8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: АНУ, БНАСАУ-ийн түүхэн уулзалт болж, ГХЯ-наас БНСУ-д зорчих иргэдэд зөвлөмж хүргүүлсэн өдөр

2018-06-12 18:40:00

Нийгэм улс төрийн амьдралд болж өрнөсөн үйл явдлыг тоймлодог "Монголын нэг өдөр" тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүргэхийн өмнө өнөөдөр дэлхий дахинд болсон хамгийн том үйл онцлоё. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын түүхэн уулзалт болж өндөрлөлөө. Уулзалтын үеэр хоёр орны тэргүүн нар ганцаарчилсан уулзалт боло, өргөтгөсөн хуралдаанд оролцсон юм. Мөн хоёр тал цөмийн зэвсгийн асуудлаар байр сууриа илэрхийлсэн байна. Энэ талаар мэдээллийгн дэлгэрэнгүйг "Монголын нэг өдөр" тойм булангаар хүлээн авна уу. 

Өнөөдөр хэвлэлийн хуудаснаа

Д.Гантулгыг явуулахгүй

Өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгч буй гуравдахь гишүүн болов

Нэр холбогдсон хэрэг нь хүндэрч явсаар УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх өргөдлөө өгөхөд хүрсэн УИХ-ын гишүүн Д.Гантулгын асуудал цаашид хэрхэх вэ гэдэг нь олны анхаарлыг татаж байна. Түүний хувьд парламентын түүхэнд өөрийн хүсэлтээр гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгч буй гуравдахь гишүүн болж байна.

Тэрбээр эцэг, эх, хань, сонгогчид, найз нөхөд, намынхан, ард түмэн бүр өөрт нь хүчиндүүлсэн гэх бүсгүйчүүдээс уучлал хүсч буйгаа мэдэгдээд УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өчигдөр өгчихсөн.

Тэрбээр хүсэлтдээ “Д.Гантулга би 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн 42-р тойргоос сонгогдон УИХ-ын гишүүнээр ажиллаж байна. Миний бие УИХ-ын тухай хуулийн зургадугаар зүйлийн 6.6.3 дахь заалтыг үндэслэн өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байна” гэжээ.

УИХ-ын тухай хуулийн зургадугаар зүйлийн 6.6.3-т гишүүн өөр ажилд шилжих болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг УИХ хүлээн авсан бол бүрэн эрхээс нь чөлөөлнө гэж заажээ. 

Тэгэхээр хуулийн энэ үндэслэлээр түүнийг чөлөөлөх нь. Ингэхдээ ямар дэгээр хэлэлцэх вэ?. 

Ямар дэгээр түүнийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх вэ?

УИХ-ын гишүүний чөлөөлөгдөх хүсэлтийг эхлээд намын бүлгийн хурлаар хэлэлцэж санал дүгнэлт гаргана. Үүний дараа Тусгай хяналтын дэд хороо, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэнэ. Ингээд эцэст нь УИХ-аар хэлэлцэх дэгтэй аж.

Гэхдээ хугацаа зааж өгөөгүй байна. Тодруулбал, УИХ-ын гишүүний чөлөөлөгдөх хүсэлтийг хэдэн өдөр, сарын хугацаанд хэлэлцэх ёстой гэж тодорхой зааж өгөөгүй байдаг байна.

Тэгэхээр Д.Гантулгын асуудлыг хэлэлцэхгүй сунжруулж магадгүй гэх хардлага байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн баасан гаригт түүнийг түтгэлзүүлэхийг УИХ-аар дэмжээгүй нь УИХ-ын нэр хүндийг тэр дундаа эрх баригчдын рейтингийг олон нийтийн дунд унагаасан. Ард түмний хатуу ширүүн шүүмжлэлтэй нүүр тулсан МАН-ынхан эцэст нь Д.Гантулгаараа мэдэгдэл хийлгэн чөлөөлөгдөх хүсэлтийг нь өгүүлэх сонголтыг хийсэн нь энэ байж мэднэ. Гэхдээ энэ нь ёс зүйн хариуцлага алдсан Д.Гантулгадаа хариуцлага тооцож чөлөөлөх гэхээс илүүтэй олон нийтийн уур уцаарыг намжаах гэсэн оролдлого гэж харж болохоор байна.  

Эрх баригчид Д.Гантулгын чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэлгүй сунжруулж байгаад эцэст нь  авч үлдэх магадлал өндөр байна. Хэрвээ түүнийг явуулах байсан бол өнгөрсөн баасан гаригт түүнээс өмнө ч үлдээж болох л байсан. Тэд Д.Гантулгыгаа явуулахыг хүсээгүй нь улс төрийн олон асуудалтай холбоотой. Гэхдээ эрх баригч намынхан Д.Гантулгыгаа явуулаад нэрээ цэвэрхэн 2020 оны сонгууль орох байсан юм даа. 

У.Хүрэлсүхийн хувьд Хэнтийд нөхөн сонгууль явуулахгүй хүсэхгүй байгаа. Энэ нь ч Д.Гантулгыг авч үлдсэнтэй холбоотой. 

Нөхөн сонгууль болох уу

Харин Д.Гантулгыг хүсэлтийнх нь дагуу чөлөөлбөл нөхөн сонгууль болно.  Сонгуулийн үр дүн эрх баригч 65-ын бүлэгт эвгүй байдлаар тусах магадлал өндөр. Нөхөн сонгууль болбол тус тойрогт МАН-аас Ерөнхий сайд У.Хүрэлсүх, АН-аас УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, МАХН-аас Н.Энхбаяр нар үзэх өндөр магадлалтай юм.

Энэ тохиолдолд МАХН-ын дарга Н.Энхбаяр гарч ирэх магадлал өндөр учраас МАН-ынхан нэг суудлаа алдахгүй тулд Д.Гантулгаа тийм ч амар явуулахгүй болов уу. Өнөө, маргаашгүй наадам болж иргэд амралт зугаалга, баяр наадам хэсээд алга. Намар сургууль, цэцэрлэгийн ажил үргэлжлээд өөр арга хэмжээнүүд. Энэ бол Д.Гантулгын хүсэлтийг хэлэлцэхгүй байж торгоох хангалттай хугацаа. 

ШУУД: Д.Трамп мэдээлэл хийж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-БНАСАУ-ын түүхэн дээд хэмжээний уулзалтын үр дүнгийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийж байна 


ДОНАЛЬД ТРАМП БОЛОН КИМ ЖОН УН НАР ХАМТАРСАН БАРИМТ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА 

АНУ блон Хойд Солонгосын удирдагч нарын уулзалт үргэлжилж байна. Үдээс өмнө ганцаарчилсан болон өргөтгөсөн хэлэлцээр хийсэн АНУ, Хойд Солонгосын удирдагчид бусад төлөөлөгчдийн хамт үдийн зоог барьжээ.   Яриа хэлэлцээний үр дүнд хамтарсан баримт бичигт Дональд Трамп болон Ким Жон Ун нар гарын үсэг зурсан байна.  АНУ-БНАСАУ-ын түүхэн дээд хэмжээний уулзалт хүлээж байснаас харьцангуй амжилттай явагдлаа хэмээн судлаачид онцолжээ. Харин дунд удахгүй АНУ-ын Ерөнхийлөгч сэтгүүлчдэд мэдээлэл хийх юм байна. 


Д.ТРАМП, КИМ ЖОН УН НАРЫН ӨРГӨТГӨСӨН БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ ЭХЭЛЛЭЭ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын ганцаарчилсан уулзалт өндөрлөлөө. Улмаар  өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй дээд хэмжээний уулзалт эхэлж байна.  Өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй уулзалтад АНУ-аас тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Жон Болтон болон Дотоодын аюулгүй байдлын сайд Жон Келли нар оролцож байгаа юм байна. Харин Умард Солонгосын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны орлогч дарга Ким Ён Чоль мөн тус хорооны орлогч дарга, Олон улсын асуудал эрхэлсэн хэлтсийн эрхлэгч Ли Су Ён болон Умард Солонгосын гадаад хэргийн сайд Ри Ён Хо нар багтаж байна.


ХОЁР ТАЛ ЦӨМИЙН ЗЭВСГИЙН АСУУДЛААР БАЙР СУУРИА ИЛЭРХИЙЛНЭ

АНУ болон БНАСАУ-ийн Төрийн тэргүүн нарын уулзалт үргэлжилж байна. АНУ-БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалт зохион байгуулах асуудал тэртээ 30 жилийн өмнөөс эхтэй. Энэ санаачилгыг Ким Жон Уны өвөө болон аав нь гаргаж байсан удаатай. Гэхдээ АНУ-ын удирдагчдаас зөвхөн Дональд Трамп д энэ санаачилгыг урагшлуулахад тодорхой алхам хийсэн нэгэн билээ. 

Хойд Солонгосын зүгээс АНУ-тай харилцаагаа сайжруулах, хоригийг цуцлуулах, үүний хажуугаар аюулгүй байдлаа хангана гэж найдаж буй. Харин АНУ-ын Хойд Солонгосыг цөмийн зэвсгийн хөтөлбөрөөсөө татгалзахыг бүрэн шаардаж буй. 

Уулзалтын хамгийн гол зорилго нь, хоёр тал цөмийн зэвсгийн асуудлаар илэрхийлж буй байр сууриа нэгтгэх явдал юм. АНУ-ын Хойд Солонгосын цөмийн зэвсгээс татгалзахыг шаардаж буй. Харин Хойд Солонгос үүнийхээ оронд аюулгүй байдлыг нь хангаж өгөхийг шаардаж байгаа. Хойд Солонгос цөмийн зэвсгийн хөтөлбөрөөсөө бүрэн татгалзсан цагт АНУ хоригоо цуцалж, Хойд Солонгосыг сайн сайхан ирээдүй рүү хөтөлнө гэдгээ мэдэгдээд буй юм.


ШУУД: АНУ, ХОЙД СОЛОНГОСЫН ТҮҮХЭН ДЭХ АНХНЫ ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ ЭХЭЛЛЭЭ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар Сентоза аралд хүрэлцэн ирээд байна. Тэдний уулзалт Капелла зочид буудалд өглөөний 9:00 цагт эхэллээ. АНУ болон Умард Солонгосын түүхэн дэх анхны дээд хэмжээний уулзалт юм. Уулзалтын үеэр Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар анх удаа гар барилцав. Төрийн тэргүүн нарын уулзалт 45 минут үргэлжлэх юм байна.  Дараа нь 1 цаг 30 минутын өргөтгөсөн хэлбэрийн яриа хэлэлцээ болох аж.  Уулзалтын үеэр талууд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах, Америк-Умард Солонгосын харилцааг хэвийн болгох асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Хоёр орны тэргүүн нарын уулзалтыг Сингапурын Channel NewsAsia суваг шууд дамжуулж байна.

Үүний дараа үдийн зоог барих юм байна. 

Д.Эрдэнэбат: Төрийн банкны хувьчлалын цаана маш олон маргаантай асуудал байна

Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ. 

Тогтоолын төсөлд “МИАТ”, “Хөрөнгийн бирж”, “Арилжааны төлбөр тооцоо” болон “Мэдээлэл холбооны сүлжээ”,  Орон нутгийн Автозам, засвар арчлалтын компаниуд зэрэг 27 компанийг хувьчлах асуудлыг тусгажээ. Тухайлбал Автозам, засвар арчлалтын компаниудыг 100 хувь, бусад компанийн 49 хүртэл хувийг олон нийт болон стратегийн хөрөнгө оруулагчдад борлуулахаар төлөвлөсөн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд байр, сууриа илэрхийлсэн юм. 

Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан гишүүн, “Өнгөрсөн 27 жилийн хугацаанд төрийн өмчит компаниуд сонгуульд ялсан намын санхүүжилтээ босгох гарц болж ирсэн. Төрийн өмчит компаниудыг хувьчлах асуудалд нухацтай хандаж, өнгөрсөн 27 жилийн хувьчлалд дүгнэлт хийх цаг болсон” хэмээв.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа гишүүн, “Эдгээр компаниуд өөр, өөрийн гэсэн онцлогтой. Гэтэл Засгийн газар бүгдийг нь нэг зарчмаар хувьчлахаар оруулж ирж байгаа нь буруу” гэлээ.

Мөн УИХ-ын гишүүн Л.Болд, “Дэлхийн зарим улс орнууд стратегийн компаниудаа иргэдийн оролцоотой нээлттэй хувьцаа гаргаж хувьчилдаг. Энэ нь дундаж давхаргыг бий болгох, иргэдийг ажлын байраар хангах зэрэг олон ач холбогдолтой. Тиймээс бид ч энэ жишгийн дагуу асуудлыг шийдвэрлэх цаг болсон. Тиймээс УИХ-аас тогтоолын төсөлтэй холбоотой санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсэг байгуулах ёстой. Ажлын хэсэг компани тус бүрийг хувьчилснаар гарах үр дагаварыг нь зөв тооцож оруулж ирэх ёстой. Бид 1990-ээд онд иймэрхүү кампаничилсан хувьчлалуудыг хийсэн. Тухайн үед 100 хувь төрийн өмчтэй нийгмээс 2-3 үе шатаар зах зээлийн нийгэм рүү шилжсэн учир тайлбарлаж болно. Үрэгдсэн зүйл олон ч_ бий болсон зүйл ч олон байгаа. 100 хувь төрийн өмчөөс баялаг бүтээгддэг байсан бол өнөөдөр 80 гаруй хувь нь хувийн өмчөөс бүтээгдэж байна. Энэ нь бидний хамгийн том ололт. Харин одоо кампаничлах асуудал үлдээгүй. Та бүхэн энэ хувьчлах гэж байгаа байгууллагуудынхаа жагсаалтыг сайтар хар. Кампаничилж хувьчлаад 60 хувийг нь онож, 40 хувийг нь алдсан гэж тооцоод үз. Тэгвэл эдгээрээс юу алдаж болох уу. Зам засвар арчлалтын компаниудыг буруу хувьчлаад алдаа гаргачихлаа гэхэд Монгол Улс замгүй болох нь. Үүнээс болж иргэн бүр хохирох гээд байна. МИАТ-ын хувьчлал нь буруутаад гадны компани тодорхой хувь эзэлдэг болбол яах юм. Хэн хариуцлага хүлээх үү. Ийм тархай бутархай уудам нутагтай орон шуудан харилцааныхаа асуудлыг хувьчлаад, буруу гарт өгчихвөл яах юм. Монгол шуудан дампуурчихвал Монгол Улс харилцаа холбоо шуудангийн үйлчилгээгүй болох уу. Манай Улс хөдөө аж ахуйн орон биз дээ. Хөдөө аж ахуйн түүхий эд Монгол Улсын стратегийн бүтээгдэхүүн байтал буруу хувьчлал явуулчихвал яах юм гээд дандаа Монгол Улсын хувь заяаг шийдэх асуудал байна. Гэтэл ийм асуудлуудыг бид бөөнөөр нь яриад сууж болж байгаа юм уу. Хувьчлах байгууллага бүр нэг, нэгээр нь оруулж ирж салбар бүрийн хувь заяаг нь шийдэх учиртай. Гэтэл наймаалцаж, тохиролцоод, чи энийг нь би энийг нь авна гэсэн мэт хардлага дор улсын хувь заяаг шийдэх асуудлыг кампаничилж болохгүй" гэлээ. 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат "Авто зам засвар арчлалтын /АЗЗА/ компаниудыг хувьчлах асуудал зам тээврийн бодлоготой хэрхэн уялдаж байгаа юм бэ. Хэрвээ бид бүгдийг нь хувьчилвал дараа нь төрөөс АЗЗА-г дэмжихэд орлого, борлуулалтын асуудал дээр ямар зохион байгуулалтын өөрчлөлт орох юм. Хувьчлагдсан компаниуд чинь яаж орлоготой ажиллах юм. Хаанаас худалдан авалтыг ямар журмаар хийх юм гэдгийг тодруулж өгөөч. Хоёрдугаарт, ЗТХЯ бичиг Засгийн газраас орж байгаа санал зөрүүтэй байна. Засгийн газрын бодлого нэгдсэн байдлаар орж ирэх ёстой гэж боддог. ЗТХ-ийн сайдын Засгийн газарт өгсөн бичигт үе шаттайгаар хувьчлах нь зүйтэй. 2018 онд МИАТ-ыг судлах ёстой гэсэн байтал Засгийн газраас шууд хувьчлахаар оруулж ирж байна. Тодруулбал, АЗЗА-г 100 хувь хувьчлаад, МИАТ-ын 49 хувийг маш яаралтай хувьчлах хэрэгтэй гэсэн байна. Яагаад ингээд салбарын сайд, Засгийн газрын бодлого хоёр зөрөөд байгаа эсэхэд тодорхой хариулт өгөөч. Зоос банк Олон овоотын гэх гайтай алтны уурхайгаас болоод Төрийн банк болсон. Дараа нь Төрийн банк нь Хадгаламжийн банкийг унагахдаа мөн л Олон овоотын уурхайгаас болсон гэж орж ирсэн. Гэтэл одоо Төрийн банк Олон овоот болон "Жаст"-д өртэй, өргүй гэсэн гэх маргаан яваад байна. Үүнээс болж Төрийн банкны хувьчлал явах гээд яараад байгаа гэх хардлага олон нийтэд байгаа. Тиймээс энэ талын маргаантай зүйл байгаа эсэх яаран хувьчлах нь ямар учиртай юм бэ.  Стратегийн хөрөнгө оруулагч нь хэн юм. Тэр стратегийн хөрөнгө оруулагч гэж нэрлэсэн хүн нь яагаад 75 хан тэрбум төгрөгөөр үнэлэх гээд байгаа юм гэдэгт тайлбар өгөх хүн байна уу" гэлээ. 

УИХ-ын Я.Содбаатар "Хувьчлалын асуудлыг оруулж ирж байгаа нь зөв. Гишүүдэд хэлэлцүүлгийн явцад /зөвхөн гишүүдэд/ хэлэлцүүлэг явуулах хэрэгтэй юм шиг. Томоохон хувьчлал, стратегийн чанартай, үндэсний хэмжээний сүлжээтэй гол гол аж ахуйн нэгжүүдийн асуудал хөндөгдөж байгаа учраас ийм асуудлыг нухацтай авч үзэх ёстой. Хоёрдугаарт, хувьчлалыг Хөрөнгийн биржээр дамжуулж арилжих гэж байна. Энэ үед хөрөнгийн зах зээлд гаргах үнэлгээг ярих ёстой. Энэ том ажил. Үүнийг хийхгүй бол ягаан, цэнхэр тасалбар тараасан шиг зүйл болно. Баялгийн тэгш, зөв хуваарилалттай холбох тэгш боломж бий болгох бодлоготойгоо уях ёстой. Энэ бол зарчмын том асуудал. Цаашид өмч хувьчлалын үндсэн чиглэлд ямар бодлого барих вэ гэдгээ тодорхой болгомоор байгаа юм" гэв. 


УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

УИХ-ыг тараах үндэслэлийг зарлалаа

“Монголын нам бус иргэдийн нэгдсэн холбоо”-ны ерөнхий зохицуулагч А.Эрдэнэбаяр УИХ-ыг тараах асуудлаар мэдээлэл хийлээ. 60 тэрбумын асуудал оффшор дансанд баялгийн мөнгийг нуун дарагдуулсан гэмт хэрэгтнүүд болон Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт үйлдвэрийг хувьдаа завшсан хууль бус асуудлыг шийдвэрлэж чадахгүй тэднийг хаацайлан дэмжиж байгаа УИХ-ыг тараахыг шаардаж байгаагаа хурлын эхэнд онцоллоо.  Мөн Оюутолгой компаниас Монгол Улс 51 хувь эзэмших аль эсвэл лицензийн гэрээг бүр цуцлах дээр санал нэгдээд байгаа аж. Тэрээр УИХ-ыг тараах үндэслэлүүдээ ийнхүү онцоллоо. 

-Гадаадын эдийн засгийн алуурчдын захиалгаар өндөр хүүтэй зээл авч Монгол Улсын нийгэм, эдийн засагт хортой аюул заналхийлж байна

-Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт үйлдвэр болон бусад байгалийн баялгаас ард түмэн өнөөг хүртэл тогтмол хувьцаа ашиг үр шимийг хүртээгүй

-Оффшор данстай, УИХ, ЗГ-ын гишүүд, түүний хамаарал бүхий этгээдүүдийн асуудлыг шийдвэрлэж чадаагүй

-Төрийн албыг үнэлгээжүүлсэн 60 тэрбумын хэргийг шийдвэрлээгүй замхруулсан

-Газар нутгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулж, нийт иргэдийн эзэмших ёстой дундын баялгийг хууль бусаар УИХ,ЗГ-ын гишүүд болон тэдний хамаарал бүхий этгээдүүд эзэмшиж байгаа явдлыг багтаажээ.

БНСУ-д зорчих болон оршин сууж буй Монгол иргэдэд өгөх зөвлөмж

Гадаад харилцааны яам, Консулын газраас БНСУ-д зорчих болон оршин сууж буй Монгол иргэдэд өгөх зөвлөмж шинэчлэгджээ.

Зөвлөмжийг бүрэн эхээр нь хүргэж байна.

БНСУ-Д ЗОРЧИХ БОЛОН ОРШИН СУУЖ БУЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Нэг. БНСУ-ын хилээр нэвтрэхэд анхаарах зүйлс:

  • БНСУ-ын хилийн шалган нэвтрүүлэх боомт дээр Хил, гаалийн албаны байцаагч нар тус улсад нэвтрэх зөвшөөрлийг олгодог. Хилээр нэвтрэх хуудсанд уригч талын мэдээлэл болон байрлах хаягаа үнэн зөв бөглөн, буцах онгоцны тасалбар, зочид буудлын захиалгын баталгааг биедээ авч явахаас гадна аяллын зорилгоо сандарч, мэгдэлгүй үнэн зөв тайлбарлах.
  • Нисэх онгоцны буудал дээр ачаа солигдох, алдагдах тохиолдол гардаг тул тээшин дээрээ нэр, утас, хаяг зэргээ тодорхой бичиж байх,
  • БНСУ-ын хувьд олон улсын жишгээр хар тамхи, мансууруулах бодис, галт зэвсэг, түүх дурсгал, соёлын үнэт зүйлсийг хилээр оруулахыг хориглосон байдаг. БНСУ-ын хилээр нэвтрүүлэхийг хориглосон эд зүйлс, бараа, бүтээгдэхүүн, тухайлбал, мах, махан бүтээгдэхүүн, жимс, ногоо, ургамлын үр, цагаан идээ зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг авчирж ирэхгүй байх, бусдын захиасыг авахгүй байх,
  • Хил нэвтрэх мэдүүлэг болон гаалийн мэдүүлгийн хуудсыг хил нэвтрэхээс өмнө бөглөсөн байх,
  • Хилээр нэвтрүүлэхэд тодорхой хязгаарлалт тавьдаг эд зүйлс, бараа, бүтээгдэхүүнийг зөвшөөрсөн тоо, хэмжээнээс их хэмжээгээр авч орж ирэх тохиолдолд татвар, хураамж ногдуулдаг. Тухайлбал, Согтууруулах төрлийн ундаа 1 литр (21 насанд хүрээгүй зорчигч согтууруулах ундаа авч орж илэхийг зөвшөөрдөггүй), янжуур тамхи 200 ширхэг, сигар, навчин тамхи 100 ширхэг,
  • Хувийн хэрэглээний эм авч явах бол эмийн сав боодол, эмчийн жор, тодорхойлолтыг үзүүлэх шаардлагатай.  (мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, судсаар сэлбэх шингэн зэрэг эмийг хилээр нэвтрүүлэхийг завдсан бол эмийг хураан авч, торгодог);
  • 10,000-аас дээш ам.доллар бэлнээр, эсхүл түүнтэй тэнцэх үнэт цаас (personal or cashier's check, traveler's checks, money orders, stocks, bonds) авч яваа бол гаалийн мэдүүлэгт заавал мэдүүлэх. Мэдүүлээгүй тохиолдолд гаалийн хууль зөрчсөн гэж үзэн, хураадаг.

Хоёр. БНСУ-д оршин суух хугацааны талаар анхаарах зүйлс:

  • БНСУ-д оршин суух хугацаагаа нягтлан шалгаж, суугаа улсын хууль тогтоомж, дүрэм журмыг нь дагаж мөрдөх, гэмт хэрэг, зөрчилд холбогдохооc сэргийлж, суугаа орны ёс заншилд хүндэтгэлтэй хандаж, баяр ёслолын арга хэмжээнд оролцохдоо архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, олон нийтийн газар биеэ зөв авч явахад анхаарах,
  • БНСУ-д хууль ёсны зөвшөөрөлтэй ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэд шинээр Гадаад паспорт захиалж авсан, оршин сууж буй хаягаа өөрчилсөн гэх мэт хувийн мэдээлэлд өөрчлөлт орсон бол тухай бүр БНСУ-ын Цагаачлалын албанд 14 хоногийн дотор мэдэгдэж, бүртгүүлж байх,
  • Гадаад паспорт, иргэний цахим үнэмлэхийн хүчинтэй хугацаагаа шалгаж байх, хугацаа нь дууссан бол цаг тухайд нь шинээр авах,
  • Гадаад паспорт, иргэний үнэмлэх зэрэг баримт бичгийг бусдад ашиглуулах, худалдах, барьцаалах, хуурамчаар үйлдэхийг хатуу хориглоно. Бичиг баримтаа гээж үрэгдүүлсэн тохиолдолд нэн даруй цагдаагийн байгууллагад мэдэгдэж, тодорхойлолт авч, ЭСЯ-нд мэдэгдэн шинээр захиалах,
  • Нутаг буцаж буй иргэд банк, гар утас, авто тээвэр, даатгал зэрэг үйлчилгээний байгууллагатай байгуулсан гэрээгээ дуусгавар болгож, төлбөр тооцоогоо эцэслэх,
  • Утасны дугаар болон оршин суугаа хаягаа итгэмжит найз нөхөд болон ар гэрийнхэндээ мэдэгдэж, байнга холбоотой байх. Эдгээрийг өөрчилсөн, гэр орноосоо удаан хугацаагаар явах тохиолдолд ойр дотнынхондоо заавал мэдэгдэх,
  • Цагдаагийн байгууллагад баривчлагдсан, саатуулагдсан тохиолдолд суугаа орны “Хувь хүний нууцын тухай хууль”-ийн дагуу тухайн байгууллагаас ЭСЯ-нд мэдэгдэх үүрэггүй байдаг тул иргэн өөрөө ЭСЯ-ндаа мэдэгдэж, консулын ажилтантай уулзах хүсэлтээ илэрхийлэх,
  • Иргэд шаардлагагүй үед бичиг баримтынхаа эх хувийг биедээ авч явахгүй байх, бичиг баримтуудынхаа хуулбар болон зургийг гар утас, цахим шуудандаа хадгалж байх,
  • Үл таних хүмүүстэй олон нийтийн сүлжээгээр танилцах, харилцахдаа анхаарал болгоомжтой хандаж, албан ёсны баталгаатай мэдээлэл аваагүй тохиолдолд санхүүгийн асуудлаар харилцахгүй байх, зэрэг болно.

СТАТИСТИК: Улаанбаатар хотод ажиллагчдын сарын дундаж цалин 1.1 сая төгрөг

Үндэсний Статистикийн хорооноос өнөөдөр 2018 оны эхний таван сарын нэгдсэн статистик мэдээллийг танилцууллаа. Танилцуулгад Монголчуудын сарын дундаж цалингийн мэдээллийг гаргасныг хүргэж байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2018 оны нэгдүгээр улиралд нийт 38.7 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 602.0 мянган ажиллагчид хамрагдсан байна. Шимтгэл төлж буй ААНБ-ын тоо өмнөх улирлаас 0.3 (0.7%) мянгаар нэмэгдэж, ажиллагчид 11.8 (1.9%) мянгаар буурчээ.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан эдгээр ажиллагчдын:

  • 43.4 (7.2%) мянга нь 240 000 төгрөг хүртэлх цалинтай,
  • 130.6 (21.7%) мянга нь 240 001-500 000 төгрөгийн цалинтай,
  • 227.4 (37.8%) мянга нь 500 001-900 000 төгрөгийн цалинтай,
  • 96.2 (16.0%) мянга нь 900 001-1300 000 төгрөгийн цалинтай,
  • 23.2 (3.8%) мянга нь 1300 001-1500 000 төгрөгийн цалинтай,
  • 81.3 (13.5%) мянга нь 1500 001 төгрөгөөс дээш цалинтай байна.

Ажиллагчдыг цалин хөлсний бүлгээр авч үзэхэд өмнөх улирлаас 300 001-500 000 төгрөгийн цалинтай ажиллагчид 13.9 мянгаар, 500 001-700 000 төгрөгийн цалинтай ажиллагчид 11.8 мянгаар, 1500 001 төгрөг, түүнээс дээш цалинтай ажиллагчид 0.7 мянгаар нэмэгджээ. Харин 240 000 төгрөг хүртэлх цалинтай ажиллагчид 3.3 мянгаар, 240 001-300 000 төгрөгийн цалинтай ажиллагчид 3.4 мянгаар, 700 001-900 000 төгрөгийн цалинтай ажиллагчид 0.8 мянгаар, 900 001-1100 000 төгрөгийн цалинтай ажиллагчид 13.7 мянгаар, 1100 001-1300 000 төгрөгийн цалинтай ажиллагчид 12.0 мянгаар, 1300 001-1500 000 төгрөгийн цалинтай ажиллагчид 5.0 мянгаар тус тус буурчээ.

Ажиллагчдын сарын дундаж цалинг бүсээр авч үзвэл:

  • Хангайн бүсэд 860.1 мянган төгрөг,
  • Төвийн бүсэд 856.4 мянган төгрөг,
  • Зүүн бүсэд 716.3 мянган төгрөг,
  • Баруун бүсэд 646.9 мянган төгрөг
  • байгаа нь улсын дунджаас 138.3-351.5 мянган төгрөгөөр доогуур байна.

Харин Улаанбаатар хотод ажиллагчдын сарын дундаж цалин 1.1 сая байгаа нь улсын дунджаас 118.3 мянган төгрөгөөр дээгүүр байна. Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзвэл, уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн их буюу 2.4 сая төгрөг, харин урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарынх хамгийн бага буюу 609.1 мянган төгрөг байна.

Ажиллагчдын тооны бүлгээр авч үзэхэд 1-9 ажиллагчидтай ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалин 625.9 мянган төгрөг, 10-49 ажиллагчтайнх 781.3 мянган төгрөг, 50-99 ажиллагчтайнх 869.5 мянган төгрөг, 100-199 ажиллагчтайнх 1.0 сая төгрөг, 200 ба түүнээс дээш ажиллагчтайнх 1.5 сая төгрөг байна.

Ажиллагчдын сарын дундаж цалинг ажил, мэргэжлийн ангиллаар авч үзэхэд 2018 оны 1 дүгээр улирлын байдлаар суурин төхөөрөмж, машин механизмын операторч, угсрагчийн сарын дундаж цалин хамгийн их буюу 1.3 сая төгрөг, харин ХАА, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 512.9 мянган төгрөг буюу хамгийн бага байна.

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2018 оны 1 дүгээр улирлын байдлаар 998.4 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 39.2 (4.1%) мянган төгрөгөөр нэмэгдэж, 2017 оны 4 дүгээр улирлаас 40.5 (3.9%) мянган төгрөгөөр буурчээ.

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин өмнөх оны мөн үеэс 39.2 (4.1%) мянган төгрөгөөр өсөхөд барилгын салбарт ажиллагчдын цалин 116.4 (12.8%) мянган төгрөг, үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагааны салбарынх 108.2 (12.1%) мянган төгрөг, мэдээлэл, холбооны салбарынх 78.4 (8.9%) мянган төгрөг, олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагааны салбарынх 141.1 (8.7%), хүн хөлслөн ажиллуулдаг өрхийн үйл ажиллагааны салбарынх 55.1 (8.6%) мянган төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Байгууллагын хариуцлагын хэлбэрээр авч үзэхэд төрийн өмчит үйлдвэрийн газарт ажиллагчдын сарын дундаж цалин 1.3 сая төгрөг, хувьцаат компанид ажиллагчдынх 1.2 сая төгрөг, хязгаарлагдмал хариуцлагатай компанид ажиллагчдынх 1.1 сая төгрөг байгаа нь улсын дундаж цалингаас 116.1-318.0 мянган төгрөгөөр дээгүүр байна.

Харин орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт ажиллагчдынх 807.5 мянган төгрөг, төрийн бус байгууллагад ажиллагчдынх 821.2 мянган төгрөг, төсөвт байгууллагад ажиллагчдынх 747.4 мянган төгрөг, хоршоонд ажиллагчдынх 477.8 мянган төгрөг байгаа нь улсын дундаж цалингаас 177.2-520.6 мянган төгрөгөөр доогуур байна

МАН-ын бүлэг Д.Гантулгын чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжжээ

УИХ-ын гишүүн Д.Гантулга өчигдөр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өчигдөр хурлын дарга М.Энхболдод өргөн барьсан билээ.  Мөн тэрбээр энэ талаар мэдээлэл хийсэн. Улмаар түүний энэхүү хүсэлтийг МАН-ын бүлэг хаалттай хуралдаж хэлэлцлээ. Улмаар түүний хүсэлтийг өчигдөр орой МАН-ын бүлэг хаалттай хуралдаж хэлэлцжээ. Бүлгийн хуралдаанаар Д.Гантулгын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг олонхи нь  дэмжсэн байна. Ингэснээр Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэхээр болжээ. Дараа нь  Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх журмаар явна.  

Дашрамд дуулгахад түүний гаргасан хүсэлтийг хуулийн дагуу 48 цагийн дотор хэлэлцэх учиртай аж. Тэгэхээр УИХ-ын гишүүн Д.Гантулгыг чөлөөлөх эсэх асуудлыг маргааш үдээс өмнө хэлэлцэж дуусах юм гэнэ. 

“НОЁН ТУР” амралтын газрыг түр хугацаагаар хаажээ

“Багануур дүүрэг дэх "Ноён-тур" амралтын газарт үйлчлүүлсэн хүмүүс хүнсний зүйлд  30 гаруй иргэн хордлого авч эмнэлэгт хүргэгдсэн талаар өмнө нь мэдээлж байсан билээ. Өнөөдрийн байдлаар хордлого авсан иргэдийн биеийн байдал дээрдэж зарим нь эмнэлгээс гарсан байгаа аж. Өрхийн эмчийн хяналтад 10 гаруй хүн эмчилгээ хийлгэж байгаа юм байна. Халдварын голомтыг таслан зогсоох зорилгоор НМХГ-аас улсын байцаагчийн актаар дээрх амралтын газрын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон байна. Түүнчлэн тус газарт үзлэг, шалгалт хийгдэж байгаа юм байна. 

"ОХУ-гаас 1000 вагон худалдаж авах асуудлыг хамтын шийдвэрээр гүйцэтгэсэн" гэв

Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед “УБТЗ” ХНН актлагдсан 1000 вагон оруулж ирсэн тухай мэдээлэл сүүлийн үед ил болоод байгаа. Өөрөөр хэлбэл, ОХУ ашиглах боломжгүй гээд актласан байсан вагонуудыг “УБТЗ” авсан гэсэн үг юм. Насжилтын тоо нь манай улсад мөрдөж байгаа журмаас хэтэрсэн энэ вагонуудыг оруулж ирэхэд Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэлийг холбоотой хэмээн хэвлэлийн хурал саяхан хийж байсан.  Үүнтэй холбогдуулан УБТЗ ямар учраас хуучин вагон худалдаж авсан, цаашлаад эдгээрийг ашиглах боломжтой, дүрэм журам зөрчсөн эсэх талаар УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийнхэн албан ёсны байр сууриа өчигдөр илэрхийлсэн юм. 

Тус хуралд УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны дарга Ц.Лувсан, Суурь бүтэц хариусан замын орлогч дарга К.Берош, Вагоны аж ахуйн албаны дарга Л.Болд нар оролцлоо.  Уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос шалтгаалан хагас ачааны вагоны захиалга эрс нэмэгдсэн учраас УБТЗ-ын эзэмшлийн 1347 хагас вагон хэрэгцээ хангаж чадахгүйд хүрсэн учраас шинээр вагон худалдаж авах шаардлага гарсан гэдгийг УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны дарга Ц.Лувсан энэ үеэр онцолсон юм.  Тодруулбал, 2016 оны сүүлч, 2017 оны эхнээс эхлэн уул уурхайн түүхий эдийн үнэ гадаад зах зээлд өссөн учраас түүнийг дагаад вагон тээвэрлэлт нэмэгджээ. 2017 онд 22.8 сая тонн ачаа тээвэрлэсний 75.8 хувийг уул уурхайн бүтээгдэхүүний экспорт эзэлсэн байна. Тиймээс шаардлагатай тээвэрлэлтийг хангахын тулд өнгөрсөн оны наймдугаар сард УБТЗ-ын нэгдүгээр орлогч даргаар ахлуулсан “Үнийн комисс” ажиллаж 1000 вагон худалдан авах хоёр талын хамтарсан шийдвэр гаргасан байна гэсэн юм. 

Үүний дагуу өнгөрсөн оны намраас ОХУ-аас хуучин вагон худалдан авч, өнөөдрийн байдлаар 587 вагон тээврийн үүрэг гүйцэтгэж байгаа аж. Эдгээр вагон тус бүрийн үнэ дунджаар 9-11 мянган ам.доллар бөгөөд эдгээр вагоны завсар үйлчилгээ, өөрийнх нь өртөг нийтдээ 16.2 тэрбум төгрөг болсон байна. Харин энэ сарын 5-ны байдлаар 587 вагон 16.9 тэрбум төгрөгийн орлого олсон нь өөрийн өртгийг нөхөж, 700 гаруй сая төгрөгийн ашигтай ажилласан гэдгийг хэлсэн.

Түүнчлэн “УБТЗ-ын эзэмшлийн 1347 хагас вагоны ихэнх нь ашиглалтын хугацаа дууссан. Дахиад 1400 ширхэг вагон шаардлагатай байна. Цаашид тээвэрлэлтээ нэмэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ жил 27 сая тонн ачааны захиалга ирсэн. Жилд ойролцоогоор 2-2.3 сая тонноор ачааны захиалга нэмэгдэж байна. Тиймээс хэрэгцээ шаардлагаа хангахгүй бол өдөр тутам 206 хагас вагон дутаж, ачаа тээвэрлэлтээс 93 тэрбум 795 сая төгрөгийн алдагдал хүлээх тооцоо гарсан гэдгийг хуралд оролцогчид онцолсон юм. 

 Харин яагаад хуучин вагон худалдаж авсан талаар Вагоны аж ахуйн албаны дарга Л.Болд “Эдгээр вагон нь 1994-1995 онд үйлдвэрлэсэн, ОХУ-д 22 жил ашиглаад сүүлийн 1-2 жил сул зогссон. Харин Монгол Улсад мөрдөж буй норм, стандартын дагуу 6-7 жил ашиглах боломжтой. Шинжээчдийн хийсэн судалгааны дүгнэлтээр вагоны ачаалал хүлээн авдаг үндсэн хийц ноён нурууны хэсгүүд цаашдаа 15.5-17.9 жил ачаалал даах чадвартай нь батлагдсан. Бид түлш, замын засвар, ажилчдын цалингаа өөрсдөө тавьдаг учраас парк шинэчлэлийн хэмжээний хуримтлал үүсэхгүй байна. Тиймээс шинэ вагон авах боломж байгаагүй. 

Харин дэд сайд Б.Цогтгэрэл бие дааж шийдвэр гаргаад, дүрэм журам зөрчөөд олон тооны хуучин вагон авчихлаа гэж шүүмжлэл гарсан тухайд тэрбээр “Орос Хятадад ч мөн шинэ вагоны хэрэгцээ байна. Бид вагон захиаллаа гэхэд 3-4 жилийн дараа л орж ирнэ. Бид дугаар бичүүлж байж л ийм хугацааны дараа хүлээж авна гэсэн үг. Ийм л нөхцөл байдал үүссэн учраас журам зөрчихөөс аргагүй байсан гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ бол ерөнхий хорооны буюу хамтын шийдвэр. Орос, Монголын талаас хамтарч байж ийм шийдвэр гаргасан гэдгийг онцоллоо. 

Сэргээш хэрэглэсэн бөхийн нэрийг зарлах боломжгүй гэжээ

Монгол түмний баяр наадам болох Улсын баяр наадам хаяаанд ирсэн энэ цаг үед бөхчүүдийн сэргээш хэрэглэсэн гэх асуудал ахин гарлаа. Тодруулбал дахин нэг бөхөөс сэргээш хэрэглэснийг Допингийн эсрэг үндэсний төвөөс мэдээллэсэн байна. Тухайн бөхийн нэрийг олон нийтэд зарлах боломжгүй гэдгийг эх сурвалж онцолсон байна.

 Энэ оны нэгдүгээр сарын 28-нд гурван бөхөөс сэргээшийн шинжилгээ хийхэд нэгээс нь допинг илэрчээ. Зохих журмын дагуу сэргээш илэрсэн бөх Б сорьцийн шинжилгээгээ хийлгэх эрхтэй. Иймд түүнийг нэрийг тул олон нийтэд нэрийг нь зарлах боломжгүй гэнэ. Тиймээс БНСУ-д Б сорьцийн шинжилгээгээ хийлгэж байгаа аж. Тэгвэл энэ бөх хэн бэ?. 


Өнгөрсөн 3 дугаар сард Монголын Допингийн эсрэг үндэсний төвөө  таван бөх допингийн шинжилгээнд бүдэрсэн талаар мэдээлсэн.Тухайлбал, БНСУ-ын Допингийн хяналтын лабораториос ирүүлсэн шинжилгээний дүгнэлтэд Аймгийн хурц арслан Б.Номиндалай, Сумын заан С.Майнбаяр, Улсын начин Э.Даш, Улсын гарьд Ө.Бат-Орших нараас Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориотой бодисын жагсаалтад орсон бодис илэрсэн юм. Улмаар тэдний “А” сорьцын шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрсөнд тооцсон бөгөөд МҮБХ-ноос энэ бөхчүүдийн барилдах эрхийг хоёр жилээр хассан билээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл