8o
Улаанбаатар хот
mobile menu

Ходоодны хорт хавдрыг эрт илрүүлэхэд солонгос эмч нартай хамтарна

2018-06-20 15:08:00

Монголчууд ходоодны хорт хавдарын өвчлөлөөр дэлхийд хоёрдугаарт, нас баралтын тоогоор нэгдүгээрт орж байна. 2017 оны байдлаар энэ төрлийн өвчлөлийн 890 шинэ тохиолдол бүртгэгджээ. Өнгөрсөн хугацаанд тус 890 хүний 600 гаруй нь энэ өвчний улмаас нас барсан байна. Энэ тоо жил тусам өсөх хандлагатай байгааг мэргэжилтнүүд онцолж байна.

Тиймээс Хавдар судлалын үндэсний төвөөс ходоодны хорт хавдарын эрт илрүүлгийн ажлыг зохион байгуулж уг ажилд чиглэсэн тодорхой хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ.

Тодруулбал, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг ходоодын хавдартай тэмцэх ажлаар үргэлжүүлэхээр ажиллаж байгаа юм байна.  “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд элэгний хавдарыг эрт илрүүлэх, вирусын эмийг нь өгөх, элэг шилжүүлэн суулгах хагалгааг эх орондоо хийдэг болсон. Тэгвэл “Элэг бүтэн Монгол хөтөлбөр” ходоодны хорт хавдартай тэмцэх ажлаар үргэлжилж байгаа нь энэ аж.

Уг ажлын хүрээнд Монгол-Солонгосын эмч нарын хамтарсан ходоодны хорт хавдрын тухай олон улсын хоёр дахь удаагийн хурлыг энэ сарын 23-ны өдөр Чингис зочид буудалд зохион байгуулахаар болжээ.  

Энэ хуралд БНСУ-ын Ходоодны хорт хавдрын холбооны тэргүүлэх профессор оролцож БНСУ ходоодны хорт хавдартай тэмцсэн туршлагаас хуваалцахын сацуу уг өвчний орчин үеийн менежментийн чиг хандлага, мэс заслын орчин үеийн арга техникүүдийг танилцуулцах гэнэ. Мөн Монгол улсын тэргүүлэх эмч мэргэжилтнүүд болон судлаачид эмч нар оролцож өөрсдийн мэдлэг туршлагаас хуваалцах аж.

Мөн хурлаар ходоодны хорт хавдрын эрт илрүүлгийн ач холбогдол, урьдчилан сэргийлэлт, урьдал өвчний оношилгоо эмчилгээний арга, хожуу шатны хорт хавдар өвчтэй өвчтөнд энтерал ба парентерал тэжээлийг хэрэглэх нь зэрэг чухал сэдвүүдийг хөндөх бөгөөд нэг ба хоёрдугаар шатлалын эмч нарт зориулсан тусгай сургалтыг зохион байгуулах юм байна.

Монгол улс дахь ходоодны хорт хавдрын өнөөгийн байдал

Ходоодны хорт хавдар нь дэлхий дахинд хорт хавдрын нас баралт дунд 3-р байранд ордог бөгөөд уг өвчнөөр өвдсөн хүмүүсийн 30 хүрэхгүй хувь нь 5 жил амьдарда гмаш хорон явцтай, нас баралт өндөртэй, аюултай өвчин юм. Дэлхий нийтэд жил бүр барагцаагаар 1 сая ходоодны хорт хавдар өвчин шинээр оношлогдож буй бөгөөд ойролцоогоор 723.000 хүн уг өвчний улмаас нас барсан байна Уг өвчний нийт тохиолдлын бараг тал орчим хувь нь зүүн Азийн орнуудад (БНСУ, Хятад, Япон, Монгол зэрэг) тохиолддог. Ходоодны хорт хавдар нь эрт үедээ оношлогдвол бүрэн эмчлэгдэх боломжтой. БНСУ, Япон зэрэг өндөр хөгжилтэй орнууд нь ходоодны хорт хавдрын нийт тохиолдлоороо дэлхийд тэргүүлэгдэг ч эрт илрүүлгийн хөтөлбөрийг амжилттэй хэрэгжүүлснээр уг өвчний нас баралт жил ирэх тусам буурч байгаа бөгөөд нийт нас баралтын тохиолдлоороо Монгол улсаас барагцаагаар 2 дахин бага байна.

Шалтгаан: Ходоодны хорт хавдар нь удамшлын суурин дээр орчны олон төрлийн хүчин зүйлс нөлөөлсний дүнд үүсдэг өвчин юм. Ходоодны хорт хавдар үүсгэгч хамгийн гол шалтгаан нь Хеликобактерийн халдвар бөгөөд уг өвчнийг үүсэхэд нөлөөлөх бусад хүчин зүйлсэд тамхины хэрэглээ, нитрит болон давсны өндөр хэрэглээ, Еппштейн Баррын вирусын халдвар, удамшлын өгүүлэмж  зэрэг багтана.

Судалгаагаар ходоодны гарах хэсгийн хорт хавдрын нийт тохиолдлын 80 хувь нь Хеликобактерийн шалтгаантай байдаг бөгөөд ходоодны орох хэсгийн хорт хавдар ба Хеликобактерийн халдварын хамаарал тодорхой бус байна .

Монгол улсад оношлошдож буй ходоодны хорт хавдрыг үе шатаар нь авч үзвэл нийт өвчтөнүүдийн дөнгөж 1% байран өмөн үедээ, 3% нь I үе шатандаа, 11% нь II үе шатандаа 43% нь III үе шатандаа, 42% нь IV үе шатандаа тус, тус оношлогдож байна.

Тиймээс эрт илрүүлгийг амжилттай хэрэгжүүлж буй орнуудын эмч нарын туршлагаас хуваалцах тэдний хийсэн үйл ажиллагааг Монголд нэвтрүүлэх нь ихээхэн ач холбогдолтой байгаа юм.

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment