8o
Улаанбаатар хот
mobile menu

Парламент “засрал, хүмүүжлийг олж” эхлэв үү

2018-06-14 15:06:00

УИХ ёс зүйгүй үйлдэл гаргасан байж болзошгүй нэг гишүүнээ чөлөөллөө. Гишүүнийг ёс зүйн асуудалтай нь холбогдуулан чөлөөлж байгаа анхны тохиолдол энэ байх. Араас нь Д.Мурат гээд бусад асуудал ч яригдах нь ойлгомжтой.
Залгуулаад “УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хоёр ч хуулийн төслийг хэлэлцэж эхлэв. Энэ өөрчлөлтөөр яригдаж байгаа асуудал нь бас л гишүүний үүрэг хариуцлагыг сайжруулах, УИХ-ын чадамжийг нэмэгдүүлэх асуудал юм.

Хуралдааны дэг зөрчдөг, хэлэлцэж буй асуудалтай огт холбогдолгүй асуудлаар байр сууриа илэрхийлж попордог, шоуддаг гишүүдэд сануулах, сануулгыг зөрчвөл үг хэлэх хугацааг дуусгавар болгох, хуралдааны танхимаас хөөж гаргадаг болох нь. Гишүүний ирцийг сар бүр олон нийтэд мэдээлж байх, хуралдаанд оролцоогүй цагийн хугацаанаас хамаарч гишүүний бүрэн эрхийн хугацааг дуусгавар болгож, эгүүлэн татах зэрэг заалт бас тусгагдаж.  Түүнчлэн бусдын өмнөөс санал өгдөг гажгийг засах гэж байгаа юм байна.

Ийнхүү гишүүдийн ёс зүй, хариуцлагын асуудлыг парламент нухацтай ярилцаж, бодит арга хэмжээ авч эхэлсэн нь сайшаалтай. УИХ-ын дарга М.Энхболд чуулганы нээлт дээр “Хариуцлагыг УИХ өөрөөсөө эхэлнэ” гэж хэлсэн нь хоосон үг байгаагүй бололтой. Өнгөрсөн намрын чуулганы сүүлч, энэ хаврын чуулганы эхнээс гишүүдийн ирц эрс сайжирсан. Дунджаар 60 гишүүнтэй буюу 80 шахам хувьтайгаар чуулган хуралддаг болсон нь сайн хэрэг. Ирц хүрэхгүйгээс болоод Байнгын хорооны хуралдаан хойшилдог байдал 2012-2016 оны Их хурлын үед бараг л байнгын үзэгдэл болоод байсан нь үндсэндээ мартагдлаа.

Хэдийгээр асуудал байгаа ч Монголын парламент ажил хэрэгч, хариуцлагатай байдалд шилжиж байгаа нь Засгийн газар, төрийн бүх шатны байгууллагуудад сайнаар нөлөөлөх биз ээ. Парламент өнөөдөр, маргааш хоёр өдрийн дотор нэгдсэн чуулганаараа 30 гаруй хууль, тогтоомжийн төслийг хэлэлцэх юм байна. Ийм олон асуудлыг нэг дор хэлэлцэж байсан түүх үгүй болов уу. Хугацаа сунгаж хуралдана гэдгээ Спикер мэдэгдлээ. Ийнхүү парламент үүрэг хариуцлагаа ухамсарлаж, “засарч, хүмүүжиж” эхэлсэн нь ганц хоёр хоногийн “үзэгдэл” биш байгаасай.

Уг нь муу хэлүүлдэг ч энэ Их хурал өмнөх парламентуудаасаа илүү бүтээлч байгааг статистик нотолж байгаа юм. Тухайлбал, 2012-2016 оны парламент эхний 3 чуулганаараа 269 хууль, 139 тогтоол буюу нийт 408 хууль тогтоомж баталж байсан бол энэ парламент эхний 3 чуулганаараа 493 хууль, 143 тогтоол буюу нийт 636 хууль тогтоомж баталсан байх жишээтэй.

2012-2016 оны парламентын гишүүдийн эхний 3 чуулганы тасалсан цагийн нийлбэр 9882 цаг болж байсан бол энэ парламентынх 1012 цаг болж, 9 дахин буурсан байх жишээтэй. Энэ мянга гаруй цагийн дийлэнх нь “сураггүй болсон” Б.Наранхүүд хамаарч байгаа. Хэлэлцэж буй хуулийн төсөл батлагдвал Б.Наранхүү гишүүн Д.Гантулга дүүгийнхээ араас явах нь ч ойлгомжтой болно.

Ийнхүү Төрийн хоймор буюу Парламентад хариуцлагын гэгээ тусаж эхэллээ. Байнга ийм байгаасай гэж хүсье.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Ugui yestoidoo ingemeer l baimaarsan hariutslaga toriin buh shatand sularsan shuu dee uh hurliin gishuuded bur ch baihgui huraldaa irdeggui hurald suuj bgaa ni bie bienee eldev buduuleg ugeer herelden
2018/06/14 182.160.4.51
  • Recent
  • Most Read
  • Most Comment