8o
Улаанбаатар хот
mobile menu

Хюнг Хо Ким: Ходоодны хорт хавдрыг эдгээдэг цор ганц эмчилгээ бол мэс засал юм

2018-06-25 10:10:00

 

Монгол улс ходоодны хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд хоёрдугаарт нас баралтын тоогоор нэгдүгээрт бичигдэж байна. Энэ нь ходоодны хорт хавдрын өвчлөлийг эрт илрүүлэх, зөв оношлох, үр дүнтэй эмчилж өвчлөлийг бууруулах ажлыг нэн даруй эхлүүлэх ёстой гэдгийг илтгэж буй. Тийм ч учраас Хавдар судлалын үндэсний төвөөс “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг ходоодны  хорт хавдрын өвчлөлийг бууруулах ажлаар үргэлжлүүлж байгаа юм. Энэ хүрээнд Солонгосын ходоодны хорт хавдрын тэргүүлэх эмч нарыг урин өнгөрсөн амралтын өдөр тэдний туршлагаас сонссон юм. Тодруулбал, Монгол, Солонгосын нарийн мэргэжлийн эмч нар  “Ходоодны хорт хавдрын эрт илрүүлэг, оношилгоо, урьдчилан сэргийлэлт ба менежментийн орчин үеийн чиг хандлага” сэдвийн дор зөвлөлдөж, туршлага солилцов. Солонгос улс энэ төрлийн өвчнийг эрт илрүүлж өвчнийг хүндрэхээс нь өмнө эмчилж чадаж байгаа юм. Ингэснээр ходоодны  хорт хавдрын шалтгаант нас баралтыг бууруулж чадаж байна. Харин Монгол улс энэ төрлийн өвчнийг бууруулахын тулд нэн тэргүүнд ямар ажлыг эхлүүлж юунд анхаарах ёстой талаар Сөүлийн их сургууль, Бумданг эмнэлэгийн мэс заслын тэнхимийн профессор Хюнг Хо Ким –тэй ярилцлаа. 

- Ходоодны хорт хавдрын өвчлөлийг бууруулах хамгийн чухал арга бол эрт илрүүлэх юм- 

-Нэн тэргүүнд монголчуудын эрүүл мэндэд санаа тавин хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлье. Монголд хэд дэхь удаагаа ирж байна. Сэтгэгдэл ямар байна вэ?

- Өнгөрсөн хоёрдугаар сард анх Монголд айчилсан. Тухайн үед маш хүйтэн байсан нь их хүнд байсан. Харин энэ удаа цаг агаар таатай байгаа нь сайхан байна. Бид Монголын эрүүл мэндийн салбартай хамтын ажиллагаа өрнүүлээд эхэлчихсэн байгаа. Тийм учраас эмч нартай нь харилцахад илүү тааламжтай байна.

- Өчигдөр /2018.6.23/-ны өдөр Монгол, Солонгосын эмч  нар ходоодны хорт хавдрын өвчлөл түүнийг эрт илрүүлэх, оношилох, урьдчилан сэргийлэлт, эмчилгээний менежментийн орчин үеийн чиг хандлага сэдэв дор хуралдсан. Энэ хурал хэр үр дүнтэй болсон бэ?

- Бид анхны хамтарсан хурлаа өнгөрсөн жил хийсэн. Харин энэ удаагийн хуралд маш олон хүн оролцож өргөн хүрээнд оролцлоо. Ялангуяа залуу эмч нар оролцож олон сэдвээр ярилцсанд сэтгэгдэл өндөр байна. Энэ ажил бол Солонгосын ходоодны хавдрын холбоо, Монголын ходоодны хавдрын нийгэмлэгийн хамтарсан үйл ажиллагаа юм. Бид нарийн мэргэжлийн эмч нар учраас өнгөрсөн жилийн хуралдаанаар голчлон мэс заслын асуудлыг хөндөж ярьсан. Харин энэ жил зөвхөн мэс засал бус ходоодны хорт хавдрын эрт илрүүлэг, оношилгоо, дурангийн мэс ажилбар, хими эмчилгээ, мэс засал, эмгэг судлалын асуудал гэх мэт сэдвээр илтгэл тавилаа. Мөн Монгол улс дахь ходоодны хавдрын өвчлөлийн талаар илүү их мэдээлэлтэй болсон. Монгол эмч нарын туршлагаас ч судалж, суралцлаа. Энэ удаагийн хуралдаанаар Монголын ходоодны хавдрын оношилгоо, эмчилгээний зөвлөмж зааврыг шинэчлэх болсныг хийхээр болсон нь мөн үр дүнтэй ажил юм.

- Таны бодлоор манай улс энэ төрлийн өвчлөлийг бууруулахад эрт оношлох, урьдчилан сэргийлэх гэх мэт арга хэмжээг хэр үр дүнтэй авч чадаж байна. Бид юунд анхаармаар харагдсан бэ?

- Ходоодны хорт хавдрын өвчлөлийг бууруулах хамгийн чухал арга бол эрт илрүүлэх юм. Тиймээс эрт илрүүлгийн хөтөлбөрийг үндэсний хэмжээнд явуулж чадвал энэ төрлийн өвчин эрт үедээ оношлогдож улмаар нас баралт буурдаг  нь практикт байна. Дараа нь ходоодны хорт хавдрын мэс заслын эмчилгээг стандартчуулах юм. Мөн хими эмчилгээ болон бусад эмчилгээний чанарыг сайжруулах ёстой. Ходоодны хорт хавдрыг эдгээдэг цор ганц эмчилгээ бол мэс засал юм.  Уламжлалт эмчилгээ эсвэл бусад аргаар эдгэдэггүй гэсэн үг. 

- 30 жилийн өмнөх солонгосчуудын ходоодны хорт хавдрын өвчлөл одоогийн Монгол улсын нөхцөл байдалтай тун адил байсан-

- Монгол, Солонгос улс ходоодны хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд дээгүүрт бичигдэж байна. Танай улсын хувьд өвчлөл ихтэй ч эрт илрүүлэх ажлыг сайн хийж өвчнийг хүндрэхээс нь өмнө эмчилж чадаж байгаа. Тийм ч учраас ходоодны хорт хавдраар өвчилсөн хүмүүсийн нас баралтыг багасгаж чадсан. Танай улсын туршлагаас сонсмоор байна?

-30 жилийн өмнөх солонгосчуудын ходоодны хорт хавдрын өвчлөл одоогийн Монгол улсын нөхцөл байдалтай тун адил байсан. Эрт үедээ оношлогдож буй ходоодны хорт хавдрын өвчлөл маш бага байсан. Тэр үед Солонгосын хавдрын нийгэмлэгээс ходоодны хорт хавдрын өвчний талаар жирийн иргэдэд мэдлэг, мэдээллийг өгөх кампанит ажлыг бүхий л хэвлэл, мэдээллийн байгууллагын хамтран явуулсан. Нэгдүгээрт, аюулхай орчимд өвдөх зовиур илэрбэл тоохгүй явж болохгүй шүү. Заавал эмнэлэгт очиж дурангийн шинжилгээнд хамрагдах асуудлыг бид ярьсан. Хоёрдугаарт, 40 наснаас дээш насны хүмүүс ходоод нь өвдөөгүй ч дурандуулж байя гэдэг уриалгыг хэвлэлээр дамжуулан түгээсэн. Тэгэхээр энэ кампанит ажил явсантай холбоотойгоор ходоодны хорт хавдар эрт үедээ илэрдэг байдал мэдэгдэхүйц сайжирч нас баралт буурсан. Үүний дараа бид ходоодны хорт хавдрын эрт илрүүлгийг хуульчилж өгсөн. Бодлогын хүрээнд энэ төрлийн өвчнийг эрт илрүүлдэг болсон гэсэн үг. Ингээд Засгийн газрын дэмжлэгтэйгээр үйл ажиллагаагаа илүү төгөлдөржүүлсэн. Одоо Солонгос улсад ходоодны хорт хавдрын өвчин ихэнх тохиолдолд эрт үедээ илэрч, эдгэрч байна.

- Ходоодны хорт хавдраар өвчилсөн хүмүүсийн амьдрах итгэл буурч өөрийгөө үхэх юм шигээр төсөөлдөг. Энэ өвчин эдгэрдэг өвчин үү?

- Ходоодны хорт хавдрыг эрт үед нь оношилж чадвал бүрэн эдгэх боломжтой. Цаг алдвал нэг жилийн дотор л тухайн хүн маань нас бардаг. Энэ өвчин 100 хувь үе, шатнаасаа л хамаардаг. Хэрвээ ходоодны хорт хавдар гэдэг онош сонссон бол цаазын ял биш гэсэн үг.

Харин нэрийн мэргэжлийн эмчид хандаж мэс засал эмчилгээ болон бусад эмчилгээг хийлгэх шаардлагатай. 30 жилийн өмнө Солонгост ходоодны хорт хавдраар өвчилсөн хүмүүсийн 30 гаруй хувь нь л бүрэн эдгэдэг байсан. Харин одоо 70 гаруй хувь нь эдгэж байна. Энэ хүмүүс мэс заслын болон химийн эмчилгээний эмчид хандаж байж л эдгэж байгаа. Тиймээс ямар нэгэн байдлаар мухар сүсэг эсвэл уламжлалт эмчилгээнд итгэж өвчнөө хүндрүүлэхгүй шууд нарийн мэргэжлийн эмчид хандаж зохих эмчилгээг хийлгээрэй.

- Солонгосын Ходоодны хорт хавдрын холбоо дэлхийн улсуудад очиж өөрсдийн туршлагыг хуваалцаж ажилладаг. Та бүхэн Монголтай хамтран ажиллаж буй үйл ажиллагааныхаа үр дүнг хэрхэн төсөөлж байгаа вэ?

- Солонгос улсын Ходоодны хорт хавдрын нийгэмлэг анх хэвлэл, мэдээллийн байгууллагуудтай хамтран энэ төрлийн өвчнийг эрт илрүүлэх мэдээллийг олон нийтэд түгээх ажлыг хийж байсан. Мөн Засгийн газрынхаа дэмжлэгтэйгээр олон ажлыг хийж маш сайн үр дүнд хүрч чадсан. Ходоодны хорт хавдрын нийгэмлэг нь ходоодны хорт хавдрын эмчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр сургалт, судалгааны ажлыг голлон хийж байна. Энэ хүрээнд маш олон судалгааны багуудыг ажиллуулдаг. Сүүлийн 10 жилийн хугацаанд ходоодны мэс заслыг дурангийн аргаар хийх нь аюулгүй байж чадаж байна уу гэдэгт судалгаа хийж байна. Манай нийгэмлэг нь судалгаа, шинжилгээний ажлыг өндөр түвшинд хийж чадсан. Тиймээс бид өөрсдийн сурсан зүйлээ бусадтай хуваалцахаар ажиллаж байгаа юм. Солонгос улсад зохион байгуулагддаг Ходоодны хорт хавдрын олон улсын хуралд Азийн орнуудаас гадна Европын томоохон улсуудаас ч эмч нар ирж туршлага судлахаар ажилладаг. Бид энэ үйл ажиллагаагаа өөрсдийн хийх ёстой зүйл гэж боддог. 

Т.Хулан

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Mmm
Hudlaa. Matsagaar hort havdriig arilgaj bolno. Ugaasaa hort havdriig tejeedeg zuil ni sugar buyu glucose. Tiim bolohoor hooloo soij chadval hort havdar tejeelgui bolood shimegdej alga bolno.
2018/06/29 150.129.140.184