8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Өвөрхангай аймагт газар хөдөлж, Төрийн ордны арын цэцэрлэгийг нээхээр болсон өдөр

2018-06-15 18:40:00

Дуулиантай, дуулгах сонинтой, дурсах цаг мөчтэй нэгэн шинэ өдөр дуусч байна. Улс төр, нийгэм, эдийн засаг гээд гадаад ертөнц хүртэл сонирхолтой, содон бас түгшээсэн мэдээллээр дүүрэн долоо хоног танд талархая. Ирэх амралтын өдрүүдэд цаг агаар тогтуун байх нь ээ. Тиймээс гэр бүлдээ цаг гаргаарай гэж зөвлөмөөр байна. Оюун уxаан ундаршгүй тул

Уншиж мэдэxэд цаг гарга

Ариун xишиг бурxныx тул

Хайр сэтгэлдээ цаг гарга... гэдэг шүлэг байдаг шүү дээ.

Өнөөдөр улс эх орны минь улс төр, нийгэмд сонсч дуулах мэдээллээр дүүрэн байлаа. 2018 оны улсын төсөвт хүүхдүүдэд сар бүр олгодог 20 мянган төгрөгийн тэтгэмжид зориулан 164 тэрбум төгрөг хуваарилжээ. Энэ нөөцийг нийт хүүхдийн 60 хувьд олгоно.Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаанд үндэслэн хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд олгож байсан юм. Харин өнгөрсөн оны сүүлээр улсын төсвийн орлого 500 орчим тэрбум төгрөгөөр давж биелсэн тул бүх хүүхдэд нөхөн олгосон. 2017 оны төсвийн тодотголд хүүхдийн мөнгийг 2017 оныг дуустал бүх хүүхдэд олгоход зориулан 104,5 тэрбум төгрөг зарцуулжээ. Харин энэ онд бүх хүүхдэд олгох эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Засгийн газрын тогтоолын дагуу босго оноо тогтоон, босго даваагүй өрхүүдэд л хүүхдийн мөнгө олгох талаар мэдээлэл гарлаа. Ингээд бусад онцлох мэдээллийг багтаасан Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна. 

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа 

Ч.Улаан: "Рио Тинто"-гийн Монгол дахь захирал асан гишүүдийг лоббидох бичиг ирүүлсэн

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар  Засгийн газраас өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг  хэлэлцсэн ч гишүүдийн олонхийн саналаар дэмжээгүй юм. Гишүүд уг хуулийг Оюутолгойд зориулсан хуулийн төсөл байна хэмээн эсэргүүцсэн ч УИХ-ын дарга гурван ч удаа санал хураалт явуулсан. Мөн Ам Чам-аас УИХ-ын гишүүдэд татварын багц хуулийг дэмжиж өгөөч гэсэн утга бүхий бичиг ирүүлсэн гэх мэдээлэл байгаа юм.. Тус хуулийн төслийн төсөл болон Ам Чам-аас ирсэн бичгийн талаар УИХ-ын гишүүн Ч.Улаанаас тодрууллаа.

-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг дэмжээгүй шалтгаан нь юу вэ? 

-Дотоодынхоо үйлдвэр эрхлэгчдийг дэмжих, бизнес эрхлэгчдэд таатай орчин бүрдүүлэхийн тулд татварын таатай орчин бүрдүүлэх нь зүйтэй. Татварын хуульд оруулсан заалтуудыг судалж үзэхээр алдаатай зүйлүүд нэлээд байсан. Ялангуяа татварын хууль бол бүх аж ахуй эрхлэгчдэд үйлчилнэ. Дотоод, гадаадын гэж зааглахгүй. Гэтэл бид дотоодын бизнес эрхлэгчдээ дэмжье гээд татварынхаа ачааллыг багасгаад дэмжлэг үзүүлээд ирэхээр манайд хөрөнгө оруулт хийж ажиллаж байгаа томоохон хөрөнгө оруулагчид ч адил хамрагдах болно. Гэтэл хөрөнгө оруулагчдад бид татварын нэлээд таатай орчин бүрдүүлээд өгчихсөн байгаа. Тиймээс дотоод, гадаадын бизнес эрхлэгчдийг хэрхэн зааглах гэдэг нь тодорхойгүй байна. 

-Оюутолгой компанид хэт давуу эрх олгох заалтууд туссан гэдэг нь хэр үндэслэлтэй вэ?

-Орж ирсэн хуулийн агуулгаар үзвэл Оюутолгой компани татварын хөнгөлөлтөд хамрагдана. Хөрөнгө оруулалтын гэрээнд татварын талаар тусгагдсан асуудлуудын гуравны нэг нь хамрагдахаар байгаа. Үүнд чамгүй хэмжээний татварын хөнгөлөлт эдлэхээр байгаа юм. Тодорхойгүй заалтууд ч байгаа. Тухайлбал, зардлаа нотлоогүй байсан ч татварт оногдуулах орлогоос хасч тооцно гэсэн заалт байх жишээтэй. Гэтэл бид Оюутолгой дээр санхүүгийн баримтыг үзэж, зардал гүйлгээг нь баталгаажуулсан. Эндээс илэрсэн зөрчлийг л одоо болтол хүлээн зөвшөөрөөгүй байгаа байгууллага. Гэтэл зардлаа баталгаажуулахгүйгээр хасалт хийгээд явахаар юу болох вэ. Энэ мэт алдаатай зүйлүүд байгаа учраас нэлээд ажиллах шаардлагатай хуулийн төсөл гэж үзсэн.

-Гаднын компаниуд Монголоос олсон орлогынхоо 20 хувийг татварт төлдөг байсан бол таван хувь болгон бууруулж байгаа гэсэн?

-Монголд бүртгэлгүй албан татвар төлөгч, Монгол Улсад үйл ажиллагаа явуулаад олсон орлогоосоо 20 хувийн татвар төлдөг байсан. Энэ татварыг дотор нь хоёр, гурав хуваагаад 5-10 хувь болгон бууруулсан заалт байгаа. Үүнийг ч анхаарах ёстой. Мөн Оюутолгой компанийн удирдлагын зардалд 20 хувийн татвар оногдуулдаг байсан. Гэтэл энэ удирдлагын зардал гэдгийг ойлгомжгүй болгоод удирдлагын үйлчилгээний орлого гэдэг шинэ ойлголтыг гаргаж ирж оруулсан. Ингэснээр удирдлагын зардал нь удирдлагын үйлчилгээний зарлага гэдэг ангилал руу гүйгээд татвараас чөлөөлөгдөх эрсдэл байгаа. Удирдлагын зардлыг ингэж ангилах ямар шаардлага байгаа вэ гэдэгт бид тайлбар авч чадаагүй. Энэ мэт тооцоо судалгаа хийх маш олон заалт байсан.

-АН Чамаас танд бичиг ирсэн талаар та өчигдөр чуулган хуралдаан дээр хэлж байсан. Яг ямар утгатай бичиг юм бэ. Сангийн яамны оруулж ирсэн хуулийн төсөл тэр хүнээс ирсэн бичигтэй ижил байна гэсэн шүү дээ?

-Америк Монголын бизнесийн худалдааны танхим буюу Ам Чам гэдэг байгууллагын Удирдах зөвлөлийн дарга Камерон Макре гэж хүн УИХ-ын гишүүдэд албан бичиг ирүүлсэн байна лээ. Надад бол нэр зааж ирүүлсэн. Энэ бичгэн дээр одоогийн орж байгаа татварын хуулиудыг хэлэлцэхэд харж үзээч гэсэн саналуудыг тусгасан байсан. Камерон Макре бол Оюутолгой компанийн Рио Тинтогийн Монгол дахь захирлаар олон жил ажилласан хүн. Гэтэл энэ хүн татварын хуулиуд дээр тодорхой саналууд тавьж, Засгийн газартай ойлголцсон гэхдээ сүүлийн удаа лобби хийх гэж оролдож байна. Энэ асуудлуудыг хуульд тусгаж өгөөч гэсэн бичиг ирсэн. Би бол энэ лоббид оролцохгүй. Энэ ирсэн албан бичиг, хуулийн тодорхой заалтууд үг, үсэг зөрөхгүй таараад байгаа юм. Сангийн яамныхнаас “та нар үнээр бодож энэ заалтуудыг хуульд тусгасан уу. Аль эсвэл хэн нэгний заавраар тусгасан уу” гэж асуусан. Сангийн яамныхан “бид өөрсдөө бодож олсон. Бид тусгаарлагдаж сууж байгаад боловсруулсан хууль гэж тайлбарлаж байналээ. Гэхдээ нэг ч үг, үсэг зөрүүгүй таарч тохирч байгаа нь эргэлзээ төрүүлж байгаа. Энэ хуульд Ам Чамаар дамжуулаад Рио Тинтогийн лобби явж байна. Тиймээс УИХ-ын Оюутолгойн үр өгөөжийг сайжруулахын төлөөх лобби бүлэг маш их анхааралтай ажилласан.

-Оюутолгойд тавьсан татварын актаар хоёр тал ажлын 60 хоногт ойлголцохгүй бол Арбитрт очно гэж байсан. Энэ хугацаа дуусах дөхлөө. Хоёр тал ойлголцож чадсан болов уу?

-Монгол Улсын татварын байгууллага өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд Оюутолгой компанид татварын акт тавьсан. Оногдуулсан татварыг хуулийн хугацаанд төлөх ёстой. Үүн дээр хоёр тал санал нэгдэхгүй байвал харилцан ойлголцохгүй байвал бодит байдлаа баримтаар нотлох ёстой. Ойлголцоод хуулийн дагуу асуудлаа шийдээд явах ёстой.

Б.Наранхүү: УИХ-ын чуулганы ирц чухал асуудал биш

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар чуулганы хуралдаан болон Байнгын хороодын хуралдаанд суудаггүй гишүүдийг эгүүлэн татдаг байх хуулийн төслийг хэлэлцсэн билээ.

Энэ хууль батлагдвал, идэвхгүй, төрийн ажлаа хийдэггүй гишүүдийг эгүүлэн татах боломж бүрдэж байгаа аж. Энэ хуулиар бол хамгийн түрүүнд Б.Наранхүү татагдах болзлыг бүрэн хангасан гэнэ.Тэгвэл хаврын чуулган эхэлсэн цагаас хойш бараг харагдаагүй УИХ-ын гишүүн Б.Наранхүү  чуулганд суусан байна.

Энэ үеэр хэвлэлийнхэн чуулганы хуралдаан болон Байнгын хороодын хуралдаанд суудаггүй гишүүдийг эгүүлэн татдаг байх хуулийн төслийг талаар тодруулсан юм. 

Тэрбээр “Би хуралдаа суугаад л байгаа шүү дээ. 65 гишүүн улс орны хөгжлийн асуудлаа яримаар байна шүү дээ.Одоо тэгээд бандааш, левчик, ирц гээд олон түмэнд таалагдах асуудал руу анхаарлаа хандуулаад байх шиг санагдаад байна. Би нэг зүйлийг анзаарсан. Улс орон маань хөгжих ёстой. Та нар ажлаа хийгээд цалингаараа амьдардаг эдийн засгийг бий болгох хэрэгтэй.  Ард түмэнд таалагдах нэг өөр, хамгийн гол нь бодит эдийн засгийг тэлэх ёстой. Гадаад улс орны судалгааны ажил нэлээд хийж явлаа. Мөн нутагтаа ажиллаж байна. УИХ-ын гишүүдийн эгүүлэн татдаг болох хуультай холбогдуулан хэлэхэл ирц чухал асуудал биш. Өнөөдөр ирцийн асуудал яриад бүтэн нэг өдрийг алдаж байна.” гэсэн тайлбар мэдээллийг өгсөн юм.

Үүнээс харахад ирц хүрэхгүй байгаа гишүүдийг эгүүлэн татах тухай ярьж эхлэхэд гарч ирлээ ч гэж ярьж, хошигнож эхэлсэн гэнэ. Мөн түүний энэхүү тайлбараас харахад дунд ангийн сурагч хичээл таслаад явж байтал багш нь таарахаар "Багшаа би хичээлээ тасалсан ч даалгавараа хийж байгаа" гэдэгтэй агаар нэг санагдана.  

Байр суурь: "Том гэмт хэрэгтнээ өмгөөлөөд байгаа юм шиг ойлголттой байна. Тийм биш шүү"

.Гантулгыг өчигдөр УИХ-ын гишүүнээс нь өөрийнх нь хүсэлтийн дагуу чөлөөлсөн. Тэгвэл түүнтэй адил ёс зүйн зөрчил гаргасан УИХ-ын гишүүн Д.Муратын асуудлыг хэрхэн вэ гэдэг нь олон нийтийн анхаарлыг татаж байгаа юм. Түүнийг УИХ-ын гишүүнээс нь түтгэлзүүлэх эсэх асуудлыг өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн хуралдаанаар хэлэлцээд дэмжээгүй. Харин түтгэлзүүлэхийг дэмжээгүй УИХ-ын тогтоолын төсөлд нь Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавьснаар уг асуудал дахин сөхөгдөж байна. 

УИХ-аас Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцсэний дараагаар Д.Муратыг түтгэлзүүлэх эсэх асуудлыг дахин хөндөх юм. Тэгвэл УИХ-ын зарим гишүүдээс Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг нь тодрууллаа. Цаашлаад Д.Мурат гишүүний асуудлаар ямар, байр суурьтайг нь сонирхлоо.


УИХ-ын гишүүн Д.Мурат: Би шалгуулахад бэлэн

- УИХ-ын гишүүн, энгийн иргэн хоёр ижил тэгш эрхтэй. Би хууль хяналтын байгууллагаар шалгуулахад бэлэн. Заавал УИХ-ын гишүүнээсээ түтгэлзэж байж шалгуулах шаардлагагүй гэж бодож байгаа.  

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Д.Мурат гэм буруутай нь тогтоогдвол УИХ-ын гишүүнээсээ бүрэн татгалзана

- Д.Мурат гишүүний асуудал хууль хяналтын байгууллагаар шалгагдаад гэм буруутай, буруугүй нь тогтоогдсоны дараа гишүүний бүрэн эрх цаашид сэргэх эсэх нь тодорхой болно. Гэм буруугүй гэж үзвэл бүрэн эрх нь сэргэнэ. Эсрэгээрээ гэм буруутай гэж үзвэл УИХ-ын гишүүнээсээ бүр мөсөн чөлөөлөгдөнө. АН Д.Мурат гишүүнээ авч үлдэх ямар ч боломжгүй. Олонхийн бүлгийн шийдвэрээс их зүйл хамаарна.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Д.Мурат гишүүн гэмт хэрэг хийгээгүй

- Төрийн өндөр албан тушаалтай хүмүүс ёс зүйн талаасаа хууль дээдлэх зарчмаар ажиллах ёстой. Хууль зөрчсөн эсэхийг шүүхийн байгууллага шийднэ. Хэрэг нь шүүхээр шалгагдаад шийдэгдэнэ биз. Хүмүүс улс төрчдөд ёс зүйн шаардлага тавьж байна. Тэгэхээр Ерөнхийлөгчийн зүгээс уг асуудлыг эцэслэн шийд гэх утга, агуулгаар хориг тавьсан байх. Түүнээс хэн, нэгний мууг үзэх гэж хориг тавиагүй гэж бодож байна. Д.Мурат гишүүний асуудлыг Эрүүгийн хуулиар нь аваад үзвэл гэмт хэргийн шинжтэй биш. Хувь хүмүүсийн хоорондын харилцааны асуудал. Айл гэрт дайрч ороод амьтан хүн барьж аваад хүчиндээд явчихсан хэрэг биш. Энэ бол эрүүгийн гэмт хэрэг биш. Хохирогч гэх эмэгтэй нь өөрийг нь зодсон гэж хэлээд байгаа. Зодсон, зодоогүйг шүүх эмнэлгээс эцэслэн тогтооно. Үнэхээр зодсон байвал асуудал үүснэ. Зодоогүй тохиолдолд улс төр хийх зорилгоор уг асуудлыг яриад явж болохгүй. Нөгөө бүсгүй нь нийслэлийн прокурорын газарт албан ёсоор гомдолгүй гэх бичгээ өгсөн гэсэн шүү дээ. Тэгэхээр энэ өнцгөөс нь харсан гэмт хэрэг биш болчихоод байгаа юм. Ерөнхийлөгч хориг тавьсан. Нийт гишүүдийн 26 нь зөвшөөрөл хориг хүчин төгөлдөр болоод явна. Д.Мурат гишүүнийг түтгэлзүүллээ гэхэд АН-ын бүлгийн үйл ажиллагаа хүчин төгөлдөр үйлчилнэ. 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байна

- Би Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж кноп дарна.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Том гэмт хэрэгтнээ хамгаалаад байгаа юм шигээр ойлгоод байна

- Ерөнхийлөгч хориг тавьсан. Д.Мурат гишүүний асуудлыг би гэмт хэрэг гэж үзэхгүй байгаа. Өөрөөр ч шалгуулахад бэлэн байгаа гэсэн. Бид аливаа асуудалд сэтгэлийн хөөрлөөр хандаж болохгүй. АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзэж байгаа. Учир нь манай гишүүн гэмт хэрэг хийгээгүй гэдгээ удаа дараа мэдэгдсэн. Түтгэлзсэн ч эс түтгэлзсэн ч асуудлыг авч үзнэ. Шүүхээр бүх асуудлаа шалгуулаад үнэн, зөвөө тогтоолгох ёстой. Гэм буруугүй нь тогтоогдвол УИХ-даа буцаад ажиллах бололцоотой. Нийгэм дэхь олон талын хардлагыг нэг тийш болгох хэрэгтэй. Тэгэхгүй АН-ыг том гэмт хэрэгтээ өмгөөлөөд байгаа юм шигээр хүмүүс ойлгоод байна. Тиймээс зарчмын хувьд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зөв гэж харж байгаа. 

Хуурамч хаягаар дамжуулан 2 сая төгрөг залилсан хэрэг гарчээ

Хуурамч цахим хаягаар дамжууллан иргэдээс мөнгө залилдаг хэрэг сүүлийн үед нэлээд гарах болсон билээ. Тэгвэл энэ төрлийн гэмт хэрэг өчигдөр дахин үйлдэгдсэн байна. Тухайлбал, эуурамч фэйсбүүк хаягаас орон сууцны найман хувийн зээлд хамруулж өгөх нэрийдлээр мессенжерээр холбогдож данснаас нь хоёр сая нэг зуун мянган төгрөг залилсан хэрэг гарсан байна. 

Тиймээс цагдаагийн байгууллагаас иргэдийг энэ төрлийн залилангийн гэмт хэргийн золиос болохгүй байж, болгоомжтой байхыг анхааруулж байна.

Б.Пүрэвдорж: Төрийн банкийг 40 тэрбумаар  Ц.Нямдоржийн Г.Алтан авна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.  

2020 ондоо багтаа “МИАТ”-ийн 49 хувь, Төрийн банк, Монголын хөрөнгийн бирж 100 хувь, Монгол шуудан 10 хувь, Монголын цахилгаан холбоо 66 хувь, ХАА-н бирж, Мэдээлэл холбооны сүлжээ 49 хувь болон орон нутгийн өмчит 20 АЗЗА компанийг дуудлага худалдааны зарчмаар худалдахаар оруулж ирээд байгаа юм.                                                         

Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Болд гишүүн “МИАТ-ийн хувьчлалыг дангаар нь хэдэн долоо хоног хэлэлцэх учиртай. Гэтэл компанит байдлаар маш олон төрийн өмчийг нэг дор хувьчлах гээд оруулж байна. Өмч хувьчлалын бодлого чинь өөрөө нийгмийн өмчлөлийн бодлого. Герман дайны дараа өмч хувьчлалаар босч ирсэн. Одоо хөгжлийг нь хар.

Б.Пүрэвдорж гишүүн “ Нэгт, Хөрөнгийн бирж.  Энэ газрын зөвхөн газрыг нь зарахад 35 тэрбум баталгаатай хүрнэ. Гэтэл 20 тэрбумаар хувьчилна гээд оруулаад ирж байна. Илт луйвар явна гэсэн үг.  Хоёрт, Төрийн банк. Төрийн банкны нийт актив нь асар өндөр. Албан тушаалын томилгоо асар их явдаг учраас цэвэр ашгийн хэмжээ буурсан үзүүлэлттэй явдаг.Төрийн банкийг хувьчилбал  Ц.Нямдоржийн Г.Алтан авна. Ердөө 75 тэрбумаар хувьчлах саналаар орж ирсэн. Өр нь 35 тэрбум байгаа. Тэгэхээр үндсэндээ 40 тэрбумаар Ц.Нямдоржийн хүн Төрийн банкийг авна гэсэн үг. Ийи л зүйл явж байна.

О.Баасанхүү гишүүн: Төрийн банк бол миний ойлгож байгаагаар Хадгаламж банк. Стандарт банкны 109 сая ам.долларын маргаан шүүхээр явж байгаа. Тийм болохоор Төрийн банкийг ердөө 75 тэрбумаар хувьчлах  гээд та нар тохирчихсон юм биш үү. Ер нь ийм асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлэх ёстой. Маш хайнга байдлаар чуулганд оруулж ирж байна. Хөрөнгийн биржийн хувьд ч тэр маш бага үнээр үнэлсэн байна. Манай улс гол гол өмчүүдээрээ тоглож, төр ашиггүй ажилладаг. Төр муу ажилладаг гэсэн мессижийг зориуд үүсгэдэг. Ер нь  асуудлыг долоо хэмжиж, нэг огтлох хэрэгтэй.

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар “Б.Пүрэвдорж, О.Баасанхүү хоёр төслөө сайн уншмаар байна. Шууд үнэлгээг нь тогтоочихсон юм шиг  яриад байх юм. Блансын үнэлгээг нь шүүрч аваад яриад байна. Асуудлаа ойлго. Ямар ч банкийг активын үнэлгээгээр үнэлдэггүй. Аудит, үнэлгээнүүд шат дараалан орж байж, хувьчлах үнийг тогтооно. Олон нийтэд санал болгож, хөрөнгийн биржээр хувьчилна. Хэн нэгэнд илт давуу эрх олгохгүй байх чиглэлийг Засгийн газраас  барьж байгаа. МИАТ компанийн 49 хцвийг хувьчлах гэж байгаа. Дэлхий нийтийн жишиг ч ийм байгаа. Бид энэ жишигтэй уялдан хөгжиж айж, урагшаа явна. Шууд л тэр авчихна. Энэ авчихна гэж хардах болохгүй.

ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор “Өмч хувьчлал өнгөрсөн жил яригдсан хэдий ч ихэнх компаниуд алдагдалтай ажиллаж байсан учраас хойшлуулсан. Дахин оруулах гэтэл  Засгийн газар огцорсон. Ийм байдлаар хойшилж ирсэн байдаг. Ер нь хувьчлах эсэх эцсийн шийдвэрийг УИХ гаргана. Хөрөнгийн үнэлгээг хуулиараа бид үнэлэхгүй. Хууль тогтоомжийн хуулийн хүрээнд бид зөвхөн блансын үнэн дүнг тавьсан юм. Заавал үнийн төсөөлөл байх шаардлага тавьсан учраас дүн оруулж ирж байна. УИХ хувьчлахаар шийдвэр үнэлгээ дахин хийгдэж, үнэ тогтоно.

Өмч хувьчлалын асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.

Булган аймагт үер бууж 6 настай хүү амиа алджээ

Ойрын өдрүүдэд нийт нутгаар дуу цахилгаантай, усархаг, хүчтэй аадар бороо орно гэдгийг Цаг уурын байгууллагаас анхааруулж байгаа билээ. Өчигдөр төвийн болон зүүн аймгуудаар хүчтэй аадар бороо орж үер буусан байна. Тухайлбал, өчигдөр Сүхбаатар аймагт үер буусан бол Булган аймагт мөн хүчтэй аадар бороо оржээ. Булган аймгийн Хутаг-Өндөр суманд өнөөдөр асар хүчтэй бороо орсны улмаас үер буужээ.  Үерийн улмаас айлын хашаа, байшин, мал урссан байна.  Мөн энэ үеэр зургаан настай нэг хүү үерт урсаж амиа алдсан байна. Үүнээс гадна нэг эмэгтэй хүн ор сураггүй болсон гэх мэдээллийг ОБЕГ-аас мэдээлж байна. 

ХЭҮК-оос Увс аймгийн Засаг даргад шаардлага хүргүүлжээ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Увс аймаг дахь референт Я.Хонгорзулд хандан тус аймгийн иргэдээс ирүүлсэн гомдолд ажиллагаа явуулсаны үндсэн дээр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Н.Ганбаяр хүний эрхийн зөрчлийг арилгуулахаар 2018 оны 06 дугаар сарын 12-нд Увс аймгийн Засаг даргад хандан Шаардлага хүргүүлжээ. Тус шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Шаардлагад "Увс аймгийн засаг дарга Д.Батсайхан танаа 
Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн нэр бүхий ажилтнууд Комисст хандаж ирүүлсэн гомдолдоо "...Манай эмнэлэгт хөдөлмөрийн чадвар алдалтаа тогтоолгосон 30 орчим хүн ажилладаг бөгөөд Д.Доржготов нь 2016 онд тус эмнэлгийн даргаар томилогдсоноос хойш хөдөлмөрийн чадвар алдалтаа тогтоолгосон ажилтнуудад ур чадварын нэмэгдэл олгоогүй 2 жил шахам болж байна. Урьд нь бидэнд хуульд заасны дагуу ур чадварын нэмэгдлийг олгодог байсан. Иймд эмнэлгийн удирдлагууд хөдөлмөрийн чадвар алдалтаа тогтоолгосон ажилтнуудыг ялгаварлан гадуурхаж, ур чадвартай ажиллах боломжгүй гэж үзэж нэмэгдэл олгохгүй байгаад гомдолтой байна...” гэжээ.

Комиссоос гомдлын дагуу тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга болон холбогдох бусад албан тушаалтнаас тайлбар, тодруулга авах, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, баримт бичиг, холбогдох хууль тогтоомж судлах зэрэг ажиллагааг явуулахад хүний эрхийн дараах зөрчил тогтоогдож байна.

Нэгдсэн эмнэлгийн нэр бүхий ажилтнууд дээрх гомдолд дурдсан асуудлаар аймгийн Мэргэжлийн хяналтын газарт өргөдөл гаргасан байх бөгөөд тус газрын даргын 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 156 тоот өргөдлийн хариу албан бичигт"... аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Д.Доржготовыг хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөрлөх эрхийг хангах чиглэлээр холбогдох хууль тогтоомжийн хэрэгжүүлж ажиллах талаар...” дурджээ.

Комисст Аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Д.Доржготов гаргасан тайлбартаа "... Бид байгууллагын удирдлагын зөвлөлөөр яриад байгууллагын дотоод журамд тусгасан заалтын дагуу хөдөлмөрийн чадвар алдалтаа тогтоолгосон хүмүүст ур чадварын нэмэгдэл олгохгүй байгаа. Нэгэнт тухайн хүн хөдөлмөрийн чадвараа 69 хүртэл хувиар алдсан ийм хүмүүс ур чадвартай ажиллана гэж байхгүй. Хөдөлмөрийн чадвар алдалтаасаа хамаараад шаардлагатай дуудлага болон алсын дуудлагад явахгүй, хөдөө явж ажиллах боломжгүй байдаг. Тийм учраас удирдлагын зөвлөл дээр яриад байгууллагын дотоод журамд тусгаад хөдөлмөрийн чадвараа түр алдсан хүмүүст ур чадварын нэмэгдэл олгоно гэдэг илүү юм. Яагаад гэвэл эдгээр хүмүүс цалингаа бүрэн авч байгаа, дээр нь хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжээ авч байгаа учраас хөдөлмөрийн чадвараа алдсан гэдэг утгаараа ур чадвартай ажиллах ямар ч үндэслэлгүй юм гэж үзээд тэдэнд ур чадварын нэмэгдэл олгохгүй байгаа” гэж, мөн тус эмнэлгийн цалин хөлсний нягтлан бодогч Г.Батхишиг гаргасан тайлбартаа "...Албан ёсоор байгууллагын даргын тушаал гарч, хөдөлмөрийн дотоод журамд хөдөлмөрийн чадвар алдалттай хүмүүст ур чадварын нэмэгдэл олгохгүй гэж тусгагдсан учир тэдгээр ажилтнуудад уг нэмэгдэл олгогдохгүй байгаа” гэж тус тус дурджээ.

Аймгийн Нэгдсэн эмнэлэгт мөрдөгдөж буй Хөдөлмөрийн дотоод журмыг тус эмнэлгийн даргын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/51 дугаар тушаалаар шинэчлэн баталсан байна.

Тус журмын 4.3.5-т "...Хөдөлмөрийн чадвараа 50 хувиас дээш түр алдсан ажилтанд урамшуулал болон ур чадварын нэмэгдлийг олгохгүй” гэж заасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д "Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ”, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 6.4.3-д Төрийн байгууллага, иргэн,хуулийн этгээд хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөрлөх эрхийг хангахдаа"Байгууллага, аж ахуйн нэгж нь ажиллагсдыг хөгжлийн бэрхшээлээр нь ялгаварласан дүрэм, журам, удирдлагын арга барилыг хэрэглэх, ашиглах,” мөн зүйлийн 6.4.5-д "Хөгжлийн бэрхшээлтэй хүний мэдлэг, ур чадвар ..... цалин хөлсийг ялгавартай тогтоох”-ыг хориглоно гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.

Мөн тус Нэгдсэн эмнэлгийн дарга Д.Доржготов тайлбартаа "...ажилтан хөдөлмөрийн чадвараа алдсан гэдэг утгаараа ур чадвартай ажиллах ямар ч үндэслэлгүй гэж үзэж тэдэнд ур чадварын нэмэгдэл олгохгүй байгаа” гэсэн нь хөдөлмөрийн чадвар алдалтаа тогтоолгосон ажилтнуудыг хөгжлийн бэрхшээлээр нь ялгаварласан шинжтэй хүний эрхийн ноцтой зөрчил юм.

Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 26 дугаар зүйлд "Бүх хүн хуулийн өмнө тэгш байх бөгөөд аливаа алагчлалгүйгээр хуулиар тэгш хамгаалуулах эрхтэй. Энэ үүднээс аливаа байдлаар алагчлах явдлыг хуулиар хориглох бөгөөд хууль нь арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, хөрөнгө чинээ, төрсөн байдал буюу бусад байдлаар алагчлахаас бүх хүнийг адил тэгш үр нөлөөтэй хамгаалах баталгааг бүрдүүлэх ёстой”, Монгол Улс 1969 онд соёрхон баталсан Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын "Ялгаварлан гадуурхахгүй байх тухай” 111 дүгээр конвенцийн 2 дугаар зүйлд "Энэхүү конвенцийг дагаж мөрдөж байгаа гишүүн орон бүр ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлттэй холбогдсон аливаа ялгаварлан гадуурхахыг бүр мөсөн устгах зорилгоор ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлтийн салбарт тэгш боломж, хандлагыг дэмжихэд чиглэсэн үндэсний бодлогыг тухайн улсын нөхцөл байдал, дадалд тохирсон аргаар тодорхойлж хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ” гэж тус тус иргэний аливаа ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийг баталгаажуулжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2-т "Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно”, мөн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4-т "ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй”, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 6 дугаар 6.1 дэх хэсэгт "Хүн бүр хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран хууль, шүүхийн өмнө эрх тэгш байж, үндсэн эрх, эрх чөлөөгөө эдлэн, нийгмийн баялгаас адил хүртэх эрхтэй. Хүнийг хөгжлийн бэрхшээл болон эрүүл мэндийн байдлаар нь ялгаварлан гадуурхахыг хориглоно.” гэж тус тус заасан байна.

Иймд тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж буй хөдөлмөрийн чадвар алдалтаа тогтоолгосон ажилтнуудад ур чадварын нэмэгдэл олгохгүй байгаа тус эмнэлгийн дарга Д.Доржготовын хууль зөрчсөн үйлдлийг даруй таслан зогсоож, хүний эрхийн зөрчил гаргасан тухайн албан тушаалтанд хариуцлага тооцох, тухайн байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтыг хуульд нийцүүлж өөрчлүүлэх, цаашид тус аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагуудын удирдлагууд иргэдийг хөгжлийн бэрхшээлээр нь ялгаварласан дүрэм, журам гаргах, арга барил хэрэглэх, ашиглах, хөгжлийн бэрхшээлтэй хүний мэдлэг, ур чадвар, онцлогт тохирсон ажлын байрыг зохион байгуулахаас татгалзах, цалин хөлсийг нь бусдаас ялгавартай тогтоосон аливаа үйлдэл гаргахаас урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох арга хэмжээ авч ажиллах нь зүйтэй байх тул Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан Комиссын гишүүний бүрэн эрхийн дагуу ШААРДЛАГА хүргүүлэв.

Шаардлагын мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнгийн талаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт заасны дагуу долоо хоногийн дотор бичгээр хариу ирүүлнэ үү.

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ГИШҮҮН Н.ГАНБАЯР" гэжээ

Өвөрхангай аймагт газар хөдөлжээ

Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Өлзийт хошуу багийн “Толгод” гэдэг газар өчигдөр 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Энэ талаар ОБЕГ "Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Өлзийт хошуу багийн “Толгод” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 20 км-т/, /Ө-44094/00//, У-101039/00/// зургаадугаар сарын 14-ний өдрийн 21:40 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 21:48 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар ирүүлсэн.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн хохирол учраагүй тухай мэдээлсэн" гэв.

ЭЕШ маргааш Монгол хэлбичгийн шалгалтаар эхэлнэ

ЭЕШ энэ сарын 16-нд буюу маргааш Монгол хэлбичгийн шалгалтаар эхэлнэ. Энэ онд нийт 43,846 шалгуулагч ЭЕШ-д бүртгүүлснээс 87 хувь нь буюу 37,950 нь энэ жилийн төгсөгч, 5,896 нь өмнөх оны төгсөгч байгаа юм.

Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2018 онд бүрэн дунд боловсрол эзэмшин төгсөх иргэн, 2018 оноос өмнө бүрэн дунд боловсрол эзэмшсэн болон түүнээс дээш боловсролтой иргэн өгнө.  Их, дээд сургуульд суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь МУ-ын ЗГ-ын 37 дугаар тогтоолын дагуу Монгол хэлбичгийн шалгалтад хамрагдсан байна.

Автомашинд түлхүүр тааруулан хулгай хийдэг этгээдийг баривчилжээ

Автомашинд түлхүүр тааруулан онгойлгож, эд зүйлийг нь тоноод, буцаагаад цоожлон алга болдог залууг НЦГ-ын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд өчигдөр баривчиллаа.

Хөвсгөл аймгийн харьяат 19 настай Б гэгч нийслэлийн Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийн харуул хамгаалалт муутай хэсэгт үлдээсэн машинуудад түлхүүр тааруулан, 2015 оноос хойш эд зүйлс хулгайлсан бөгөөд эхний мэдүүлгээрээ 26 гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрчээ.

Тэрбээр мэдүүлэгтээ “Автомашины жолоочийн талын хаалганд түлхүүр тааруулан дотроос нь нөүтбүүк, гар утас, бэлэн мөнгө зэргийг аваад, буцаагаад цоожилдог” гэжээ. 

Чуулган: Төрийн ордны арын цэцэрлэгийг нээнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10.15 цагт эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулав. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил Төрийн ордны арын цэцэрлэгт хүрээлэнг олон нийтэд нээлттэй болгох хэрэгтэй гэлээ. Тэрбээр, “Зуны гурван сардаа Төрийн ордны арын цэцэрлэгт хүрээлэнг нээж, хүүхэд багачууд, ахмад настнуудыг чөлөөт цагаа өнгөрөөх боломжийг бүрдүүлэх асуудлыг хаврын чуулган завсарлахаас өмнө шийдвэрлэх хэрэгтэй. Монгол Төрийн ордон хашаагаар хүрээлүүлчихээд хаалттай байх нь буруу” хэмээв. Төрийн ордны арын цэцэрлэгт хүрээлэнг нээлттэй бологох асуудлыг шийдвэрлэхэд УИХ-ын Тамгын газар анхаарахыг УИХ-ын дарга сануулав.

Мөн Л.Болд гишүүн, “ОХУ-д хөлбөмбөгийн ДАШТ амжилттай эхэллээ. Мөнхийн хөрш орны хувьд Монголдчуудын хувьд ч энэ үйл явдал чухал. Нөгөөтэйгүүр Монгол Улсад хөлбөмбөгийн томоохон цэнгэлдэх хүрээлэн байгуулах хэрэгтэй. Монголын төр ард түмний хандив, тусламж цуглуулан түүнд нь төсвөөс мөнгө нэмэрлэж бүтээн байгуулалт хийсэн тохиолдол олон бий. Тиймээс энэ ажлыг санаачлан эхлүүлэхийг УИХ-д уриалж байна” гэв.

Түүнчлэн Ж.Батзандан гишүүн хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан Банкыг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн төслийг нээлттэй хэлэлцэх хэрэгтэй гэсэн санал хэллээ. Мөн энэ хуулийн хүрээнд 500 тэрбум төгрөгийг хоёр банкинд хуваарилж өгөхөөр санаархаж байна гэсэн юм. УИХ-ын даргын зүгээс уг хуулийн төслийг Засгийн газар анх өргөн барихдаа хаалттай горимоор хэлэлцэхээр өргөн барьсан тул хууль зөрчиж нээлттэй болгох боломжгүй хэмээн тайлбарлав. Гэхдээ Засгийн газраас хуулийн төслийг эгүүлэн татаж, нээлттэйгээр дахин өргөн барих боломж байгаа гэлээ.

Мөн үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, “Засгийн газар Татварын багц хуулийн төслийг эгүүлэн татах хэрэгтэй. Энэ хуульд гадаадын компаниудыг дэмжсэн заалт орсныг гишүүд хэлж байна. Оюутолгой төслийн хэрэгжилт, хөрөнгө оруулалтыг хянах чиглэлд УИХ-ын ажлын хэсэг ажиллаж байгаа. Ажлын хэсгийн дүгнэлт гарахаас өмнө Татварын хуулийг өөрчилж болохгүй” гэв. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төслийг өчигдөр буюу энэ сарын 14-нд Засгийн газарт буцаасныг УИХ-ын дарга хэллээ.

Ийнхүү чуулганаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ.

Л.Оюун-Эрдэнэ: 60 тэрбумын хэрэгт нэр холбогдсон М.Энхболд дарга албан тушаалаасаа татгалзах ёстой

УИХ-ын гишүүн, УИХ дахь Авлигын эсрэг лобби бүлгийн ахлагч Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2018.06.15/Авлигатай тэмцэх газраас дуудсаны дагуу 15.00 цагт очиж мэдүүлэг өгсөн байна. Тэрбээр мэдүүлэг өгснийхөө дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 

Тэрээр, "Стандарт банктай холбоотой асуудлыг АТГ шалгаад удлаа. Яагаад энэ асуудлыг одоо хүртэл түдгэлзүүлээд яваад байна вэ гэдгийг асуулаа. Эрдэнэтийн 49 хувийн дуулиантай холбоотой асуудал УИХ-ын шийдвэр гараад байхад мартагдах шатандаа орлоо. Энэ асуудал авлигатай холбоотой эсэхэд яагаад одоо хүртэл тайлбар өгөхгүй байгааг АТГ-аас асуулаа. Дуулиант 60 тэрбумын хэрэг юу болсныг асуулаа. Өнөөдөр би нэг зүйлийг илэрхийлье гэж бодож байна. Монголын нийгэмд нэг асуудал дуулиан болж гарч ирээд л баахан шуугиж байгаад мартагддаг боллоо. 60 тэрбумын хэрэг маш бодиттой бичлэгтэй хэргийг АТГ шалгасан. Хэрэв 60 тэрбумын хэргийн бүрэлдэхүүний нэг хэсэг нь АТГ өөрөө биш бол энэ хэргийг шалгаж, цэг тавиач ээ гэж байр сууриа илэрхийллээ. Хэрвээ би сонгогдвол 60 тэрбумын хэргийг илрүүлнэ гэж хэлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч хаана явна вэ. Амиа алдахаас ч айхгүйгээр шударга ёсны дуу хоолой болно гэсэн Ерөнхий сайд хаана явна вэ. Хэрэв би Хууль зүйн сайд болбол хуулийн шударга ёсны хайчийг ажиллуулна гэж мэдэгдэж байсан Хууль зүй, дотоод хэргийн сайд хаана явна вэ. Яагаад өнөөдөр Монголд дуулиант хэргүүд нь замхарч,  нийтийн сонсгол хийснийх нь төлөө гишүүдийг дуудаж байцааж байна. Хувь хүнийхээ хувьд өнөөдөр тэвчээр алдагдаж байна.

Би Төрийн ордонд маш удаан хугацаанд хашгирсан, хэлсэн. Хаврын чуулганаас өмнө энэ асуудалд цэг тавихгүй бол олон нийттэй, иргэдтэй, төрийн бус байгууллагуудтай нийлж, шударга ёсны тэмцлийг орон даяар эхлүүлнэ гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Мөн би 60 тэрбумын хэрэгт холбогдсон УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ын даргын албан тушаалыг хаших ёс зүй байхгүй гэж бодож байна. Тиймээс түүнийг сайн дураараа УИХ-ын даргаасаа түдгэлзэж, 60 тэрбумын хэргээр прокурор, АТГ-ын нэгдсэн дүгнэлт гарсны дараа УИХ-ыг удирдах эрхтэй. Тэр хүртэл би УИХ-ын чуулганы хуралдаан суухгүй" гэлээ. 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг Ж.Батзандан нарын УИХ-ын гишүүд өнгөрсөн өвөл Б.Хурцын асуудлаар нээлттэй сонсгол хийсэн. Тэр үеэр Л.Оюун-Эрдэнэ гишүүн Б.Хурцын эсрэг байр суурь илэрхийлсэнтэй холбоотой АТГ-аас дууджээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
saraa
Ovoodoo, bas ard tumnee halit bodoj bainaa. Turiin ordnii ariin tsetserlegt zaluu tsagtaa zugaaljil yavlaa. Ard tumen uguh ni zuv, demjij bn
2018/06/16 202.9.40.44