8o
Улаанбаатар хот
mobile menu

Я.Содбаатар: Байнгын хорооны хуралдааныг хаалттай явуулахгүй

2018-06-19 11:31:22

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр ээлжит хуралдаанаа хийсэн ч мэдээлэл хийгээгүй. Тус хуралдаанаар чухам ямар асуудал хэлэлцсэнийг тус бүлгийн дэд дарга Я.Содбаатараас тодрууллаа.

- МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар ямар асуудлыг хэлэлцсэн бэ? 

- Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн төсөл болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төслүүдийн талаар хэлэлцэж, саналаа нэгтгэлээ. Зөвхөн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Монголбанк банкуудын өөрийн хөрөнгийг өргөжүүлэхийн тулд 840 тэрбум төгрөг гаргасан байдаг. Гэтэл үүнийг хэн шийдэж олгосон, яаж эргэн төлөх вэ гэдэг нь асуудал дагуулж байгаа юм. Тиймээс одоо хуультай болгоё гэж байгаа хэрэг. Ийм хуультай болсноор банкуудыг ямар процессоор хөрөнгөжүүлэх вэ гэдэг нь тодорхой болно.Өөрөөр хэлбэл, арилжааны банкуудад тавьж буй шаардлагаа ойлгомжтой болгож, тэднийг хариуцлагажуулна. Энэ талаас нь харвал банкуудад хүнд тусаж болох юм.

- Дэгийн тухай хуулийн төсөлд байнгын хорооны хуралдааныг хаалттай явуулахаар тусгасан гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү? 

- Өргөн барьсан төсөлд тийм заалт байхгүй. Нэмэлт, өөрчлөлтийн төсөлд нэгэнт тусгаагүй зүйлийг хэлэлцүүлгийн явцад оруулах боломжгүй. Ер нь хуралдааны дэгийг зохицуулахтай холбоотойгоор хуулийн төсөл боловсруулж, санал авах явцад ийм санаа гарч байсан. Одоо хэлэлцүүлгийн явцад ч зарим гишүүн ийм санал гаргаж байгаа. Дэлхийн жишгээс харвал парламентад байнгын хороод нь хаалттай хуралддаг юм билээ. Энэ нь мэргэжлийн байнгын хороод улстөржилгүй, сонгогчдод таалагдах гэж бус, хэлэлцэж буй асуудлынхаа голыг олох боломж олгодог. Гэхдээ манайд нэгэнт нээлттэй явуулаад хэвшчихсэн учраас одоо хаалттай болгоно гэвэл нэлээд хүндрэл, хардалт гарахыг үгүйсгэхгүй. Харин хуралдааны танхимд асуудал үүсгэж байгаа гишүүдэд сануулга өгч, гаргах хүртэл арга хэмжээ авна.Энэ мэт анхаарал татаж байгаа заалтыг Үндсэн хуульд нийцүүлэх, гишүүний ард буй иргэд хийгээд олонх, цөөнхийн эрх ашгийг хамгаалах талаар ажлын хэсгийн түвшинд илүү нарийвчлан ярилцах байх.

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment