УИХ-ын гишүүн Ж.Батзандан Захиргааны ерөнхий хуульд Засгийн газрын эрх мэдлийг хэтрүүлсэн заалтыг оруулж буйг эсэргүүцэн мэдээлэл хийлээ. Мөн С.Зориг агсны гэргий Б.Булганаас ирсэн захидал болон Банкуудыг дахин санхүүжүүлэх хуулийн талаар мэдээлэл өгсөн юм.
Засгийн газрын дураараа загнахыг хүлээн зөвшөөрөхгүй
Тэрбээр мэдээллийн эхэнд “Өнгөрсөн долоо хоногт Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эрх баригч нам өргөн барьсан. Захиргааны ерөнхий хуулиас Захиргааны шүүхийн хяналтаас Засгийн газар түүний харъяа байгууллагууд орон нутгийн байгууллагуудыг гаргах хуулийн төслийг өргөн барьсан. Энэ нь ардчиллаас ухарсан алхам болсноос гадна хүнийг эрхийг уландаа гишгэсэн хуулийн төсөл болсон. Засгийн газар Засгийн газрын байгууллагуудын дураараа авирлах боломжийг олгох байна гэж бид харж байгаа. Өнгөрсөн долоо хоногийн турш миний бие Монголын урдаа барих хуульчидтай мөн Захиргааны эрхзүй болон Үндсэн хуулийн эрхзүйгээр мэргэшсэн хуульчидтай уулзаж тус хуулийн төслөөр санал солилцсон. Хэрвээ Захиргааны Ерөнхий хуульд өөрчлөлт оруулж Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааг байхгүй болгох гэж Захиргааны шүүхийг ажилгүй болгох гэж байгаа бол Засгийн газар болон түүний харьяа байгууллагуудыг хууль дээдлэх зарчмаас гадуур дураараа авирлах гэж байгаа бол хүний эрхийн эсрэг ухралт болно. Тус хуулийн төслийг оруулж ирсэн Засгийн газрын нөхдүүд ялангуяа хуульзүйн сайд, ЗГХЭГ-ын даргад хандан хэлэхэд 1992 оны Үндсэн хуулиар төрөлжсөн шүүх байгуулж болно гэсэн заалтыг анх удаа оруулж ирсэн. Төрөлжсөн шүүхийг байгуулах хүрээнд 2004 онд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баталж Захиргааны шүүхийг анх удаа байгуулсан түүхтэй. Ингэснээр Захиргааны байгууллагуудыг Захиргааны болон Засгийн газрын байгууллагуудын хууль бус шийдвэрүүдийг хүчингүй болгох , хүний эрхийг зөрчсөн шийдвэрүүдийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох эрхийг Захиргааны хэргийн шүүхэд олгосон. 2004 оноос хойш Захиргааны шүүх сайн ажиллаж байгаа гэж би дүгнэнэ. Засгийн газрын дураараа загнахыг таслан зогсоож чадаж байгаа гэж харж байна. Алдаа, оноо байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ тэр алдаа оноог нь засах гэж байгаа гээд Захиргааны шүүхийг буулгах, тус шүүхийг хүчгүйдүүлэх гэсэн Засгийн газрын дураараа загналтыг дэмжсэн ийм хуулийн төслийг яавч оруулж ирж болохгүй. Хэрэв энэ хуулийн төсөл энэ чигээрээ батлагдвал Монгол Улсад дарангуйлал тогтоно. Засгийн газар болон түүний харъяа бүх байгууллагын шийдвэрүүд хяналтаас гарна. Үүнийг Монголын ард түмэн хүлээн зөвшөөрч болохгүй" гэлээ.
Харин банкуудыг дахин хөрөнгөжүүлэх асуудлаар тэрээр "500 гаруй тэрбум төгрөгийг нөхцөл байдал нь хүндэрсэн хэдэн банкинд хувааж өгөх асуудал яригдаж байгаа. Энэ нь татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийх гэсэн оролдлого гэж би харж байгаа" гэлээ.
Б.Булган С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэгдэх гурван хүнийг танихгүй гэсэн
С.Зориг агсны гэргий Б.Булган Үндэсний аюулгүй байдлын гишүүд болон Хууль зүйн дэд сайд, Хүний эрхийн дэд хорооны гишүүдэд захидал хүргүүлжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Энэ захидал нууц захидал биш ээ. Удахгүй хэвлэл мэдээллээр дамжуулан олон нийтэд ил болгоно. Уг захидалд Б.Булган буюу С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн цорын ганц амьд гэрч нь одоо ял аваад буй гурван хүнийг танихгүй гэж бичсэн байсан. Хэзээ ч энэ гурван хүнийг харж байгаагүй гэж захидалдаа бичсэн байна. Өөрөөр хэлбэл, амьд гэрчийн мэдүүлэггүйгээр гурван хүнд ял өгчээ. Амгаланбаатар гэх этгээд би 16 настайдаа С.Зориг агсны амь насыг хөнөөсөн юм гэж мэдүүлж байжээ. Гэтэл зөвхөн Амгаланбаатар гэх хүний мэдүүлгээр хоёр хүн шоронд хоригдож байна. Энэ талаар ярьсан УИХ-ын гишүүдийг айлган сүрдүүлэх дарамтлах ойлголтыг хууль хяналтын байгууллагаас удаа дараа хийж байна. Энэ бол хүний эрхийн ноцтой зөрчил мөн" гэлээ.
Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
- Захиргааны ерөнхий хуульд Засгийн газрын эрх мэдлийг нэмэгдүүлсэн гэж та хэллээ. Тэр заалтыг танилцуулна уу?
- Захиргааны ерөнхий хуульд хоёр өөрчлөлт орж байгаа. Тухайлбал, уг хуулийн 3.1.1-т Монгол улсын Засгийн газрын шийдвэр түүнийг хэрэгжүүлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны бусад байгууллага нийтийн захиргааны шийдвэр үйл ажиллагааг захиргааны шүүхийн хяналтаас гаргах гэсэн найруулга орж байна. Мөн 5.5.1 заалтыг төрийн захиргааны төв болон төрийн захиргааны бусад байгууллага нутгийн захиргааны бусад байгууллагыг захиргааны хэргийн шүүхээс гаргахаар оруулж ирж байна. Монгол улсын Засгийн газрын тухай хуулийг дагалдан өргөн баригдсан хуулийн 2 дугаар зүйлд мөн тодорхой өөрчлөлт орж байна. Энэ хуульд өөрчлөлт орсноор Засгийн газар түүний харъяа агентлагууд нутгийн захиргааны байгууллагууд бүгд захиргааны шүүхийн хяналтаас гарах нь. 1992 оны Үндсэн хуулийн хамгийн том ололт нь захиргааг хяналтад оруулсан үйлдэл байв. Засгийн газар болон захиргааны дураараа авиралтыг хуулиар хязгаарлаж шүүхээр хянуулж өгсөн явдал юм.
- Б.Булганы захидал яг хэзээ Үндэсний аюулгүй байдлын гишүүд болон бусад гишүүдэд ирсэн бэ?
- Б.Булганы захидал долоо хоногийн өмнө дээрх хүмүүст ирсэн. Захидалд ноцтой олон асуудал бий. Хууль хяналтын байгууллагад захидлыг хүргүүлсэн.
- Арилжааны банкуудыг дахин санхүүжүүлэх хуулийн төслөөр яг ямар банкийг санхүүжүүлэх гээд байгаа вэ. Аль банкийг хэдэн төгрөгөөр санхүүжүүлэхээр яригдаж байна?
- Энэ асуудлыг нууцаар оруулж ирсэн. Тиймээс энэ талаар ярих боломжгүй. Ямартай ч 500 гаруй тэрбум төгрөгөөр дахин хөрөнгөжүүлэх, хөрөнгөжүүлэхдээ бэлэн мөнгө эсвэл хувьцаа хэлбэрээр хөрөнгөжүүлэх хоёр асуудлыг ярьж байгаа. Эрх баригчид энэ хуулийг бүх улсад байдаг сайн хууль хэмээн тайлбарлаж байна. Гэтэл тийм биш.30 хувийн хүүтэй банкууд хэзээ ч дампуурдаггүй юм. Нэг хувийн хүүтэй зээл олгодог Японы банкууд дампуураагүй байна.
Т.Хулан