Д.Гантулга УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ энэ сарын 11-ны өдөр өгсөн. Түүний хүсэлтийг намын бүлэг, Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээд дэмжээд байна. Гэхдээ эцсийн шийдвэрийг маргаашийн УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэн гаргана.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар маргаашийн чуулганы хуралдаанаар түүний чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжих бололтой. Энэ тохиолдолд Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль болно.
Нөхөн сонгууль болохыг албан ёсоор мэдэгдсэний дараа аудитаас тус тойрогт ажиллан сонгуулийн зардлыг тодорхой болгосон дүгнэлтээ гаргах юм. Аудитын газраас дүгнэлтээ 70 өдрийн дотор УИХ-д хүргүүлэх аж. Үүний дараа бэлтгэл ажлууд хийгдсэнээр ирэх намар буюу аравдугаар сарын 7-ны өдөр нөхөн сонгуулийг хийхээр товлоод байна гэх мэдээлэл байна.
Нөхөн сонгуульд эрх баригч МАН Ерөнхий сайд У.Хүрэлсүхийгээ нэр дэвшүүлэх асуудлыг ярьжээ. Харин У.Хүрэлсүх намын гишүүдийнхээ энэ саналыг дэмжээгүй гэх мэдээлэл байгаа юм.
Т.Энхэлээ