Өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгч буй гуравдахь гишүүн болов
Нэр холбогдсон хэрэг нь хүндэрч явсаар УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх өргөдлөө өгөхөд хүрсэн УИХ-ын гишүүн Д.Гантулгын асуудал цаашид хэрхэх вэ гэдэг нь олны анхаарлыг татаж байна. Түүний хувьд парламентын түүхэнд өөрийн хүсэлтээр гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгч буй гуравдахь гишүүн болж байна.
Тэрбээр эцэг, эх, хань, сонгогчид, найз нөхөд, намынхан, ард түмэн бүр өөрт нь хүчиндүүлсэн гэх бүсгүйчүүдээс уучлал хүсч буйгаа мэдэгдээд УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өчигдөр өгчихсөн.
Тэрбээр хүсэлтдээ “Д.Гантулга би 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн 42-р тойргоос сонгогдон УИХ-ын гишүүнээр ажиллаж байна. Миний бие УИХ-ын тухай хуулийн зургадугаар зүйлийн 6.6.3 дахь заалтыг үндэслэн өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байна” гэжээ.
УИХ-ын тухай хуулийн зургадугаар зүйлийн 6.6.3-т гишүүн өөр ажилд шилжих болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг УИХ хүлээн авсан бол бүрэн эрхээс нь чөлөөлнө гэж заажээ.
Тэгэхээр хуулийн энэ үндэслэлээр түүнийг чөлөөлөх нь. Ингэхдээ ямар дэгээр хэлэлцэх вэ?.
Ямар дэгээр түүнийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх вэ?
УИХ-ын гишүүний чөлөөлөгдөх хүсэлтийг эхлээд намын бүлгийн хурлаар хэлэлцэж санал дүгнэлт гаргана. Үүний дараа Тусгай хяналтын дэд хороо, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэнэ. Ингээд эцэст нь УИХ-аар хэлэлцэх дэгтэй аж.
Гэхдээ хугацаа зааж өгөөгүй байна. Тодруулбал, УИХ-ын гишүүний чөлөөлөгдөх хүсэлтийг хэдэн өдөр, сарын хугацаанд хэлэлцэх ёстой гэж тодорхой зааж өгөөгүй байдаг байна.
Тэгэхээр Д.Гантулгын асуудлыг хэлэлцэхгүй сунжруулж магадгүй гэх хардлага байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн баасан гаригт түүнийг түтгэлзүүлэхийг УИХ-аар дэмжээгүй нь УИХ-ын нэр хүндийг тэр дундаа эрх баригчдын рейтингийг олон нийтийн дунд унагаасан. Ард түмний хатуу ширүүн шүүмжлэлтэй нүүр тулсан МАН-ынхан эцэст нь Д.Гантулгаараа мэдэгдэл хийлгэн чөлөөлөгдөх хүсэлтийг нь өгүүлэх сонголтыг хийсэн нь энэ байж мэднэ. Гэхдээ энэ нь ёс зүйн хариуцлага алдсан Д.Гантулгадаа хариуцлага тооцож чөлөөлөх гэхээс илүүтэй олон нийтийн уур уцаарыг намжаах гэсэн оролдлого гэж харж болохоор байна.
Эрх баригчид Д.Гантулгын чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэлгүй сунжруулж байгаад эцэст нь авч үлдэх магадлал өндөр байна. Хэрвээ түүнийг явуулах байсан бол өнгөрсөн баасан гаригт түүнээс өмнө ч үлдээж болох л байсан. Тэд Д.Гантулгыгаа явуулахыг хүсээгүй нь улс төрийн олон асуудалтай холбоотой. Гэхдээ эрх баригч намынхан Д.Гантулгыгаа явуулаад нэрээ цэвэрхэн 2020 оны сонгууль орох байсан юм даа.
У.Хүрэлсүхийн хувьд Хэнтийд нөхөн сонгууль явуулахгүй хүсэхгүй байгаа. Энэ нь ч Д.Гантулгыг авч үлдсэнтэй холбоотой.
Нөхөн сонгууль болох уу
Харин Д.Гантулгыг хүсэлтийнх нь дагуу чөлөөлбөл нөхөн сонгууль болно. Сонгуулийн үр дүн эрх баригч 65-ын бүлэгт эвгүй байдлаар тусах магадлал өндөр. Нөхөн сонгууль болбол тус тойрогт МАН-аас Ерөнхий сайд У.Хүрэлсүх, АН-аас УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, МАХН-аас Н.Энхбаяр нар үзэх өндөр магадлалтай юм.
Энэ тохиолдолд МАХН-ын дарга Н.Энхбаяр гарч ирэх магадлал өндөр учраас МАН-ынхан нэг суудлаа алдахгүй тулд Д.Гантулгаа тийм ч амар явуулахгүй болов уу. Өнөө, маргаашгүй наадам болж иргэд амралт зугаалга, баяр наадам хэсээд алга. Намар сургууль, цэцэрлэгийн ажил үргэлжлээд өөр арга хэмжээнүүд. Энэ бол Д.Гантулгын хүсэлтийг хэлэлцэхгүй байж торгоох хангалттай хугацаа.