8o
Улаанбаатар хот
mobile menu

Тавантолгойн талаарх таван өөр байр, суурь

2018-06-26 09:56:00

Засгийн газраас Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьсан. Энэхүү төсөл нь Тавантолгойг цогцоор нь хөдөлгөж эдийн засгийн эргэлтэд оруулахад чиглэгдэж байгаа гэж Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар хэлж буй. Тэгвэл уг асуудлаар зарим хүмүүсийн байр, суурийг хүргэж байна.


Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд өчигдөр өөрийн цахим хуудсаар байр, сууриа илэрхийлжээ. 

З.Энхболд: 70 дахин бага үнээр наадмын өмнө яаран сандран зарах хэрэг гарчээ

- Таван толгойн нүүрсний ордын 30% буюу 2 тэрбум тонн нүүрсийг 2 тэрбум $ оор зарна гэнэ. Өнөөдөр газар дээр нь 1 тонныг нь 70$ аар 140 тэрбум $ зарж байгаа. 70 дахин бага үнээр наадмын өмнө яаран сандран зарах хэрэг гарчээ.
2010 оны 7 сарын 7-нд бас наадмын өмнө УИХ-ын яг ийм 39-р тогтоол гарсан. 8 жил хэрэгжээгүй. Дахин ав адилхан тогтоол гаргах шаардлага байхгүй. 2010 онд 2 хөрштэйгээ транзит гэрээгүй байсан. Өнөөдөр манай нүүрс 2 хөршийнхөө нутгаар хөнгөлөлттэй тарифаар далайн боомт хүрдэг болсон. 8 жилийн өмнөх тогтоолоо хуулж бичихдээ транзит гэрээ байгуулаагүй юм шиг бичжээ.


МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа: Ямар нэгэн хардаж сэрдэх зүйлгүй

- Ямар нэгэн хардаж сэрдэх зүйл байхгүй. Тавантолгойн төслийг хөдөлгөх асуудалд 2016 оны сонгуулийн  дараагаас эхлээд хоёр Засгийн газар дамжиж ажиллаж байна. Ингэхдээ хамгийн зөв шийдлийг олох нь чухал. Өнөөдрийн оруулж ирж буй энэхүү шийдэл бол хамгийн зөв шийдэл гэж харж байгаа. Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр орж төсөл дэмжигдсэн. Намын бүлэг ч дэмжсэн. Одоо УИХ-аар оруулаад төслийг явуулах нь зүйтэй гэдэг дэмжлэгийг авах юм бол ямар нэгэн байдлаар улс төрийн зүгээс болон хөндлөнгөөс нөлөөлөх нөлөөлөл байхгүй болно гэсэн үг. Энэ нь төсөл хэрэгжихэд хамгийн зөв  зам руугаа орж байна гэж  ойлгож болно.  Өнөөдөр хэлэлцэж байгаа тогтоолын төсөл бол бүлэг ордыг цааш нь  явуулах тогтоолын төсөл. Мэдээж цаашдаа төсөл хэрэгжиж эхэлснээр  тодорхой төсөл хөтөлбөрүүд, гэрээ хэлцлүүдийг УИХ, Засгийн газар нухацтай ярьж шийдлээ гаргана.


АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат: Тавантолгой ард түмний мэдэлд очих нөхцөл бүрдсэн тохиолдолд дэмжинэ

- Энэ тогтоолыг хэлэлцэх эсэхийг УИХ-ын чуулган дэмжсэн. Гэхдээ дэмжлэгт учир байгаа. Төрийн гурван өндөрлөгийн оролцсон шийдвэр бол улс төрийн зөвшилцлийн гол асуудал байдаг. Энэ тогтоолоор 30 хувийг олон улсын зах зээлд гаргана гэж байгаа бол төрийн өмчийнх 51 хувь, ард иргэдийн14 хувь, Хөрөнгийн биржээр худалдаалагдсан хувьцааг ард иргэдэд үр өгөөжтэй байх тал дээр яаж хуваарилах вэ гэдгийг ажлын хэсэг дээр дахин хэлэлцэнэ. Энэ тогтоолын өөрчлөлтөөр эдийн засгийн үр ашиг нь бодитой тусах, Тавантолгой ард түмний мэдэлд очих нөхцөл бүрдсэн тохиолдолд дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. 


УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Тавантолгойгоор тахил өргөх гэж байна

- Миний тооцооллоор 130 тэрбум долларын ордоо IPO гаргаад 1-2 тэрбум ам.доллараар зарах гээд байгаа юм биш үү. Яагаад ард түмнээсээ асууж болохгүй байгаа юм бэ. 130 тэрбум ам.долларын асуудлыг 1-2 тэрбум ам.доллараар Хятадын "Шинхуа"-д өгөх гээд байна шүү дээ. Арай гэж өрнөөсөө салаад ажиллая гэхэд нь одоо та нар 30 хувийг нь авъя гээд байна. Яагаад намар ярьж болохгүй байгаа юм бэ. Яагаад наадам өнгөрөөд ярьж болохгүй байгаа юм бэ. Манай Монгол ялна Ерөнхийлөгч Тавантолгойг дэмжиж оруулж ирж байна.Жаран тэрбум, Оюутолгой, хоёр гурван хүний хүчингийн гэх асуудлаар  олны анхаарлыг өөр тийш нь сэвээд Тавантолгойг хулгайлах гэж байна. Би энэ асуудлыг яаралтай оруулж ирж байгааг дэмжихгүй байна. Энэ асуудлыг долоо хоногоор хойшлуулъя. Нээлттэй хэлэлцүүлгийг ийм асуудлаар хийдэг юм. Нөгөө шударга Ц.Нямдорж чинь хэлэлцэх хэрэгтэй гээд гарын үсгээ зураад явж байна. Хойшлуулах горимын саналыг хүний өмнөөс кноп дарвал ард түмний өмчийг хулгайлах гэж байна гэж үзнэ. Монгол Улсын баялгийг өрөнд өгөх гэж байна гэж харж байна. Тавантолгойгоор тахил өргөж байгаа бол би зөвшөөрөхгүй. 


УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Миний бодлоор улам устах аюул явж байна

- Чалкогийн хувьд нүүрсийг 70 ам.доллараар тонн тутамдаа гэрээ хийгээд явж байсан. Өнөөдрийн нөхцөл байдлаар бодоход IPO-г гаргахад 60-65 тэрбум ам.долларыг босгож болохоор байгаа. Арга ядахад 5.4 тэрбум тонн нүүрсний 30 хувийг бодоход 15 тэрбум ам.долларыг гаргах боломжтой байгаа.Нэг тонн нүүрсийг 1-4 доллараар үнэлээд байх шиг байна. Энэ 30 хувиа тавьж туугаад алдчихвал хэн хариуцлага хүлээх вэ. Төмөр зам, авто зам тавихын тулд 30 хувиа хямдхан өгөх ёстой юу. Төрд итгэх итгэл IPO гаргаснаар нэмэгдэнэ гэнэ. Миний бодлоор улам устах аюул явж байна.

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Баасанхүү гэж энэ хүн бас тахил гэж юу байдгийг мэддэг юм байжээ.
Тахил ч гэх шиг
2018/06/26 27.123.214.121