8o
Улаанбаатар хот
mobile menu

Х.Баделхан: Хотын төвийн газрын үнэ 2-3 дахин нэмэгдэнэ

2018-06-21 12:54:00

Засгийн газраас Газрын үнэлгээний бүс /зэрэглэл, тойрог/, суурь үнэлгээ, төлбөрийн хувь, хэмжээг шинэчлэн тогтоожээ. 1996 оноос хойш үүнийг шинэчлээгүй өнөөг хүрсэн аж.

Энэ талаар Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханаас тодрууллаа. 

-Засгийн газраас Газрын үнэлгээний бус суурь үнэлгээ, төлбөрийн хувь, хэмжээг шинэчлэн тогтоосон гэлээ. Энэ талаар та мэдээлэл өгнө үү? 

-“Монгол Улс 21 жилийн дараа газрын суурь үнийг шинэчлэн баталлаа. 1997 онд баталсан газрын суурь үнийг 21 жил мөрдсөж ирсэн. Газрын тухай хууль, Газрын хувьчлалын тухай хуулийг батлан гаргасан. 1996 оноос хойш мөрдсөн хууль нь Монгол Улсын газар нутгийг хангайн уулархаг бүс, алтайн уулархаг бүс, хээр талын бүс, талын бүс гэж дөрөв хуваасан байсан. Тариалан, бэлчээр, хадлан гэсэн гурван чиглэлээр үнэлгээ тогтоогоод мөрдөж ирсэн. Улаанбаатар хотын хувьд ганцхан үнэлгээ тогтоосон байсан. 440 сая төгрөг гэсэн үнэлгээтэй байсан. Энэ үнэлгээг өөрчлөх шаардлагатай болсон учраас Засгийн газрын хуралдаанаар өөрчиллөө. Ингэхдээ хөдөө аж ахуйн бүсийг 31 бүсэд хувааж, үнэлгээ тогтоосон.Улаанбаатар хотыг 16 бүсэд хуваасан. 17 зорилгоор газрын үнэлгээг тогтоосон. Тухайлбал, улсын төсвийн байгууллага газар авбал нэг үнэ, барилга, орон сууц барих зориулалтаар авахаар бол өөр үнэтэй байх юм. Засгийн газрын тогтоол ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Тогтоол хэрэгжсэнээр газар жинхэнэ утгаараа эдийн засгийн эргэлтэд орно. Газрын суурь үнийг тогтоохдоо орон нутгаас судалгаа авч, хэлэлцүүлэг хийсний үндсэн дээр суурь үнийг тогтоосон. Зарим газарт газрын суурь үнэ хоёр дахин буурсан бол Улаанбаатар хотын төв хэсэгт 2-3 дахин өссөн. 

-Суурь үнийг хэдэн жилд яаж өөрчлөх вэ? 

- Хөдөө аж ахуйн зориулалттай газрын үнийг 7 жилд 1 удаа өөрчилнө. Улаанбаатарын газрыг 2 жилд нэг удаа өөрчлөх журам оруулсан. Үр шим багатай газрын үнэ өмнөхөөсөө 2-3 дахин буурсан. Улаанбаатар хотын дэд бүтэц сайтай газруудын үнэ 2 дахин нэмэгдсэн.

- Энэ шийдвэр иргэнд ямар нэгэн байдлаар дарамт учруулах эрсдэлтэй юу? 

- Иргэнд төлбөрийн дарамт байхгүй. Харин бизнесийн зориулалтаар ашиглахад зориулж суурь үнийг тогтоож байгаа. 

- Гадны иргэнд газар өмчлүүлэх нь гэх дуулиан гарсан. Энэ талаар мэдэлээл өгнө үү? 

-Гадаадын иргэнд газар өмчлүүлнэ гэсэн ойлголт байхгүй. Энэ нь улс төр.Гадны иргэнд газар ашиглуулж болно. Саяхан замын үүдэд БНХАУ-д 2 га газар 70 жилиийн хугацаатай ашиглуулахаар болсон. Өмчлүүлнэ гэх ойлголт байхгүй юм. 

-Сургууль, цэцэрлэг барихын тулд газраа чөлөөлж буй айлын газрыг хэдэн төгрөгөөр тооцож авах вэ?

- Төсвийн байгууллага сургууль, цэцэрлэг барина гэвэл үнэ багатай. Улаанбаатар хотод төсвийн байгууллага зөвхөн албан хэрэгцээндээ газар авна эсвэл сургууль барина гэвэл 1 га нь 23600 төгрөг, хамгийн өндөр нь арьс ширний үйлдвэр барина гэвэл 1 га нь 1.4 сая төгрөгийн үнэтэй. Энэ хооронд үнэ хэлбэлзэнэ. Энэ бол суурь үнэ. Уг үнийг хэлэлцээд нийслэлээс суурь үнийг тогтоож болно. Дуудлага худалдаа явуулаад ч шийдэж болно. Улаанбаатарын хувьд дэд бүтцэд холбогдсон, үйлчилгээндээ ойр газрын үнэ өндөр байна.

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
F
Tatvar nemehgui gesen talaar daa
2018/06/21 202.21.103.118
  • Recent
  • Most Read
  • Most Comment