8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Ерөнхийлөгч Д.Гантулга, Д.Мурат нарыг түдгэлзүүлээгүй шийдвэрт хориг тавьж, С.Баярцогтод хилийн хориг тогтоосон өдөр

2018-06-13 18:45:00

Гэгээн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн шинэхэн өдөр буурал түүхийн хуудаснаа хадгалагдан үлдэж байна. Өнөөдрийн таны ажил амжилт бүтээлээр дүүрэн байсан гэдэгт итгэлтэй байна. Гишгэсэн мөрөө эргэж нэг хар.Гутлын улныхаа хээг биш, хvн болж тереед хийж бvтээснээ, хэрхэн амьдарсанаа эргэж хар. Нигүүлсэнгүй байж чадаагүй хором бүрээ тунгааж бодоорой. Сайн сайхан амжилт бүтээлээ ч тэмдэглэ. Маргааш чамайг илүү сэргэг, илүү нигүүлсэнгүй байхад чинь энэ санамж тус болно. Өглөө босохоос орой унтах хүртэлх байр байцаа нэхэн санахдаа саарт нь гутарч, сайнд нь сагсуурах хэрэггүй. Учир нь маргааш таныг нэгэн шинэ өдөр угтах болно. Өглөө бүрийг шинэ өдөр, шинэ боломж хэмээн талархан угтаарай. Нийгэм улс төрийн амьдралд халуун сэдвүүд өрнөсөн энэ өдрийн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэх гэж байна. Шинэ сонин содон мэдээллээр дүүрэн тоймоо хүлээн авна уу.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа 

Д.Мурат: Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байна. Би шалгуулахад бэлэн

УИХ-ын гишүүн Д.Мурат мэдээлэл хийлээ. Тэрбээр “Ерөнхийлөгч хориг тавьсан байна. Би үүнийг нь дэмжиж байгаа. УИХ-ын гишүүн байна уу, жирийн иргэн байна уу бүгд хуулийн өмнө тэгш эрхтэй. Би шалгуулахад ч бэлэн байгаа. Удахгүй шалгуулаад буцаж орж ирнэ гэж бодож байгаа. Угаасаа надтай холбогдоод байгаа энэ хэрэг нь зохимол. Би огт гэмт хэрэг хийгээгүй. Шалгуулахад бэлэн байна. Ерөнхийлөгчийн хоригийг миний хувьд дэмжиж байна' гэв.  

Хуульч Л.Батмөнх: “Миний хувьд хоёр зүйлд тайлбар хиймээр байна. Гишүүнтэй холбогдох тус хэрэг олон нийтийн сүлжээгээр бичигдээд байгаа шиг  бэлгийн дарамт учруулсан асуудал биш. Прокурорт шалгагдаж байгаа хэрэг нь  бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан  гэдэг эрүүгийн зүйл ангиар шалгагдаж байгаа хэрэг. Энэ төрлийн хэрэг  амьдралд хэдэн зуун мянгаараа  гардаг. Тодорхой хугацаанд хуулийн байгууллагаар шалгагдаад явдаг. Аль 2017 онд үүссэн хэрэг одоо хүртэл шалгагдаж байгаа нь удаашралтай байна. Гэхдээ хуулийн байгууллагадаа итгэж байна. Үүний цаана улстөр байна уу гэсэн хар бол байна. Тодорхой хугацаанд хурдан шийдэж өгөх байх гэдэгт найдаж байна” гэлээ.

Г.Орхон: С.Баярцогтод хийсэн буруу зүйл байхгүй. Үнэн мөнийг тогтоолгох хүсэлтэй байгаа

С.Баярцогт, Б.Бямбасайхан нарын шүүх хурал өнөөдөр Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүхээс "Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан нарыг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих шийдвэрийг шүүх гаргасан байна. Мөн   Сангийн сайд асан С.Баярцогтыг батлан даалтад гаргаж, хилийн хориг таввсан байна. 

Өнөөдрийн шүүх хуралд С.Баярцогтын өмгөөлөгч Г.Орхон оролцсон байна. Тэрбээр шүүх хурлын талаар  “С.Баярцогтыг цагдан хорих хугацааг үргэлжүүлэн сунгахгүй, өөрчлөх саналыг прокурорын зүгээс гаргасан. Улмаар 74 хоног хорьж шалгасны эцэст С.Баярцогтыг өнөөдөр суллах шийдвэрийг шүүх гаргалаа. С.Баярцогтод хийсэн буруу зүйл байхгүй, Монгол Улсын эдийн засагт хувь нэмэр болох сайн гэрээ хийсэн гэдэгтээ итгэлтэй байгаа учраас энэ асуудлыг үнэн мөнөөр тогтоолгохоор сэтгэлийн хаттай хүлээж байгаа. Хэрэг шийдвэрлэж дусаагүй.  Одоогоор түүнийг Монгол Улсын хилээр нэвтрэхийг хориглосон, хязгаарлалт тогтоосон. Биеийн байдлын хувьд 10 гаруй кг турсан, биеийн байдал сайнгүй байгаа. Гэхдээ манай үйлчлүүлэг  гомдол гаргасан зүйл байхгүй. С.Баярцогт үнэн мөнийг тогтоолгох л хүсэлтэй байгаа тул харьцангуй тайван байгаа” гэсэн тайлбар мэдээллийг өгсөн юм. 

Тэгвэл С.Баярцогтоос  хоригдож байх хугацаандаа нийтдээ  3-4 удаагийн мэдүүлэг авсан гэнэ. 

Бэртсэн хүүхдүүдээс 4 нь эмнэлэгт хүргэгджээ

Хүүхдийн паркын эргэлддэг пуужин тоглоом нь хугарч унаж, олон хүүхдүүд бэртсэн харамсалтай хэрэг  гарчээ. Хугарсан пуужин дотроос хүүхдүүд нэг нэгээр нь зөөж гаргаж байгаа аж. Мөн эмнэлгий яаралтай түргэн тусламж дуудсан байна. Хэргийн талаар  СБД-ийн цагдаагийн 1-р хэлтэст 15.13 цагийн үед Үндэсний соёл амралтын хүрээлэнд "Сансарын хөлөг" гэх тоглоомонд хүүхэд дарагдлаа гэсэн дуудлага ирсний дагуу тус цагдаагийн хэлтсээс хэргийн газар ажиллаж байгаа юм байна.  

Яг одоо хэргийн газар НМХГ, тус  дүүргийн цагдаагийн газрын албан хаагчид ажиллаж байгаа аж. НМХГ-ын урьдчилсан байдлаар тенхикийн бүрэн бүтэн байдал алдагдсанаас осол гарсан гэсэн дүгнэлт гарсан байна. Мөн тоглоом дотор байсан хүүхдүүдээс 4 хүүхэд зөөлөн эдийн гэмтэлтэй гэсэн оноштойгоор ГССҮТ-д хүргэгдээд байгаа юм байна. 

Тун удахгүй албаны хүмүүс нь мэдээлэл хийх аж. 

Хөрш орнуудын гаалийн хуулийг зөрчихгүй байхыг анхааруулав

ОХУ болон БНХАУ-руу зорчиж байгаа иргэд хөрш хоёр орны гаалийн хууль тогтоомжийг зөрчиж ихээхэн хохирол амссан байна. Тухайлбал Буриадын гаалийн газраас ирүүлсэн мэдээллээр 2018 онд манай улсын 930 иргэн даатгал хийлгээгүй, эсвэл хуурамч даатгал ашигласны улмаас 100 сая рублын торгуулийн арга хэмжээ авагдсан байна.

Мөн БНХАУ-ын гаалийн газраас авсан мэдээллээр манай иргэд бэлэн авч яваа 5000-аас дээш юанаа мэдүүлээгүйгээс 20 сая гаруй юаныг хураалгасан байна.

Иймд ард иргэд ОХУ, БНХАУ-руу зочихдоо тухайн улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг сайтар судлаж, аливаа эдийн засгийн хохирол амсахгүй байх нөхцөл бололцоог хангаж зорчихыг Гаалийн Ерөнхий Газраас анхааруулж байна.

Нөхөн сонгууль ирэх аравдугаар сарын 7-ны өдөр болох уу

Д.Гантулга УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ энэ сарын 11-ны өдөр өгсөн. Түүний хүсэлтийг намын бүлэг, Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээд дэмжээд байна. Гэхдээ эцсийн шийдвэрийг маргаашийн УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэн гаргана.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар маргаашийн чуулганы хуралдаанаар түүний чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжих бололтой. Энэ тохиолдолд Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль болно. 

Нөхөн сонгууль болохыг албан ёсоор мэдэгдсэний дараа аудитаас тус тойрогт ажиллан сонгуулийн зардлыг тодорхой болгосон дүгнэлтээ гаргах юм. Аудитын газраас дүгнэлтээ 70 өдрийн дотор УИХ-д хүргүүлэх аж. Үүний дараа бэлтгэл ажлууд хийгдсэнээр ирэх намар буюу аравдугаар сарын 7-ны өдөр нөхөн сонгуулийг хийхээр товлоод байна гэх мэдээлэл байна. 

Нөхөн сонгуульд эрх баригч МАН Ерөнхий сайд У.Хүрэлсүхийгээ нэр дэвшүүлэх асуудлыг ярьжээ. Харин У.Хүрэлсүх намын гишүүдийнхээ энэ саналыг дэмжээгүй гэх мэдээлэл байгаа юм

Суудлын автомашиндаа хориотой бараа нууж хил гарахыг завджээ

Гашуун сухайт дахь Гаалийн газрын байцаагчид хяналтын бүсийн гарах чиглэлд Норд бенз маркийн 6560ӨМА улсын дугаартай автомашины эзэмшигч Б чиргүүлийн арам төмрөнд нууж авч явсан 160 килограмм ямааны махыг илрүүлжээ.

Хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн хоёр зөрчил гарчээ. Тухайрбал иргэн А нь 2018 оны 5-р сарын 28-ны өдөр 7830УБМ улсын дугаартай Toyota Prius маркын авто машинтай улсын хилээр нэвтрэхдээ 56 кг хаягдал гууль нууж хил нэвтрэхийг завджээ. Мөн иргэн Х нь 2018 оны 5-р сарын 29-ны өдөр 1942УБҮ улсын дугаартай Toyota Starex маркын авто машинтай улсынхилээр нэвтрэхдээ 80 кг хаягдал гууль нууж хил нэвтрэхийг завдсан зөрчил тус тус гаргасан байна.

Зорчигч иргэд анхаарал болгоомжой байж, хориглосон, хязгаарласан эд зүйл авч явахгүй байх, зохион байгуулалттай гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж хэн нэгний гуйлт, ятгалгаар ачаа тээш, эд зүйлс авч явахгүй байхыг анхааруулж байна.

Ерөнхийлөгч Д.Гантулга, Д.Мурат нарыг түдгэлзүүлээгүй шийдвэрт хориг тавилаа

Улсын Ерөнхий прокуророос гэмт хэрэгт нэр холбогдсон УИХ-ын гишүүн Д.Мурат, Д.Гантулга нарыг УИХ-ын гишүүнээс нь түтгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлсэн. УИХ энэ асуудалыг өнгөрсөн долоо хоногт хэлэлцээд дэмжээгүй билээ. 

Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлээгүй тогтоолд хориг тавьж УИХ-ын дарга М.Энхболдод албан тоот  хүргүүлжээ.

 Д.Гантулгын хувьд УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгчихөөд буй. Түүний чөлөөлөгдөх хүсэлтийг маргаашийн чуулганы хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ. 

Харин УИХ-ын гишүүн Д.Муратын хувьд түтгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн учраас үргэлжлүүлэн ажлаа хийж байгаа юм. Түүнийг Д.Гантулгын адилаар ёс зүйн хариуцлага хүлээгээд УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгөх байх гэсэн хүлээлт олон нийтийн дунд байгаа. Тэгвэл түүний асуудалд Ерөнхийлөгч ийнхүү хориг тавьсан нь уг асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх шаардлагыг бий болгож байна. 


Ингэснээр, 

Д.Муратын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түлгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай Монгол Улсын Их Хурлын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 45 дугаар тогтоол

Д.Гантулгын Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай Монгол Улсын Их Хурлын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 47 дугаар тогтоолуудад хориг тавигдаж байна. 

Хоригт,

“Дорждугарын Гантулга, Дакейн Мурат нарын Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн Монгол Улсын Их Хурлын 45, 47 дугаар тогтоолуудыг 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ёсчлон ирүүлсэнтэй танилцлаа.
Хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн байж болох нөхцөл байдал нь тогтоогдож,  яллагдагчаар татагдсан Д.Гантулга, Д.Мурат нарын Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгаж, гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэх тухай Прокурорын байгууллагын саналыг Улсын Их Хурал хүлээж аваагүй нь шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлж эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулах эрхэм зорилго тээсэн Монголын ард түмний хүсэл зоригт нийцээгүй, төрийн эрх барих дээд байгууллагын нэр хүнд, үнэлэмжийг улам бүр үгүй хийсэн, иргэдээ үл тоон басамжилсан, хүлээн зөвшөөрөх боломжгүй шийдвэр болсон байна.

Хууль зөрчсөн үйлдэл, гэмт хэрэг, зөрчлийн цаана улс орны тусгаар тогтнол, үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдал хөндөгдөн, хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж, гэмт үйлдэлд аливаа хэлбэрээр холбогдсон иргэн хохирч байдгийг мартах ёсгүй. Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх, эрх чөлөөг гэмт халдлагаас хамгаалах нь төрийн үүрэг юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц …хууль зүйн …баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасан байдаг.

Үүний хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэхэд бүрэн эрх нь саад учруулна гэж үзэж байгаа Прокурорын байгууллагын саналыг Улсын Их Хурал дахин хэлэлцэж, Үндсэн хуульд нийцүүлэн, хариуцлагатайгаар шийдвэрлэх шаардлагатай.

Прокурорын байгууллагыг Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах чиг үүрэг бүхий, хараат бус, бие даасан шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцогч байгууллага хэмээн хуулиар тодорхойлсон байдаг.

Тиймээс Улсын Их Хурал эрх мэдлийн хуваарилалт, зарчмыг хүндэтгэн баримталж, Улсын Их Хурлын гишүүдийн холбогдоод байгаа гэмт хэргийн шинжтэй асуудлуудыг нэг мөр шалган, гэм буруугийн асуудлыг нь эцэслэн шийдвэрлэх боломжийг хуулийн байгууллагуудад олгох нь зүй ёсны хэрэг юм.

Иймд Д.Муратын Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай Монгол Улсын Их Хурлын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 45 дугаар тогтоол болон Д.Гантулгын Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай Монгол Улсын Их Хурлын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 47 дугаар тогтоолд тус тус хориг тавьж байна.

Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн үр дүнд бүрэлдсэн Улсын Их Хурал, гишүүд Та бүхний бүрэн эрхийн хугацаа талдаа оржээ. Энэ хугацаанд хэрхэн ажилласнаа дүгнэж, үлдсэн хугацаандаа үр дүнтэй, бүтээлч ажиллах шаардлагатай байгааг сануулъя.

Өнгөрсөн хугацаанд эрх баригчдын улс төрийн бодлогоор Үндсэн хуулийн үзэл санаатай зөрчилдсөн, иргэдийн эрх ашгийг хөндсөн, иргэдээ ялгаварлан алагчилж хууль ёсны эрхийг нь үгүйсгэсэн, татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан, төсвийн хууль тогтоомжийг зөрчсөн олон шийдвэрийг Улсын Их Хурал гаргаж ард түмнийхээ харамгүй өгсөн асар их итгэл, дэмжлэгийг хөсөрдүүлсэн. Энэ мэт хариуцлагагүй бодлого, шийдвэрүүд одоо ч үргэлжилсээр байгаад харамсаж байна. Улсын Их Хурал улс орны хөгжил хийгээд ард иргэдийнхээ ахуй амьдралд ахиц дэвшил авч ирсэн дорвитой бодлого, шийдэл огт гаргасангүй. Хуулийн биелэлтийг хянан шалгах, системчлэн дүгнэх, хууль тогтоомжуудын уялдаа холбоо, зөрчил хийдлийг арилгах зэрэг нэн тулгамдсан, үндсэн чиг үүргийнхээ асуудлуудад ч хууль тогтоох байгууллага анхаарсангүй, Улсын Их Хурлын гишүүд идэвх санаачилгатай ажилласангүй хэмээн ард иргэд шүүмжилж байгааг мөн анхаарах шаардлагатай байна. Энэхүү хоригийг зохих хууль, журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ үү” гэжээ.

Ч.Хүрэлбаатар: Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэртэй болно

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотод хатуу хог хаягдлын боловсруулах үйлдвэр байгуулах төслийг Европын сэргээн босголтын банкны зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх болжээ. Энэ талаар өнөөдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийв.

Уг үйлдвэр барилгын хог хаягдлыг дахин боловсруулах зориулалттай бөгөөд 2019 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж. Уг төсөлд нийт 14.2 сая евро зарцуулах бөгөөд Европын сэргээн босголтын банкнаас 4.5 сая еврог буцалтгүй тусламжаар, 9.7 сая еврог зээлээр авах юм.

Мөн Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайланг хэлэлцсэн байна. 2016 оны Засгийн газрын санхүүгийн тайланд үндэсний аудитын газраас өгсөн дүгнэлтээр төсвийн 16 ерөнхийлөн захирагч зөрчил гаргасан байжээ. Харин Засгийн газрын санхүүгийн тайланг түүхэндээ анх удаа зөрчилгүй гэж дүгнэсэн байна. Энэ нь Монгол Улсын төсвийн сахилга бат сайжирч байгаагийн илрэл гэдгийг Сангийн сайд онцоллоо.

Тэрбээр, “Төсвийн санхүүгийн сахилга бат алдагдсаны улмаас Монгол Улс өрөнд орж, нийгэмд шударга бус байдал бий болж байна. Тиймээс Засгийн газрын зүгээс 2018 онд дахин зөрчилгүй ажиллаж, сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэх болно. Төсвийн ерөнхийлөн захирагч нар төрийн мөнгөнд өөриймсөг хандах ёстой. Удахгүй Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайланг УИХ-д танилцуулах болно” гэв.

ШУУРХАЙ: ТББХ-ны хурлаар Д.Гантулгын чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Гантулгын чөлөөлөгдөх хүсэлтийг 90,9 хувийн саналаар дэмжлээ. Тодруулбал өглөө 10:00 цагт эхэлсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар УИХ-ын гишүүн Д.Гантулгын гишүүнээс түр чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцээд дэмжлээ.

Хуралдааны үеэр асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Уг асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн шийдвэрийг гаргах юм. Тодруулбал, маргаашийн чуулганы хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ. 

УИХ-ын гишүүн Д.Гантулга нь өнгөрсөн даваа гаригт УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өргөн барьсан. Энэ дагуу намын бүлэг нь хуралдаж шийдвэрээ гаргасны дараагаар ийнхүү холбогдох байнгын хороогоор хэлэлцлээ. 

ЦЕГ: Хүүгийн биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Айсан байдалтай олдсон

Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооноос сураггүй алга болсон 14 настай хүүг урд шөнө цагдаагийн алба хаагчид олсон  байна. Хүү энэ сарын 9-ний өдөр 24-р сургуулийн орчмоос алга болсон бөгөөд дөрвөн өдрийн дараа олдоод байгаа юм. Хүүг олоход биед нь ямар нэг гэмтэл учраагүй. Маш их айсан байдалтай олдсон гэдгийг Цагдаагийн Ерөнхий газраас мэдээллээ. 

Хөвсгөлөөс зорчигч тээвэрлэж явсан автобус шатжээ

Энэ сарын 11-ны өдөр Хөвсгөлөөс Улаанбаатар руу зорчигч тээвэрлэж явсан том оврын автобусанд гэнэт гал гарчээ. Гал гарсан даруйд зорчигчид амжиж  буусан бөгөөд эд зүйлсээ авч амжилгүй галд алдсан байна. 

Автобусад сууж явсан иргэний хэлж буйгаар автобусны мотороос гэнэт утаа гарч эхэлсэн байна. Улмаар утаа нь гал болж газар авчээ. Гал гарсан шалтгааныг тогтоохоор мэргэжилтнүүд ажиллаж байгаа юм байна. Зорчигчид эд зүйлс, ачаа бараагаараа хохирсондоо гомдолтой байгаагаа хэлээд гомдлыг нь барагдуулах нөхөн төлбөр шаардаж байгаа аж. Шүүхийн шинжээчид зорчигчдын байсан ачааг байгаагүй хэмээн тогтоож байгаад гомдолтой байгаагаа нэгэн зорчигч өөрийн цахим хуудсаар дамжуулан илэрхийлсэн байна. 

ГХЯ: Хөлбөмбөгийн ДАШТ үзэхээр ОХУ-д зорчих иргэдийн анхааралд

Энэ сарын 14-нөөс ирэх сарын 15-ны хооронд ОХУ-ын 11 хотод зохион байгуулагдах Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний аюулгүй байдлыг хангах зорилгоор тус улсад өндөржүүлсэн бэлэн байдал тогтоогоод байна.
Энэ хүрээнд ОХУ-д зорчиж буй гадаадын иргэдийг бүртгэх түр журам тогтоосон бөгөөд хөлбөмбөгийн тэмцээний үеэр ОХУ-д зорчих тохиолдолд дараах зүйлийг анхаарах шаардлагатай мэдэгдэж байна. Үүнд:

– ОХУ-ын хилийг нэвтэрснээс хойш 24 цагийн дотор /өмнө нь 5 хоног байсан/ бүртгүүлэх үүрэгтэй тул ОХУ-д байх хугацаандаа түр буусан бүх түвшний зочид буудалд бүртгэл хийлгэнэ.
– Хэрэв гадуур байр түрээслэх, айлд байрлах бол Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэст бүртгүүлнэ.
Тэмцээний үеэр ЭСЯ-ны Консулын хэлтэс Даваа-Ням гарагийн хооронд өдөр бүрийн 09-17 цагийн хооронд ажиллаж, иргэдийг бүртгэх боломжтой. Хаяг: Консульский отдел Посольства Монголии в Российской Федерации, Москва, 115127, Спасопесковский пер., 7/1
– Галт тэргээр ОХУ-д зорчих иргэдийн хувьд ирсэн даруйдаа байрлах зочид буудал эсвэл ЭСЯ-ны Консулын хэлтэст бүртгүүлэх бөгөөд энэ тохиолдолд галт тэрэгний билэтээ үзүүлж, галт тэргээр ирсэнээ нотлох шаардлагатай.
– ОХУ-ын хилээр нэвтрэхэд олгодог цагаачлалын картыг (миграционная карта) ОХУ-ын хилээр буцаж гарах хүртэл хаяж үрэгдүүлэхгүй байхыг анхаарна уу.
– Хэрэв хугацаандаа бүртгүүлээгүй тохиолдолд 2000 рублийн торгуультай бөгөөд торгуулиа төлсний дараа бүртгүүлэх боломжтой.

ОХУ-Д ЗОРЧИХОД АНХААРАХ НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ

– Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнтэй холбогдуулан оросын бүх хотуудад аюулгүй байдлыг цэрэг цагдаагийн байгууллага хүчлэн хамгаалж буй тул иргэд гадуур явахдаа бичиг баримтаа заавал биедээ авч явах,
– Гадаад паспортын хүчинтэй хугацааг анхааран үзэж, хэрэв 6 сараас доош хугацаанд хүчинтэй байвал шинээр паспорт авах,
– ОХУ-д зорчихын өмнө Монгол Улсын ГХЯ-ны Консулын газрын consul.mn вэбсайтаар орж, гадаадад зорчих иргэдэд зориулсан “Сэрэмжлүүлэг”-тэй танилцсан байх,
– ОХУ-аар дамжин бусад оронд зорчих иргэд ОХУ-д 24 цагаас илүү саатсан тохиолдолд бүртгэлд хамрагдах,
– Танихгүй хүнээс битүүмжилсэн баглаа боодолтой эд зүйлс авч явахгүй байхад анхаарна уу.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

СУДАЛГАА: Монгол Улсад  хоол тэжээлээс хамааралт эмгэг өндөр гарчээ

Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний төв нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Сангийн санхүү, техникийн дэмжлэгтэйгээр “Монгол Улсын Хүн Амын Хоол Тэжээлийн Байдал” үндэсний V судалгааг 2016-2017 онд хийсэн билээ. Уг судалгааний дүн мэдээллийг танилцуулж байна. 

Үндэсний V судалгаагаар аминдэм, эрдсийн дутлын тархалт түгээмэл хэвээр, 2010 оны түвшингээс буураагүй байна.  

  • 5 хүртэлх насны хүүхдийн 26.6 хувь, эхчүүдийн 16.1 хувь, жирэмсэн эмэгтэйчүүдийн 21.4 хувь тус тус цус багадалттай,
  • 6-59 сартай хүүхдийн 27.7 хувь, жирэмсэн эмэгтэйчүүдийн 29.6 хувь төмөр дуталтай байгааг тогтоосон. 
  • Д аминдэм дутлын тархалт хүүхэд, насанд хүрэгчдийн дунд маш түгээмэл, 
    • 6-59 сартай хүүхдийн 61 хувь нь  дуталтай, 28.9 хувь нь нөөц дутмаг, 
    • жирэмсэн эмэгтэйчүүдийн 75.4 хувь  дуталтай, 20.2 хувь нөөц дутмаг,
    • 15-49 насны эрэгтэйчүүдийн 40.4 хувь  Д аминдэм дуталтай, 41.9 хувь нөөц дутмаг байдалд байгааг илрүүлсэн. 
  • Мөн 5 хүртэлх насны хүүхдийн 9.5 хувь А аминдэм дуталтай, 60.1 хувь А аминдэмийн нөөц хангалтгүй, дуталд өртөхөд ойрхон байгааг судалгааны дүн илтгэж байв.
  • Нийт өрхийн 78.9 хувь зохистой түвшинд иоджуулагдсан давс хэрэглэж байгаа бөгөөд, Баруун болон Хангайн бүсийн хүн ам, жирэмсэн эмэгтэйчүүд иодын дуталд өртөх эрсдэлтэй хэвээр байна. 

Хоол тэжээлийн үндэсний V судалгаагаар Монгол Улсад  хоол тэжээлээс хамааралт эмгэгийн дарамт өндөр байгааг тогтоосон. Тухайлбал, нялх хүүхдийн эхийн сүүгээр дагнан хооллолт хангалтгүй, нийт хүн амын хоногт хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл цөөн, аминдэм, эрдсийн дутлын тархалт өндөр, 5 хүртэлх насны хүүхэдтэй өрхийн 64.9 хувь хүнсний баталгаат байдал нь ямар нэг хэмжээгээр алдагдсан, илүүдэл жин ба таргалалтын асуудал нийгмийн эрүүл мэндэд ноцтой сөрөг үр дагавар учруулах түвшинд хүрсэн байна. 

Илүүдэл жин ба таргалалтын тархалт нь бүс нутаг, амьжиргааны түвшинг үл харгалзан, бүх насны хүн ам, ялангуяа насанд хүрэгчдийн дунд маш өндөр, хүүхдийн дунд нэмэгдэж байгаа нь онцгойлон анхаарвал зохих асуудал болжээ. Тодруулбал, 

  • 5 хүртэлх насны хүүхдийн 11.7 хувь илүүдэл жинтэй, 
  • 6-11 насны хүүхдийн 22.2 хувь нь илүүдэл жинтэй, 6.4 хувь таргалалттай, 
  • 15-49 насны эхчүүдийн 46.2 хувь нь илүүдэл жин ба таргалалттай, 16.5 хувь нь тарган, 
  • 15-49 насны эрэгтэйчүүдийн 48.8 хувь илүүдэл жин ба таргалалттай, 14.6 хувь  тарган байгааг тогтоосон. 

“Хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний V судалгааны тайланд Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн өнөөгийн байдлыг илтгэх хамгийн сүүлийн үеийн баримт, нотолгоог багтаасан бөгөөд хоол тэжээлийн дутлын болон илүүдлийн эмгэгийн тархалтыг бууруулах арга замыг “Бодлогын зөвлөмж” бүхий 6 бүлэг сэдэвчилсэн үнэлгээний тайланд тодорхойлсон.

Монгол Улсын 5 хүртэлх насны хүүхэд, эмэгтэйчүүдийн дунд түгээмэл тохиолдож байгаа аминдэм, эрдэс бодисын дутлыг буруулахын тулд дараах арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвлөж байна. Үүнд: 

  • Нийт хүн ам, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийн хоногт хэрэглэж хүнсний бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх; сүү, цагаан идээ, жимс, ногооны хэрэглээг дэмжих, 
  • Эрүүл мэндийн мэргэжилтний эрүүл, зохистой хооллолтын талаар зөвлөгөө өгөх мэдлэг, ур чадварыг сайжруулах, 
  • Тав хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийг олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл, өндөр тунт А, Д аминдэмээр тасралтгүй хангах, тогтмол хэрэглээг нэмэгдүүлэх,  
  • Хүнсний бүтээгдэхүүнийг аминдэм, эрдсээр баяжуулах тухай хуулийг батлан, хэрэгжүүлэх.  

Монгол Улсын хүүхэд, насанд хүрэгчдийн дунд илүүдэл жин ба таргалалтын тархалтыг зогсоон барих, буруулахын тулд дараах арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвлөж байна. Үүнд: 

  • Эрүүл хооллолтын талаарх хүн ам, олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, эрүүл хооллолтыг дадлыг төлөвшүүлэх мэдээлэл харилцааг өргөжүүлэх, 
  • Эрүүл хооллолт, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжсэн орчин (ажлын байр, нийтийн эзэмшлийн газар) бүрдүүлэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох,   
  • Аминдэм, эрдсээр баялаг жимс, хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлж, хүн амын хэрэглээг дэмжих,
  • Хүүхдийг эрүүл бус хүнсний зар сурталчилгаанаас хамгаалах эрх зүйн зохицуулалтыг бий болгох,
  • Сургуулийг эрүүл хооллолт, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжсэн орчин болгох. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл