8o
Улаанбаатар хот
mobile menu

Улаанбаатар хотыг илэрхийлэх шинэ брэнд Ulaanbaatar city tour bus

2018-06-15 13:12:01

Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн жуулчдын тав тух, аюулгүй байдлыг хангах, аялал жуулчлалын үйлчилгээний чанар болон хүртээмжийг нэмэгдүүлэх, жуулчдыг татах шинэ аяллын бүтээгдэхүүн бий болгох зорилгоор “Ulaanbaatar City Tour” буюу хотын автобустай аяллын үйлчилгээг өнөөдрөөс эхлүүлж байна.

“Ulaanbaatar City Tour” нь дотоод гадаадын жуулчдад нийслэлийн болон хот орчмын түүхийн дурсгалт газар, урлаг соёл, музей үзвэрийн газрууд, үндэсний томоохон үйлдвэрлэгч компаниудын үйл ажиллагааг танилцуулна. Ингэснээр гадаадын жуулчдаас гадна нийслэлчүүд болон хөдөө орон нутгийн иргэд маань 379 жилийн түүхтэй нийслэл хотынхоо түүхэн дурсгалт газрууд, хөгжил дэвшилтэй танилцан аялал амралт, чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх боломжтой болж байна.

Энэхүү аялалын автобусыг танилцуулах, анхны аялалын үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд уригдан оролцлоо. Тэрбээр энэхүү үйл ажиллагааг дэмжиж байгаа бөгөөд энэ үеэр хэлсэн үгэндээ “бид жуулчдыг татаж аялал жуулчлалын эдийн засгийн салбар болгоно гэж ярьдаг. Үүний эхэнд жуулдчдыг татахын тулд тэдэнд зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээ, стандартыг бий болгох хэрэгтэй. Дэлхийн жишигт нийцсэн стандарттай үйлчилгээтэй байж жуулчдыг татах ёстой. Монгол Улсад ирдэг жуулчид хөдөө нүүдэлчдийн амьдрал, хөвсгөл далай гээд зорьдог бол Улаанбаатар хотод саатах жуулчдад зориулсан стандарт үйлчилгээг бий болгох хэрэгтэй. Үүний нэг нь City tour автобусны үйлчилгээ юм. Нийслэлд байгаа түүхэн дурсгалт газруудаар аялах боломжийг жуулчдад олгож байна. Хэдий Улаанбаатар хот цар хүрээ багатай гэдэг боловч бидэнд олон түүх дурсгалт газар бий. Цаашдаа бид гадаад болон дотоодын жуулчдад зориулсан нийслэл хотод үзэх ёстой, очих ёстой газруудыг төлөвлөж бий болгохоор ажиллана” гэлээ.

Аялал жуулчлал нь Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэгч салбаруудын нэг бөгөөд манай орны эдийн засгийн хөгжлийг хурдасгаж, экспорт, хөрөнгө оруулалт, гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэн, ажлын байрыг олноор бий болгон дотоодын үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүний борлуулалтыг өсгөх өндөр ач холбогдолтой салбар юм. Монгол Улсад өнгөрсөн 2017 онд ирсэн гадаадын жуулчдын тоо 471 мянгад хүрч эдийн засагт 400 сая ам долларын орлогыг оруулсан ба 2018 онд энэ тоо өсөх хандлагатай байна. Улаанбаатар хот нь гадаадын жуулчдын аялан зочлох, дамжин өнгөрөх гол цэг бөгөөд Монгол Улсад хүрэлцэн ирж байгаа нийт аялагчдын 92 гаруй хувь нь нийслэл хотоор дамждаг. Тиймээс энэхүү аялалын автобусны үйлчилгээ нь жуулчдыг нийслэл хоттой танилцах, түүхэн дурсгалт газраар аялуулах юм. Хотын аяллын автобус нийслэл дэх Монголын томоохон аялал жуулчлалын үзмэрүүд болох жанжин Д.Сүхбаатарын талбай, Гандантэгчинлэн хийд, Улаанбаатар үсгэн хөшөө, Богд хааны ордон музей, Хуримын ордон, Чойжин ламын музей, Цонжин болдогоор тойрон аялна гэж нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment