8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс нь чөлөөлж, ОБЕГ 15 дайчин эрсээ дурссан өдөр

2018-06-14 18:45:00

Дуулиантай, дуулгах сонинтой, дурсах цаг мөчтэй нэгэн шинэ өдөр дуусч байна. Улс төр, нийгэм, эдийн засаг гээд гадаад ертөнц хүртэл сонирхолтой, содон бас түгшээсэн мэдээллээр дүүрэн долоо хоног танд талархая. Ирэх амралтын өдрүүдэд цаг агаар тогтуун байх нь ээ. Тиймээс гэр бүлдээ цаг гаргаарай гэж зөвлөмөөр байна. Оюун уxаан ундаршгүй тул

Уншиж мэдэxэд цаг гарга

Ариун xишиг бурxныx тул

Хайр сэтгэлдээ цаг гарга... гэдэг шүлэг байдаг шүү дээ.

Өнөөдөр улс эх орны минь улс төр, нийгэмд сонсч дуулах мэдээллээр дүүрэн байлаа. 2018 оны улсын төсөвт хүүхдүүдэд сар бүр олгодог 20 мянган төгрөгийн тэтгэмжид зориулан 164 тэрбум төгрөг хуваарилжээ. Энэ нөөцийг нийт хүүхдийн 60 хувьд олгоно.Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаанд үндэслэн хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд олгож байсан юм. Харин өнгөрсөн оны сүүлээр улсын төсвийн орлого 500 орчим тэрбум төгрөгөөр давж биелсэн тул бүх хүүхдэд нөхөн олгосон. 2017 оны төсвийн тодотголд хүүхдийн мөнгийг 2017 оныг дуустал бүх хүүхдэд олгоход зориулан 104,5 тэрбум төгрөг зарцуулжээ. Харин энэ онд бүх хүүхдэд олгох эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Засгийн газрын тогтоолын дагуу босго оноо тогтоон, босго даваагүй өрхүүдэд л хүүхдийн мөнгө олгох талаар мэдээлэл гарлаа. Ингээд бусад онцлох мэдээллийг багтаасан Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна. 

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа 

Д.Гантулга: Энэ байдлыг цааш үргэлжлүүлэхийг үнэхээр хүсээгүй

Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Гантулгыг чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцээд гишүүдийн олонхийн саналаар дэмжлээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Гантулгаас тодрууллаа. 

-БИ ТӨРИЙН ОРДОНД МЭДЭЭЛЭЛ ХИЙХ ЭРХГҮЙ БОЛСОН-

-Та УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа санаачилсан хууль, хийж хэрэгжүүлсэн ямар ямар ажил байна вэ?

-Би Төрийн ордонд мэдээлэл хийх эрхгүй болсон. Үүнийг та бүхэн ойлгож байгаа байх. УИХ-ын гишүүний бүрэн эрх маань миний хүсэлтээр өнөөдрөөс цуцлагдаж байна. Тиймээс УИХ-ын нөхөн сонгууль болохоор боллоо. Би Монголын улс төрд өөрийгөө нийгмийн шинэ захиалга байсан гэж бодож байна. Залуу хүнийг, нийгмийн шинэчлэл өөрчлөлтийг хүссэн хүсэлт сонголтын нэг илэрхийлэл нь Д.Гантулга 2016 оны сонгуульд 28 настай УИХ-ын гишүүн болж байлаа. Энэ нь Монголын улс төрийн амьдралд шинэ өөрчлөлт болсон. Харамсалтай нь үүнийг эсэргүүцсэн, олон жил бугшсан нийгмийн давлагаа, зохион байгуулалттай бүлэглэл байна. Үүний эсрэг бид идэвхтэй ажилласан. Тэр залуучуудын нэг байхыг хичээж ирсэн.

-Таныг хоёр сарын өмнө УИХ-ын гишүүнээсээ түдгэлзэх саналаа өгч байсан гэсэн мэдээлэл гараад байгаа. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-Би гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ удаа дараа илэрхийлж байсан. Харамсалтай нь энэ асуудлыг хэлэлцэх боломжтой, боломжгүй гэж хугацаа алдсан.

Аргагүй эрхэнд би түдгэлзэх саналаа дөрөвдүгээр сарын 5-нд  хаврын чуулган эхлэхэд УИХ-ын даргад өгсөн. Үүнийг хэлэлцэх хууль эрх зүйн орчин байгаагүй. Ингээд тавдугаар сарын 5-нд хуульд өөрчлөлт оруулж, хууль эрх зүйн орчин бүрдсэн. Өнгөрсөн долоо хоногт бүлэг хэлэлцээд шийдвэрээ гаргасан. Би бол үүнийг УИХ-ын тэр дундаа МАН-ын бүлэг, фракцын шийдвэр байгаагүй гэж бодож байгаа. 

Шүүхийн байгууллага миний гэм буруутайг тогтоогоогүй байхад гишүүнээс түдгэлзүүлэх нь буруу гэж үзсэн байх. Гэтэл энэ долоо хоног эхлэхэд энэ асуудал дуусаагүй. Дахиад үргэлжилсэн. Би энэ байдлыг цааш үргэлжлүүлэхийг үнэхээр хүсээгүй. Тиймээс УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгсөн. Жирийн иргэний хувьд асуудлаа шийдүүлнэ. Би жирийн иргэн болсон шүү. Намайг ямар нэгэн дархан эрхтэй хүн гэж битгий хандаасай гэж хүсч байна. Хамгийн харамсалтай байгаа нь сонгогчдоосоо уучлал хүсмээр байна. 

-Та улс төрд буцаж ирэх үү. Асуудлаа хууль хяналтын байгууллагаар тогтоолгосны дараа ямар нэгэн шийдвэр гарна?

-Улс төрөөс явах, буцан ирэх тухай ойлголт зөвхөн УИХ-ын гишүүн байхаар хэмжигддэг гэж бодохгүй байна. Хийхийг зорьдог, бодож санадаг зүйлсээ үргэлжлүүлж хийх болно.

-Танд намын зүгээс ямар нэгэн шахалт үзүүлсэн үү?

-Тийм зүйл байхгүй. Энэ бол зөвхөн миний, Гантулга гэх хүний шийдвэр байсан. 

-Өнгөрсөн хугацаанд хийхээр зорьсон ажлуудаа хийж чадсан уу. Тойрогтоо хэр ажиллаж байв? 

-Хоёр, гурван зүйл бодож байсны нэг нь УИХ-ын гишүүн гэдэг бол зөвхөн тойргийг төлөөлж, тэнд байгаа иргэдийн өмнөөс ярих ёсгүй гэж боддог. Ийм байгаа учраас л парламент дээр улс орны том бодлогууд гацдаг. Тойргийн хэмжээний жижиг төслүүд хэрэгждэг, бүлэг фракц бол явдаг. Тиймээс би ганц тойргоо бус бүтэн хардаг байх юмсан гэж хичээж өнгөрсөн хугацаанд 21 аймгаа тойрч ажиллаж байсан. 

Төрийн албаны тухай хууль, залуучуудын асуудал гээд олон зүйл байлаа. Өнгөрсөн цаг хугацаанд Монгол Улс 26 жилийн дараа Залуучуудын төрийн агентлагтай болсон. Гэр бүлгийн агентлагтай болсон. Энд бас миний санал байсан. Үүнийг Засгийн газар дэмжсэнд би талархаж явдаг. Монгол Улс залуучуудын хуультай болсон. Залуу гишүүний хувьд хийсэн гол ажил гэж бодож байна.

Л.Энхболд: 14-15 сая ам.долларын хэрэг мандах гээд байна

УИХ-ын гишүүн Л.Энхболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Та өнгөрсөн гуравдугаар сард 268 мянган тонн нүүрсийг хууль бусаар хил давуулсан талаар АТГ-т хандаж байсан. Энэ асуудал юу болсон бэ, танд эргээд хариу ирүүлсэн үү?

-Тавантолгойн нүүрсний ордоос 268.3 мянган тонн нүүрс алга болсон, үүнтэй холбоотойгоор хоёр тал гэрээ хийсэн байсан. Уг гэрээг хийсэн хүмүүс албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байсан учраас өнгөрсөн гуравдугаар сарын 26-нд АТГ-т хандсан. Одоогоор мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа гэсэн. Энэ тухайд утсаар лавлахад “Гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа, эзэн холбогдогч буюу хамрах хүрээ өргөн байна, багагүй хугацаа орно” гэх мэдээллийг өгсөн. Намайг энэ талаар мэдээлэл хийснээс хойш Засгийн газраас ажлын хэсэг байгуулсан. Сангийн яамаар ахлуулсан, арваад агентлагийн төлөөллийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж байна. Ажлын хэсгийнхэн өнгөрсөн долоо хоногт болон өнөөдөр /өчигдөр/ тус бүр хуралдлаа. Ажлын хэсгийнхэн хулгайн нүүрстэй холбоотойгоор ажиллаж байх хооронд миний бие УИХ дахь Авлигын эсрэг лобби бүлэгт хандсан. Ямар ч байсан Тавантолгойгоос их хэмжээний нүүрс алга болсноос гадна өөр олон асуудал тэнд байгаа учраас газар дээр нь очиж ажиллах хүсэлт гаргасан. Монгол Улсын эдийн засгийг дэмжиж тэтгэдэг томоохон төслийн нэг учраас тэнд ажиллаж буй хүмүүсийн орчин нөхцөл ямар байна, ер нь нүүрсний орд гэж юуг хэлээд байгаа юм, энэ бүхнийг дагасан сум, орон нутаг төдийгүй ард иргэдийнх нь амьдрал ахуй ямар байгаа юм. Орон нутгийн болон уул уурхайн компанийн удирдлагуудын санаа бодлыг сонсох зорилготойгоор УИХ-ын таван гишүүний хамт газар дээр нь очиж танилцсан. Энэ үеэр их хэмжээний нүүрс алга болсон гэх газар дээр очиж үзсэн л дээ. Уул уурхайн удирдлагууд нь 268.3 мянган тонн нүүрс алга болсон, хууль бусаар хил давсан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Тиймээс асуудал бол бодит гэдэгтэй маргах шаардлагагүй. Миний асууж сураад байгаа ганц зүйл бол энэ их хэмжээний нүүрс хил давсан байтал төлбөр нь хаачихав л гээд байгаа юм. Энэ асуултад орон нутгийн Тавантолгойнхон “Энэ нүүрсний хөрөнгө, мөнгө манайд орсон, бид төлнө” гээд байгаа боловч батлагдахгүй байгаа.Орон нутгийн Тавантолгой 51 төрийнх, 49 хувь нь Өмнөговийн ард түмний өмч юм. Харин миний бие тухайн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн. Энэ тохиолдолд нүүрсний асуудлаар хэн нэгнийг хүний өмнөөс хэрэг хүлээлгэхийг хүсэхгүй байна. Гагцхүү үнэн л хэрэгтэй.

-Хууль бусаар хил давуулсан гэх нүүрсийг коксжсон эсэх тухайд маргаантай байгаад байдаг. Энэ тухайд нэг талдаа гарсан уу?

-Коксжсон эсэхийг тогтоогоогүй байна. Гэхдээ мөнгөн дүнгээр тооцвол 14-15 сая ам.долларын хэрэг мандах гээд байгаа юм шүү дээ. Орон нутгийнхны тайлбарлаж буйгаар 60 гаруй мянган тонн коксжсон, 200 гаруй нь исэлдсэн нүүрс гэж байгаа юм. Ингээд үзэхэд ч 20 гаруй тэрбум төгрөг болж таарна. Ер нь хэд ч байсан маш их хэмжээний мөнгөн дүн гарч ирнэ. Гэтэл уг төлбөрийг хаашаа хийсэн нь тодорхойгүй байхад Өмнөговийн ард түмнийг өрөнд оруулж болохгүй гэх байр сууринаас асуудалд хандаж байгаа юм. Нөгөө талдаа эзэн холбогдогчийг нь олж хариуцлага тооцохгүй бол Монголын өмч эзэнгүй болсон гэсэн үг биз дээ.20-30 тэрбумаараа алга болж л байдаг. Гэтэл УИХ-ын танхимд суугаа 76 гишүүн нь 10-20 тэрбум төгрөг олохын төлөө хэрэлдээд байдаг. Хүүхдийн мөнгө, багш, эмч нарын цалин гэх мэт олон асуудал энэ улсад чинь байна шүү дээ. Ийм байхад эдийн засагт маш том цоорохой гаргадаг, улсын баялгийг шамшигдуулдаг байдлыг цаг тухайд нь таслан зогсоож, цэгцлэх ёстой гэсэн байр сууринаас л асуудалд хандаж байгаа. Нөгөө талаас орон нутгийнхныг өрөнд оруулж болохгүй.

-Авлигын эсрэг лобби бүлгийнхэн газар дээр нь ажилласнаар ямар ч байсан их хэмжээний нүүрсийг хил давуулж алдсан нь бодит юм байна гэсэн ойлголттой ирсэн гэсэн үг үү?

-Тийм, бодит байдалтай танилцахад их хэмжээний нүүрсийг хулгайгаар хил давуулжээ гэдгийг баталсан гэсэн үг. Одоо бид Засгийн газраас гарсан ажлын хэсгийн дүгнэлтийг хүлээж байна. Хэрвээ эндээс бидний хүлээж байгаагаас өөрөөр юмуу бодит бус дүгнэлт гаргавал лобби бүлгийнхэн цаашдаа тууштай тэмцэх нь зүйтэй юм байна гэсэн итгэл үнэмшилтэй ирсэн. Үүнийхээ дагуу ажиллана. Ашигт малтмалын газар, Мэргэжлийн хяналт, Гааль, Татвар, Цагдаа зэрэг мэргэжлийн байгууллагын төлөөлөл багтсан, ажиллаж байгаа учраас бид эхлээд тэдний дүгнэлтийг хүлээх нь зүйтэй гэж үзсэн. Төрийн байгууллагууд ажлаа хэрхэн хийдгийг нэг ёсондоо бид харах гээд байна шүү дээ. Нөхцөл байдал бодит гэдэг нь олон талаас нотлогдож байгаагийн дээр надад маш олон төрлийн баримт цугласан. Эцсийн дүндээ төрийнхний шалгасан цэг, АТГ-ынхны эцсийн дүгнэлт минийхтэй давхацвал бид хаана хаанаа хариуцлагатайгаар ажлаа хийж байна гэсэн дүгнэлтэд хүрнэ.

-Энэ хэрэгтэй холбоотойгоор тухайлсан ямар албан тушаалтныг шалгаж байгаа вэ. Та энэ тухайд мэдээлэл өгч болох уу?

-Хоёр уурхайн удирдлагыг шалгуулах хүсэлтээ АТГ-т өгсөн. Үүний дагуу л албан тушаалтнуудыг нь шалгаж байгаа болов уу. Харин төлбөр тооцооны хувьд “Эрдэнэс Оюутолгой, Тавантолгой”-н удирдлагуудын зүгээс 20 орчим тэрбум төгрөг нэхэмжилж байгаа юм билээ. Өнгөрсөн арванхоёрдугаар сард нэхэмжлэхээ явуулсан гэсэн. Харин алдагдсан нүүрсний чанарыг уурхайн удирдлагууд тооцно гэвэл худлаа. Хөндлөнгийн буюу мэргэжлийн байгууллагаар шалгуулсны дараа ийм чанартай, төдий хэмжээний нүүрс алга болжээ гэдгийг бодитоор тогтооно. Ингэж байж мөнгөн дүн ярих учиртай. Энэ тухайд аман байдлаар ярьж хэлэлцээд шийдэлд хүрэх тухай ойлголт байж болохгүй. Маш сайн чанарын коксжсон нүүрс авсан атлаа оронд нь исэлдсэн юмуу өнгөн хөрсний чанаргүй нүүрсээр солих процесс өрнөхийг үгүйсгэхгүй. Тэр утгаараа хөндлөнгийн шалгалт оруулж, тогтоож байж эцсийн дүгнэлтээ хийх ёстой. Би бол жишээлбэл, үүнийг л хүлээж байна.

-Төмөр замын гэх хэрэг олон жил хууль хяналтын байгууллагаар явсан. Гэтэл Солонгос компанийн эзнийг 40 сая төгрөгөөр торгосноор асуудлыг хаачихлаа шүү дээ. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Төмөр замтай холбоотой асуудлыг аль 2008 онд хувийн хэвшлийнхэн шийдчих ёстой байсан юм. Гэтэл төр дундуур нь орж зууралдаад хэрэг мандчихсан шүү дээ. Үүний балгаар өнөөдрийн хэнд ял үүрүүлэх эсэх асуудал үүсчихсэн юм. Төмөр замын гэх хэргийг 40 саяар хаагаад өнгөрч буй нь үнэхээр харамсалтай. Яагаад гэвэл маш их хэмжээний татварын асуудалд энд яригддаг. Гэтэл бид зөвхөн далангийн шороотой л үлдсэн шүү дээ. Гэтэл үүний цаана Хятадын болон манай уулзах цэгийн хооронд маш их зөрүү гарчихсан. Бүр 70 давхар байшингийн хэртэй зөрүү гарсан гэж яриад байгаа шүү дээ. Энэ мэт олон асуудал бий. Тиймээс цаашид асуудлыг нарийвчлан шалгах ёстой. Цаашдаа бид төмөр замын бүтээн байгуулалтаа хийхгүйгээр эдийн засгаа сэргээж, улс орноо өөд нь татна гэдэг өрөөсгөл. Бид өнөөдрийн хатуу хучилттай замаар нүүрсээ тээвэрлээд төдийдөн амжилт олохгүй нь харагдаад байна шүү дээ. 20-30 сая тонноос хэтрэхгүй. Энэ байдлаараа бид дороо эргээд байвал хэчнээн ч жил үргэлжилж магадгүй. Хурдацтайгаар эдийн засгаа эргэлтэд оруулъя гэвэл нэн тэргүүнд төмөр замтай болох нь зүй ёсны шаардлага болчихоод байна л даа. Үүнийг шийдэхийн тулд дээр дурдсан “70 давхар байшин”-гийн зөрүүгээ ч цэглэх ёстой. Энэ уулзварыг засч янзлаад 130-аад сая ам.долларын асуудал яригдаж эхэлсэн. Тийм учраас энэ бүхнийг эцэслэн шийдээд геополитик, эдийн засгийн хувьд Монгол Улс цаашид хэрхэн ажиллах юм бэ гэдгээ нэг талд нь гаргаад явх хэрэгтэй. Овоолсон шороотой үлдсэн хэрнээ гаднын ганц хүнд хариуцлага тооцсон болоод өнгөрч байгаа нь үнэхээр харамсалтай.

"Юун сүртэй юм бэ. Хүний амь нас эрсдээ юу” гэв

Хүүхдийн парк насжилт дууссан, гацдаг эргэлддэг пуужингаа ажиллуулсаар байна.Одоогоос хоёр жилийн өмнө энэхүү эргэлддэг пуужин эргэлдэж байх явцдаа гацаж байсан. Тухайн үед паркийн зүгээс ямар нэгэн хариу тайлбар мэдэгдэл хийлгүй өнгөрсөн. Тэгвэл өчигдөр буюу энэ сарын 13-ны өдөр өдрийн 15:00 цагийн үед нөгөө л эргэлддэг пуужин ажиллаж байхдаа голоороо хугарч унаж тоглож байсан хүүхдүүд бэртсэн харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал, хэргийн талаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст 15.13 цагийн үед Үндэсний соёл амралтын хүрээлэнд "Сансарын хөлөг" гэх тоглоом буюу эргэлддэг пуужинд хүүхэд дарагдлаа гэсэн дуудлага ирсэн байна. Уг дуудлагын дагуу хэргийн газар тус дүүргийн цагдаагийн хэлтэс, НМХГ-аас холбогдох албан тушаалтнууд очиж ажилласан байна. НМХГ-ын урьдчилсан байдлаар тенхикийн бүрэн бүтэн байдал алдагдсан, чанарын шаардлага хангаагүй тоглоомыг ажлуулсан гэсэн дүгнэлт гарсан байна.

Эх сурвалжийн мэдээлснээр  тоглоом дотор 2 том хүн, 6 хүүхэд сууж байсан гэнэ. Эдгээр хүүхдүүдээс 4 нь зөөлөн эдийн гэмтэлтэй гэсэн оноштойгоор тухайн үед ГССҮТ-д хүргэгдсэн. Энэ 4 нь хүүхдээс хоёрынх нь биеийн байдал хүнд, үлдсэн хоёр нь хөнгөн гэмтсэн гэнэ. Одоогоор тоглоомон дотор сууж явсан 14 настай охины бие нэлээд зовиуртай байгаа аж. 

Осолдсон хүүхдүүдийг ГССҮТ-ийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн их эмч Б.Сайнбаяр хүлээн авч үзлэг, оношилгоо хийжээ. Хүүхдүүдийг үзлэг, оношилгоонд оруулахад  бага зэрэг толгой, мөр өвдөх зэрэг зөөлөн эдийн гэмтэл авсан байжээ. Үүний дагуу уух эм, зөвлөгөө бичиж өгөөд ноцтой зүйл ажиглагдаагүй гурван хүүхдийн гэрт нь буцаасан байна. Харин бусдаасаа илүү бэртсэн 14 настай н.Цагаансувд охиныг үзээд, биеийн байдлыг нь ажиглаж байгаа аж. 

-н.ЦАГААНСУВД ОХИНЫ БИЕ ЗОВИУРТАЙ БАЙНА-

н.Цагаансувьд охины бие нэлээн зовиуртай өвдөлтийн байдалтай байгаа аж. Гэл бүлийнх нь зүгээс охиныгоо томографт харуулахыг хүсч байгаа аж. Охины эмээ С.Саранбилэг хэлэх  “Хацар нь нь хавдаад, хоёр нүд нь долир болчихлоо. Бас нүүр нь шарлаад байна. Миний охин жүдогоор хичээллэдэг юм. Удахгүй тэмцээнд орох гэж байсан. Тэмцээн чухал биш, бие нь гайгүй болоод босоод ирээсэй л гэж залбирч сууна" гэсэн мэдээллийг хэлсэн байна. 


Энэхүү эргэлддэг пуужин эвдэрч хүүхдүүдийн эрүүл мэндэд хохирол учруулж, амь насанд хүрэхгүй гэх баталгаагүй нөхцөл байдалтай байгааг харууллаа. Үүнд хэн хариуцлага хүлээх вэ?. Паркийн тоглоомтой холбоотой осол үүгээр дуусахгүй. Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2014 онд энд осол гарч, хүний аминд хүрэх дөхөж байсан. Тус паркийн галзуу хулганы хэсэгт эвдрэл гарч, тухайн үед сууж байсан 16 хүн гэмтэж, сэтгэл санааны хямралд орж байв. Тухайн үед паркийн зүгээс тоглоом эвдрээгүй хэмээн үгүйсгэж мэдээлэл хийж байсан. 

-“ЮУН СҮРТЭЙ ЮМ. ХҮНИЙ АМЬ НАС ЭРСДЭЭ ЮУ” ГЭЖ ХЭНЭГ Ч ҮГҮЙ ХАРИУЛЖ БАЙНА

Тэгвэл өнөөдөр паркийн зүгээс ямар нэгэн албан ёсны тайлбар хийгээгүй. Гэхдээ өчигдөр осол болсон газар очиж мэдээлэл, сурвалжлага бэлтгэхэд тэнд байсан паркийн тохижилтын ажилтан “Юун сүртэй юм бэ. Хүний амь нас эрсдээ юу. Битгийн ингэж хүний мууд дурлаж бай” хэмээн зандарч, зураг дарахыг хориглосон байна. 

“Хүний амь нас эрсдээ юу” гэж хэнэг ч үгүй хариулж байгаа нь хамгийн аймаар. Хүүхдийн гэх тодотголтой ганц тоглоомын төвөөр үйлчлүүлснийхээ төлөө ийм хариу сонсох нь хэр зохистой вэ. Таны, миний хүүхэд хөгжиж, баясаж тоглохын төлөө амь насаа дэнчинд тавих дээрээ тулаад байгаа энэ үйлдэлд хэн хариуцлага хүлээх вэ, хүүхдүүдийн эрүүл мэндийн хохирол, эцэг эхчүүдийн сэтгэл санааны хохирлыг хэн барагдуулах вэ. Тоглоомийн стандарт, шаардлага хангасан эсэх, насжилт дууссан, хүүхдийн биед гэмтэл хор учруулахгүй байх тал дээр Мэргэжлийн хяналтын байгууллага юу хийж байна вэ?.

-Б.Батнягт: БИДЭНД ХАРИУЦЛАГААС ЗУГАТАХ ШААРДЛАГА БАЙХГҮЙ-

Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Б.Батнягт энэ асуудлаар "Жил бүр парк нээлтээ хийхээс өмнө МХЕГ-аас тоглоомнуудын чанар стандартын асуудлаар мэдэгдэл ирүүлдэг. Түүний дагуу бид засвар үйлчилгээгээ хийгээд үйл ажиллагаагаа эхлүүлдэг. Мөн аюулгүй ажиллагаа хариуцсан мэргэжилтэн өдөр бүр үйл ажиллагаагаа эхлүүлэхээс өмнө буюу өглөөний 9:00 цагт тоглоомнуудаа шалгадаг. Энэ тоглоомын тухайд өмнө нь гинж мултраад илүү эргэлт хийж байсан тохиолдол байгаа. Бид 2009 онд захиалга өгч хийлгээд 2010 онд угсарч суурилуулсан. Насжилтын тухай тодорхой заасан хугацаа байдаггүй. Засвар үйлчилгээнээсээ хамаараад ашиглалтын хугацаа янз бүр байдаг.  Бидэнд хариуцлагаас зугтах шаардлага байхгүй. Аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтан хариуцлага хүлээх хуультай байдаг. Бид хариуцлага хүлээх болно” гэх тайлбарыг өгчээ. 

Өмнөх жилүүдэд паркийн тоглоомонд хийсэн мэргэжлийн хяналтын шалгалтаар гарал үүсэл нь тодорхойгүй, насны хязгаарлалт заагаагүй, хүүхдийн биед хортой материалаар хийгдсэн, чанарын шаардлага хангахгүй зэрэг олон зөрчлүүд илэрсэн байдаг. 

-ПАРКИЙГ ХҮҮХДҮҮДИЙН ЧӨЛӨӨТ ЦАГАА ӨНГӨРҮҮЛЭХ ГАЗАР ГЭЖ ХЭЛЭХЭЭСЭЭ ИЛҮҮТЭЙГЭЭР АШИГ ОРЛОГО, БИЗНЕСИЙН ТАЛБАР БОЛЖ-

Гэтэл яагаад эдгээр тоглоомыг өнөөдрийг хүртэл ажиллуулсаар байна вэ. Хүүхдийн паркийг хүүхдүүдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх газар гэж хэлэхээсээ илүүтэйгээр ашиг орлого, бизнесийн талбар гэвэл зохилтой.  

Анх 1965 оны 11-р сарын 10-ны өдрийн шийдвэрээр  “Хотын Соёл Амралтын Парк” нэртэйгээр байгуулагдаж байсан тус газар нь нийт 30 тоглоомтой. Ихэнхийг нь Хонг-Конгогоос авчирсан гэсэн ч өнөөдөр зөвлөлтийн үеийн тоглоомнууд байх жишээний.

Хүүхдийн тоглоомын талбайн газрыг ард түмний нүдэн дээр хуваагаад зарчихсан. Гэтэл өнөөдөр ашиглалтын шаардлага хангахгүй тоглоомыг бизнесийн зориулалтаар ашиглаж хүүхдийн амь нас, эрүүл мэндэд заналхийлж байна шүү дээ. Анх газрыг нь авахдаа Хонконгийн Дисней лэнд шиг болгоод өгчихнө. Та бүхэн маш сайхан тогломоор хүүхдүүдээ тоглуулна гэж ярьж, хэлж явсан нөхдүүд өнөөдөр ямар тайлбар хийх гэж байна вэ?. 

Ашиглалтын шаардлага хангахгүй, хэзээ мөдхөн эвдэрч унахад бэлэн тоглоомыг ажиллуулахыг зөвшөөрсөн Мэргэжлийн хяналтынхан ч үүнд хариуцлага хүлээх ёстой. 

 Аливаа зүйлд эдэлгээний хугацаа дуусна гэж бий. Үүнийг паркийн удирдлагууд яагаад мэдэхгүй, ойлгохгүй байна вэ. Мэдсэн мэдээгүй юм шиг, харсан ч хараагүй юм шиг явсаар байна уу. Өчигдрийн осол тоглоомнуудын ашиглах хугацаа аль хэдий нь дууссан гэрчилж байна шүү дээ Паркийн удирдлагууд аа. 

Дональд Трамп: Хойд Солонгосын цөмийн зэвсгийн аюул гэдэг ойлголт байхгүй болсон

Хоёр хоногийн өмнө буюу энэ сарын 12-ны өдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын түүхэн уулзадт Сингапур улсад болсон билээ.  

 АНУ-БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалт зохион байгуулах асуудал тэртээ 30 жилийн өмнөөс эхтэй. Энэ санаачилгыг Ким Жон Уны өвөө болон аав нь гаргаж байсан удаатай. Гэхдээ АНУ-ын удирдагчдаас зөвхөн Дональд Трамп д энэ санаачилгыг урагшлуулахад тодорхой алхам хийсэн нэгэн билээ. Хойд Солонгосын зүгээс АНУ-тай харилцаагаа сайжруулах, хоригийг цуцлуулах, үүний хажуугаар аюулгүй байдлаа хангана гэж найдаж буй. Харин АНУ-ын Хойд Солонгосыг цөмийн зэвсгийн хөтөлбөрөөсөө татгалзахыг бүрэн шаардаж буй. 

Уулзалтын хамгийн гол зорилго нь, хоёр тал цөмийн зэвсгийн асуудлаар илэрхийлж буй байр сууриа нэгтгэх явдал юм. 

АНУ-ын Хойд Солонгосын цөмийн зэвсгээс татгалзахыг шаардаж буй. Харин Хойд Солонгос үүнийхээ оронд аюулгүй байдлыг нь хангаж өгөхийг шаардсанд гэдгийг эх сурвалж мэдээллэсэн. 

Тэгвэл АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп эх орондоо газардмагц “Хойд Солонгосын цөмийн зэвсгийн аюул” гэж ойлголт байхгүй болсныг твиттер хуудсандаа зарласан байна. Тэрбээр  одоо Хойд Солонгосын цөмийн зэвсгийн аюул гэж ойлголт байхгүй болсон. Ким Жон Унтай хийсэн уулзалт маш сонирхолтой, маш эерэг үр дүнтэй боллоо. Хойд Солонгосын ирээдүй сайхан харагдаж байна!” гэж бичжээ. 

ДАШТ-ийг олноороо үзэх боломжтой газрууд

ОХУ-д болох хөлбөмбөгийн ДАШТ өнөөдөр эхлэх гэж байна. Тэмцээн бүтэн сар үргэлжлэх бөгөөд ирэх долоодугаар сарын 15-н дуусна.

ДАШТ-ийг NTV Телевиз Монголд үзүүлэх онцгой эрхийг авч, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизтэй хамтран Монгол орон даяар хөлбөмбөг сонирхогчид, үзэгчиддээ хүргэнэ. Нийслэлд найзуудтайгаа, хамт олноороо хөлбөмбөгийн тэмцээнийг хөгжилдөн үзэх албан ёсны зөвшөөрөлтэй 10 газрыг санал болгож байна. 

Д/д

Хөлбөмбөгийн ДАШТ үзүүлэх газрын нэр

Байршил

Багтаамж

1

Хар сувд хөлөг онгоц

Үндэсний соёл амралтын хүрээлэн

300 хүний багтаамжтай

2

“Niciton Club

Үндэсний соёл амралтын хүрээлэн

 200 хүний багтаамжтай

3

UB FEST

 Сансар РЦНК

1,400 хүний багтаамжтай

4

MBC

Тэнгис кино театрын хажууд

150 хүний багтаамжтай

5

“Sky lounge”

Central tower 17 давхар

100 хүний багтаамжтай

6

“Brussels“

Shangri-la mall

100 хүний багтаамжтай

7

“Broadway ресторан

Бүх салбараар

 

8

Nomads chain of restaurants

Бүх салбараар

 

9

“Spree restaurant” 150 хүний багтаамжтай

Бөхийн өргөөгийн хажууд

150 хүний багтаамжтай

10

“Moustache”

Хан-Уул дүүрэг

80 хүний багтаамжтай

 

Парламент “засрал, хүмүүжлийг олж” эхлэв үү

УИХ ёс зүйгүй үйлдэл гаргасан байж болзошгүй нэг гишүүнээ чөлөөллөө. Гишүүнийг ёс зүйн асуудалтай нь холбогдуулан чөлөөлж байгаа анхны тохиолдол энэ байх. Араас нь Д.Мурат гээд бусад асуудал ч яригдах нь ойлгомжтой.
Залгуулаад “УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хоёр ч хуулийн төслийг хэлэлцэж эхлэв. Энэ өөрчлөлтөөр яригдаж байгаа асуудал нь бас л гишүүний үүрэг хариуцлагыг сайжруулах, УИХ-ын чадамжийг нэмэгдүүлэх асуудал юм.

Хуралдааны дэг зөрчдөг, хэлэлцэж буй асуудалтай огт холбогдолгүй асуудлаар байр сууриа илэрхийлж попордог, шоуддаг гишүүдэд сануулах, сануулгыг зөрчвөл үг хэлэх хугацааг дуусгавар болгох, хуралдааны танхимаас хөөж гаргадаг болох нь. Гишүүний ирцийг сар бүр олон нийтэд мэдээлж байх, хуралдаанд оролцоогүй цагийн хугацаанаас хамаарч гишүүний бүрэн эрхийн хугацааг дуусгавар болгож, эгүүлэн татах зэрэг заалт бас тусгагдаж.  Түүнчлэн бусдын өмнөөс санал өгдөг гажгийг засах гэж байгаа юм байна.

Ийнхүү гишүүдийн ёс зүй, хариуцлагын асуудлыг парламент нухацтай ярилцаж, бодит арга хэмжээ авч эхэлсэн нь сайшаалтай. УИХ-ын дарга М.Энхболд чуулганы нээлт дээр “Хариуцлагыг УИХ өөрөөсөө эхэлнэ” гэж хэлсэн нь хоосон үг байгаагүй бололтой. Өнгөрсөн намрын чуулганы сүүлч, энэ хаврын чуулганы эхнээс гишүүдийн ирц эрс сайжирсан. Дунджаар 60 гишүүнтэй буюу 80 шахам хувьтайгаар чуулган хуралддаг болсон нь сайн хэрэг. Ирц хүрэхгүйгээс болоод Байнгын хорооны хуралдаан хойшилдог байдал 2012-2016 оны Их хурлын үед бараг л байнгын үзэгдэл болоод байсан нь үндсэндээ мартагдлаа.

Хэдийгээр асуудал байгаа ч Монголын парламент ажил хэрэгч, хариуцлагатай байдалд шилжиж байгаа нь Засгийн газар, төрийн бүх шатны байгууллагуудад сайнаар нөлөөлөх биз ээ. Парламент өнөөдөр, маргааш хоёр өдрийн дотор нэгдсэн чуулганаараа 30 гаруй хууль, тогтоомжийн төслийг хэлэлцэх юм байна. Ийм олон асуудлыг нэг дор хэлэлцэж байсан түүх үгүй болов уу. Хугацаа сунгаж хуралдана гэдгээ Спикер мэдэгдлээ. Ийнхүү парламент үүрэг хариуцлагаа ухамсарлаж, “засарч, хүмүүжиж” эхэлсэн нь ганц хоёр хоногийн “үзэгдэл” биш байгаасай.

Уг нь муу хэлүүлдэг ч энэ Их хурал өмнөх парламентуудаасаа илүү бүтээлч байгааг статистик нотолж байгаа юм. Тухайлбал, 2012-2016 оны парламент эхний 3 чуулганаараа 269 хууль, 139 тогтоол буюу нийт 408 хууль тогтоомж баталж байсан бол энэ парламент эхний 3 чуулганаараа 493 хууль, 143 тогтоол буюу нийт 636 хууль тогтоомж баталсан байх жишээтэй.

2012-2016 оны парламентын гишүүдийн эхний 3 чуулганы тасалсан цагийн нийлбэр 9882 цаг болж байсан бол энэ парламентынх 1012 цаг болж, 9 дахин буурсан байх жишээтэй. Энэ мянга гаруй цагийн дийлэнх нь “сураггүй болсон” Б.Наранхүүд хамаарч байгаа. Хэлэлцэж буй хуулийн төсөл батлагдвал Б.Наранхүү гишүүн Д.Гантулга дүүгийнхээ араас явах нь ч ойлгомжтой болно.

Ийнхүү Төрийн хоймор буюу Парламентад хариуцлагын гэгээ тусаж эхэллээ. Байнга ийм байгаасай гэж хү

Хүүхдийн паркийн үйл ажиллагааг түр хугацаагаар хаажээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас жил бүр Үндэсний соёл амралтын хүрээлэнд хяналт шалгалт явуулж зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж ажилладаг. Хамгийн сүүлд 2018 оны 05 сарын 22-ны өдөр зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, осол аваараас урьдчилан сэргийлэх тухай зөвлөмж хүргүүлжээ. 

Тус зөвлөмжинд Үндэсний Соёл амралтын хүрээлэнд буй барилга байгууламж, 22 тоглоомын техник, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангаж, засвар үйлчилгээг тогтмол хийх зэрэг асуудлуудыг зөвлөжээ. 
Паркийн сансрын хөлөг тоглоомонд гарсан ослын учир шалтгааныг тодруулахаар НМХГ-ын улсын байцаагчид ажиллаж байна. Урьдчилсан байдлаар техникийн аюулгүй байдлыг хангаагүй , тоглоомын гар буюу суманд ан цав гарсны улмаас ачаалал дийлэлгүй осол гарсан, өдөр тутмын дотоодын хяналт шалгалт, цэвэрлэгээг хангалтгүй хийснээс шалтгаалсан гэсэн дүгнэлтийг хийгээд байна.
Одоогоор Үндэсний Соёл Амралтын хүрээлэнгийн ажиллагааг түр хаасан бөгөөд паркийн бүх тоглоомонд аюулгүй байдлыг хангах үүднээс бүх тоглоомонд хяналт, шалгалтын ажлыг эхлүүлээд байна. Осол гарсан тоглоомыг актлах шийдвэр гаргасан. Хэрэв осол эрүүгийн шинжтэй гэж үзвэл цагдаагийн байгууллагад шилжинэ, харин зөрчлийн шинжтэй гэж үзвэл НМХГ-аас захиргааны арга хэмжээ авах юм.

Допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдийг улсын наадамд барилдуулахгүй

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Үндэсний бөхийн долоон аваргыг хүлээн авч уулзжээ. Монголын ард түмний Үндэсний их баяр наадам болох гэж байна. Төр, түмнээ хүндэтгэж баяр наадмын үеэр маргаан хийхгүй байхыг анхааруулаад Бөхийн холбооны маргаан баяр наадамд нөлөөлөх учиргүй гэдгийг сануулав.

Аваргууд ч Шадар сайдтай санал нэг байгаагаа илэрхийлж, маргаан будилаангүй сайхан наадам болно гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв. Уулзалтаар хөндсөн бас нэгэн сэдэв нь допингийн шинжилгээ байв. Допинг хэрэглэхгүй байх, хяналт тавих, шударга барилдаан явуулахад анхаарч ажиллана. Сурталчилгаа, зөвлөгөө мэдээллээр бөхчүүдийг хангахах нь зүйтэй гэв. Допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдийг улсын баяр наадамд барилдуулахгүй байх, мөн оноолт, ам авахад найраа хийдэг явдлыг таслан зогсоох нь зүйтэй гэжээ.

АТГ-аас хэд хэдэн хавтаст хэргийг Нийслэлийн прокурорын газрын хяналтад шилжүүлжээ

АТГ-аас хэд хэдэн хавтаст хэргийг Нийслэлийн прокурорын газрын хяналтад шилжүүлжээ. Тодруулбал АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа хийсний дараа ДЦС-4 ТӨҮГ-ын эрх бүхий албан тушаалтнууд нь тээрмэрийн салхилуурын сэлбэг нийлүүлэх тендерт өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгжийг шалгаруулсан, түүнчлэн тендерт шалгарсан хуулийн этгээдийн төлөөллөөс 100 сая төгрөгийн хахууль авсан, мөн өөрийн хамаарал бүхий компанид давуу эрх олгож тендер сонгон шалгаруулалтад нөлөөлж албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн байна. Улмаар Багануур ХК-ийн охин компани болох "Багануур илч" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан С.Батболд нь компанийн хөрөнгийг хувьдаа завшиж, тус компанийг санхүүгийн хүнд байдалд оруулсан асуудлыг шалгуулахаар Прокурорын байгууллагад санал хүргүүлжээ.  

ОБЕГ-ын 15 дайчин амиа алдсан өдрөөс хойш яг 11 жил өнгөрчээ

Онцгой байдлын ерөнхий газрын 15 дайчин амиа алдсан өдрөөс хойш яг 11 жил өнгөрчээ. 2007 оны зургадугаар сарын 14. Тухайн үед Төрийн туг бөхийн, “МИ-8”-ийн ослоор амиа алдсан 15 хүүгийнхээ араас ард түмэн гашуудаж байлаа.

Тухайн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт ойн түймэр гарсан юм. Иймээс шүхэрчин, гал сөнөөгч зэрэг аврагчдыг нисдэг тэргээр түймрийн голомтод буулгах тушаалыг Онцгой байдлын асуудал эрхэлсэн тухайн үеийн сайд С.Отгонбаяр зургадугаар сарын 13-нд өгчээ. Эх орныхоо төлөө амь хайрлахгүй гэдгээ тангаргалсан 22 аврагч даалгаврыг гүйцэтгэхээр аав ээж, хань ижил, үр хүүхдээ орхиод үүрэгт албандаа мордсон.  Ингээд цаг агаарын хүнд нөхцөлд ойн түймэр унтраахаар мордсон 15 аврагч  эргэж ирэлгүй  эх орныхоо хөрсөнд шингэсэн юм. 

Эх орон 15 дайчнаа мартах учиргүй. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment