж байна.  

-ОХУ, БНХАУ болон гуравдагч хөршүүдтэйгээ найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн тогтвортой хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын үзэл баримтлал юм.

-Ази, Номхон далайн бүс нутагт өрнөж буй улс төр, эдийн засгийн олон талт үйл явцад идэвхтэй, үр бүтээлтэй оролцохыг эрмэлздэг.

- Шанхайн хамтын ажиллагааны байгууллагыг Монгол Улс тус бүс нутгийн хамтын ажиллагаанд оролцох нэг чухал  суваг хэмээн үзэж, өндөр ач холбогдол өгч 2004 онд ажиглагчийн статустай болсон үеэсээ тус байгууллагын уулзалт, арга хэмжээнд идэвхтэй оролцож ирлээ.

-Монгол Улс ШХАБ-д шат ахиулан оролцох боломжийг судалж, хэлэлцүүлж байна.

- Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хөгжил дэвшилд  хувь нэмэр оруулахын төлөө гишүүн, ажиглагч, яриа хэлцээний түнш орнуудтай идэвхтэй хамтран ажиллахад ямагт бэлэн байна.

- ШХАБ-ын орнуудын хамтын ажиллагааг юуны өмнө эдийн засгийн бодит агуулгаар баяжуулж, бүс нутгийн орнуудад тулгарч буй нийгэм, эдийн засгийн хүндрэлүүдийг хамтран шийдвэрлэх нь бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлыг шийдвэрлэх суурь нөхцөл юм.

-Монгол Улс тус байгууллагын орнуудтай хамтран  эрчим хүч, дэд бүтэц, дамжин өнгөрөх тээвэр, уул уурхай, хүнд үйлдвэр, хөдөө аж ахуй болон эдийн засгийн бусад салбарын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцохыг зорьж байна. 

-Хүмүүнлэгийн хамтын ажиллагаа, боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, байгаль орчин, онцгой байдлын менежмент  болон терроризм, мансууруулах бодисын хууль бус наймаатай тэмцэх зэрэг салбарт Та бүхэнтэй идэвхтэй хамтран ажиллахыг зорьж байна.

- Монголын “Хөгжлийн зам” хөтөлбөрийг Хятадын “Бүс ба зам” санаачилга болон Оросын “Евразийн эдийн засгийн холбоо” хамтын ажиллагааны механизмтай уялдуулах, Монгол Улсын нутаг дэвсгэрээр Монгол, Орос, Хятадын “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийг бодитойгоор хэрэгжүүлэх, үүний тулд гурван талын хамтарсан механизмыг боловсронгуй болгох, Монгол Улсын газар нутгаар дамжуулан төмөр зам, автозам, байгалийн хий, газрын тосны  хоолой тавих, худалдааг хөнгөвчлөх, тарифын болон тарифын бус хориг саадыг арилгахад ШХАБ-ын гишүүн орнууд, ялангуяа ОХУ, БНХАУ онцгой анхаарал тавьж, дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлье. 

- ШХАБ-ын дээд түвшний энэхүү уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, ОХУ-ын Ерөнхийлөгч, БНХАУ-ын дарга нарын гурван талт дээд түвшний ээлжит дөрөвдүгээр уулзалтыг хийж, гурван талын хамтын ажиллагааны цаашдын чиг хандлагын талаар ярилцаж, тодорхой тохиролцоонд хүрлээ.

Монголбанкны Ерөнхийлөгч ОУВ-гийн дэд тэргүүнийг хүлээн авч уулзлаа

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан ОУВС-ийн дэд тэргүүн, Зөвлөлийн даргын үүрэг гүйцэтгэгч ноён  Мицухиро Фурусаваг албаны дагалдах хүмүүсийн хамт хүлээн авч уулзлаа.

Монгол Улсад тулгамдсан хүнд цаг үед Олон Улсын Валютын Сан “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-төө хамруулахад дэмжлэг үзүүлсэнд юуны өмнө талархал илэрхийлэхийн хамт хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнд эдийн засаг сэргэж, өсөлт бий болж байгааг Монголбанкны Ерөнхийлөгч ярианыхаа эхэнд тэмдэглэв.

Монголбанк Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй энэхүү хөтөлбөрийн хүрээнд банкны салбарын тогтвортой байдлыг хангах эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоог бий болгох олон улсын улсын стандартыг нэвтрүүлэхээр зорьж буй бөгөөд ОУВС-ийн зөвлөмжийн дагуу Банкны активын чанарын иж бүрэн үнэлгээг амжилттай хийсэн ба үнэлгээгээр өөрийн хөрөнгийн дутагдалтай гарсан банкууд заасан хугацаанд нөхөн гүйцээхээр ажиллаж эхэлсэн. Үүний дагуу “Банкны дахин хөрөнгөжүүлэлтийн” тухай хуулийн төслийг санаачлан УИХ-аар хэлэлцүүлэн батлуулахаар ажиллаж байгаа тухай танилцууллаа.

“Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” банк санхүүгийн салбарт тогтвортой өсөлтийг хангахад нааштай үр дүн үзүүлж байгаад баяртай байна гэдгээ ОУВС-ийн дэд тэргүүн М. Фурусава хэлэв.

Гэхдээ энэ нь тогтворжилтыг бий болголоо гэж тайвшруулж буй үр дүн биш уул уурхайн түүхий эдийн үнээс хамааралтай эдийн засгийн бүтэцтэй улсын хувьд хөтөлбөрийн хүрээнд тохиролцсон бодлого зорилтуудаа хэрэгжүүлж, улам эрчимжүүлж үр дүнд хүргэхэд Монголбанк онцгой  үүрэгтэй болохыг тэмдэглэв.

Багануурын "Ноён тур"-т амарсан иргэд хоолны хордлогод орж эмнэлэгт хүргэгджээ

Багануур дүүрэг дэх "Ноён-тур" амралтын газарт үйлчлүүлсэн хүмүүс хүнсний зүйлд хордож эрүүл мэндийн төвд хүргэгдэж ирсэн байна" гэсэн дуудлага мэдээлэл энэ сарын 9 өдөр Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн жижүүрийн шуурхай албанд бүртгэгдсэн байна. Үүний дагуу Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулахад Багануур хувьцаат компани нь 40 жилийн ойн арга хэмжээний хүрээнд 3 үеийн уулзалт хүлээн авалтын арга хэмжээг энэ сарын 06-ны өдөр “Ноён-тур” амралтын газарт зохион байгуулсан байна. Уг арга хэмжээнд 27-79 насны нийт 72 хүн оролцжээ. Дээрх хүлээн авалтын арга хэмжээнд оролцсон хүмүүс нь энэ сарын 08-ны өдрөөс гэдэс өвдөж гүйлгэх, дотор муухайрах, толгой өвдөх, халуурах зэрэг хоолны хордлогын шинж тэмдэг илэрсэн эхэлсэн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр энэ сарын 08-ны өдөр дүүргийн эрүүл мэндийн төвд нийт 15 иргэн хандаж эмнэлэгийн тусламж авчээ. Өнөөдрийн байдлаар дээрх үйл ажиллагаанд оролцсон хүмүүсээс 2 хүн Халдварт өвчин судлалын үндэсний төвд, Багануур дүүрэг 14 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. 

Дээрх хэргийн шалгалтын хүрээнд Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтэс, мэргэжилийн байгууллага эрүүл мэндийн төв болон Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар хамтран хорлогын шалтгаан нөхцлийг тогтоох шалгалтын ажиллагааг хамтран явуулж байгаа бөгөөд хүлээн авалтын ажиллагааг зохион байгуулсан “Ноён-тур” амралтын газрыг битүүмжлэн үйл ажиллагааг зогсоож амрагч нарын хэрэглэсэн гэх жимс ногоо, хоол хүнснээс шинжилгээнд дээж аван шинжилгээний лабораторт хүргүүлсэн байна. 

Урьдчилсан байдлаар хүлээн авалтын арга хэмжээнд оролцсон хүмүүс энэ сарын 04-ны өдөр “Барс” худалдааны төвөөс 5 төрлийн жимс /тоор, амтат гуа, алим, банана, слив/ худалдан авсан нь тогтоогдож эдгээр жимснээс хордсон байж болзошгүй аж.

Одоогоор энэ хэрэгт холбогдуулан шалгалтын ажил явагдаж байгаа юм байна. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл