8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Б.Дашзэвэгт оногдуулсан ялыг 3 жил болгон өөрчилж, Хаврын чуулганы хаах хугацааг баталсан өдөр

2018-06-21 18:45:00

Гэгээн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн шинэхэн өдөр буурал түүхийн хуудаснаа хадгалагдан үлдэж байна. Өнөөдрийн таны ажил амжилт бүтээлээр дүүрэн байсан гэдэгт итгэлтэй байна. Гишгэсэн мөрөө эргэж нэг хар.Гутлын улныхаа хээг биш, хvн болж төрөөд хийж бvтээснээ, хэрхэн амьдарсанаа эргэж хар. Нигүүлсэнгүй байж чадаагүй хором бүрээ тунгааж бодоорой. Сайн сайхан амжилт бүтээлээ ч тэмдэглэ. Маргааш чамайг илүү сэргэг, илүү нигүүлсэнгүй байхад чинь энэ санамж тус болно. Өглөө босохоос орой унтах хүртэлх байр байцаа нэхэн санахдаа саарт нь гутарч, сайнд нь сагсуурах хэрэггүй. Учир нь маргааш таныг нэгэн шинэ өдөр угтах болно. Өглөө бүрийг шинэ өдөр, шинэ боломж хэмээн талархан угтаарай. Нийгэм улс төрийн амьдралд халуун сэдвүүд өрнөсөн энэ өдрийн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэх гэж байна. Шинэ сонин содон мэдээллээр дүүрэн тоймоо хүлээн авна уу.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

Х.Баделхан: Хотын төвийн газрын үнэ 2-3 дахин нэмэгдэнэ

Засгийн газраас Газрын үнэлгээний бүс /зэрэглэл, тойрог/, суурь үнэлгээ, төлбөрийн хувь, хэмжээг шинэчлэн тогтоожээ. 1996 оноос хойш үүнийг шинэчлээгүй өнөөг хүрсэн аж.

Энэ талаар Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханаас тодрууллаа. 

-Засгийн газраас Газрын үнэлгээний бус суурь үнэлгээ, төлбөрийн хувь, хэмжээг шинэчлэн тогтоосон гэлээ. Энэ талаар та мэдээлэл өгнө үү? 

-“Монгол Улс 21 жилийн дараа газрын суурь үнийг шинэчлэн баталлаа. 1997 онд баталсан газрын суурь үнийг 21 жил мөрдсөж ирсэн. Газрын тухай хууль, Газрын хувьчлалын тухай хуулийг батлан гаргасан. 1996 оноос хойш мөрдсөн хууль нь Монгол Улсын газар нутгийг хангайн уулархаг бүс, алтайн уулархаг бүс, хээр талын бүс, талын бүс гэж дөрөв хуваасан байсан. Тариалан, бэлчээр, хадлан гэсэн гурван чиглэлээр үнэлгээ тогтоогоод мөрдөж ирсэн. Улаанбаатар хотын хувьд ганцхан үнэлгээ тогтоосон байсан. 440 сая төгрөг гэсэн үнэлгээтэй байсан. Энэ үнэлгээг өөрчлөх шаардлагатай болсон учраас Засгийн газрын хуралдаанаар өөрчиллөө. Ингэхдээ хөдөө аж ахуйн бүсийг 31 бүсэд хувааж, үнэлгээ тогтоосон. Улаанбаатар хотыг 16 бүсэд хуваасан. 17 зорилгоор газрын үнэлгээг тогтоосон. Тухайлбал, улсын төсвийн байгууллага газар авбал нэг үнэ, барилга, орон сууц барих зориулалтаар авахаар бол өөр үнэтэй байх юм. Засгийн газрын тогтоол ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Тогтоол хэрэгжсэнээр газар жинхэнэ утгаараа эдийн засгийн эргэлтэд орно. Газрын суурь үнийг тогтоохдоо орон нутгаас судалгаа авч, хэлэлцүүлэг хийсний үндсэн дээр суурь үнийг тогтоосон. Зарим газарт газрын суурь үнэ хоёр дахин буурсан бол Улаанбаатар хотын төв хэсэгт 2-3 дахин өссөн. 

-Суурь үнийг хэдэн жилд яаж өөрчлөх вэ? 

- Хөдөө аж ахуйн зориулалттай газрын үнийг 7 жилд 1 удаа өөрчилнө. Улаанбаатарын газрыг 2 жилд нэг удаа өөрчлөх журам оруулсан. Үр шим багатай газрын үнэ өмнөхөөсөө 2-3 дахин буурсан. Улаанбаатар хотын дэд бүтэц сайтай газруудын үнэ 2 дахин нэмэгдсэн.

- Энэ шийдвэр иргэнд ямар нэгэн байдлаар дарамт учруулах эрсдэлтэй юу? 

- Иргэнд төлбөрийн дарамт байхгүй. Харин бизнесийн зориулалтаар ашиглахад зориулж суурь үнийг тогтоож байгаа. 

- Гадны иргэнд газар өмчлүүлэх нь гэх дуулиан гарсан. Энэ талаар мэдэлээл өгнө үү? 

-Гадаадын иргэнд газар өмчлүүлнэ гэсэн ойлголт байхгүй. Энэ нь улс төр. Гадны иргэнд газар ашиглуулж болно. Саяхан замын үүдэд БНХАУ-д 2 га газар 70 жилиийн хугацаатай ашиглуулахаар болсон. Өмчлүүлнэ гэх ойлголт байхгүй юм. 

-Сургууль, цэцэрлэг барихын тулд газраа чөлөөлж буй айлын газрыг хэдэн төгрөгөөр тооцож авах вэ?

- Төсвийн байгууллага сургууль, цэцэрлэг барина гэвэл үнэ багатай. Улаанбаатар хотод төсвийн байгууллага зөвхөн албан хэрэгцээндээ газар авна эсвэл сургууль барина гэвэл 1 га нь 23600 төгрөг, хамгийн өндөр нь арьс ширний үйлдвэр барина гэвэл 1 га нь 1.4 сая төгрөгийн үнэтэй. Энэ хооронд үнэ хэлбэлзэнэ. Энэ бол суурь үнэ. Уг үнийг хэлэлцээд нийслэлээс суурь үнийг тогтоож болно. Дуудлага худалдаа явуулаад ч шийдэж болно. Улаанбаатарын хувьд дэд бүтцэд холбогдсон, үйлчилгээндээ ойр газрын үнэ өндөр байна.

Б.Саранцэцэг: Виз олгохоос татгалзсан хариу авсан бол 30 хоногийн дараа дахин хүсэлт гаргах боломжтой

Монгол Улсын Засгийн Газраас “Монгол Улсын виз олгох журам” –ыг шинэчлэн баталсан бөгөөд уг журам ирэх сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхлэх юм. Үүнтэй холбогдуулан, Гадаадын иргэн, харьяатын газрын Виз, зөвшөөрлийн газрын мэргэжилтэн Б.Саранцэцэгээс зарим зүйлийг тодрууллаа.


-Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор “Монгол Улсын виз олгох журам” –ыг шинэчлэн баталжээ. Энэхүү журамд ямар өөрчлөлтүүд орж өмнөх журмаасаа юугаараа ялгаатай болсон бэ?

-Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 145 дугаар тогтоолоор Монгол Улсад виз олгох журам шинэчлэгдэн батлагдсан. Энэхүү журам хамгийн сүүлд 2010 онд батлагдсан байдаг. Үүнээс хойш бараг арваад жил болсон байна. Тиймээс Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, цаг үетэйгээ холбогдуулан зайлшгүй өөрчлөх хэрэгцээ шаардлага гарч ирсэн учраас ийнхүү шинэчлэн баталсан. Шинэчилсэн заалтуудад төрийн үйлчилгээг иргэдэд илүү хүртээмжтэй, чирэгдэлгүй, түргэн шуурхай хүргэх тал дээр онцгойлон анхаарч, үндэсний аюулгүй байдал, улс орны уламжлалт зан заншлын хэм хэмжээг тусгасан шинэ заалтууд орсон. Мөн олон орны практик туршлага болоод хууль тогтоомжийг судалж, олон улсын жишигт нийцүүлэхийг зорьсон ийм журам байгаа.

Тухайлбал, Гадаадын иргэдэд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгохдоо зорилгоос нь хамааран 17 хэлбэрийн оршин суух зөвшөөрөл олгодог байсныг нэмээд нийт 29 хэлбэртэй болгосон. Ингэснээр гэр бүлийн гишүүд бүгд нэг хэлбэрээр оршин суудаг байсныг ялган хөдөлмөр эрхлэгчийн гэр бүл, хөрөнгө оруулагчийн гэр бүл гэх зэргээр ялгаж өгсөн.

Мөн виз, визийн зөвшөөрөл мэдүүлэхэд гадаадын иргэний паспортын хүчинтэй хугацаа өмнө нь 1 жил байсныг 6 сараас дээш байхаар журамласан. Өмнө нь тухайн иргэн ямар нэг шалтгаанаар паспортоо сольсон бол хуучин паспорт дээр байгаа хүчинтэй визийг шинэ паспорт руу заавал шилжүүлдэг байсныг больж, хуучин паспортаа авч явж байгаа бол шилжүүлэхийг шаардахаа больсон зэргээр иргэдэд илүү ойр үйлчилгээ үзүүлэх юм. Энэ журам нь аль болох иргэдэд чирэгдэлгүй, иргэдийг ахин дахин ирүүлэхгүй байх тал дээр илүү анхаарсан өөрчлөлтүүд их хийгдсэн. Хамгийн тодорхой хэдэн жишээ дурьдахад, виз хүссэн гадаадын иргэнд виз олгохоос татгалзсан тохиолдолд 90 хоногийн дараа дахин хүсэлт гаргах эрхтэй байсныг өөрчлөн 30 хоног болгосон, Монгол Улсад ирсэн түр ирэгч нь байх хугацаагаа сунгуулах шаардлага гарсан тохиолдолд урьд нь сунгуулсан бол 6 сарын дараа дахин сунгуулах эрх нь үүсдэг байсан бол шинэчилсэн журмаар 90 хоногийн дараа хүсэлтээ гаргах эрхтэй болж байгаа. Харин төрийн болон Засгийн газар хоорондын байгууллагын шугамаар ирсэн бол визийн байх хугацааг сунгуулахдаа хугацаа хамаарахгүй сунгуулах боломжтой болсон. Мөн бүрдүүлэх бичиг баримтын тоог цөөрүүлж өгсөн.

-Цахимаар виз олгох хүсэлт авч эхэлсэн гэсэн. Энэ талаар хэрхэн журамласан бэ?

-Иргэдэд чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх, цаасан бус цахим суурьтай үйлчилгээ үзүүлэх зорилгоор виз, визийн зөвшөөрөл олгох хүсэлтийг цахим хэлбэрээр 2018 оны 1 сарын 1-нээс хүлээн авч, ажлын 3 өдрийн дотор холбогдох хариуг өгч ажиллаж байна. Мөн шинэчилсэн журамд виз, визийн зөвшөөрлийг цахимаар олгож болох заалтууд орсон. Энэ шинэчилсэн журам 2018 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхлэнэ. Иймд бид бэлтгэл ажлыг хангаж байна. Цахимаар виз олгож эхлэхэд бид мэдээж холбогдох төрийн байгууллагуудтай хамтран ажиллах, бэлтгэл ажлыг хангах ажлууд их бий.

-Жилийн дөрвөн улиралтай манай орны хувьд аялал жуулчлалын улирал эхэлж байна. Үүнтэй холбоотойгоор хэд хэдэн зүйлийг тодруулж асууя. Шинэчлэн батлагдсан журамд жуулчин ангиллын визийн талаар ямар өөрчлөлт, шинэлэг зохицуулалт орсон бэ?

-Шинэчилсэн журмаар аялал жуулчлалыг дэмжих зорилгоор “J” буюу жуулчин ангиллын 30 хүртэлх хоногийн визийг Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар, Монгол Улсын өргөмжит консул шууд олгохоор, аялал жуулчлалаар ирэх гадаадын иргэнд олон улсын нисэх буудал дээр олгохоор зохицуулж өгсөн. Ингэснээр манай оронд жуулчлах иргэд өөрийн улсад байгаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар болон Монгол Улсын өргөмжит консулд өөрийн биеэр хандан визийн хүсэлтээ шууд гаргах боломжтой.

-Жуулчин ангиллын виз олгохдоо танай байгууллагын зүгээс ямар шаардлага тавьдаг вэ? Монгол Улсад жуулчлалаар ирэх гэж буй гадаадын иргэд юуг анхаарах вэ?

-Шинэчлэн батлагдсан журамд энэ талаар дэлгэрэнгүй тусгаж өгсөн. Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, өргөмжит консул, хилийн боомтод жуулчин ангиллын виз хүсэгч гадаадын иргэн мэдүүлгийн хуудас бөглөн хэд хэдэн бичиг баримтыг бүрдүүлж өгөх ёстой. Тухайлбал,

  1. Хүчин төгөлдөр паспорт;
  2. 3.5×4.5 см хэмжээтэй 1 хувь цээж зураг;
  3. Монгол Улсад ирэх, буцах нислэг буюу галт тэрэгний тийз захиалгын хуудас;
  4. Монгол Улсад зорчих хугацаанд байрлах зочид буудлын захиалгын хуудас, байрлах газрын хаяг;
  5. Шаардлагатай тохиолдолд хөдөлмөр эрхэлдэг, санхүүгийн чадавхтайг нотолсон бичиг баримт;
  6. Гадаадын иргэд бүлгээр аялах тохиолдолд эрх бүхий хүлээн авагчийн урилга болон илгээгч байгууллагын хүсэлт;
  7. Визийн хураамж төлсөн баримт зэргийг бүрдүүлдэг.

Анхаарах зүйл гэвэл дээрх бичиг баримтын бүрдлийг сайтар хангах, мөн буцахаа нотолсон нотолгоог гаргах хэрэгтэй. Түүнчлэн аяллын хөтөлбөр гаргасан байх зэрэг нь давуу тал болдог.

-Сүүлийн жилүүдэд Монгол Улсыг зорих гадаадын жуулчдын тоо нэмэгдэж байгаа гэсэн мэдээлэл бий. Ер нь танай байгууллагаас жилд дунджаар хичнээн хүн жуулчин ангиллын виз хүсдэг вэ?

-Ихэвчлэн дипломат төлөөлөгчийн газар, өргөмжит консул байхгүй орны иргэд л манай байгууллагад хүсэлтээ гаргадаг. Тодруулбал, жуулчин ангиллаар орж ирж буй бүх гадаадын иргэдийн визийг манай байгууллагаас олгодоггүй. Монгол Улсад 30 хүртэл хоногийн хугацаанд орж ирж буй гадаадын иргэд виз авах хүсэлтээ тухайн орныхоо Дипломат төлөөлөгчийн газар болон өргөмжит консулын газраас авдаг. Харин тухайн оронд Дипломат төлөөлөгчийн газар болон өргөмжит консул байхгүй бол манай байгууллагад ханддаг. Ер нь бол 30 хоногоос дээш хугацаагаар жуулчлах гадаадын иргэд манай байгууллагаас виз авдаг гэж ойлгож болно.

Манай байгууллага 2017 онд давхардсан тоогоор 1567 иргэнд, 2018 оны хагас жилийн байдлаар давхардсан тоогоор 702 иргэнд жуулчин ангиллын виз, визийн зөвшөөрөл олгосон статистик мэдээлэл байна.

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт аялал жуулчлалыг дэмжих, хөгжүүлэх чиглэлээр багагүй ажлууд тусгагдсан байдаг. Үүнтэй хэрхэн уялдаж, ямар бодлого барьж ажиллаж байгаа вэ?

-Бид аялал жуулчлалыг дэмжих, иргэдэд ойр төрийн үйлчилгээг үзүүлэх үүднээс виз, визийн зөвшөөрлийг цахимаар гаргах боломжийг бий болгосон. Иргэд хүсэлт гаргахдаа Evisa.mn хаягаар хандах боломжтой. Гол анхаарах асуудал нь бичиг баримтын бүрдлийг хангасан байх хэрэгтэй. Хариуг ажлын 3 өдрийн дотор цахимаар болон утсаар мэдэгдэж байгаа. Харин бүлэг жуулчид Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дагуу визийн хураамжаас 50 хувь хөнгөлөгддөг зэрэг жуулчдыг дэмжих бодлого барьж ажиллаж байна.

Хавдрын эсрэг үндэсний аяны үзлэг, оношилгоо Ховд аймагт үргэлжилж байна

ХААН Банк, Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз /МҮОНРТ/  хамтран 8  дахь жилдээ хэрэгжүүлж буй Хавдрын эсрэг үндэсний аяны үзлэг оношилгоо 06-р сарын 18-ны өдрөөс Ховд аймагт үргэлжилж байна. Энэхүү аяны албан ёсны нээлт өчигдөр боллоо. Энэ жил Хавдрын эсрэг үндэсний аян 06  сарын 04-ний өдрөөс Увс, Баян Өлгий аймагт тус бүр таван өдрийн турш ажилласан бөгөөд 06 сарын 18-ны өдрөөс Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвд ажиллаж,  ард иргэдийг 8-10 төрлийн хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамруулж,  орон нутгийн эмч мэргэжилтнүүдэд нарийн мэргэжлийн сургалт явуулж байна.    Хавдрын эсрэг үндэсний аяны эмч нар  тав дахь жилдээ Ховд аймагт ажиллаж байгаа бөгөөд өмнөх жилүүдийн үзлэг оношилгоогоор хавдрын эхний үе шатандаа оношлогдон цаг алдалгүй эмчилгээ хийлгэн эрүүл саруул болсон иргэд олон байлаа. 

Сүүлийн зургаан сарын хугацаанд Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд дурангийн эмчийн үзлэг хийгдээгүй тул  Хавдрын эсрэг үндэсний аяны багийн хувьд дурангийн эмчийн үзлэг оношилгоог явуулсан нь иргэдийн талархлыг хүлээсэн ажил боллоо. Алслагдсан аймаг сумдын ард иргэдийн хувьд Улаанбаатар хотыг зорин хавдрын үзлэг оношилгоонд хамрагдах нь цаг хугацаа болон санхүүгийн хувьд ихээхэн ачаа болдог байна. Иймд Хавдрын эсрэг үндэсний аян хүрээнд алслагдсан аймаг сумдын иргэдэд хүрч орон нутагт нь үзлэг оношилгоог явуулах нь орон нутгийн иргэдийн эрүүл мэндэд оруулж байгаа томоохон хөрөнгө оруулалт юм.

Үндэсний бөхийн дүрмийг шинэчлэн баталлаа

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмийг шинэчлэн баталжээ. Дүрмийн шинэчлэл нь бөхийн барилдааныг оновчтой зохион байгуулах, үүсэх маргааныг шийдвэрлэх, дүрмийг нэг мөр хэрэгжүүлэх зорилготой юм байна. Үндэсний бөхийн холбооноос энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ирэх долоо хоногт өгөхөөр болжээ.


Ингээд Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмийг танилцуулъя.

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААНЫ ДҮРЭМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулахад Үндэсний их баяр наадмын тухай хууль болон энэхүү дүрмийг мөрдөнө.
1.2. Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулахдаа бөхийн гараа, бөхийг цоллох ёсон, барилдаан болон барилдааны дараахь ёсон, жаяг дэгийн баг (хөлийн цэц, засуул, гарын даа, тайлбарлагч)-ийн гишүүд, бөхийн эрх, үүрэг, цээр болон энэ дүрэмд тусгаагүй барилдаантай холбогдох бусад асуудлыг Монголын үндэсний бөхийн холбооны цэцдийн зөвлөлөөс баталсан 'Монголын үндэсний бөхийн барилдааны дүрэм', түүнийг хэрэгжүүлэх заавар, бөхийн өмсгөлийн шаардлагыг баримтална.
 
Хоёр. Бөхийн барилдааны салбар хороо
2.1. Улсын наадмын үндэсний бөхийн барилдааныг Бөхийн барилдааны салбар хороо (цаашид 'салбар хороо' гэх) хариуцан зохион байгуулна.
2.2. Салбар хорооны бүрэлдэхүүнийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо (цаашид 'Хороо' гэх) батална.
 
Гурав. Бөхийг бүртгэх, эрэмбэлэх
3.1. Үндэсний их баяр наадамд барилдах бөхчүүдийн бүртгэлийг гарын даа нар баяр наадам болохоос хоёр хоногийн өмнө эхэлж, баяр наадмын өмнөх өдрийн 18.00 цагт дуусгана.(Энэ заалтыг 2009-06-10-ны өдрийн 169 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан).
 
3.2. Улсын баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд ослын даатгалд даатгуулсан, 18-аас дээш насны бөхийг барилдуулна./ЗГ-ын 2012-06-25-ны 2112 тоот тогтоолоор өөрчлөн найруулсан/

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

РС тоглоомын газар 14 настай хүүхдийг хонуулж тоглуулж байжээ

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Хамтарсан баг”-аар ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид хэд хэдэн зөрчил илрүүлсэн байна. Тухайлбал, БЗД-ийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх “Лан” цахим тоглоомын үйл ажиллагааг шалгахад 14 настай “ Г”-г шөнийн цагаар хонуулан тоглуулж байжээ. Тухайн хүүхдийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн байна.

Мөн тус хорооны нутаг дэвсгэрт Дэлхийн аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээний үеэр нэвтрүүлэх эрхгүй, согтууруулах ундаа худалдан борлуулдаг таван аж ахуйн нэгж, байгууллагад зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцуулахаар материалыг хүргүүлжээ.

Үүнээс гадна иргэдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр сургалт хийж, тэдний санал хүсэлтийг хүлээж авсан байна. Үүнд:

  1. БЗД-ийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1,000 оюутны дотуур байранд нийт 70 өрхийн 250 оршин суугч, 30 оюутан сурагчдад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр нэг цагийн яриа таниулга хийсэн.
  2. НЦГ-ын урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Алтанзул, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Ариунтунгалаг, 2 дугаар хорооны цагдаа, цагдаагийн дэд ахлагч Жамсрандорж нар Дотоодын цэргийн 805 дугаар ангийн офицер, ахлагч зэрэг 237 алба хаагчдад Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай анги, Зөрчлийн тухай хууль, Алба хаагчийн сахилга, ёс зүй, албанд хандах хандлага, хандалтын талаар 1 цаг 30 минутын сургалтыг орж, хулгай, дээрмийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх 212 ширхэг гарын авлага тараажээ.

 Хууль бусаар олгосон газруудын эрхийг цуцалжээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын авч хэрэгжүүлсэн нийтийн зориулалттай орон сууцны хороолол дунд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар олгохыг хориглосон захирамж иргэдийн талархлыг хүлээгээд байгаа билээ.

Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Ухаалаг төлөвлөлт, ил тод газрын харилцаа” зорилт тусгагдсан бөгөөд эзэмшил газраа хуулийн хугацаанд ашиглаагүй, газар эзэмших эрх олгохдоо хууль тогтоомж зөрчсөн нь газрын наймаа дэлгэрэх, авилга, хээл хахуулийн үндэс болж байгааг хотын дарга анхааралдаа авч, хууль бус олгосон газруудыг цэгцлэх ажлыг шат дараатайгаар авч хэрэгжүүлж байна. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд 219 иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг цуцалсан бөгөөд үүний дотор Нийслэлийн 29 болон 33 дугаар дунд сургуулийн хашаанд хууль бусаар олгосон газар, Богд хааны Ордон музейн хойд талд хууль бусаар олгосон газар гэх мэт ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн талбай дээр хууль бусаар олгосон газар эзэмших зөвшөөрлүүдийг хүчингүй болгосон юм.

Харин өнөөдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Өгөөж Чихэр боов” ХК-ийн замын урд талын талбай буюу нийслэлчүүдийн нэрлэдгээр “Унагатай хөшөө”-тэй  ногоон байгууламж дээр Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2010 оны 410 дугаар захирамжаар 1522м2 газрыг “Жи жи эй” ХХК-д үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 21.2.3, 33.1.1 мөн Хот байгуулалтын тухай хуулийн 24.1.6 дахь заалтыг  тус тус зөрчсөн тул хотын дарга С.Батболд уг компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Нийслэлийн Газрын албанд даалгалаа.

Цаашид Хотын дарга 2020 хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгагдсан нийслэлийн нутаг дэвсгэрийн газрын ашиглалт, хуваарилалттай холбоотой зорилтуудыг хэрэгжүүлэх үүднээс хууль бус газар олголттой тэмцэх үйл ажиллагаагаа эрчимтэй үргэлжлүүлэхээ илэрхийлээд, энэхүү үйл ажиллагаанд нийслэлийн иргэдийг хамтран ажиллахыг уриаллаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

МҮЭХ-ноос есдүгээр сарын нэгнээс ажил хаях шийдвэр гаргалаа

МҮЭ-ийн холбооны Ерөнхий Зөвлөлийн тэргүүлэгчид өчигдөр хуралджээ. Ингэхдээ төрийн албан хаагчдын холбогдох мэргэжил үйлдвэрлэлийн ҮЭ-ийн холбоодын 2018 оны 09 дүгээр сарын 1-нээс ажил хаялт зохион байгуулах саналыг харгалзан, ажил хаялтын бэлтгэлийг хуулийн хүрээнд ханган зохион байгуулахыг нийт гишүүн байгууллагын удирдлагуудад чиглэл болгожээ.
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн 3.2 дах заалтыг хэрэгжүүлэх хүрээнд байгуулсан Нэмэлт хэлэлцээрийн 9 дэх заалтын биелэлтийг шаардаж үүсгэсэн хөдөлмөрийн хамтын маргааны явцад ажил хаях, зохион байгуулах эрх хуулийн хүрээнд үүссэн байгаа тул МҮЭ-ийн холбооны дүрмийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 20.1.14, 29 дүгээр зүйлийн 29.1.4, 29.1.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1.1 заалтуудыг үндэслэсэн юм байна.

Д.Болд: Шаардлага хангахгүй УАЗ 469 машиныг хилээр нэвтрүүлэхийг хориглосон даруйд үймээн дэгдээсэн

Өчигдөр буюу 6-р сарын 19-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг, хоёр улсын хилийн шалган нэвтрүүлэхийн орчимд ачаа тээврийн УАЗ-469 маркийн автомашины жолооч нар эсэргүүцлээ илэрхийлэн цуглаан зохион байгуулсан. Улмаар хилийн орж гарах хөдөлгөөн саатсан тухай бид өмнө нь мэдээлсэн.

Дээрх асуудлын мөрөөр Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа консулын  газрын, Дэд консул Д.Болдоос тодрууллаа.

-Юуны өмнө ямар учир шалтгаанаар жолооч нар эсэргүүцэл илэрхийлэх болсон талаар мэдээлэл өгнө үү?

-БНХАУ-ын Засгийн газрын төв гаалийн газраас, хилээр орж ирж буй ачааны автомашинууд нь даац хэтрүүлэн ачаа ачиж байна, зорчигч тээврийн автомашины стандартын шаардлага хангахгүй байна гэх асуудлыг байнга ярьж байсан. Тэр бүрт манай талаас, нэг жолоочийн ард 10 ам бүл бий,тиймээс дээрх хүмүүсийн ажилд тусалж дэмжиж өгөхийг хүссээр өнөөдрийг хүрсэн. Харин өнгөрөгч 4-р сарын 24-ний өдрөөс эхлээд Эрээн хотын автомзамын боомт дээр шаардлага хангаагүй УАЗ-469 маркийн автомашиныг хилээр гаргахыг хориглох талаар яригдаж эхэлсэн. Ингээд шаардлага хангаагүй автомашинуудын хилээр зорчих эрхийг хасах шийдвэрийг БНХАУ-ын талаас гаргаад байгаа юм.

-Нийт хэдэн УАЗ-469 автомашин ачаа тээврийн үйлчилгээ үзүүлдэг юм бэ?

-Нийт 1000 гаруй автомашин бий. Өдөртөө 300-400 орчим нь хилээр зорчиж, өдөртөө 2-3 удаа орж гардаг.

-Дээрх автомашинууд үйлчилгээ үзүүлэхэд ямар ямар шаардлага тавьж байгаа юм бол?

-Нэгдүгээрт, УАЗ-469 автомашин нь ачааны бус зорчигч тээврийн зориулалттай. Тиймээс ачаа зөвхөн хонины хонхорт байх, нэг хүнд оногдох ачаа 40 кг-аас дээшгүй байх, мөн жолооч болон хажуугийн суудалд суудлаа тавих, арын суудлууд байх, ачаагаа зөв зохистой уях гэх мэт шаардлагууд тавьж байгаа юм. Улмаар тээврийн жолооч нарын дийлэнхи нь хятадын талаас шаардаж буй шаардлагыг хангаж, үйлчилгээгээ хэвийн явуулах эрхтэй болсон. Харин удаа дараа шаардлага тавиад түүнийг хангаагүй 60 ширхэг УАЗ-469 машин байгаа. Тэдний хилээр зорчих эрхийг хятадын талаас хассан учраас дээрх асуудлыг үүсгээд байна.

-Тэгэхээр стандарт шаардлага хангаагүй гэх автомашины жолооч нар дээрх эсэргүүцлийг зохион байгуулсан  гэж ойлголоо. Харин энэ үйлдэл нь хууль бус гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгсөн байсан?

-Энэ цуглаанаас үүдээд хоёр улсын хамтарсан зорчигч тээврийн автобусууд хил дээр саатаж энгийн иргэд хохирсон асуудал үүссэн. Өчигдрийн хувьд Эрээн-Замын-Үүд чиглэлийн зорчигч тээврийн гурван автобусны 120 хүн билетээ үхүүллээ гэх шалтгаанаар бидэнд хандсан. Консулын газраас эдгээр иргэдийн хүсэлтийг хүлээн авч, хууль бус жагсаал зохион байгуулсан хүмүүст хүргүүлж, нөхөн төлүүлэх боломж бололцоо бий эсэхийг судална гэж мэдэгдсэн. Эдгээр энгийн иргэдийн дунд хонох газаргүй, мөнгөгүй, мөн штамбын хугацаа дууссан гэх мэт олон шалтгаантай иргэд байсан. Эдгээр иргэдийн хүсэлтийг хангах чиглэлд консулын газраас холбогдох албадуудтай ярилцаж, Бээжин-Улаанбаатар чиглэлийн олон улсын галт тэргээр нутаг буцаах ажлыг зохион байгуулсан байна.

-Ачаа болон зорчигч тээврийн чиглэлд заавар УАЗ-469 автомашин үйлчлэх ёстой байдаг уу? Өөр төрлийн автомашин үйлчилгээ үзүүлж болох уу?

-Эрээн хотын хилээр гуравдагч орны автомашин оруулахыг хориглосон байдаг. Өөрөөр хэлбэл зөвхөн УАЗ-469 маркийн автомашиныг үйлчилгээ үзүүлэхийг зөвшөөрсөн байдаг. Тиймээс энэ ондоо багтаагаад  бусад орны автомашинуудыг чөлөөтэй оруулж байх талаар хөөцөлдөж байгаа талаар Эрээн хотын засгийн газраас бидэнд мэдэгдсэн байгаа. Манжуур боомтоор бол бүх төрлийн автомашин орж гарч болдог. Яг үүнтэй ижил болгохоор яриа хэлэлцээр яригдаж байгаа.

-Дээрх асуудлыг шийдэгдэх хүртэл манай улсын консулын газраас эдгээр автомашинуудыг үйлчилгээ үзүүлэх талаас нь дэмжих боломж бий юу?

-Энэ тохиолдолд бол БНХАУ-ын дотоодын хууль тогтоомж үйлчилж байгаа юм. Харин манай консулын газраас энэ асуудалд хөндлөнгөөс оролцох боломж бололцоо, хууль эрхзүйн үндэслэл бол байхгүй. Нөгөө талаас ч хүлээж авахгүй. Зорчигч тээврийн тухайд хоёр улсаас өдөртөө 3, 3 автобус зорчигдоо тээвэрлээд зөрж явж байгаа. Харин ачаа тээврийн тухайд Эрээн хотод хил хоорондын карго гэж үйлчилгээ бий. Манайхан эдгээр үйлчилгээг авах боломж бололцоо бий.

-Өнөөдрийн байдлаар хилийн зорчих хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна уу?

-Өнөөдөр бол эндээс гарч байгаа автомашинуудад Хятадын тал хэвийн үйлчилгээ үзүүлээд гаргаж байна. Хилийн шалган нэвтрүүлэхийн үйл ажиллагаа хэвийн байна.

Б.Дашзэвэгт оногдуулсан ялыг 3 жил болгон өөрчилжээ

Өнгөрсөн аравдугаар сард олон улсын сэтгүүлч, улс төрийн тоймч Б.Дашзэвэг бага насны охиныг хүчирхийлэхийг завдсан хэрэгт холбогдсон билээ. Тэгвэл түүнд холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн шүүх шүүж 9 жилийн ял оноохоор болоод байсан юм. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар энэ хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу өчигдөр хянан хэлэлцлээ.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс Б.Дашзэвэгийг бага насны хүүхдийг хүчиндэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 9 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ. 

Дээд шүүх насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан ялыг хөнгөрүүлж өгөхийг хүссэн хүсэлт, шүүгдэгчийн 74 настай байдал зэргийг харгалзан үзсэн. 

Мөн анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулиар гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэлд оногдуулах ялын доод хэмжээг тогтоосон мэтээр хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул  Б.Дашзэвэгт оногдуулсан ялыг гурван жил хорих болгон өөрчилсөн байн

500 гаруй хүүхэд хоцорсон ЭЕШ-аас хоцорчээ

Дунд сургуулиа төгсч буй хүүхдүүд ЭЕШ-аа өчигдөр өгч дууслаа. Улсын хэмжээнд 500 гаруй хүүхэд хоцорсон дүн мэдээг албаныхан онцолсон байна. Тодруулбал, энэ сарын 19- нд шалгуулагчдын заавал өгөх ёстой шалгалтын нэг болох монгол хэл, бичгийн шалгалтыг тодорхой байруудад авсан. Харин энэ өдөр Яармагийн гүүрэн дээр ноцтой осол гарч, зам түгжирсэн учраас тухайн чиглэлийн хоёр хүүхэд ЭЕШ-аа өгч чадаагүй байна. Түүнчлэн улсын хэмжээнд долоон хүүхэд шалгалттай холбоотой гомдол гаргажээ. Бусад гомдлыг цаг тухайд нь шийдвэрлэсэн ч шалгалтаас хоцорсон хүүхдүүд нэг жил хүлээхээс аргагүй болжээ.

Түүнчлэн энэ жил анх удаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд шалгалт өгөх анги танхим бэлдэж өгсөн. Мөн хорих ангид ял эдэлж байгаа долоон хүүхдийг харгалзагчийнх нь хамт шалгалтад оруулсан байна. 

ЭЕШ-ын дүн 7 хоногийн дараа гарах юм байна.  

Алга болсон хүүг эрэн хайх ажиллагааг зогсоожээ

Баян-Өлгий аймагт хоёр настай хүү ор сураггүй алга болоод олон хонож байна. Аймгийн Онцгой байдлын хэлтсээс ар гэрийнхэнтэй нь хамтран эрэн хайх ажиллагааг явуулсан ч өнөөдрийг хүртэл хүүг олоогүй байгаа юм.

Харин өчигдрөөс эхлэн ар гэрийнхэн нь хүсэлтээр эрэн хайх ажиллагааг зогсоожээ. Гэрийнхэн нь хэлж буйгаар хүүг ширүүн урсгалтай голын хажууд орхисон байсан гэнэ. Тиймээс усанд урссан байж магадгүй хэмээн таамаглаж байгаа ажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл