8o
Улаанбаатар хот
mobile menu

Ч.Хүрэлбаатар: АмЧамын захианд туссан саналыг хүлээж аваагүй

2018-06-20 15:29:00

Засгийн газрын хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг хэлэлцэж, дахин УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ. Уг хуулийн төслийг Татварын багц хуулийн төслийн хүрээнд өмнө нь УИХ-д өргөн мэдүүлсэн хэдий ч Засгийн газарт буцаагдсан юм. Тодруулбал, гишүүдийн зүгээс уг хуулийн төсөлд Оюутолгойд ээлтэй хэд хэдэн заалт орсон, АмЧамын захидлын нөлөөнд хэт автсан мөртлөө дотоодын ААН-үүдээ бодолцоогүй байна гэж шүүмжилсэн билээ. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас дараах хариултыг өглөө.

-“Оюутолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Камерон МакРейн гарын үсэгтэй АмЧамаас захидал гишүүдэд ирсэн. Үүнтэй холбоотойгоор гишүүдээс нэлээд шүүмжлэл хуулийн төслийг хэлэлцэх явцад гарах шиг боллоо. Үүнд тайлбар өгөхгүй юү?

-АмЧамын захиаг бид сүүлд олж авсан. Түүнд туссан бүх саналыг хүлээж аваагүй. Татвараас зайлсхийх, татварын суурийг багасгах саналууд байна гэж бид үзсэн. Монгол Улс ЕХ-ны татварын хар жагсаалтад орж байсан. Үндэстэн дамнасан том компаниуд харилцан хамаарал бүхий компаниуд хооронд шилжүүлэг хийх маягаар Монголд бага татвар төлж байна гэсэн. Үүнийг бид зөв зүйтэй гэж үзэж үндэстэн дамнасан компаниуд харилцан хамааралтай компаниуд хоорондоо зардлаа өсгөж татвараа бага төлөх нөхцөл болохыг үгүйсгэхгүй. Үүнийг хүлээж авах боломжгүй байсан. Боломжгүйгээ хэлээд байхад УИХ гишүүдэд хэлээд дэмжлэг авах гэж захидал бичсэн юм байна. Энэ нь уг хуулийн төслийг унагах шалтгаан болсон байж магадгүй. “Нэгэнт улс орон даяар хэлэлцүүлэг өрнүүлсэн хэр нь хуулийн төсөл яагаад унав, хэлэлцүүлэг хийх ямар шаардлага байсан юм, УИХ гишүүдтэйгээ ойлголцоод явах байсан юм биш үү” гэсэн шүүмжлэл аж ахуйн нэгжүүдээс ирсэн. МҮХАҮТ-ийн удирдлагууд ч ирж уулзсан. Аж ахуйн нэгжийн хүлээж байсан хуулиуд зогсчихлоо, анхаарч өгөөч гэсэн учраас Засгийн газар дахин өргөн мэдүүлж байгаа юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл