8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Эрдэнэбат: Төрийн банкны хувьчлалын цаана маш олон маргаантай асуудал байна

2018-06-12 15:35:00

Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ. 

Тогтоолын төсөлд “МИАТ”, “Хөрөнгийн бирж”, “Арилжааны төлбөр тооцоо” болон “Мэдээлэл холбооны сүлжээ”,  Орон нутгийн Автозам, засвар арчлалтын компаниуд зэрэг 27 компанийг хувьчлах асуудлыг тусгажээ. Тухайлбал Автозам, засвар арчлалтын компаниудыг 100 хувь, бусад компанийн 49 хүртэл хувийг олон нийт болон стратегийн хөрөнгө оруулагчдад борлуулахаар төлөвлөсөн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд байр, сууриа илэрхийлсэн юм. 


Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан гишүүн, “Өнгөрсөн 27 жилийн хугацаанд төрийн өмчит компаниуд сонгуульд ялсан намын санхүүжилтээ босгох гарц болж ирсэн. Төрийн өмчит компаниудыг хувьчлах асуудалд нухацтай хандаж, өнгөрсөн 27 жилийн хувьчлалд дүгнэлт хийх цаг болсон” хэмээв.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа гишүүн, “Эдгээр компаниуд өөр, өөрийн гэсэн онцлогтой. Гэтэл Засгийн газар бүгдийг нь нэг зарчмаар хувьчлахаар оруулж ирж байгаа нь буруу” гэлээ.

Мөн УИХ-ын гишүүн Л.Болд, “Дэлхийн зарим улс орнууд стратегийн компаниудаа иргэдийн оролцоотой нээлттэй хувьцаа гаргаж хувьчилдаг. Энэ нь дундаж давхаргыг бий болгох, иргэдийг ажлын байраар хангах зэрэг олон ач холбогдолтой. Тиймээс бид ч энэ жишгийн дагуу асуудлыг шийдвэрлэх цаг болсон. Тиймээс УИХ-аас тогтоолын төсөлтэй холбоотой санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсэг байгуулах ёстой. Ажлын хэсэг компани тус бүрийг хувьчилснаар гарах үр дагаварыг нь зөв тооцож оруулж ирэх ёстой. Бид 1990-ээд онд иймэрхүү кампаничилсан хувьчлалуудыг хийсэн. Тухайн үед 100 хувь төрийн өмчтэй нийгмээс 2-3 үе шатаар зах зээлийн нийгэм рүү шилжсэн учир тайлбарлаж болно. Үрэгдсэн зүйл олон ч_ бий болсон зүйл ч олон байгаа. 100 хувь төрийн өмчөөс баялаг бүтээгддэг байсан бол өнөөдөр 80 гаруй хувь нь хувийн өмчөөс бүтээгдэж байна. Энэ нь бидний хамгийн том ололт. Харин одоо кампаничлах асуудал үлдээгүй. Та бүхэн энэ хувьчлах гэж байгаа байгууллагуудынхаа жагсаалтыг сайтар хар. Кампаничилж хувьчлаад 60 хувийг нь онож, 40 хувийг нь алдсан гэж тооцоод үз. Тэгвэл эдгээрээс юу алдаж болох уу. Зам засвар арчлалтын компаниудыг буруу хувьчлаад алдаа гаргачихлаа гэхэд Монгол Улс замгүй болох нь. Үүнээс болж иргэн бүр хохирох гээд байна. МИАТ-ын хувьчлал нь буруутаад гадны компани тодорхой хувь эзэлдэг болбол яах юм. Хэн хариуцлага хүлээх үү. Ийм тархай бутархай уудам нутагтай орон шуудан харилцааныхаа асуудлыг хувьчлаад, буруу гарт өгчихвөл яах юм. Монгол шуудан дампуурчихвал Монгол Улс харилцаа холбоо шуудангийн үйлчилгээгүй болох уу. Манай Улс хөдөө аж ахуйн орон биз дээ. Хөдөө аж ахуйн түүхий эд Монгол Улсын стратегийн бүтээгдэхүүн байтал буруу хувьчлал явуулчихвал яах юм гээд дандаа Монгол Улсын хувь заяаг шийдэх асуудал байна. Гэтэл ийм асуудлуудыг бид бөөнөөр нь яриад сууж болж байгаа юм уу. Хувьчлах байгууллага бүр нэг, нэгээр нь оруулж ирж салбар бүрийн хувь заяаг нь шийдэх учиртай. Гэтэл наймаалцаж, тохиролцоод, чи энийг нь би энийг нь авна гэсэн мэт хардлага дор улсын хувь заяаг шийдэх асуудлыг кампаничилж болохгүй" гэлээ. 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат "Авто зам засвар арчлалтын /АЗЗА/ компаниудыг хувьчлах асуудал зам тээврийн бодлоготой хэрхэн уялдаж байгаа юм бэ. Хэрвээ бид бүгдийг нь хувьчилвал дараа нь төрөөс АЗЗА-г дэмжихэд орлого, борлуулалтын асуудал дээр ямар зохион байгуулалтын өөрчлөлт орох юм. Хувьчлагдсан компаниуд чинь яаж орлоготой ажиллах юм. Хаанаас худалдан авалтыг ямар журмаар хийх юм гэдгийг тодруулж өгөөч. Хоёрдугаарт, ЗТХЯ бичиг Засгийн газраас орж байгаа санал зөрүүтэй байна. Засгийн газрын бодлого нэгдсэн байдлаар орж ирэх ёстой гэж боддог. ЗТХ-ийн сайдын Засгийн газарт өгсөн бичигт үе шаттайгаар хувьчлах нь зүйтэй. 2018 онд МИАТ-ыг судлах ёстой гэсэн байтал Засгийн газраас шууд хувьчлахаар оруулж ирж байна. Тодруулбал, АЗЗА-г 100 хувь хувьчлаад, МИАТ-ын 49 хувийг маш яаралтай хувьчлах хэрэгтэй гэсэн байна. Яагаад ингээд салбарын сайд, Засгийн газрын бодлого хоёр зөрөөд байгаа эсэхэд тодорхой хариулт өгөөч. Зоос банк Олон овоотын гэх гайтай алтны уурхайгаас болоод Төрийн банк болсон. Дараа нь Төрийн банк нь Хадгаламжийн банкийг унагахдаа мөн л Олон овоотын уурхайгаас болсон гэж орж ирсэн. Гэтэл одоо Төрийн банк Олон овоот болон "Жаст"-д өртэй, өргүй гэсэн гэх маргаан яваад байна. Үүнээс болж Төрийн банкны хувьчлал явах гээд яараад байгаа гэх хардлага олон нийтэд байгаа. Тиймээс энэ талын маргаантай зүйл байгаа эсэх яаран хувьчлах нь ямар учиртай юм бэ.  Стратегийн хөрөнгө оруулагч нь хэн юм. Тэр стратегийн хөрөнгө оруулагч гэж нэрлэсэн хүн нь яагаад 75 хан тэрбум төгрөгөөр үнэлэх гээд байгаа юм гэдэгт тайлбар өгөх хүн байна уу" гэлээ. 

УИХ-ын Я.Содбаатар "Хувьчлалын асуудлыг оруулж ирж байгаа нь зөв. Гишүүдэд хэлэлцүүлгийн явцад /зөвхөн гишүүдэд/ хэлэлцүүлэг явуулах хэрэгтэй юм шиг. Томоохон хувьчлал, стратегийн чанартай, үндэсний хэмжээний сүлжээтэй гол гол аж ахуйн нэгжүүдийн асуудал хөндөгдөж байгаа учраас ийм асуудлыг нухацтай авч үзэх ёстой. Хоёрдугаарт, хувьчлалыг Хөрөнгийн биржээр дамжуулж арилжих гэж байна. Энэ үед хөрөнгийн зах зээлд гаргах үнэлгээг ярих ёстой. Энэ том ажил. Үүнийг хийхгүй бол ягаан, цэнхэр тасалбар тараасан шиг зүйл болно. Баялгийн тэгш, зөв хуваарилалттай холбох тэгш боломж бий болгох бодлоготойгоо уях ёстой. Энэ бол зарчмын том асуудал. Цаашид өмч хувьчлалын үндсэн чиглэлд ямар бодлого барих вэ гэдгээ тодорхой болгомоор байгаа юм" гэв. 


УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл