8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Д.Мурат гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэрийг дэмжиж, Долларын ханш 30 төгрөгөөр нэмэгдсэн өдөр

2018-06-22 18:45:00

Гэгээн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн шинэхэн өдөр буурал түүхийн хуудаснаа хадгалагдан үлдэж байна. Өнөөдрийн таны ажил амжилт бүтээлээр дүүрэн байсан гэдэгт итгэлтэй байна. Гишгэсэн мөрөө эргэж нэг хар.Гутлын улныхаа хээг биш, хvн болж төрөөд хийж бvтээснээ, хэрхэн амьдарсанаа эргэж хар. Нигүүлсэнгүй байж чадаагүй хором бүрээ тунгааж бодоорой. Сайн сайхан амжилт бүтээлээ ч тэмдэглэ. Маргааш чамайг илүү сэргэг, илүү нигүүлсэнгүй байхад чинь энэ санамж тус болно. Өглөө босохоос орой унтах хүртэлх байр байцаа нэхэн санахдаа саарт нь гутарч, сайнд нь сагсуурах хэрэггүй. Учир нь маргааш таныг нэгэн шинэ өдөр угтах болно. Өглөө бүрийг шинэ өдөр, шинэ боломж хэмээн талархан угтаарай. Нийгэм улс төрийн амьдралд халуун сэдвүүд өрнөсөн энэ өдрийн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэх гэж байна. Шинэ сонин содон мэдээллээр дүүрэн тоймоо хүлээн авна уу.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

Чуулган: Д.Мурат гишүүнийг бүрэн эрхийг түдгэлзүүлээгүй шийдвэрт тавьсан хоригийг дэмжлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын 45 дугаар тогтоол буюу Д.Муратын гишүүний бүрэн эрхийг нь түлгэлзүүлэхээс татгалзах шийдвэрт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, хүлээж авлаа. УЕП-оос Д.Мурат гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай санал ирүүлснийг УИХ энэ сарын 08-нд хэлэлцэж, хүлээж авахаас татгалзах тогтоол баталсан. Уг тогтоолд Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 13-нд хориг тавьсан юм. УИХ-аас Д.Мурат гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээс татгалзсан нь төрийн эрх барих дээд байгууллагын нэр хүнд, үнэлэмжийг үгүй хийсэн, хүлээн зөвшөөрөх боломжгүй шийдвэр болсон гэдгийг Ерөнхийлөгчийн хоригтоо дурьджээ. Мөн УИХ-ын гишүүн Д.Муратын гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэхэд бүрэн эрх нь саад учруулна гэж үзэж байгаа Прокурорын байгууллагын саналыг УИХ дахин хэлэлцэж, хариуцлагатайгаар шийдвэрлэх шаардлагатайг онцолсон байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн байсангүй. Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 79.5 хувь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зөв хэмээн үзлээ.

Мөн чуулганаар Д.Гантулга гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх талаарх УИХ-ын 47 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх шаардлагагүй хэмээн үзэв. Учир нь Д.Гантулга УИХ-ын гишүүнээс татгалзах өргөдлөө энэ сарын 11-нд гаргасныг чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэсэн юм.

Байнгын хороо: ТТ-н 30 хувийг эдийн засгийн эргэлтэд оруулахыг дэмжив

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх” тухай  тогтоолын төслийг хэлэлцлээ.

Тогтоолын төсөлд “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр үе шаттайгаар арилжаалан Тавантолгойн ордын үнэ цэнийг өсгөх зохицуулалтыг тусгасан байна. Мөн тус ордын хөрөнгө оруулалт, борлуулалтын нөхцөлийн талаар хөрш орнуудтай хэлэлцээ хийх, Өмнөд бүсийн уул уурхайн төслүүдийн эрчим хүчний хэрэгцээг хангах цахилгаан станцыг Тавантолгойн ордыг түшиглэн барих асуудлыг эцэслэн шийдвэрлэх талаар шаардлагатай арга хэмжээ авч ажиллах зэрэг асуудал тусгажээ. Түүнчлэн  Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Оюутолгой-Ханги, Тавантолгой-Барууннаран чиглэлийн авто замын төгсгөлөөс Цагаандэл уул чиглэлд тусгай зориулалтын авто зам барих болон Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам зэрэг төслийг эхлүүлэх зэргийн тусгасныг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар танилцууллаа. Тогтоолыг баталснаар Тавантолгойн орд газрыг хөгжүүлэх талаар баримтлах бодлого, эрх зүйн орчин тодорхой болох бөгөөд эдийн засгийн үр өгөөж нэмэгдэж, иргэдийн хувьцааны ханш өсөх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, олон улсын зах зээлд борлуулах боломж бүрдэнэ хэмээн Засгийн газар үзэж байгаа аж.

Хэлэлцүүлгийн үеэр Д.Эрдэнэбат гишүүн тогтоолын төслийг яаралтай хэлэлцэх болсон шалтгааны тодрууллаа. Засгийн газраас тогтоолын төслийг яаралтай дэгээр өргөн барьсан бөгөөд хаврын чуулганы хугацаа дуусах дөхөж байгаа тул өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх шаардлагатайг байнгын хорооны дарга Д.Дамба-Очир тайлбарлав.

Мөн үеэр Л.Энх-Амгалан гишүүн 30 хувийн нэгж хувьцааны үнийг хэрхэн тооцож байгааг тодруулав. Одоогоор иргэдийн гар дээр байгаа нэгж хувьцаа 933 төгрөг бөгөөд гадаад, додоотын зах зээлд гаргах хувьцааг энэ үнэээс дээгүүр байлгах бодлого, төвлөвлөгөө боловсуулж байгааг Д.Сумъяабазар сайд хэллээ.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, “Эрдэнэс -Тавантолгой” компани ашигтай ажиллаж байгаа. Энэ компанийн тодорхой хувийг эргэлтэд оруулснаар одоо байгаагаасаа илүү ашигтай ажиллана гэсэн тооцоо, судалгаа бий юу. Газрын доорх баялаг ард түмний өмч гэж Үндсэн хуульд заасан. Гэтэл энэ компанийн тодорхой хувийг гадаадын зах зээлд борлуулснаар Үндсэн хуулиа зөрчих юм биш үү” хэмээв.
УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, “Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ өндөр байгаа энэ үед  эдийн засгаа сэргээж, ажлын байр нэмэгдүүлэх хэрэгтэй. Тавантолгойг улстөржүүлэхгүйгээр ажиллуулах ёстой. Нэн тэргүүнд дотоодын хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаална” гэлээ.

Ийнхүү санал хураалт явуулахад байнгын хорооны гишүүдийн 90 хувь тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

АТГ: НӨХГ-ын мэргэжилтэн Д.Нэмэхбаярыг авлигалын хэргээр шалгаж байгаа нь үнэн

Төв талбайн ногоон байгууламж руу шээж, улмаар ажлаасаа халагдсан Нийслэлийн өмчийн харилцааны мэргэжилтэн Д.Нэмэхбаярыг АТГ-аас авлигын хэрэгт шалгаж эхэлсэн гэх мэдээлэл гарч эхэлсэн билээ.  Тодруулбал, түүний гэрээс 14 сая төгрөг олдсныг хураан авсан гэнэ.  Түүнийг “Үдийн цай” хөтөлбөрийн тендерт оролцож зарим аж ахуйн нэгж, иргэдээс хээл хахууль авах байдлаар давуу байдал олгож, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй гэмт хэрэгт буруутган шалгаж байгаа аж. Д.Нэмэхбаяр нь Нийслэлийн ЕБС-иудын цайны газруудаас гэрээг нь сунгаж өгөх үйлдэлдээ  200 мянгаас 2 сая төгрөг хүртэлх хэмжээтэй хахууль авдаг байсан байж болзошгүй гэнэ.

Энэ талаар АТГ-аас тодрууллахад " Нийслэлийн өмчийн харилцааны мэргэжилтэн Д.Нэмэхбаярыг АТГ-аас авлигын хэрэгт шалгаж байгаа нь үнэн. Одоогоор түүнийг гэрээс их хэмжээний бэлэн мөнгө олдсон учир ийнхүү шалгаж байна" гэв. 

Д.Нэмэхбаяраас гадна түүнтэй хамт ажилладаг ахлах мэргэжилтэн Н.Раднаасэдийг мөн шалгаж байгаа гэнэ. Тэднийг “Үдийн цай” хөтөлбөрийн тендерт оролцож зарим аж ахуйн нэгж, иргэдээс хээл хахууль авах байдлаар давуу байдал олгож, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй гэмт хэрэгт буруутган шалгаж байна. Д.Нэмэхбаяр нь Нийслэлийн Өмчийн харилцааны газарт ажилладаг бөгөөд Үдийн цай хөтөлбөрийн тендерт оролцсон аж ахуйн нэгж, иргэдээс хээл хахууль авдаг байжээ. Ингэхдээ хясан боогдуулах аргаар, тухайлбал зөвшөөрлийг нь гаргаж өгөхгүй байх, гэрээний хугацааг сунгахгүй байх, зөвшөөрлийг цуцална гэж сүрдүүлэх гэх мэтээр дарамт шахалт үзүүлж, аргагүй байдалд оруулан мөнгө авдаг байсан байна. 

Долларын ханш огцом 30 төгрөгөөр нэмэгдэв

Сүүлийн нэг жил тогтвортой байсан долларын ханш өчигдөр огцом 25-30  төгрөгөөр өслөө. Өчигдөр Найман шарга валютын зах дээр өчигдөр долларын ханш нэг хоёрхон цагийн дотор 20-25 төгрөгөөр нэмэгджээ. Монголбанкнаас зарласан 6-р сарын 19-ны өдрийн  хаалтын ханш 2426 ам.доллар, 6-р сарын 20-ны өдрийн хаалтын ханш 2441 ам.доллар байсан бол 6-р сарын 21-ны өдрийн хаалтын ханш 2450 ам.доллар болтлоо өсчээ. Үүний шалтгааныг Монголбанк эрэлт нийлүүлэлтийн харьцаагаар тайлбарлаж байгаа хэдий ч Найман шарга захын валют арилжаачид банк, бүлэглэлүүдийн хийж байгаа санаатай хуйвалдаан үзэж байгаа аж. 

Харин мэргэжлийн шинжээчид сүүлийн гурван удаагийн дуудлага худалдаанд Монголбанк оролцоогүй, зах зээлд ам.доллар худалдаагүйтэй холбон тайлбарлаж байна. 

Х.Баделхан: Борлуулагдаагүй орон сууцуудыг төрийн албан хаагчдад хөнгөлөлттэй нөхцлөөр өгөх боломжтой

Борлуулагдахгүй байгаа орон сууцнуудыг төр худалдан авч төрийн албан хаагчдад урьдчилгаагүй, хүүгүй зээлээр олох асуудлыг Засгийн газрын төвшинд ярьж эхэлсэн байна. Энэ талаар Барилга хот байгуулалтын сайд Х.Баделханаас тодрууллаа.


-Төр борлуулагдаагүй орон сууцнуудыг худалдан авч төрийн албан хаагчдад хүүгүй, урьдчилгаагүй өгнө гэсэн мэдээлэл гараад байна. Үнэн үү? 

-Өнгөрсөн нэгдүгээр сард улсын хэмжээнд баригдаж байгаа орон сууц, борлуулагдаагүй орон сууцны тоог гаргаад, борлуулах арга хэмжээ ав гэсэн УИХ-ын  тогтоол гаргасан. Үүний дараа УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол гарсан. Энэ нь тавдугаар сард багтааж борлогдохгүй байгаа орон сууцны судалгааг гарга гэсэн тогтоол юм. Энэ үндсэн дээр Барилга хот байгуулалтын яам судалгаа хийхэд улсын хэмжээнд баригдаж байгаа 72 мянган орон сууц байна. Үүнээс Улаанбаатар хотод 59 мянга нь баригдаж байгаа бол орон нутагт 12 мянган айлын орон сууц баригдаж байгаа гэсэн дүн гарсан. Энэ бол ойрын хугацаанд ашиглалтад орох барилгын тоо юм. Харин 6390 айлын орон сууц борлогдоогүй байна. Үүний 5822 нь Улаанбаатарт байгаа бол хөдөө орон нутагт 568 айлын орон сууц борлогдоогүй байгаа юм байна. Тиймээс Улаанбаатар хотод байгаа борлогдоогүй орон сууцнуудыг энгийн зориулалтаар, бизнесийн зориулалтаар, стандарт гэж ангилсан. Үүн дотор хамгийн хямд нь нэг метр квадрат нь 1.6 саяын өртөгтэй 2118 орон сууц байна. Энэ орон сууцыг эргэлтэд оруулъя гэсэн саналыг бид ярьж байгаа.

-Тэгэхээр борлуулагдаагүй байгаа орон сууцнуудыг төрийн албан хаагчдад хөнгөлөлттэй нөхцлөөр олгоно гэсэн үг үү?

-Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар төрийн албан хаагчдыг орон сууцжуулах боломж байдаг юм байна. Төрийн албаны тухай хуулиар төрийн албан хаагчдыг орон сууцтай болгох үүргийг төр хүлээдэг. Энэ хүрээнд улсын хэмжээнд байгаа төрийн албан хаагчдын орон сууцны хангалтын судалгааг хийсэн. Судалгааны дүнгээр улсын хэмжээнд 192 мянган төрийн албан хаагч ажиллаж байна. Нийт төрийн албан хаагчийн тавны нэг нь буюу 60 орчим мянга нь л дэд бүтцэд холбогдсон орон сууцтай байдаг юм байна. Өнөөдрийн байдлаар орон сууц хүссэн төрийн албан хаагч 56 мянга байна. Тиймээс бэлэн байгаа орон сууцыг төрийн албан хаагчдад олгох боломж байгаа юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Харин хэрхэн олгох, хөрөнгийн эх үүсвэрийг хаанаас гаргах вэ гэдгийг Сангийн яамтай ярьж байгаад шийднэ. Өнөөдрийн байдлаар бол манай улсын эдийн засгийн байдал маш хүнд байгаа. Төсвийн орлогын 50 хувийг өр, зээлэнд өгч байна. Энэ нөхцөлд төрийн албан хаагчдыг орон сууцтай болгох ямар боломж байна вэ гэдгийг бид судалж байгаа. Хуваарилалтыг нь гаргасан. Одоо хөрөнгийн эх үүсвэр л гол асуудал болж байгаа.

-Эхний төлөвлөгөөгөөр хөрөнгийг хаанаас босгоно гэж үзэж байгаа вэ?

-Төрийн албан хаагчдын амьдрал хүнд байгаа. Эмч, сувилагч, багш нарт сарын цалингаас өөр орлого байхгүй. Тиймээс хуулийн дагуу 45 хувь хүртэл төлбөр тооцоо хийж болно. Тэрүүгээрээ нэг удаа өгөх боломж байна уу гэж судалж байгаа. Хамгийн гол нь хөрөнгийн эх үүсвэрийг шийдээд Засаг шийдвэр гаргавал энэ санаа ажил хэрэг болгох боломжтой хувилбар гэж үзэж байгаа.

Д.Сумъяабазар: Тавантолгойг хөдөлгөх төсөлд хардаж сэрдэх зүйлгүй

МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж Засгийн газраас өргөн мэдүүлсэн Тавантолгойн бүлэг ордыг цогцоор нь хөдөлгөх төслийг хэлэлцээд дэмжсэн байна. Мөн уг ажилд нухацтай хандах шаардлагатай гэж үзээд Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг гарч ажиллах ёстой гэдэгт санал нэгджээ. 

Энэ талаар МАН-ын бүлгийн дарга  Д.Хаянхярваа “Тавантолгойг хөдөлгөх төслийг шуурхай хэлэлцэхгүй бол ирэх долоо хоногийн баасан гаригт чуулган завсарлана. Хаврын чуулганыг  завсарлахаас өмнө уг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхгүй бол намрын чуулган хүртэл хүлээж хугацаа алдах гээд байна. Мэдээж энэ том төслийг хөдөлгөхөд олон улсын зэх зээлд IPO гаргах шаардлага бий. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, зөвлөхүүдэд хандахаас эхлээд энэ ажлыг хийж гүйцэтгэж эхэлтэл багагүй хугацаа шаардагдана. Хамгийн багадаа 6 сараас нэг жилийн хугацаа шаардлагатай. Бид хөрөнгө оруулалтаа татаад ТЭЗҮ-гээ зөв хийж чадаад Тавантолгойн ордоо эдийн засгийн эргэлтэд оруулж чадвал ард иргэдэд хэрэгтэй юм. УИХ-ын гишүүдийн санааг байгаль, экологийн асуудал зовоож байна. Ажил эхлүүлэх хүртэл хугацаанд байгаль, экологийг хамгаалах асуудлаар төслийг хэрэгжүүлэгчдээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваад явна. Бид сүүлийн үеийн байгаль, экологид ээлтэй тоног төхөөрөмжийг ашиглах нь зүйтэй гэж үзэж байгаа. Мөн уг төслийг хэрэгжүүлэхдээ Монгол дахь боломжоо ашиглах ёстой. Өөрөөр хэлбэл, Энержи Ресурсын нүүрс угаах үйлдвэрийг бүрэн ашиглаж чадвал нэг жилд Монгол улсын төсөвт 600 орчим тэрбум төгрөгийн татварын орлого орж ирэхээр байгаа. Энэ мэт бид боломжоо ашиглах хэрэгтэй” гэсэн юм. 

-    “Эрдэнэс Тавантолгой-н ордын 30 хүртэлх хувийг нь олон улсын зах зээлд гаргаж хөрөнгө босгоно гэсэн. Энэ ажил хэдий хугацаанд хийгдэх бол. Төлөвлөгөө бий юу? 

-    Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар: Эрдэнэс Тавантолгойн хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах, үр нөлөөг нь сайжруулах зайлшгүй шаардлага бий. Төрийн өмчийг ашигтай ажиллуулах цаг нь болсон. 180 хоногийн дотор судалгаа, ТЭЗҮ, зөвлөгөө гэх мэт дотоод ажлуудаа хийж дуусгах шаардлагатай байгаа

-    Үр өгөөжээ хэзээнээс өгөх вэ? 

-    Тавантолгойн төсөл хэрэгжсэнээр ойролцоогоор  жилд 2.8 тэрбум ам.долларын экспортын орлого нэмэгдэж улсын төсөвт жилд дунджаар 400-1,1 тэрбум ам.долларын орлого төвлөрөхийг тооцоолж байгаа. Шууд болон шууд бусаар 5800 орчим ажлын байр шинээр нэмэгдэнэ  гэж харж байгаа. 

-    Тавантолгойн дулааны цахилгаан станц хэр явагдаж байгаа вэ. дулааны цахилгаан станц байгуулагдсанаар  Оюутолгойг цахилгаан эрчим хүчээр хангана гэж ярьж байгаа? 

-    Өмнөд монголын эрчим хүчний хэрэглээг Уул уурхайн үйлдвэрлэлийн хязгаарлалттай байгаа. Нарийн сухайт, Тавантолгойт бүлэг орд түүнийг дагасан уурхайнуудад эрчим хүчний хязгаарлалттай байгаа. Тавантолгойн ордын үнэ цэнийг өсгөхөд эрчим хүч болон дэд бүтэц хоорондоо уялдаж цогц бодлогоор цонх үеийг ашиглах шийдэл явж байгаа. Тавантолгойн орд дээр эрчим хүчний хэрэглээг хангах байдлаар цогцоороо төсөлд орсон.  

-    Тавантолгойн төсөл эртнээс яригдаж байсан л даа. Баяр наадам дөхсөн, УИХ-ын хаврын чуулган завсарлах дөхсөн энэ үед төслийг  яагаад цаг хугацааны хувьд тулгаж оруулж ирж байгаа юм бэ. Зориуд цаг хугацааг нь тааруулж байна гэдэг хардлагыг дагуулж байна л даа?

МАН-ын бүлгийн дарга  Д.Хаянхярваа:    Ямар нэгэн хардаж сэрдэх зүйл байхгүй. Тавантолгойн төслийг хөдөлгөх асуудалд 2016 оны сонгуулийн  дараагаас эхлээд  хоёр Засгийн газар дамжиж ажиллаж байна. Ингэхдээ хамгийн зөв шийдлийг олох  нь чухал. Өнөөдрийн оруулж ирж буй энэхүү шийдэл бол хамгийн зөв шийдэл гэж харж байгаа. Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр орж төсөл дэмжигдсэн. Намын бүлэг ч дэмжсэн. Одоо УИХ-аар оруулаад төслийг явуулах нь зүйтэй гэдэг дэмжлэгийг авах юм бол ямар нэгэн байдлаар улстөрийн зүгээс болон хөндлөнгөөс нөлөөлөх нөлөөлөл байхгүй болно гэсэн үг. Энэ нь төсөл хэрэгжихэд хамгийн зөв  зам руугаа орж байна гэж  ойлгож болно.  Өнөөдөр хэлэлцэж байгаа тогтоолын төсөл бол бүлэг ордыг явуулах өнөөдрийн сонгосон энэ замаа цааш нь  явуулах тогтоолын төсөл. Мэдээж цаашдаа төсөл хэрэгжиж эхэлснээр  тодорхой төсөл хөтөлбөрүүд гэрээ хэлцлүүдийг УИХ, Засгийн газар нухацтай ярьж шийдлээ гаргана.

-Өнөөдрийн чуулганы хуралдаанаар Тавантолгойн төслийг хэлэлцэх үү. 29-нөөс өмнө батлах уу?

-Өнөөдөр Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцээд чуулганаар оруулна. Ямар ч байсан чуулган завсарлахын өмнө тогтоолын төслийг батална.

Хуурамч мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийж байгаад баригджээ

Хуурамч мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийж байгаад хууль хяналтын байгууллагад баригдсан хэрэг орон нутагт гарсан байна. Тодруулбал, Сэлэнгэ аймагт 20 орчим насны эрэгтэй эмэгтэй нийлсэн хүмүүс хуурамч буюу хоёр өөр мөнгөн дэвсгэртийг нийлүүлэн худалдаа хийж байгаад баригджээ.

Одоогоор тус этгээдүүдэд дөрвөн дэлгүүр залилуулсан тухайгаа мэдэгдсэн байна. Хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа аж.

Долларын ханш огцом 30 төгрөгөөр нэмэгдэв

Сүүлийн нэг жил тогтвортой байсан долларын ханш өчигдөр огцом 25-30  төгрөгөөр өслөө. Өчигдөр Найман шарга валютын зах дээр өчигдөр долларын ханш нэг хоёрхон цагийн дотор 20-25 төгрөгөөр нэмэгджээ. Монголбанкнаас зарласан 6-р сарын 19-ны өдрийн  хаалтын ханш 2426 ам.доллар, 6-р сарын 20-ны өдрийн хаалтын ханш 2441 ам.доллар байсан бол 6-р сарын 21-ны өдрийн хаалтын ханш 2450 ам.доллар болтлоо өсчээ. Үүний шалтгааныг Монголбанк эрэлт нийлүүлэлтийн харьцаагаар тайлбарлаж байгаа хэдий ч Найман шарга захын валют арилжаачид банк, бүлэглэлүүдийн хийж байгаа санаатай хуйвалдаан үзэж байгаа аж. 

Харин мэргэжлийн шинжээчид сүүлийн гурван удаагийн дуудлага худалдаанд Монголбанк оролцоогүй, зах зээлд ам.доллар худалдаагүйтэй холбон тайлбарлаж байна.

НМХГ: ҮСАХ зөвлөмжийн дагуу ажиллаагүй тул осол гарсан

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2018 оны эхний хагас жилд үйлдвэрлэлийн болоод барилгын, өргөгч техникүүд дээр гарсан ослын талаар мэдээлэл хийж байна. Мэдээллийн эхэнд Үндэсний соёл амралтын хүрээлэнд өнгөрсөн тавдугаар сарын 21-нд  шалгалт хийж Сансрын хөлөг тоглоом буюу эргэлддэг пуужин дээр зөвлөмж хүргүүлсэн. Гэтэл ҮСАХ энэ зөвлөмжийн дагуу ажиллаагүй тул харамсалтай осол гарсан гэдгийг НХМГ-аас онцоллоо.  Гарч буй ослууд аж ахуйн нэгжүүд хяналт тавьдаггүй, сэргээн засварладаггүй зэрэг зөрчил илэрдсэн байна.

Тодруулбал,  Тагада, Динозавр, Гинж, Тойрог зам, Галзуу хулгана зэрэг зургаан тоглоомыг хааж, шалгалтын ажил хийж байгаа аж. Ирэх долоо хоногт дүгнэлт гарч дээрх тоглоомуудыг ажиллуулж болох эсэх шийдвэр гарна гэдгийг албаныхан онцолж байна.

Мөн  он гарсаар өргөх механизмтай холбоотой 4 осол гарсан бөгөөд хүний амь нас эрсдээгүй. Энэ төрлийн осол гэмтэл 2006 онд  26, 2008 онд 35, 2018 оны эхний хагас жилд 4 гарсан аж.

Тухайлбал,  Нарны хороололд гарсан ослын улмаас 2 хүн, Саруул хороололд гарсан ослын улмаас нэг хүн гэмтсэн, Дэлгэрэх хотхонд гарсан ослын улмаас кран гурван машин дээр унасан, ҮСАХ-ийн сансрын хөлөг тоглоом хугарсан зэрэг осол гарсан байна. 

Мэдээллийг удахгүй дэлгэрэнгүйгээр хүргэх болно.

79 дүгээр сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнийг ажлаас нь чөлөөлжээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургууль дээр үүссэн асуудлаар Нийслэлийн Боловсролын газрын даргын баталсан удирдамжийн дагуу 2018 оны 06 дугаар сарын 19, 20-ний өдрүүдэд тус сургууль дээр ажлын хэсэг ажиллалаа.

Ажлын хэсгийн дүгнэлтээр Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэ нь хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, ажлын хариуцлага алдаж, сургуулийн орчны аюулгүй байдлыг хангах нөхцлийг бүрдүүлээгүй ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон.

Дүгнэлтийг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Б/117 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэд сахилгын арга хэмжээ авч, ажлаас нь чөлөөллөө.

Сануулахад, өнгөрсөн 18-ны өдөр 79 дүгээр сургуулийн хашаанд хөлбөмбөг тоглож байсан 11 настай хүүгийн дээр хөлбөмбөгийн хашлаганы төмөр унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан юм.   

Тэрбээр хэргийн талаар хэвлэлд ярилцлага өгөхдөө "Ар гэрийн хүмүүстэй нь холбоо бариагүй. Ангийнх нь багш нь түүнийг сайн мэдэх байх.Миний санахаар эрсдэлт бүлгийн хүү байсан. Ээж нь салаад явчихсан, аав нь архины хамааралтай эмээтэйгээ амьдардаг ар гэрийн хараа хяналт султай хүүхэд байсан. Эндхийн хүүхдүүд хэлэхдээ энэ хавьд байнга тоглодог хүүхэд байсан гэх юм билээ" хэмээн ярьсан билээ.

О.Баасанхүү: Тавантолгойг хулгайлах гэж байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ.

Уг асуудлыг хэлэлцэж эхлэхээс өмнө УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийн цахим хуудсаар шууд бичлэг хийлээ.

Тэрбээр "Манай Монгол ялна Ерөнхийлөгч Тавантолгойг дэмжиж оруулж ирж байна. Жаран тэрбум, Оюутолгой, хоёр гурван хүний хүчингийн гэх асуудлаар  олны анхаарлыг өөр тийш нь сэвээд Тавантолгойг хулгайлах гэж байна. Би энэ асуудлыг яаралтай оруулж ирж байгааг дэмжихгүй байна. Энэ асуудлыг долоо хоногоор хойшлуулъя. Нээлттэй хэлэлцүүлгийг ийм асуудлаар хийдэг юм. Нөгөө шударга Ц.Нямдорж чинь хэлэлцэх хэрэгтэй гээд гарын үсгээ зураад явж байна. Хойшлуулах горимын саналыг хүний өмнөөс кноп дарвал ард түмний өмчийг хулгайлах гэж байна гэж үзнэ. Монгол Улсын баялгийг өрөнд өгөх гэж байна гэж харж байна. Тавантолгойгоор тахил өргөж байгаа бол би зөвшөөрөхгүй. Хойшлуулах горимын саналаар санал хурааж өгнө үү гэж хүсмээр байна" гэлээ. 

М.Энхболд: Одоо зөвхөн хэлэлцэх эсэх дээр л санал авна. Ирэх долоо хоногт Байнгын хороогоор хэлэлцэнэ.Заавал санал хураах юм уу. 

Ингээд УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн гаргасан горимын санал дэмжих эсэхээр санал хураахад 40 гишүүн оролцож 17.5 хувь нь дэмжив. Ингэснээр О.Баасанхүү гишүүний гаргасан горимын санал уналаа.

Эмч, сувилагч нар хугацаагүй ажил хаяж буйгаа мэдэгдлээ

Эрүүл мэндийн үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллүүд, мөн эмч сувилагч нар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны гадаа өчигдөр /2018.06.21/ суулт зарласан. Суултын шалтгаан нь Эрүүл мэндийн сайдтай хийсэн тэдний гэрээг Засгийн газар бүртгүүлэх байсан бөгөөд бүртгэхгүй бол ажил хаяна гэдгээ мэдэгдсэн.

Энэ талаар Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмараас тодрууллаа. Тэрбээр “Бидний тавьсан шаардлагыг хүлээж аваагүй. Тиймээс бид орон даяар ажил хаялт зарлаж байна. Ажил хаях зуур мягмар болон лхагва гаригт бид хуралдана. Ажил хаялтад хэдэн хүн оролцсон нь  мягмар гаригт тодорхой болно. Бидний ажил хаялт хугацаагүй. Шаардлагыг маань хүлээн автал бид ажил хаяна” гэлээ

Эрүүл мэндийн сайдтай хийсэн гэрээнд эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх, сувилагчийн орон тоог нэмэгдүүлэх, хөдөлмөр, аюулгүй байдлыг хангах зэрэг асуудал багтаж байгаа юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
тэрслүү
Төрийн албанд ихэнхдээ манай томчуулын үр сад, ах дүү, худ ураг, танил талууд нь ажилладаг юмаа Тийм болохоор тэдэнд хямд биш үнэгүй байр олгох хэрэгтэй Тэгэхдээ үнэ цэнгүй төсөвийн мөнгөнөөс
2018/06/23 27.123.212.134