8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Тэрбишдагва: Оюутолгой компани 155 сая ам.долларыг төлөх ёстой

2018-06-26 13:07:00

Оюутолгойн үйл ажиллагаа болон Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилт,  Дубайн гэрээг шалгах, дүгнэлт гаргах үүрэг бүхий УИХ-аас томилсон Ажлын хэсгийн төлөөлөл мэдээлэл хийлээ.

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, гишүүн Б.Бат-Эрдэнэ, А.Ундраа, Н.Амарзаяа, М.Оюунчимэг нар ажлын хэсгийн эхний дүгнэлт гарсан талаар мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва "Ажлын хэсэг Оюутолгой компанийн санхүүгийн тайлан баримт, үйлдвэрийн нөхцөл байдалтай очиж танилцсан. Удахгүй Ажлын хэсгийн нэгтгэсэн дүгнэлтийг олон нийтэд танилцуулахад бэлэн болсон. Мөн шаардлагатай бүхий л материалыг авч шалгасан. Шалгалтын явцад татвар төлөлттэй холбоотой нэлээд зөрчил илэрсэн. Тухайлбал, 2018 оны нэгдүгээр сард Монголын татварын албанаас Оюутолгойн 2013-2015 онд хийсэн аудитын шалгалтын дүнд 155 сая ам.долларын акт тавьсан билээ. Харин Оюутолгой компанийн хувьд татварын актыг үндэслэлгүй гэж үзэж байгаагаа мэдэгдсэн. Харин УИХ-аас томилсон Ажлын хэсгийн шалгалтаар 155 сая байтугай түүнээс ч илүү татварын зөрчил илэрсэн" гэлээ.

Тэрбээр мөн “Оюутолгой компанид татварын байцаагчийн тавьсан 155 сая ам.долларын актыг төлөх ёстой гэж Ажлын хэсэг үзэж байгаа” гэлээ.

Дашрамд дурдахад, саяхан Засгийн газрын төлөөллүүд хөрөнгө оруулагч талтай Оюутолгой компанид тавьсан 155 сая долларын татварын актыг хэрхэн шийдвэрлэх тухай ярилцсан ч, шийдэлд хүрэлгүй салжээ. Хөрөнгө оруулагчдын зүгээс Татварын маргаан хянан шийдвэрлэх зөвлөлд өнгөрсөн гуравдугаар сарын 15-нд албан ёсоор хандсан. Зөвлөл ажлын 60 хоногт маргааныг шийдэх бөгөөд уг хугацаа дуусан.

Талууд ойлголцож чадахгүй бол арбитрт хандах эрх талуудад нээгдэж байгаа билээ.

Оюутолгойд ажиллаж буй гадаад болон монголчуудын цалин маш их зөрүүтэй гэдэг. Үүнийг шалгах гэхэд нууцлалтай гэсэн. Энэ мэт шалгаж тодруулах асуудлууд бий гэлээ.

Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Та газар дээр нь ажилласан гэлээ. Ханбогд сум дээр өнгөрсөн 10 жилийн хугацаанд бүтээн байгуулалт хийгдэж үү?
 
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: -Сүүлийн 10 гаруй жил нүүдлийн шувуу шиг байдалтай явж байна. Өнөөдөр Оюутолгойд 14 мянган хүн ажиллаж байгаа гэсэн ч үндсэн болон гэрээт ажилтнууд нь тодорхойгүй. Ажилчдын цалингийн хувьд нууцлалын зэрэгтэй байдаг учир мөн нээлттэй биш. 10 жил болж байхад монгол ажилчид гэрт амьдардаг байсан. Тэр гэртээ одоо ч амьдарч байгаа. Энэ байдлыг боль гэдэг шаардлагыг бид тавьсан. “Ажилчдынхаа
нийгмийн асуудалд анхаарч, барилга барьж байгаа” гэсэн тайлбарыг бидэнд хийсэн. 
 
 УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: -Өмнийн говийн зөвлөл гэж зөвлөл байна. Гэтэл тэр зөвлөл нь нутаг орныхоо ард иргэдийн сайн сайхны төлөө ажиллаагүй. Энэ асуудлаар дүгнэлт хийж байгаа.
 
-Татварын хөнгөлөлтийн асуудлаар ямар байр суурьтай байна вэ?
 
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: -2006-2016 он хүртэл судалгаа хийхэд Цагаан сар, шинэ жил, наадмын өмнө 200 гаруй хууль өөрчлөлт оруулсан байдаг. Тухайлбал Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах төслийг долдугаар сарын 16-нд баталсан байдаг. Томоохон орд газруудын татвар 20 хувь байдгийг таван хувь болгодгийг болиулна гэсэн санал орж байна лээ. Бид саналаа тодорхой илэрхийлж байгаа.
 
-Эрчим хүчийг хаана барихаар ярьж байна вэ?
 

-Бид цахилгаан станц барих асуудлыг хамгийн түрүүн тавьсан. Оюутолгойн шинэ удирдлага “Эрчим хүч барихад бэлэн. Та бүхэн шийдвэрээ гарга гэсэн. УИХ-аар энэ асуудлыг шуурхай шийдэх хэрэгтэй” гэсэн.
 
-Оюутолгойн ТУЗ-д орсон хүмүүсээс нэг гишүүн нь чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Энэ асуудлыг хэлэлцсэн үү?
 
-Бид энэ асуудлаар хэлэлцсэн. Нууцын зэрэглэлд байдаг юм билээ. Тиймээс би материалтай танилцуулах хүсэлт тавьсан. ТУЗ-өө солих эсэх нь Засгийн газрын шийдэх асуудал. Бид Оюутолгойн гэрээ монголын ард түмэнд ямар ашиг өгсөн талаар бодит дүгнэлтээ гаргана.

Т.Энхэлээ

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Сар
Дэмжиж байна
2018/06/26 64.119.20.232
z
good good!
2018/06/26 202.21.106.145
  • Recent
  • Most Read
  • Most Comment