8o
Улаанбаатар хот
mobile menu

“Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай” хуулийн төсөл өргөн барилаа

2018-06-22 11:51:21

УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Б.Саранчимэг, Ш.Раднаасэд, Ц.Даваасүрэн нар өөрсдийн санаачилсанНөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа.

Нөхөн үржихүйн эрүүл мэндийг дэмжсэн бодлого, эрх зүйн таатай орчин бүрдүүлэх, эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний  чанарыг сайжруулах, нөхөн үржихүйн эрүүл мэндийн эм хэрэгслийн тогтвортой байдлыг хангах, гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод үзүүлэх тусламж, үйлчилгээг өргөжүүлэх, зорилтот бүлгүүдэд хүрч үйлчлэх, бэлгийн боловсрол олгох асуудалд төр, засгаас анхаарсаар ирсэн боловч бэлгийн замын халдварт өвчин, түүний тархалт, үр хөндөлт, үргүйдэл зэрэг нийгмийн харилцаанд шууд нөлөөлдөг хүчин зүйлийг судлах, судалгаанд үндэслэн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх ажил дутагдалтай байна.

Үргүйдлийн бүртгэл мэдээллийг сайжруулах, тусламж үйлчилгээг боловсронгуй болгох, үргүйдлийн оношилгоо, эмчилгээнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн технологийг нэвтрүүлэх нь нөхөн үржихүйн эрүүл мэндийн тулгамдсан асуудал төдийгүй энэ нь Монгол Улсын хүн амын өсөлтийг нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм. Олон улсын нөхөн үржихүйн туслах аргын хувьд үргүйдлийн оношилгоо,эмчилгээнд хамруулахад зөвхөн бэлгийн эсийн донор хэрэглэх шаардлагатай байдаг. Мөн эмэгтэйчүүдийн мэс заслын улмаас умайгаа тайруулсан, авахуулсан, умайн төрөлхийн гаж хөгжилтэй эмэгтэйчүүд зөвхөн тээгч эхийн тусламжтайгаар хүүхдээ төлөөлөн төрүүлэх замаар хүүхэдтэй болох эрх зүйн үндэслэлийг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байна.

Донорын тухай хууль анх 2000 онд батлагдаж, 2012, 2015 онуудад нэмэлт, өөрчлөлт хийж, 2018 онд шинэчилсэн найруулгыг баталсан байна. Тус хуулиар бусдын эрүүл мэндийг сайжруулах, амь насыг аврахад зориулан сайн дураараа цус, эд, эрхтнээ үнэ төлбөргүй өгөх, амьд болон амьгүй донорын эд, эрхтнийг шилжүүлэн суулгах зорилгоор авах, цус, цусан бүтээгдэхүүн, эд эрхтнийг эмчилгээний зориулалтаар хэрэглэхээр авах, шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, хэрэглэх, экспортлох, импортлох донорын үйлсийг сурталчлах, түүнд иргэдийг татан оролцуулахтай холбогдсон харилцааг зохицуулж байгаа боловч зайлшгүй зохицуулах шаардлагатай харилцаанууд үүссээр байна. Тухайлбал: Уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт: ”амьд донор” гэж өөрийн болон хүний эрүүл мэндийг хамгаалах, амь насыг аврахад зориулан эс, эд, эрхтэн болон эрхтний хэсгээ сайн дураар өгөгчийг”,”хүний эс, эд, эрхтэн” гэж хүний эрхтэн, эрхтний хэсэг, эс болон эдийн нийлмэл бүрдлийг” хэлнэ гэж тодорхойлсон. Ингэхдээ бэлгийн эсийг хамааруулахгүй байхаар заасан нь бэлгийн эсийн донор гэж байх эсэх, тэдгээртэй холбогдсон харилцааг хэрхэн зохицуулах талаар эргэлзээтэй байдал үүсгэж байна.

Мөн уг хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсэгт: “Нэг донорын бэлгийн эсийг зөвхөн нэг удаагийн амьд төрөлтөд ашиглахыг зөвшөөрнө”, 18.5 дах хэсэгт: “Эрүүл мэндийн шалтгаанаар өөрөө жирэмслэх, ураг тээх, хүүхэд төрүүлэх чадваргүй нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон эмэгтэйг тээгч эхээр дамжуулан хүүхэдтэй болохыг зөвшөөрнө” гэж нөхөн үржихүйд туслах аргыг ашиглахыг шинээр оруулсан нь дэвшилттэй юм.

Гэхдээ нөхөн үржихүйн эрүүл мэндийг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих зорилгоор үргүйдлийг эмчлэх, орчин үеийн нөхөн үржихүйд туслах аргыг ашиглах, хязгаарлах, хориглох, тухайн харилцаанд оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, эрх зүйн үндсийг тодорхойлсон бие даасан хуулийг  Донорын тухай хуулиас тусад нь батлан гаргах шаардлагатай гэж төсөл санаачлагчид үзэж байна.

Тиймээс үргүйдэл, түүний тусламж үйлчилгээ, нөхөн үржихүйн туслах арга түүний төрөл, үүнийг ямар шаардлага хангасан эмнэлэг ямар нөхцөлд хэрэглэх, уг ажиллагааны нууцлал, тавигдах шаардлага, тээлгэгч эцэг, эх, тээгч эх гэж хэн байх, тэдгээрт тавигдах шаардлага, талуудын хоорондын гэрээнд ямар асуудал тусгах, тээгч эхээс төрсөн хүүхдийг хэрхэн шилжүүлэн өгөх, хүүхдийг төрсний бүртгэлд бүртгэх зэрэг олон харилцааг тусгасан бие даасан хуулийн төслийг боловсруулжээ.

            Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөл батлагдсанаар:

1.Нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр үндэсний хөтөлбөр болон төрийн бодлогод үргүйдэл, түүний оношилгоо, эмчилгээний асуудал тусгагдаж, энэ чиглэлээр эрүүл мэндийн байгууллагын үүрэг хариуцлага дээшилснээр иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, эмчилгээнд хамрагдах байдал сайжирна.

            2.Үргүйдэл нь хүний эрүүл мэндэд шууд нөлөөлж амь насанд аюул учруулдаггүй ч хувь хүний нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүлийн тогтвортой байдал, хувь хүний амьдралын чанарт сөрөг нөлөө үзүүлдэг нийгмийн эрүүл мэндийн эмзэг асуудал учир энэ асуудлыг шийдвэрлэх хууль эрх зүйн орчин бүрдсэнээр хувь хүний сэтгэл санаа, гэр бүлийн тогтвортой байдал, улс орны хүн амын өсөлтийн байдал дээшилнэ.

            3.Гадаад оронд явж үргүйдэл, түүний оношилгоо, эмчилгээ хийлгэх, үр шилжүүлэн суулгах харилцаа багасч, эх орондоо энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх, хөрөнгөө хэмнэх, гадагшаа чиглэсэн валютын урсгал хумигдах боломж бүрдэнэ.

            4.Үргүйдлийн орчин үеийн нөхөн үржихүйн тусламж үйлчилгээтэй холбоотой асуудал /үр тогтоох, үр шилжүүлэн суулгах, тээгч эхийн харилцааны зохицуулалт, бэлгийн эсийн донор/-ын хууль эрх зүй, бүртгэлийн нэгдсэн орчин бүрдэж, эрүүл мэндийн байгууллагын хяналтын тогтолцоо сайжирна.

Үргүйдлийн асуудалтай, үр шилжүүлэн суулгах аргаар үр хүүхэдтэй болох хүсэлтэй иргэд БНСУ болон ОХУ-ын эмнэлэгт их ханддаг бөгөөд  БНСУ-д 2015 онд  зорчихоор эмчилгээний виз авсан 3700, 2016 онд 3100, 2017 онд 3800, 2018 оны эхний хагас жилийн байдлаар 1900 хүн байгаа нь гадагш эмчилгээ, үйлчилгээнд явах хүсэлтэй, түүнээс нөхөн үржихүйд туслах аргаар үр хүүхэдтэй болох хүсэлт их байгааг харуулж байна.

Уг хуулийн төсөлтэй холбогдуулан одоо үйлчилж байгаа Гэр бүлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Иргэний бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай зэрэг 3хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг  боловсруулжээ.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл