8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Амарбаясгалан: Эрдэнэт үйлдвэрийн албан тушаалыг наймаалцаагүй

2018-06-11 18:10:40

МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан Эрдэнэт үйлдвэрийн албан тушаалуудыг 200-500 сая төгрөгөөр наймаалцаж байна гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалангаас тодрууллаа.

-Таныг “Эрдэнэт” үйлдвэрийн зарим томилгоог мөнгөөр үнэлсэн гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-“Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ хуралдсан гэх мэдээллийг би хэвлэлээс л харсан. Ер нь бол  49, 51 хувь гэх асуудлыг нэг талд нь гаргах шаардлагатай байгаа юм. Хувийн хэвшил авсныг нь буруутгаагүй. Төрийн өмчийн 49 хувийг худалдахдаа УИХ-аар оруулаагүйгээс өнөөдөр асуудал үүссэн. Нөгөө талдаа Худалдаа хөгжлийн банк өөрийнхөө эрх мэдлийн хэмжээнд зээл олгосон эсэх асуудлыг хүртэл судлах ёстой. Монголын ард түмний эрх ашгийг хангах, аж амьдрал, эдийн засгийн тогтвортой байлгах  үүднээс “Эрдэнэт” үйлдвэрийн асуудалд нухацтай хандах ёстой.

-“Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ 100 хувь төрөөс бүрдэж байгаа. Эрх баригч намын хүрээнд ТУЗ-өөр дамжуулаад бүтцийн өөрчлөлт хийх, томилгоо хийгдэх асуудал яригдсан уу?

-“Эрдэнэт” үйлдвэрийг 49, 51 хувийн асуудал эцэслэгдээгүй байхад 49 хувийн төлөөлөл гэсэн хэсэг бүлэг хүмүүс давуу эрхтэй шийдвэр гаргах ёсгүй.  Төр өмчөө мэдэж, 49 хувийн хяналт, нөлөөллөөс гарах ёстой. Харамсалтай нь, Засгийн газрын шийдвэрийг нам, албан тушаалтай холбож тайлбарлаж, албан тушаал худалдаж байна гэж Засгийн газрын шийдвэрийг хүчгүй болгож байна. Албан тушаалыг наймаалцахгүй. Албан тушаалд очих гэсэн хүн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүдэнд дугаарладаггүй. Хэзээ ч бид өмнө нь явж ирсэн тэр жишгийг давтахгүй, албан тушаалыг наймаалцахгүй.Тухайн албан тушаалд тохирох мэргэжлийн хүнийг мэргэжлийн байгууллага томилдог. Тэгш шударга,  өрсөлддөг боломжийг олгохын тулд бид хичээж ажиллаж байна. Цаашид ч энэ бодлогоо баримтална. Энэ эрх мэдлээсээ буух гэж байгаа хэсэг бүлэг нөхдүүд юу ч хийж магадгүй байна. Нам дээр нэг ч томилгоо яригдаагүй.

-Шүүхээс ТУЗ-ийн гишүүдийн томилгоог хүчингүй болгосон шийдвэр гаргасан. Тэгэхээр ТУЗ-ийн хуралдаанууд хууль бус шийдвэр болох уу?

-Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас асуух хэрэгтэй байх. Би энэ тайлбар өгөх албан тушаалтан биш. Ер нь цаашид “Эрдэнэт” үйлдвэрийн асуудалд онцгой анхаарна. Болохгүй бол ард түмэнтэйгээ хамт тэмцэнэ. Мөн хууль хяналтын, бизнесийн бүлэглэлийн эсрэг шулуухан  тэмцэх цаг нөхцөл нь бүрджээ гэж харж байна. АН, МАН гэх аль ч нам Засгийн эрх барьж байхад төрд шургалж, албан тушаал авлигын гэмт хэрэг үйлдээд сууж байгаа хэсэг бүлэг нөхдийг цэвэрлэхийн төлөө ажиллаж байгаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
.....
Хэзээ ч бид өмнө нь явж ирсэн тэр жишгийг давтахгүй....................
2018/06/12 202.179.25.167