8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Амарсайхан: Бидэнд хөгжингүй орны туршлага хэрэгтэй

2018-06-18 17:48:53

Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотноо 2018 оны 6 сарын 18-19-ны өдрүүдэд Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум 3 дахь жилдээ "Нүүрс төрөгч багатай хотуудын хөгжил: Агаарын чанарыг сайжруулж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нь" сэдвийн хүрээнд "Шангри-Ла" зочид буудлын хурлын танхимд эхэллээ.  Энэхүү форумд Зүүн хойд Азийн бүс нутгийн 6 улсын 18 хотын дарга, ИТХ-ын дарга нар, олон улсын байгууллагын удирдлагууд зэрэг нийт 300 гаруй төлөөлөгчид оролцлоо. Тэд дэлхий нийтийн өмнө тулгамдсан цаг агаарын дулаарал, түүний шалтгаан болсон хүлэмжийн хийн ялгарлыг хотуудын түвшинд бууруулах боломж, хотуудын  агаарын бохирдлыг багасгасан туршлага, хэрэгжүүлж буй бодлогын талаар  мэдээлэл солилцох, туршлага судлах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцож,  харилцан ярилцах чиглэлээр хамтран ажиллана.

Форумд Зүүн хойд Азийн хотуудын төлөөлөгчид Нүүрстөрөгч багатай ногоон хөгжлийг бий болгох чиглэлээр баримталж буй бодлого, тулгарч буй бэрхшээл, агаарын бохирдлыг бууруулах технологийн шийдэл, туршлагын  талаар илтгэл хэлэлцүүлж, өөрийн улс  орны туршлагыг бусадтай хуваалцаж, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрүүдээ танилцуулж байлаа.Тухайлбал, БНХАУ-ын Бээжин хотын Ардын төлөөлөгчдийн хурлын Байнгын хорооны орлогч дарга Жан Чин "Бээжин хотын агаарын бохирдлын хяналтын тойм" илтгэлдээ "Бээжин хотод байгаль орчиныг хамгаалах хууль болон агаарын бохирдлы бууруулах журам тэргүүтэй 40 гаруй баримт бичгүүдийг батлан гаргаж хэрэгжүүлээд байна. Түүнчлэн агаарын бохирдлыг бууруулахад бүс нутгийн зохицуулалт чухал. Бид 2020 он гэхэд агаар дах PM 2.5 хэмжээг хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө учруулахуйц хэмжээнээс хэдэн дахин бууруулахаар төлөвлөн ажилладаг.

Мөн 2022 оны "Өвлийн олимп"-оос өмнө агаарын бохирдолгүй хот болохоор зорилт тавиад байна. НҮБ тэргүүтэй олон улсын байгууллага, хамтын нийгэмлэгийн улс орнууд хүлэмжийн хийг бууруулах, агаарын бохирдлыг арилгах чиглэлээр анхаарал хандуулан ажиллаж байгаад талархалтай  хандаж байгаагын зэрэгцээ Зүүн хойд Азийн улс орнуудтай агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хамтран ажиллахдаа таатай байна" гэлээ.Тус хуралд оролцож буй НИТХ-ын дарга С.Амарсайхан "Улаанбаатар хотын хувьд тулгамдаж буй агаар хөрсний бохирдол, тоосжилт, хүлэмжийн хийн асуудалтай холбоотой олон асуудлуудыг шийдвэрлэхэд дэлхийн Токио, Бээжин, Сөүл, Москва  гэх мэт хөгжингүй хотуудын хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр, туршлагаас суралцах, сүүлийн үеийн техник технологийн шийдэлд тулгуурласан дэвшилтэт арга замыг судлах, түүнээс суралцах шаардлага бидэнд байна. Суралцаад зогсохгүй эдгээр хотуудаас технологийн, боловсон хүчний туслалцааг авч, харилцан үр ашигтай хамтран ажиллах замаар Нийслэлчүүдийнхээ өмнө тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэх тухай санал солилцох, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд эдгээр хотуудын туршлага бидэнд чухал ач холбогдолтой юм" гэв.

Өнөөдрийн форум  Зүүн хойд Азийн хотын дарга нар, албан хүмүүсийн илтгэл, хэлэлцүүлгээр үргэлжлэх бол маргааш буюу 6 сарын 19-ны өдөр АСЕМ Вилла хотхоны "Их гэр" цогцолборт энэхүү форумыг байнгын ажиллагаатай болгох тухай  хэлэлцүүлэг, Форумын нарийн бичгийн дарга нарын газар байгуулах тухай, мөн дараагийн форумд оролцохоор санал ирүүлсэн хотыг шалгаруулах танилцуулга, санал хураалт явуулах юм. Төгсгөлд нь жанжин Д.Сүхбаатарын талбайд дурсгалын зураг татуулснаар  форумын албан ёсны үйл ажиллагаа өндөрлөнө.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment