8o
Улаанбаатар хот
mobile menu

ЭЗБХ: УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хойшлууллаа

2018-06-21 09:20:00

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2018.06.20) хуралдаан 14 цаг 34 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараа Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат “Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн зарим заалт бусад хуулийн зүйл, заалттай зөрчилдөж байгаа тул Хууль зүйн байнгын хороонд шилжүүлж, эцсийн хэлэлцүүлгийг хойшлуулах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. 

ХБНГУ-ын Засгийн газрын 19.5 сая еврогийн санхүүгийн тусламжийн хэлэлцээрийн төслийг дэмжив

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II төсөл”-ийн Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг хэлэлцлээ. Санхүүгийн хамтын ажиллагааны төслийн талаар Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танилцуулсан. 

Төслийн 1 дүгээр үе шатны хэрэгжилтийн үр дүн, Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хэрэгжүүлж буй бодлогыг дэмжих зорилгоор төслийн 2 дугаар үе шатыг ХБНГУ-ын Засгийн газрын 19.5 сая еврогийн санхүүгийн тусламжаар хэрэгжүүлэхээр 2016 оны Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээгээр тохиролцсон байна. Төслийн хоёрдугаар шатанд одоо хэрэгжүүлж буй 11 тусгай хамгаалалттай газрын захиргаад дээр Монгол орны баруун болон баруун өмнөд бүс нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийг хамруулж төслийн дэмжлэг үзүүлэх ажээ. Хоёрдугаар шатны төслийн хүрээнд тусгай хамгаалалттай газар нутгуудад сүлжээний үндсэн тоног төхөөрөмжүүд нийлүүлэх, менежментийн болон бизнес төлөвлөгөөг тусгай хамгаалалттай газар нутагт дөрвөн том хөндлөнгийн бүс/кластерт хэрэгжүүлэх, төлөвлөлт болон 7 тусдаа тусгай хамгаалалттай газар нутагт хөрөнгө оруулалт хийх, сүлжээнд зориулсан чадавхийг бэхжүүлэх, олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх зэрэг ажлуудыг гүйцэтгэх аж.

Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Д.Тэрбишдагва, Д.Эрдэнэбат нарын зүгээс уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор энэ чиглэлийн төсөл хөтөлбөрүүдийн хүрээг өргөжүүлж байгаа эсэх, цаашлаад нэгдүгээр төслийн үр дүн болон ойн бүсийг хамгаалах талаар судалгаа хийх талаар илүүтэй тодруулж байв. 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат хариултдаа, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах хүрээгээ өргөжүүлж байна. Одоогоор энэ чиглэлд найман төсөл хөтөлбөрт хамрагдан, ажиллаж байна гэв. Мөн төслийн 1 дүгээр хэсгийг амжилттай хэрэгжүүлсэн гэж үзсэн учраас хамрах хүрээг нь өргөжүүлж төслийн хоёр дахь шатыг хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд ой, бэлчээр, биологийн олон янз байдал, нийгэм эдийн засгийн суурь судалгааны ажлууд, тусгай хамгаалаттай газар нутгийн менежментийн төлөвлөгөө, аялал жуулчлалын төлөвлөгөө, орчны бүсийн төлөвлөгөө боловсруулах ажлуудыг хийнэ гэж салбарын сайд хариулж байлаа.

Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд гадны санхүүгийн тусламж, дэмжлэгийг хугацаа алдахгүй авахад ажлаа эрчимжүүлэх шаардлагатай байна гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, газар нутгийн 65 хувь нь бэлчээрийн доройтолд орсон энэ үед салбарын яам олон улсын байгууллагуудтай хамтран, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарал тавьж ажиллахыг сануулсан.

Ингээд “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II төсөл”-ийн Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь  дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов. 

30 жилийн хугацаатай, жилийн 2 хувийн хүүтэй зээлийн гэрээний төслийг дэмжлээ

Дараа нь Засгийн газраас 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Монгол Улсын Сангийн яам, ХБНГУ-ын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Зээлийн болон төслийн гэрээний төслийг зөвшилцөх эсэхийг хэлэлцлээ. Зээлийн болон төслийн гэрээний талаар Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танилцуулсан. 

Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний 220, 110 кВ-ын дэд станцуудад дунджаар 40 гаруй жилийн турш ашиглагдаж байгаа ашиглалтын хугацаа хэтэрсэн, насжилт өндөртэй, хуучирч муудсан технологийн хувьд хоцрогдсон 35, 110 кВ-ын хүчдэлийн түвшний тосон таслуурууд болон реле хамгаалалт, автоматикийн тоног төхөөрөмжүүдийг орчин үеийн дэвшилтэд технологи бүхий тоног төхөөрөмжөөр сольж шинэчлэх шаардлагатай байгаа аж. ХБНГУ-ын Засгийн газрын 20.45 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэхээр 2014 он, 2016 оны Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээгээр тохиролцсон бөгөөд зээлийн хугацаа 30 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил, зээлийн хүү жилд 2 хувь юм байна. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Д.Дамба-Очир, Д.Эрдэнэбат, Л.Элдэв-Очир нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, ОХУ-ын хуучирч муудсан технологийн хоцрогдолтой тосон таслуурууд, реле хамгаалалт, автоматикийн тоног төхөөрөмжүүдийг шинэчлэхдээ эрчим хүчний нэгдсэн сүлжээнд харшлах, техник технологи зөрөх эрсдэлийг хэрхэн тооцсныг лавласан бол Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр зээлийн төслийн эдийн засгийн үр ашгийн талаар тодруулж байлаа. 

Ажлын хэсгийнхэн хариултдаа, цахилгаан дамжуулах сүлжээний 60 хувь нь дунджаар 40 гаруй жилийн турш ашиглагдаж байгаа ашиглалтын хугацаа хэтэрсэн, насжилт өндөртэй, хуучирч муудсан техник, технологиуд байгаа. ОХУ–даа ч үйлдвэрлэхээ больсон. Иймд холбогдох байгууллагын тавьсан шаардлага, стандарын дагуу олон улсын нээлттэй тендер зарлаж, тосон таслуурууд, реле хамгаалалт, автоматикийн тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэх компанийг сонгон шалгаруулна гэж хариулж байлаа. Түүнчлэн зээлийн төслийг баталснаар эрчим хүчний 110, 35 кВ-ын 92 ширхэг тосон таслуурт хийгдэх  бөгөөд ингэснээр их болон урсгал засварын зардалд зарцуулах ойролцоогоор 1 тэрбум 400 сая төгрөгийг хэмнэнэ. Энэхүү цогц шинэчлэлийг хийснээр хэрэглэгчдийг тасралтгүй найдвартай цахилгаан эрчим хүчээр хангах нөхцөл бүрдэнэ гэж Ажлын хэсгээс нэмэлт тайлбарыг өгөв.

Ингээд Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Монгол Улсын Сангийн яам, ХБНГУ-ын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Зээлийн болон төслийн гэрээний төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 81,8 хувь нь дэмжсэн. Энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов. 

Хуралдааны төгсгөлд Ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэж, “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг  байгуулж, Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан ахлахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл