УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар чуулганы хуралдаан болон Байнгын хороодын хуралдаанд суудаггүй гишүүдийг эгүүлэн татдаг байх хуулийн төслийг хэлэлцсэн билээ.
Энэ хууль батлагдвал, идэвхгүй, төрийн ажлаа хийдэггүй гишүүдийг эгүүлэн татах боломж бүрдэж байгаа аж. Энэ хуулиар бол хамгийн түрүүнд Б.Наранхүү татагдах болзлыг бүрэн хангасан гэнэ.Тэгвэл хаврын чуулган эхэлсэн цагаас хойш бараг харагдаагүй УИХ-ын гишүүн Б.Наранхүү чуулганд суусан байна.
Энэ үеэр хэвлэлийнхэн чуулганы хуралдаан болон Байнгын хороодын хуралдаанд суудаггүй гишүүдийг эгүүлэн татдаг байх хуулийн төслийг талаар тодруулсан юм.
Тэрбээр “Би хуралдаа суугаад л байгаа шүү дээ. 65 гишүүн улс орны хөгжлийн асуудлаа яримаар байна шүү дээ. Одоо тэгээд бандааш, левчик, ирц гээд олон түмэнд таалагдах асуудал руу анхаарлаа хандуулаад байх шиг санагдаад байна. Би нэг зүйлийг анзаарсан. Улс орон маань хөгжих ёстой. Та нар ажлаа хийгээд цалингаараа амьдардаг эдийн засгийг бий болгох хэрэгтэй. Ард түмэнд таалагдах нэг өөр, хамгийн гол нь бодит эдийн засгийг тэлэх ёстой. Гадаад улс орны судалгааны ажил нэлээд хийж явлаа. Мөн нутагтаа ажиллаж байна. УИХ-ын гишүүдийн эгүүлэн татдаг болох хуультай холбогдуулан хэлэхэл ирц чухал асуудал биш. Өнөөдөр ирцийн асуудал яриад бүтэн нэг өдрийг алдаж байна.” гэсэн тайлбар мэдээллийг өгсөн юм.
Үүнээс харахад ирц хүрэхгүй байгаа гишүүдийг эгүүлэн татах тухай ярьж эхлэхэд гарч ирлээ ч гэж ярьж, хошигнож эхэлсэн гэнэ. Мөн түүний энэхүү тайлбараас харахад дунд ангийн сурагч хичээл таслаад явж байтал багш нь таарахаар "Багшаа би хичээлээ тасалсан ч даалгавараа хийж байгаа" гэдэгтэй агаар нэг санагдана.
Д.Болор