Өнгөрсөн долоо хоногт Дархан аварга Х.Баянмөнх АТГ-д гомдол гаргасан билээ. Тэрбээр тухайн үед Бөхчүүдийн допингийн асуудал сүүлийн 16 жил ямар ч хууль, дүрэмгүй явж ирлээ. Хөндлөнгийн хяналтгүй, ганц эмч сувилагчийн мэдэлд байдаг боллоо. Энэ байдал удаж байна. Допингийн Эсрэг Төвийн захирал, эмч, дээж авагч, хянагч тэргүүтэй хүмүүс бөхчүүдийн шинжилгээний хариуг хуурамчаар гаргадаг, шинжилгээний хариугаар шантаажилж бөхчүүдээс мөнгө авч хууль бус бизнес хийдэг, шинжилгээ авч дүгнэлт гаргахдаа хөндлөнгийн ямар ч хяналтгүй хийдэг, допинг илэрсэн бөхчүүдийн шинжилгээний хариуг нуун дарагдуулдаг хууль бус ажиллагаа хэрээс хэтэрч байгаа тул дээрх хүмүүсийг шалгуулж, хариуцлага тооцуулахаар хандаж байгаа онцолсон.
Тэгвэл тэрбээр яг одоо АТГ-т байцаалт өгч байгаа юм байна. АТГ-аас “Дархан аварга Х.Баянмөнхийн гомдлыг шалгаж байгаа” гэсэн байна.
Дархан аварга Х.Баянмөнх байцаалт өгөхийнхөө өмнө мэдээлэл хийлээ.
- Өнгөрсөн 16 жил МҮБХ хууль бус ажиллагаа явуулсаар ирсэн-
Тэрбээр "АТГ-аас мэдүүлэг өгнө үү гэж дуудсан. Энэ дагуу мэдүүлэг өгөхөөр ирээд байна. Би бөхчүүдийнхээ эрх ашигийг хамгаалахаар явна.Өнгөрсөн 16 жил МҮБХ хууль бус ажиллагаа явуулсаар ирсэн. Олон ч хууль бус үйлдэл бугшсан. Үүнээс допингийн асуудал маш их анхаарал татсаар ирсэн.
Допингийн шинжилгээг хууль бусаар авч, ямарч хяналтгүйгээр хариуг нь гаргаж, илрүүлж байна. Ерөөсөө хэдхэн хүний эрх ашиг, дур зоргоор явж байна. Хууль дүрэм, хүний эрх зөрчиж байна. Энэ Допингийн эсрэг төвийг хэн байгуулсан юм, ямар бүтэцтэй ажилладаг юм, ажилчдаа ямар ур шалгуулаар авдаг юм, допингийн шинжилгээг авахдаа яагаад хөндлөнгийн хяналт оруулдаггүй юм, яагаад хяналттайгаар хариуг нь задалдаггүй юм, хэдэн номерын шилэнд хэний шээс байгааг хяналтын дор явуулдаггүй юм гээд олон асуудал бүрхэг байгаа учир үүний цаана авлигын шинж байна уу гэж үзэж АТГ-т хандсан. Бидэнд ирсэн мэдээллээр Допингийн эсрэг Үндэсний төвийн орлогч захирал Г.Сүхбат нь УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнийн үүсгэн байгуулсан “Аварга” дээд сургуулийн захирал, тус төвийн их эмч Э.Энхсанаа нь “Аварга” дээд сургуулийн багш, Э.Энхсанаагийн нөхөр Энх-Амгалан нь Допингийн эсрэг Үндэсний төвд хяналтын ажилтан, Энх-Амгалангийн ахынх нь хүү Хайдавдорж нь тус төвийн хяналтын ажилтан хийдэг гэж байна. Энэ нь авлигын шинж чанартай болсон юм биш биз
гэх хардлагыг төрүүлж байна. Бөхчүүдийн нэр төрийг гутаадаг, сэтгэл санаагаар унагадаг, бэлтгэлийг нь муутгадаг арга хэрэгсэл болж байгаа юм биш биз гэх болгоомжлол байна. Энэ арга хэрэгслээ ашиглаж, улсын наадамд төрүүлэх магадлалтай бөхчүүдийг залхаан цээрлүүлж байгаа юм биш биз гэх хардлага сэрдлэгэ байгаа учир АТГ-т хандсан” гэлээ
Мөн "Баттулга гэх хүн наадмыг зохион байгуулах төв комиссын мөнгөнөөс хувьдаа шамшигдуулсан гэдгийг шүүх прокурорын байгууллагаас шалгаад тогтоосон. Ингээд энэ хүнд шүүхээс ял хүлээлгэхийн даваан дээр Өршөөлийн хууль гарч хэрэг нь цагаадсан байдаг. Допингийн үндэсний төв байгуулагдаад дөнгөж хоёр жил болоод л ийм асуудалд нэр холбогдож байсан. Монголын үндэсний бөхийн барилдаан нь олимпийн төрөлд байдаггүй. Тиймээс бөхчүүдийн допингийн асуудлыг хуулийн дагуу шалгах ёстой. Түүнээс хэн дуртай нь гудамжинд явж буй бөхчүүдийг дуудаж авчраад цус, шээсийг нь авч гадаадын лабораторит шинжлүүлж түүнийх нь хариуг дуртай цагтаа зарладаг эрхийг эдлээд байж болохгүй. Тэр бүү хэл шүүхийн шийдвэрийг давж асуудал шийддэг байгууллага бий болчихсон байна. 1930 гаруй оны үед “Лхүмбийн хэрэг” нэртэй зохиомлоор хүний нэр төр, амь нас, эрүүл мэндийг хохироодог хэрэг гарч байлаа. Тэгвэл одоо цагт “Допингийн хэрэг” гэж гардаг боллоо. Энэ нэр дор хүний эрхийг зөрчсөн эсэхийг би шалгуулж тодруулмаар байна. Надад холбооны үйл ажиллагаанаас илүү бөхчүүдийнхээ эрх ашгийг хамгаалсан, нэр төрийг нь сэргээх нь илүү чухал" гэлээ.
Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
- Үндэсний баяр наадмын комиссоос допинг хэрэглэсэн бөхчүүдийг наадмаар барилдуулахгүй гэх шийдвэрийг гаргасан байна. Үүнд та ямар байр, суурьтай байна?
- Барилдуулахгүй байх шийдвэрийг гаргаж болно. Гэхдээ хяналттай, баталгаатай баримтад үндэслэн энэхүү шийдвэрийг гаргах ёстой. Хуулийн ганц л заалт бий.Баяр наадмын тухай хуулинд тав давсан 16 давсан бөхөөс допингийн шинжилгээ авна гэж заасан байдаг. Өнгөрсөн жил тав давсан 16 бөхөөс допингийн шинжилгээ авахад илрээгүй. Түүнээс хэн, дуртай хүн дуртай цагтаа бөхийг дуудаад допингийн шинжилгээг авч болохгүй. Бат-Орших, Даш нарын барилдах эрхийг нь шүүхээс сэргээсэн. Гэтэл тэр хүмүүсийг барилдуулахгүй гэж байна. Шүүхийн шийдвэрээс давсан эрх мэдлийг эдлээд байна шүү дээ.
- Бөхийн салбар хоорондын хуралдаан дахин хуралдсан уу. Ойлголцол ямар түвшинд явж байгаа вэ?
- Үндэсний их баяр наадмын комисст хоёр холбооны алинаас нь ч төлөөллийг оруулаагүй. Хууль зүйн яамны ТНБД Баясгалан “Би наадмаа хийнэ” гэж хэлсэн. Тэгэхээр тэр хүн оноолтоо хийж, цолоо дуудах гэх мэт бүхий л ажлаа хийх юм байлгүй.Баясгалан бол хууль бус холбооны хүмүүстэй холбоотой. Тэгэхээр тэд нараасаа зөвлөгөө аваад хийх байх.