8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Хуульчид Ц.Нямдоржийг АТГ-т шалгуулах хүсэлтээ өгч, 60 тэрбумын бичлэгийн хэргийг хаасан өдөр

2018-06-25 18:45:00

 

Хүн бүр дотор сэтгэлдээ урмын сайхан үгийг ямагт хүсч явдаг. Хийж бүтээснийхээ төлөө, бусдыг баярлуулсны төлөө хэн нэгнээс сонсох талархал, урмын сайхан үгс нь хүний сэтгэл зүрхэнд баяр баясгалан авч ирдэг. Бид хэдий болтол даруу төлөв, сэтгэлийн хөдөлгөөн багатайгаа илэрхийлж, талархал урмын сайхан үгсээ өөрөөсөө болон өрөөл бусдаас харамлаж явах билээ. Гэсэн атлаа маргалдаж муудалцахдаа зүрх зүсэж, сэтгэл хиртэн, дотор давчдам муу үгсийг хэлэх хэрэг юун. Хайртай хань, алаг үр, асралт аав ээж, анд нөхөд бүгд л урмын сайхан үгээр дутаж л яваа. Тиймээс эрхэм уншигч яг одоо хэн нэгэнд та урмын сайхан үг хайрлаарай. Үүний хариу танд хэзээ нэгэн цагт эргэж ирнэ гэсэн гэгээлэг мэдээллээр өнөөдрийн тоймоо хүргэж байна. Их ажлын өдрүүд дуусаж байгаа учраас та бүхэн амралтын өдөр гэр бүлтэйгээ сайхан өнгөрүүлээрэй. Харин одоо бид дуулиантай дуулгах сонин ажлын эхний өдрийн Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна. 

С.Ганбаатар ялна гэсэн итгэл өвөрлөн Хэнтийг зорих уу

Д.Гантулга УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ энэ сарын 11-ны өдөр өгсөн. Түүний хүсэлтийг МАН-ынбүлэг, Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээд дэмжээд байсан. Харин УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүнээс чөлөөлөх эсэхийг хэлэлцэн хуралдаанд оролцсон гиүүдийн 75 хувиар чөлөөлөх нь зүйтэй гэж үзсэн. Ийнхүү Д.Гантулга УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөж Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль болох нь тодорхой болоод байгаа. Нөхөн сонгууль болохыг албан ёсоор мэдэгдсэний дараа аудитаас тус тойрогт ажиллан сонгуулийн зардлыг тодорхой болгосон дүгнэлтээ гаргах юм. Аудитын газраас дүгнэлтээ 70 өдрийн дотор УИХ-д хүргүүлэх аж. Үүний дараа бэлтгэл ажлууд хийгдсэнээр ирэх намар буюу аравдугаар сард нөхөн сонгууль болно.

УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрог буюу Хэнтий аймагт нөхөн сонгууль болохтой холбогдуулан нэр дэвшигчдийн нэрс аль хэдийнэ яригдаж эхэллээ. МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАХН-ын дарга Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн асан Д.Гарамгайбаатар, Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба гэх хүмүүсийн нэр дуулдаж байна.

Эдгээр хүмүүсээс МАН-ын дарга Ерөнхий сайд 3.Хүрэлсүх тус тойрогт нэр дэвгигүй гэдгээ аль эрт албан ёоор зарлачихсан. Тэгэхээр түүнийг Хэнтий аймгийн 42-р тойрогт өрсөлдөх хүмүүсээс нэрийг нь хассан. УИХ-ын гишүүн асан Д.Гарамгайбаатар, Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба нарын хувьд одоогоор ямар нэгэн байдлаар байр сууриа илэрхийлээгүй байна. Харин энэ тойрогт өрсөлдөх хүнээр МАХН-аас Н.Энхбаяр яригдаж байгаа. Зарим эх сурвалжууд түүнийг энэ тойрогт гарах нь тодорхой гэж албан бусаар ярьж эхэлсэн гэнэ.Тэгвэл тус Н.Энхбаяр бус МАХН-ны дэд дарга С.Ганбаатар нэрээ сойгоод байгаа гэнэ.

 Эх суралжийн мэдээлснээр тэрбээр “Би ялна гэдэгтээ итгэлтэй байна. Найдвартай ялалт байгуулна. Ард түмнийхээ итгэлийг даахын тулд хичээнэ, зүтгэнэ.Намаас биднийг дэмжиж байгаа. Намын дарга Н.Энхбаяр, эсвэл манай намаас хэн нь ч нэр дэвшсэн бай дэмжих нь тодорхой” гэсэн утга агуулгатай зүйл ярьж эхэлсэн гэнэ. 

Түүний хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд МАХН-аас УИХ-ын гишүүн С. Ганбаатар нэр дэвшин, өрсөлдөж, нийт сонгогчдын 30.19 хувийн санал авч байсан. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараахан С.Ганбаатар МАХН-ын дэд даргаар сонгогдсон байна. Тэгвэл энэ удаагийн Хэнтий аймгийн 42-р тойрогт МАХН С.Ганбаатарыг сойхоор шийдсэн бололтой. Ямартай ч С.Ганбаатар ялна гэсэн итгэл өвөрлөн Хэнтийг зорих нээ.

Хюнг Хо Ким: Ходоодны хорт хавдрыг эдгээдэг цор ганц эмчилгээ бол мэс засал юм

Монгол улс ходоодны хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд хоёрдугаарт нас баралтын тоогоор нэгдүгээрт бичигдэж байна. Энэ нь ходоодны хорт хавдрын өвчлөлийг эрт илрүүлэх, зөв оношлох, үр дүнтэй эмчилж өвчлөлийг бууруулах ажлыг нэн даруй эхлүүлэх ёстой гэдгийг илтгэж буй. Тийм ч учраас Хавдар судлалын үндэсний төвөөс “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг ходоодны  хорт хавдрын өвчлөлийг бууруулах ажлаар үргэлжлүүлж байгаа юм. Энэ хүрээнд Солонгосын ходоодны хорт хавдрын тэргүүлэх эмч нарыг урин өнгөрсөн амралтын өдөр тэдний туршлагаас сонссон юм. Тодруулбал, Монгол, Солонгосын нарийн мэргэжлийн эмч нар  “Ходоодны хорт хавдрын эрт илрүүлэг, оношилгоо, урьдчилан сэргийлэлт ба менежментийн орчин үеийн чиг хандлага” сэдвийн дор зөвлөлдөж, туршлага солилцов. Солонгос улс энэ төрлийн өвчнийг эрт илрүүлж өвчнийг хүндрэхээс нь өмнө эмчилж чадаж байгаа юм. Ингэснээр ходоодны  хорт хавдрын шалтгаант нас баралтыг бууруулж чадаж байна. Харин Монгол улс энэ төрлийн өвчнийг бууруулахын тулд нэн тэргүүнд ямар ажлыг эхлүүлж юунд анхаарах ёстой талаар Сөүлийн их сургууль, Бумданг эмнэлэгийн мэс заслын тэнхимийн профессор Хюнг Хо Ким –тэй ярилцлаа. 

- Ходоодны хорт хавдрын өвчлөлийг бууруулах хамгийн чухал арга бол эрт илрүүлэх юм-

-Нэн тэргүүнд монголчуудын эрүүл мэндэд санаа тавин хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлье. Монголд хэд дэхь удаагаа ирж байна. Сэтгэгдэл ямар байна вэ?

- Өнгөрсөн хоёрдугаар сард анх Монголд айчилсан. Тухайн үед маш хүйтэн байсан нь их хүнд байсан. Харин энэ удаа цаг агаар таатай байгаа нь сайхан байна. Бид Монголын эрүүл мэндийн салбартай хамтын ажиллагаа өрнүүлээд эхэлчихсэн байгаа. Тийм учраас эмч нартай нь харилцахад илүү тааламжтай байна.

- Өчигдөр /2018.6.23/-ны өдөр Монгол, Солонгосын эмч  нар ходоодны хорт хавдрын өвчлөл түүнийг эрт илрүүлэх, оношилох, урьдчилан сэргийлэлт, эмчилгээний менежментийн орчин үеийн чиг хандлага сэдэв дор хуралдсан. Энэ хурал хэр үр дүнтэй болсон бэ?

- Бид анхны хамтарсан хурлаа өнгөрсөн жил хийсэн. Харин энэ удаагийн хуралд маш олон хүн оролцож өргөн хүрээнд оролцлоо. Ялангуяа залуу эмч нар оролцож олон сэдвээр ярилцсанд сэтгэгдэл өндөр байна. Энэ ажил бол Солонгосын ходоодны хавдрын холбоо, Монголын ходоодны хавдрын нийгэмлэгийн хамтарсан үйл ажиллагаа юм. Бид нарийн мэргэжлийн эмч нар учраас өнгөрсөн жилийн хуралдаанаар голчлон мэс заслын асуудлыг хөндөж ярьсан. Харин энэ жил зөвхөн мэс засал бус ходоодны хорт хавдрын эрт илрүүлэг, оношилгоо, дурангийн мэс ажилбар, хими эмчилгээ, мэс засал, эмгэг судлалын асуудал гэх мэт сэдвээр илтгэл тавилаа. Мөн Монгол улс дахь ходоодны хавдрын өвчлөлийн талаар илүү их мэдээлэлтэй болсон. Монгол эмч нарын туршлагаас ч судалж, суралцлаа. Энэ удаагийн хуралдаанаар Монголын ходоодны хавдрын оношилгоо, эмчилгээний зөвлөмж зааврыг шинэчлэх болсныг хийхээр болсон нь мөн үр дүнтэй ажил юм.

- Таны бодлоор манай улс энэ төрлийн өвчлөлийг бууруулахад эрт оношлох, урьдчилан сэргийлэх гэх мэт арга хэмжээг хэр үр дүнтэй авч чадаж байна. Бид юунд анхаармаар харагдсан бэ?

- Ходоодны хорт хавдрын өвчлөлийг бууруулах хамгийн чухал арга бол эрт илрүүлэх юм. Тиймээс эрт илрүүлгийн хөтөлбөрийг үндэсний хэмжээнд явуулж чадвал энэ төрлийн өвчин эрт үедээ оношлогдож улмаар нас баралт буурдаг  нь практикт байна. Дараа нь ходоодны хорт хавдрын мэс заслын эмчилгээг стандартчуулах юм. Мөн хими эмчилгээ болон бусад эмчилгээний чанарыг сайжруулах ёстой. Ходоодны хорт хавдрыг эдгээдэг цор ганц эмчилгээ бол мэс засал юм.  Уламжлалт эмчилгээ эсвэл бусад аргаар эдгэдэггүй гэсэн үг. 

- 30 жилийн өмнөх солонгосчуудын ходоодны хорт хавдрын өвчлөл одоогийн Монгол улсын нөхцөл байдалтай тун адил байсан-

- Монгол, Солонгос улс ходоодны хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд дээгүүрт бичигдэж байна. Танай улсын хувьд өвчлөл ихтэй ч эрт илрүүлэх ажлыг сайн хийж өвчнийг хүндрэхээс нь өмнө эмчилж чадаж байгаа. Тийм ч учраас ходоодны хорт хавдраар өвчилсөн хүмүүсийн нас баралтыг багасгаж чадсан. Танай улсын туршлагаас сонсмоор байна?

-30 жилийн өмнөх солонгосчуудын ходоодны хорт хавдрын өвчлөл одоогийн Монгол улсын нөхцөл байдалтай тун адил байсан. Эрт үедээ оношлогдож буй ходоодны хорт хавдрын өвчлөл маш бага байсан. Тэр үед Солонгосын хавдрын нийгэмлэгээс ходоодны хорт хавдрын өвчний талаар жирийн иргэдэд мэдлэг, мэдээллийг өгөх кампанит ажлыг бүхий л хэвлэл, мэдээллийн байгууллагын хамтран явуулсан. Нэгдүгээрт, аюулхай орчимд өвдөх зовиур илэрбэл тоохгүй явж болохгүй шүү. Заавал эмнэлэгт очиж дурангийн шинжилгээнд хамрагдах асуудлыг бид ярьсан. Хоёрдугаарт, 40 наснаас дээш насны хүмүүс ходоод нь өвдөөгүй ч дурандуулж байя гэдэг уриалгыг хэвлэлээр дамжуулан түгээсэн. Тэгэхээр энэ кампанит ажил явсантай холбоотойгоор ходоодны хорт хавдар эрт үедээ илэрдэг байдал мэдэгдэхүйц сайжирч нас баралт буурсан. Үүний дараа бид ходоодны хорт хавдрын эрт илрүүлгийг хуульчилж өгсөн. Бодлогын хүрээнд энэ төрлийн өвчнийг эрт илрүүлдэг болсон гэсэн үг. Ингээд Засгийн газрын дэмжлэгтэйгээр үйл ажиллагаагаа илүү төгөлдөржүүлсэн. Одоо Солонгос улсад ходоодны хорт хавдрын өвчин ихэнх тохиолдолд эрт үедээ илэрч, эдгэрч байна.

- Ходоодны хорт хавдраар өвчилсөн хүмүүсийн амьдрах итгэл буурч өөрийгөө үхэх юм шигээр төсөөлдөг. Энэ өвчин эдгэрдэг өвчин үү?

- Ходоодны хорт хавдрыг эрт үед нь оношилж чадвал бүрэн эдгэх боломжтой. Цаг алдвал нэг жилийн дотор л тухайн хүн маань нас бардаг. Энэ өвчин 100 хувь үе, шатнаасаа л хамаардаг. Хэрвээ ходоодны хорт хавдар гэдэг онош сонссон бол цаазын ял биш гэсэн үг.

Харин нэрийн мэргэжлийн эмчид хандаж мэс засал эмчилгээ болон бусад эмчилгээг хийлгэх шаардлагатай. 30 жилийн өмнө Солонгост ходоодны хорт хавдраар өвчилсөн хүмүүсийн 30 гаруй хувь нь л бүрэн эдгэдэг байсан. Харин одоо 70 гаруй хувь нь эдгэж байна. Энэ хүмүүс мэс заслын болон химийн эмчилгээний эмчид хандаж байж л эдгэж байгаа. Тиймээс ямар нэгэн байдлаар мухар сүсэг эсвэл уламжлалт эмчилгээнд итгэж өвчнөө хүндрүүлэхгүй шууд нарийн мэргэжлийн эмчид хандаж зохих эмчилгээг хийлгээрэй.

- Солонгосын Ходоодны хорт хавдрын холбоо дэлхийн улсуудад очиж өөрсдийн туршлагыг хуваалцаж ажилладаг. Та бүхэн Монголтай хамтран ажиллаж буй үйл ажиллагааныхаа үр дүнг хэрхэн төсөөлж байгаа вэ?

- Солонгос улсын Ходоодны хорт хавдрын нийгэмлэг анх хэвлэл, мэдээллийн байгууллагуудтай хамтран энэ төрлийн өвчнийг эрт илрүүлэх мэдээллийг олон нийтэд түгээх ажлыг хийж байсан. Мөн Засгийн газрынхаа дэмжлэгтэйгээр олон ажлыг хийж маш сайн үр дүнд хүрч чадсан. Ходоодны хорт хавдрын нийгэмлэг нь ходоодны хорт хавдрын эмчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр сургалт, судалгааны ажлыг голлон хийж байна. Энэ хүрээнд маш олон судалгааны багуудыг ажиллуулдаг. Сүүлийн 10 жилийн хугацаанд ходоодны мэс заслыг дурангийн аргаар хийх нь аюулгүй байж чадаж байна уу гэдэгт судалгаа хийж байна. Манай нийгэмлэг нь судалгаа, шинжилгээний ажлыг өндөр түвшинд хийж чадсан. Тиймээс бид өөрсдийн сурсан зүйлээ бусадтай хуваалцахаар ажиллаж байгаа юм. Солонгос улсад зохион байгуулагддаг Ходоодны хорт хавдрын олон улсын хуралд Азийн орнуудаас гадна Европын томоохон улсуудаас ч эмч нар ирж туршлага судлахаар ажилладаг. Бид энэ үйл ажиллагаагаа өөрсдийн хийх ёстой зүйл гэж боддог. 

Д.Хаянхярваа: Тавантолгойн үнэлгээг 5.4 тэрбум ам.доллар гэж АНУ-ын компани тогтоосон

УИХ-дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Тавантолгой төсөл болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд дэмжжээ. 

Энэ талаар УИХ-дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагаас тодруулахад “Татварын багц хуулийн төсөлд томоохон ажлын хэсэг байгуулж, энэ ондоо багтаан татварын багц хуулийг батална. 2020 оны төсвийг хэлэлцэхдээ татварын багц хуулийг тусган хэлэлцэх нь зүйтэй  гэсэн зарчмын саналд нэгдсэн. Мөн тавантолгой төслийг хөдөлгөхдөө IPO гаргая гэдэг улстөрийн шийдвэрийг МАН-ын бүлэг аль хэдийн гаргасан. Засгийн газраас оруулж ирсэн тус тогтоолын төслийг бүхэлд нь дэмжиж байгаа. Бид том төслүүдээ  хөдөлгөх шийдвэрээ одоо гаргаж байж  ажиллах боломж болоцоог нь хангаж өгөхгүй бол цаг хугацаа алдаж намрын чуулганаар орж ирэхэд Засгийн газар хийх ажилгүй сууна гэдгийг гишүүдийн ихэнх нь хэлж байна.  Тус тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг чуулганаар дэмжсэн учир намар Засгийн газрын хийх ажил нь  тун тодорхой болчихсон  байх болно” гэв.

-Тавантолгой төслийн 30 хувийг  олон улсын хөрөнгийн зах зээлд гаргахдаа хэрхэн үнэлэх вэ. Мөн ашиглалтыг яаж  явуулах талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Засгийн газар намар гэхэд энэ бүх асуудлыг тодорхой болгох ёстой. Өөрөөр хэлбэл Засгийн газрын  оруулж ирсэн тогтоолын төслийг  дэмжиж цааш  гадна, дотор талдаа ажиллах эрхийг нь өгч байна гэсэн үг.  Засгийн газар намар гэхэд бүх зүйлийг тодорхой болгосон байна гэж ойлгох хэрэгтэй.

-Эхний ээлжид Тавантолгой ордыг бүхэлд нь хэдээр үнэлсэн бэ?

- Тавантолгой төслийг үнэлгээг Америкийн компаниар  үнэлүүлсэн. Ойролцоогоор 5.4 тэрбум ам.долларын үнэлгээний дүн байсан. Бүлэг ордоо бүхэлд нь 30 хувь гэж үзэх үү эсвэл тусгайлсан орд дээр  30 хувь гаргаж явах уу цаашлаад үүнийгээ 1072 хувьцаатай яаж холбох уу  зэрэг  асуудалд Засгийн газар  зөвлөх компаниа авч ажиллана.

-Өөрөөр хэлбэл,  Тавантолгой төслийн 30 хувьд IPO гаргах эрхийг нь Засгийн газарт өгсөн гэж ойлгох уу?

-Тийм ээ.  Мэдээж  хөрөнгө оруулалтын төслүүд нь бидэнд орж ирсэн байгаа. Тавантолгой бүлэг ордыг яаж  хөдөлгөх үү гэдэг шийдвэрээ л бид гаргаж байна гэсэн үг.

60 тэрбумын бичлэгийн эх хувь нь олдоогүй учир хэргийг хаасан гэв

Өнөөдөр АТГ-аас өнгөрсөн сард хийсэн ажлын тайлан мэдээ өглөө. Энэ үеэр 60 тэрбумын хэргийн талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог “60 тэрбумын бичлэгийн эх хувь нь олдоогүй учир хэргийг хаасан. МАН-ын 60 тэрбумын хэргийг гурван байгууллагын мөрдөн байцаах ажилтнууд өөр өөрсдийн чиг үүргийн дагуу ажлын хэсэг гаргаж шалгасан. Хэрэгтэй холбоотой хэд, хэдэн бичлэг гарч ирсэн. Үүнийг шинжилгээний байгууллага шалгаад эвлүүлэг гэж дүгнэсэн. Бичлэг хийсэн төхөөрөмж болон бичлэгийн эх хувь нь олдоогүй. Мөн авлига өгч ажилд орсон гэх баримт байхгүй. Тиймээс прокурор дээрх баримтуудыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгосон” хэмээн ярилаа.

Д.Эрдэнэбат: Тавантолгойн асуудлаар бидэнд болгоомжлол байгаа

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Тус бүлгийн хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцжээ. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийв.

Тэрбээр "АН-ын бүлэг Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тогтоолын төслийн талаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарын мэдээллийг сонслоо. Энэ тогтоолын хэлэлцэх эсэхийг УИХ-ын чуулган дэмжсэн. Гэхдээ дэмжлэгэнд учир байгаа. АН-ын бүлгийн байр суурь болгон зөвлөмжийг харах ёстой. Төрийн гурван өндөрлөгийн оролцсон шийд бол улс төрийн зөвшилцлийн гол асуудал байдаг. Энэ тогтоолоор 30 хувийг олон улсын зах зээлд гаргана гэж байгаа бол төрийн өмчийнх 51 хувь, ард иргэдийн 14 хувь, хөрөнгийн биржээр худалдаалагдсан хувьцааг ард иргэдэд үр өгөөжтэй байх тал дээр яаж хуваарилах вэ гэдгийг ажлын хэсэг дээр дахин хэлэлцэнэ. Энэ тогтоолын өөрчлөлтөөр эдийн засгийн үр ашиг нь бодитой тусах, Тавантолгой ард түмний мэдэлд очих нөхцөл бүрдсэн тохиолдолд дэмжинэ гэдгээ илэрхийлсэн.  УИХ дахь АН хаврын чуулганы үр дүнгийн талаар дүгнэлт хийсэн. Мөн УИХ-аар яаралтай хэлэлцэгдэж байгаагаас гадна чуулган завсарлахтай холбоотой шахагдаж орж ирж байгаа олон хууль байгаа. Үүнд АН байр сууриа илэрхийлнэ. Тухайлбал, Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хуулийн төслөөр томоохон уул уурхайн компаниудад татварын илүү хөнгөлөлт үзүүлдэгийг болиулах хэрэгтэй гэж АН үзэж байгаа. УИХ-ын Дэгийн тухай хуульд АН завсарлага авсан. Гишүүдийг хариуцлагатай, ёсзүйтэй болгох нь зөв.  Хамгийн гол нь энэ дэгийн хууль Үндсэн хуулийн зөрчил гаргаж болохгүй. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг Дэгийн тухай хуулиар оруулж ирсэн нь Үндсэн хуулийн зөрчилтэй байна гэж үзсэн. Захиргааны ерөнхий хуулийн өөрчлөлтийг АН дэмжихгүй. Бүх шатны захиргааны байгууллагыг энэ хуулиар шүүх боломжгүй болж байгаа юм. АН-ын бүлэг эрхзүйт төрийн тогтолцооны талаас нь харж, Засгийн газрыг огцруулах үндэслэл болно гэж үзэж байна. Бараа үйлчилгээ худалдан авах хууль концевцийн зөрүүтэй. Тендэрийн хуулийг цааш нь авч хэлэлцэхийн өмнө нийтийн сонсгол явуулах нь зүйтэй гэж АН үзлээ" хэмээсэн юм.

УИХ дахь АН-ын бүлгий дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав. 

-Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар хичнээн төгрөгийн хөрөнгө оруулалт орж ирэх бол?

-IPO гаргана гэж байгаа. Энэ талаар материалыг дөнгөж гар дээрээ авлаа, уншиж амжаагүй байна. Бидэнд маргаантай асуудал, болгоомжлол байгаа. Ажлын хэсэг дээр ойлголцоно. 

Бэлэн мөнгөөр зорчсон 2211 зөрчил илэрчээ

Нийслэлийн Тээврийн газраас гаргасан удирдамжийн дагуу нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний хөлс төлөлтийн байдалд хяналт тавих хамтарсан шалгалт Улаанбаатар хотын хэмжээнд энэ сарын 19-ний өдөр эхэлсэн. Энэхүү хамтарсан хяналт, шалгалтын ажил энэ сарын 26-ны өдрийг хүртэл үргэлжлэн явагдах юм байна.

Энэ удаагийн хяналт, шалгалтад Нийслэлийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний үндсэн болон хот орчмын чиглэлүүд хамрагдаж байна. Тодруулбал, “Автобус нэгдэл” ХХК-ийн Ч:З чиглэл ,“Тэнүүн-Огоо” ХХК-ийн Ч:2 чиглэл, “Блюбус” ХХК-ийн Ч:40, “Эрдэм транс” ХХК-ийн Ч:6 чиглэл, “Эрдэм транс” ХХК-ийн ХО:5 чиглэл, “ГБус” ХХК-ийн Ч:45 гэсэн чиглэлүүд багтжээ.

Энэ удаагийн хамтарсан шалгалтын зорилго нь автотээврийн тухай хууль, түүний хэрэгжилт, зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавьж, судалгаа хийх, илэрсэн зөрчлийг арилгаж үйлчилгээний чанар, соёлыг дээшлүүлэхэд оршиж байгаа аж. 

Шалгалтыг Нийслэлийн Тээврийн газрын Автотээврийн хяналтын улсын байцаагчид, “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн мэргэжилтнүүд, “ Ситибаз консалтинг” ХХК болон Зорчигч тээврийн нэгтгэлийн хяналтын ажилчид, шалгагч нар хамтран явуулж байна.
Зорчигчдын хөлс төлөлтөд хяналт тавих хамтарсан шалгалтын эхний өдөр буюу өчигдрийн байдлаар бэлэн мөнгөөр зорчих 2211, хөлс төлөөгүй 417, картын үлдэгдэл хүрэлцэхгүй 407, өндөр настны картын зөрчил 16, хөгжлийн бэрхшээлтэй иргэний 15, оюутны 3, хүүхдийн 198 зөрчил тус тус илэрсэн байна.
Тиймээс иргэдийг нийтийн тээврээр зорчихдоо бэлэн мөнгөөр төлбөр төлөлт хийхээс татгалзаж, смарт картаар зорчилт хийж байхыг Нийслэлийн тээврийн газраас анхаарууллаа.

"Жааз" Л.Энхболд "Хаан" хочтой болов

Өмнөх парламентын үед УИХ-ын гишүүн асан Д.Ганбат Баянхонгорт өөрийнхөө зурагтай 40-ийн бидон тараагаад, “Бидон” Ганбат нэр, хоч зүүсэн. Түний дараагаар Говь-Алтайн Засаг дарга асан О.Амгаланбаатар цэвэр усны саван дээр өөрийнхөө зурагтай шошго наагаад “Шошго” Амгаланбаатар гэдэг нэртэй болж байв. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр ч мөн цэвэр усны саван дээр өөрийнхөө зургийг нааж бас үзсэн.

Энэ мэт манай өмнөх парламентчдын хошин түүх их.

Тэгвэл энэ парламентад үе, үе шуугиан тарьж олныг баясгадаг гишүүн нь Өмнөговиос сонгогдсон Л.Энхболд гишүүн боллоо. Тэрбээр өнгөрсөн жил аймгийнхаа наадам дээр өөрийнхөө зурагтай жааз тараагаад “Жааз” Л.Энхболд гэх хочтой болж байв.

Саяханыг хүртэл "Жааз" хочтой явсан тэрбээр одоо "Хаан" хочтой болов. Тодруулбал, тэрбээр Өмнөговь аймгийн Говь гурван сайхан уулын төрийн тахилгат хайрханы тэнгэрийг тайх ёслолд оролцож яваад ийн хочийг зүүх болсон байна. Уг нь түүний оронд Ерөнхийлөгч Х.Баттулга энэ суудалд суух байсан ч тэрбээр энэ үйл ажиллагаанд оролцохоос татгалзсан байна. Ингээд нутаг, орноо төлөөлөн төрийн хамгийн том албан тушаалыг хашиж буй Л.Энхболд энэ суудалд суужээ. Хэдий төрийн тахилга ч хэт тансаг, чамин ширээ сандал бусдаас онцгойрон ялгарах гэсэн үйлдэл нь эрхэм гишүүнийг ийнхүү хэл аманд өртүүлсөн бололтой.

Ямартай ч УИХ-ын гишүүний энэхүү зураг олон нийтийн сүлжээнд иргэдийн эгдүүцэл, инээд, шүүмжлэлийг нэгэн зэрэг хүргээд байна. 

Төрийн албан хаагч авлигал авч байгаад баригджээ

Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Т.Эрдэнэтуяаг авлигалын хэргээр баривчилжээ. Тодруулбал, түүнийг өнгөрсөн баасан гаригт их хэмжээний авлига авч байхад нь газар дээр нь баривчилсан байна. Тэрбээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нэгэн компанид явган хүний зам хааж барилга барих зөвшөөрлийн тухайд давуу эрх олгосны шан харамжид 60 сая орчим төгрөг авсан хэрэгт буруутгагдаж байгаа аж.

Энэ талаар АТГ-аас лавлахад “Т.Эрдэнэтуяаг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас их хэмжээний хахууль авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр түүнийг баривчилж, шалгаж байна" гэсэн тайлбар мэдээллийг өглөө. 

Хуульчид Ц.Нямдоржийг АТГ-т шалгуулах хүсэлтээ өгчээ

Хуульчид Авлигатай тэмцэх газрын гадна мэдээлэл хийлээ. Тэд Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэсэн үндэслэлээр шалгуулахаар хүсэлтээ өгч  байгаа мэдээлийн эхэнд онцолсон юм.  Мөн Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Захиргааны Ерөнхий хуульд өөрчлөлт оруулсан төслийг санаачлан боловсруулахдаа хэд хэдэн хуулийг зөрчсөн. Хууль тогтоомжийн тухай хуулиар хуулийн төсөл боловсруулах ажиллагаа нарийн процетуртай. Гэтэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ашиг сонирхлын зөрчилтэйгээр хуулийн төслийг боловсруулсан гэж хуульчид үзэж байна. Үүнийг ойрын үед Засгийн газраас гаргах өмч хувьчлалын шийдвэртэй холбоотой хэмээн хардаж байгаагаа мэдэгдсэн юм.  

Хуульзүйн сайд нэг өдөр босч ирээд, ямар ч судалгаагүйгээр хуулийн төсөл боловсруулж, оруулж ирдэг байдлыг бид зогсоох ёстой гэдгийг хуульч Д.Оросоо мэдэгдэв.

Мэдээллийг удахгүй дэлгэрэнгүйгээр нь хүргэх болно.

Сэлэнгэ аймагт дахин сонгууль явагдана

Аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал ИТХ-ын нөхөн болон дахин сонгуулийн санал хураалт өчигдөр орон даяар явагдав. Энэ удаагийн нөхөн болон дахин сонгууль 11 аймгийн 29 сумын 43 хэсэгт болж байгаа юм. Мөн уг сонгуульд 83 нэр дэвшигч өрсөлдөж байгаа бөгөөд 23477 сонгогч санал өгсөн юм.

Зарим аймагт санал хураалт ирцэндээ хүрээгүй тул дахин санал хураахаар болжээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Сайхан суманд болсон ИТХ-ын нөхөн сонгуулийн ирц хүрээгүй буюу 49.6%-тай өндөрлөсөн тул нэмэлт санал хураалт энэ сарын 30-нд болох юм байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл