8o
Улаанбаатар хот
mobile menu

Замын- Үүд суманд 15 МВт-ийн нарны цахилгаан станц ашиглалтад орлоо

2018-06-23 13:15:00

Монгол Улсын Ерөнхий сайдын Дорноговь аймаг дахь албан томилолт Замын-Үүд суманд үргэлжиллээ. Бүс нутгийн логистикийн төвийн барилгын ажлын явц, Хилийн цогцолборын үйл ажиллагаа, Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийг хөгжүүлэх ажилтай газар дээр нь танилцаж, сумын иргэдтэй уулзалт хийж, 15 МВт-ийн “Гэгээн” нарны цахилгаан станцыг ашиглалтад оруулах нээлтийн ёслолд оролцов.

15 МВт-ийн Гэгээн нарны цахилгаан станц нь Замын-Үүд сумын гуравдугаар багт 40 га талбайг хамарч байна.

Японы Шигемицү Шожи болон Шарп корпораци, Монголын "Эрчим тээг" компанийн хөрөнгө оруулалтаар "Наран тээг" компани барилга угсралтыг нь хийж гүйцэтгэн ашиглалтад хүлээлгэн өглөө. Гэгээн станц жилдээ 32 сая кВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай, манай орны эрс тэс цаг агаарын нөхцөлд тэсвэртэй хамгийн сүүлийн үеийн технологиор бүтээгджээ. Энэхүү дулааны цахилгаан станц ашиглалтад орсноор агаарт тархаж буй хүлэмжийн хийг 834 мянган тонноор бууруулж, 27 мянган тонн нүүрс, 202 мянган тонн усны хэрэглээг хэмнэх зэрэг байгаль орчинд ээлтэй, Замын-Үүд сумын иргэдэд үр өгөөжөө хүртээх бүтээн байгуулалт болжээ. 2030 он гэхэд нийт цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 30 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах Монгол Улсын Засгийн газрын зорилтод бодитой хувь нэмэр оруулна гэв. Санхүү эдийн засгийн хувьд шинээр байнгын 20 ажлын байр бий болж, 25 жилийн дотор 37,11 тэрбум төгрөгийн орлогыг улсын төсөвт оруулахаар тооцоолсон байна.

Сайншандын аж үйлдвэрийн парк, Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүс болон уул уурхайн томоохон төслүүд хэрэгжих бүс нутгийн хэмжээнд эрс нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэглээг ханган, цаашид нэгдсэн сүлжээний тогтвортой, найдвартай үйл ажиллагааг дээшлүүлнэ. Багануур, Замын-Үүд чиглэлийн эрчим хүчний шугамын ачааллыг хөнгөлж, системийн хувьд хэвийн үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлж, алдагдлыг бууруулах юм

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment