Д.Гантулгыг өчигдөр УИХ-ын гишүүнээс нь өөрийнх нь хүсэлтийн дагуу чөлөөлсөн. Тэгвэл түүнтэй адил ёс зүйн зөрчил гаргасан УИХ-ын гишүүн Д.Муратын асуудлыг хэрхэн вэ гэдэг нь олон нийтийн анхаарлыг татаж байгаа юм. Түүнийг УИХ-ын гишүүнээс нь түтгэлзүүлэх эсэх асуудлыг өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн хуралдаанаар хэлэлцээд дэмжээгүй. Харин түтгэлзүүлэхийг дэмжээгүй УИХ-ын тогтоолын төсөлд нь Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавьснаар уг асуудал дахин сөхөгдөж байна.
УИХ-аас Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцсэний дараагаар Д.Муратыг түтгэлзүүлэх эсэх асуудлыг дахин хөндөх юм. Тэгвэл УИХ-ын зарим гишүүдээс Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг нь тодрууллаа. Цаашлаад Д.Мурат гишүүний асуудлаар ямар, байр суурьтайг нь сонирхлоо.
УИХ-ын гишүүн Д.Мурат: Би шалгуулахад бэлэн
- УИХ-ын гишүүн, энгийн иргэн хоёр ижил тэгш эрхтэй. Би хууль хяналтын байгууллагаар шалгуулахад бэлэн. Заавал УИХ-ын гишүүнээсээ түтгэлзэж байж шалгуулах шаардлагагүй гэж бодож байгаа.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Д.Мурат гэм буруутай нь тогтоогдвол УИХ-ын гишүүнээсээ бүрэн татгалзана
- Д.Мурат гишүүний асуудал хууль хяналтын байгууллагаар шалгагдаад гэм буруутай, буруугүй нь тогтоогдсоны дараа гишүүний бүрэн эрх цаашид сэргэх эсэх нь тодорхой болно. Гэм буруугүй гэж үзвэл бүрэн эрх нь сэргэнэ. Эсрэгээрээ гэм буруутай гэж үзвэл УИХ-ын гишүүнээсээ бүр мөсөн чөлөөлөгдөнө. АН Д.Мурат гишүүнээ авч үлдэх ямар ч боломжгүй. Олонхийн бүлгийн шийдвэрээс их зүйл хамаарна.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Д.Мурат гишүүн гэмт хэрэг хийгээгүй
- Төрийн өндөр албан тушаалтай хүмүүс ёс зүйн талаасаа хууль дээдлэх зарчмаар ажиллах ёстой. Хууль зөрчсөн эсэхийг шүүхийн байгууллага шийднэ. Хэрэг нь шүүхээр шалгагдаад шийдэгдэнэ биз. Хүмүүс улс төрчдөд ёс зүйн шаардлага тавьж байна. Тэгэхээр Ерөнхийлөгчийн зүгээс уг асуудлыг эцэслэн шийд гэх утга, агуулгаар хориг тавьсан байх. Түүнээс хэн, нэгний мууг үзэх гэж хориг тавиагүй гэж бодож байна. Д.Мурат гишүүний асуудлыг Эрүүгийн хуулиар нь аваад үзвэл гэмт хэргийн шинжтэй биш. Хувь хүмүүсийн хоорондын харилцааны асуудал. Айл гэрт дайрч ороод амьтан хүн барьж аваад хүчиндээд явчихсан хэрэг биш. Энэ бол эрүүгийн гэмт хэрэг биш. Хохирогч гэх эмэгтэй нь өөрийг нь зодсон гэж хэлээд байгаа. Зодсон, зодоогүйг шүүх эмнэлгээс эцэслэн тогтооно. Үнэхээр зодсон байвал асуудал үүснэ. Зодоогүй тохиолдолд улс төр хийх зорилгоор уг асуудлыг яриад явж болохгүй. Нөгөө бүсгүй нь нийслэлийн прокурорын газарт албан ёсоор гомдолгүй гэх бичгээ өгсөн гэсэн шүү дээ. Тэгэхээр энэ өнцгөөс нь харсан гэмт хэрэг биш болчихоод байгаа юм. Ерөнхийлөгч хориг тавьсан. Нийт гишүүдийн 26 нь зөвшөөрөл хориг хүчин төгөлдөр болоод явна.Д.Мурат гишүүнийг түтгэлзүүллээ гэхэд АН-ын бүлгийн үйл ажиллагаа хүчин төгөлдөр үйлчилнэ.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байна
- Би Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж кноп дарна.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Том гэмт хэрэгтнээ хамгаалаад байгаа юм шигээр ойлгоод байна
- Ерөнхийлөгч хориг тавьсан. Д.Мурат гишүүний асуудлыг би гэмт хэрэг гэж үзэхгүй байгаа. Өөрөөр ч шалгуулахад бэлэн байгаа гэсэн. Бид аливаа асуудалд сэтгэлийн хөөрлөөр хандаж болохгүй. АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзэж байгаа. Учир нь манай гишүүн гэмт хэрэг хийгээгүй гэдгээ удаа дараа мэдэгдсэн. Түтгэлзсэн ч эс түтгэлзсэн ч асуудлыг авч үзнэ. Шүүхээр бүх асуудлаа шалгуулаад үнэн, зөвөө тогтоолгох ёстой. Гэм буруугүй нь тогтоогдвол УИХ-даа буцаад ажиллах бололцоотой. Нийгэм дэхь олон талын хардлагыг нэг тийш болгох хэрэгтэй. Тэгэхгүй АН-ыг том гэмт хэрэгтээ өмгөөлөөд байгаа юм шигээр хүмүүс ойлгоод байна. Тиймээс зарчмын хувьд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зөв гэж харж байгаа.
Т.Хулан