8o
Улаанбаатар хот
mobile menu

Чуулган: Улсын бүртгэлийн багц хууль батлагдлаа

2018-06-21 17:14:00

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Ингэснээр бүртгэлийн ангиллыг тогтоох, бүртгэлийн үнэн зөв байдлыг хангах, төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах нөхцөлийг бүрдүүлэх, түүнчлэн улсын бүртгэлийн үйл ажиллагааны зарчим, төрөл, мэдээллийн нэгдсэн сан, улсын бүртгэлийн байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, бүрэн эрх, улсын бүртгэлийг хөтлөхтэй холбоотой нийтлэг харилцаанд дэвшилт гарч байна. 


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн "Иргэний бүртгэлийн ажилтнуудыг бүгдийг нь эрхзүйч байх шаардлага тавих нь  улсын хэмжээнд ажиллаж байгаа  бүртгэгчдийн 40 орчим хувь нь  ажлаасаа өөрчлөгдөх нөхцөл байдал үүснэ. Тиймээс Эд хөрөнгийн бүртгэлд эрхзүйч гэдгийг нь үлдээгээд Иргэний бүртгэлд оруулахгүй байх саналыг би өмнө нь  хэлж байсан. Тус саналыг эцсийн хэлэлцүүлэгт хэрхэн оруулсан бэ. Мөн нэр томьёог тодруулмаар байна. Аймаг, нийслэл, дүүргийн газар хэлтэс гэсэн төрийн байгууллагын нэрээр явуулах тухай саналаа хэлсэн. Томилгооны тогтолцоо хуулийн төсөлд хэрхэн туссан бэ"  гэж асуув. 

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар хариулахдаа “Тухайн бүртгэгчид тавигдах гол шаардлагад дээд боловсролтой, эрхзүйч мэргэжилтэй байна гэсэн заалтыг эргэж хэлэлцэн Иргэний бүртгэлийн эрхийн улсын бүртгэгчийг дээд боловсролтой харин хуулийн этгээд эд хөрөнгийн эрхийн  бүртгэлийн улсын бүртгэгчийг эрхзүйч мэргэжилтэй байна гэж зааж өгсөн. Нэр томьёоны тухайд асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага түүний орон нутаг дахь газар, хэлтэс, тасаг улсын бүртгэлийн ажилтнаас бүрдэнэ гэж заасан. Тогтолцооны хувьд Улсын бүртгэлийн байгууллага босоо тогтолцоотой” гэв. 

Дараа нь Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл , Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж баталсан юм. 

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн М.Билэгт ашигт малтмалын чиглэлээр мөн тусгай хамгаалалтын чиглэлээр газар эзэмшвэл энэ бүхэн улсын хэмжээний нэгдсэн бүртгэлд хамрагдах уу. Мөн улсын өмч хэрхэн бүртгэгдэж, хамгаалагдах вэ гэж асуусан юм. 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж түүний асуултад хариулт өгөхдөө “Монголын хуульзүйн орчин муу биш ээ.Ном журмаар нь хэрэгжүүлэх  сэтгэлтэй хүн томилчихвол ажил нь журмаараа л явчихдаг. Муу хүн оччихвол хэчнээн сайн хууль байгаад ч нэмэр байхгүй. Би ажлаа аваад боловсон хүчний хувьд өөрчлөлтүүд хийсэн. Ажлыг сайжруулах гэж л тодорхой түвшинд ийм шийдвэрүүд гаргасан. Хамгийн сүүлчийн томилгоо нь ОӨУБЕГ-ын дарга Б.Баасандорж. Гайгүй ажиллах болов л гэж найдаж байгаа нь тэр. Хуучин цагт мундаг хуульчид хуулийн гол байгууллагудыг толгойлж байх үед өнөөдрийнх шиг ийм асуудлууд гардаггүй  л байсан. Бүх зүйл ном журмаараа, улс төрөөс хөндий, захиалгагүй л явдаг л байлаа.Үүнийг нь ярихаар ам хаах гэж оролддог  болж. Хэрэг үүсгэж байгаад ам хаахыг оролддог болсон. Явцын дунд ард түмэн ойлгох байлгүй дээ. Монголын төр өнөөдөр биш юмаа гэхэд маргааш үүнийгээ цэгцлэх байх. Өнөөдөр боловсролтой хулгайч нар хууль хяналтын байгууллагын толгой дээр нь суучхаад хуулийг “алж” өгч байна шүү дээ. Хүний эрхийн тухай ярьж болохоо ч байж. Өөрт нь ашигтай мэдүүлэг өгөхгүй бол шүүх хуралд оролцуулахгүйгээр хязгаарладаг болсон байна. Би ийм дампуурлыг Монголын төрд 40 жил үзээгүй. УИХ үүнтэй тэмцэх хэрэгтэй байна. Бид Монголын төрд тангараг өргөсөн хүмүүс. Энэ  тангаргаа гишүүн тус бүр хэрэгжүүлбэл үүнийг засах боломжтой” гэлээ.

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл