8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Дорнод аймагт газар хөдөлж, ЦЕГ-аас Хүүхдийн аюулгүй байдлыг хангах тал дээр анхаарахыг зөвлөсөн өдөр

2018-06-26 18:45:00

  

Хүн бүр дотор сэтгэлдээ урмын сайхан үгийг ямагт хүсч явдаг. Хийж бүтээснийхээ төлөө, бусдыг баярлуулсны төлөө хэн нэгнээс сонсох талархал, урмын сайхан үгс нь хүний сэтгэл зүрхэнд баяр баясгалан авч ирдэг. Бид хэдий болтол даруу төлөв, сэтгэлийн хөдөлгөөн багатайгаа илэрхийлж, талархал урмын сайхан үгсээ өөрөөсөө болон өрөөл бусдаас харамлаж явах билээ. Гэсэн атлаа маргалдаж муудалцахдаа зүрх зүсэж, сэтгэл хиртэн, дотор давчдам муу үгсийг хэлэх хэрэг юун. Хайртай хань, алаг үр, асралт аав ээж, анд нөхөд бүгд л урмын сайхан үгээр дутаж л яваа. Тиймээс эрхэм уншигч яг одоо хэн нэгэнд та урмын сайхан үг хайрлаарай. Үүний хариу танд хэзээ нэгэн цагт эргэж ирнэ гэсэн гэгээлэг мэдээллээр өнөөдрийн тоймоо хүргэж байна. Их ажлын өдрүүд дуусаж байгаа учраас та бүхэн амралтын өдөр гэр бүлтэйгээ сайхан өнгөрүүлээрэй. Харин одоо бид дуулиантай дуулгах сонин ажлын эхний өдрийн “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэж байна. 

Д.Тэрбишдагва: Оюутолгой компани 155 сая ам.долларыг төлөх ёстой

Оюутолгойн үйл ажиллагаа болон Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилт,  Дубайн гэрээг шалгах, дүгнэлт гаргах үүрэг бүхий УИХ-аас томилсон Ажлын хэсгийн төлөөлөл мэдээлэл хийлээ.

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, гишүүн Б.Бат-Эрдэнэ, А.Ундраа, Н.Амарзаяа, М.Оюунчимэг нар ажлын хэсгийн эхний дүгнэлт гарсан талаар мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва "Ажлын хэсэг Оюутолгой компанийн санхүүгийн тайлан баримт, үйлдвэрийн нөхцөл байдалтай очиж танилцсан. Удахгүй Ажлын хэсгийн нэгтгэсэн дүгнэлтийг олон нийтэд танилцуулахад бэлэн болсон. Мөн шаардлагатай бүхий л материалыг авч шалгасан. Шалгалтын явцад татвар төлөлттэй холбоотой нэлээд зөрчил илэрсэн. Тухайлбал, 2018 оны нэгдүгээр сард Монголын татварын албанаас Оюутолгойн 2013-2015 онд хийсэн аудитын шалгалтын дүнд 155 сая ам.долларын акт тавьсан билээ. Харин Оюутолгой компанийн хувьд татварын актыг үндэслэлгүй гэж үзэж байгаагаа мэдэгдсэн. Харин УИХ-аас томилсон Ажлын хэсгийн шалгалтаар 155 сая байтугай түүнээс ч илүү татварын зөрчил илэрсэн" гэлээ.

Тэрбээр мөн “Оюутолгой компанид татварын байцаагчийн тавьсан 155 сая ам.долларын актыг төлөх ёстой гэж Ажлын хэсэг үзэж байгаа” гэлээ.

Дашрамд дурдахад, саяхан Засгийн газрын төлөөллүүд хөрөнгө оруулагч талтай Оюутолгой компанид тавьсан 155 сая долларын татварын актыг хэрхэн шийдвэрлэх тухай ярилцсан ч, шийдэлд хүрэлгүй салжээ. Хөрөнгө оруулагчдын зүгээс Татварын маргаан хянан шийдвэрлэх зөвлөлд өнгөрсөн гуравдугаар сарын 15-нд албан ёсоор хандсан. Зөвлөл ажлын 60 хоногт маргааныг шийдэх бөгөөд уг хугацаа дуусан.

Талууд ойлголцож чадахгүй бол арбитрт хандах эрх талуудад нээгдэж байгаа билээ.

Оюутолгойд ажиллаж буй гадаад болон монголчуудын цалин маш их зөрүүтэй гэдэг. Үүнийг шалгах гэхэд нууцлалтай гэсэн. Энэ мэт шалгаж тодруулах асуудлууд бий гэлээ.

Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Та газар дээр нь ажилласан гэлээ. Ханбогд сум дээр өнгөрсөн 10 жилийн хугацаанд бүтээн байгуулалт хийгдэж үү?
 
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: -Сүүлийн 10 гаруй жил нүүдлийн шувуу шиг байдалтай явж байна. Өнөөдөр Оюутолгойд 14 мянган хүн ажиллаж байгаа гэсэн ч үндсэн болон гэрээт ажилтнууд нь тодорхойгүй. Ажилчдын цалингийн хувьд нууцлалын зэрэгтэй байдаг учир мөн нээлттэй биш. 10 жил болж байхад монгол ажилчид гэрт амьдардаг байсан. Тэр гэртээ одоо ч амьдарч байгаа. Энэ байдлыг боль гэдэг шаардлагыг бид тавьсан. “Ажилчдынхаа
нийгмийн асуудалд анхаарч, барилга барьж байгаа” гэсэн тайлбарыг бидэнд хийсэн. 
 
 УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: -Өмнийн говийн зөвлөл гэж зөвлөл байна. Гэтэл тэр зөвлөл нь нутаг орныхоо ард иргэдийн сайн сайхны төлөө ажиллаагүй. Энэ асуудлаар дүгнэлт хийж байгаа.
 
-Татварын хөнгөлөлтийн асуудлаар ямар байр суурьтай байна вэ?
 
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: -2006-2016 он хүртэл судалгаа хийхэд Цагаан сар, шинэ жил, наадмын өмнө 200 гаруй хууль өөрчлөлт оруулсан байдаг. Тухайлбал Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах төслийг долдугаар сарын 16-нд баталсан байдаг. Томоохон орд газруудын татвар 20 хувь байдгийг таван хувь болгодгийг болиулна гэсэн санал орж байна лээ. Бид саналаа тодорхой илэрхийлж байгаа.
 
-Эрчим хүчийг хаана барихаар ярьж байна вэ?
 
-Бид цахилгаан станц барих асуудлыг хамгийн түрүүн тавьсан. Оюутолгойн шинэ удирдлага “Эрчим хүч барихад бэлэн. Та бүхэн шийдвэрээ гарга гэсэн. УИХ-аар энэ асуудлыг шуурхай шийдэх хэрэгтэй” гэсэн.
 
-Оюутолгойн ТУЗ-д орсон хүмүүсээс нэг гишүүн нь чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Энэ асуудлыг хэлэлцсэн үү?
 
-Бид энэ асуудлаар хэлэлцсэн. Нууцын зэрэглэлд байдаг юм билээ. Тиймээс би материалтай танилцуулах хүсэлт тавьсан. ТУЗ-өө солих эсэх нь Засгийн газрын шийдэх асуудал. Бид Оюутолгойн гэрээ монголын ард түмэнд ямар ашиг өгсөн талаар бодит дүгнэлтээ гаргана.

"Ханаж цад л даа. Үндсэн хуулиа дээдэлж ажилла, Ц.Нямдорж сайд аа"

Хуульзүйн байнгын хороо Захиргааны тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх эсэхийг шийдэв.  Уг хуулийн төслөөр Засгийн газрын шийдвэрийг Захиргааны хэргийн шүүхээр оруулахгүйгээр шийдэх зохицуулалт хийгдэж байгаа аж.

 ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж төслийг танилцуулсан юм.

Тэрбээр “Засгийн газар Эрдэнэтийн 49 хувийг төрд авах шийдвэр гаргасан. Гэтэл Захиргааны хэргийн шүүх дээр Засгийн газрын шийдвэрийг унагаах асуудал ажиглагдсан. Тиймээс энэ хуулийн төслийг оруулж ирсэн.  Захиалгат зүйл их явагдаж байна. Тодорхой хуйвалдааныг хамгаалсан гол, гол хүмүүсийн төлөөлөл ил гарч ирж байгаад би олзуурхаж байна. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэхээр оруулж ирсэн. 2005 онд энэ асуудлаар маргаан гараад Цэцийн дүгнэлт гарсан. Тэр дүгнэлтэд Засгийн газрын шийдвэрийг Захиргааны шүүх хянахгүй, Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. Хоёрдугаарт, УИХ “Эрдэнэт”-ийн 49 хувийн талаар тодорхой шийдвэр гаргасан. Энэ бол төрийн эрх барих дээд байгууллагын тогтоол. Засгийн газар УИХ-аас өгсөн чиглэлийн дагуу тогтоол гаргасан. Гэтэл УИХ-аас Засгийн газарт өгсөн даалгаврыг шүүх дээр удаа дараа унагах ажиллагаа хийгдэж байна. Үүнийг засах гэж энэхүү хуулийн төслийг өргөн барьсан юм. Гишүүдээс ажил хэрэгч санал гарвал хамтарч ажиллахад бэлэн байна. Хуулийн төслийг дагасан захиалгат үйл ажиллагаа хэрээс хэтэрч байна. УИХ, Засгийн газрын шийдвэрийг хянадаг цорын ганц байгууллага бол Цэц. Цэц бол Үндсэн хуулийн хуулийн шүүх. Л.Болд гишүүн асууж байна. Өөр арга алга уу гэж алга. Болохгүй биз дээ. Шүүх цагаандаа гарсан шдээ. Ц.Элбэгдоржийн гол хүмүүс хөдөлж эхэллээ. УИХ-ын даргын хуулийн даргын зөвлөх хөдөлж эхэллээ. Хотын даргын хуулийн зөвлөх ярьж эхэллээ. Ингэж тал талаасаа ашиг сонирхлоо хамгаалж байна. Тийм учраас эзэнтэй нь ярьж байна” гэв.

УИХ-ын гишүүн Л.Болд:

-Эрдэнэтийн 49 хувиас өөр ямар шийдвэр Захиргааны шүүх дээр хүчингүй болсон бэ? Хэрвээ энэ хууль батлагдахгүй бол Эрдэнэтийн 49 хувийг хувьд шилжихээр байна уу? Засгийн газар хууль зөрчсөн шийдвэр гаргасан бол сайд хариуцлага хүлээх нь ойлголжтой. УИХ-ын шийдвэртээ асуудлаа Засгийн газар хэрэгжүүлэхэд шүүх дээр унахгүй шүү дээ.

Хууль зүйн сайд Ц.Нямдорж: 

-Самартай холбоотой Засгийн газрын шийдвэр шүүх дээр явж байгаа гэсэн тайлбар хийсэн. Захиргааны шүүх Засгийн газраас гаргасан шийдвэрийг замаас нь олон удаа буцааж байгаа юм. Захиргааны шүүх дээр илэрхий эрх ашгаа хамгаалдаг зүйл байна. Хуйвалдааны тойрог үүссэн нь үнэн. Дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүгч н.Батсуурь гэдэг хүн ашиг сонирхлын зөрчилтэй. Энэ шүүгч Захиргааны шүүгч болохоосоо өмнө Төрийн өмчийн хороонд ажиллаж байхдаа Дарханы хар төмөрлөгийн асуудлаар ашигтай шийдвэр гаргаж өгч байсан хүн. Энэ хүн Эрдэнэтийн 49 хувийн асуудалтай холбоотой хэргийг шүүж байгаа. Засгийн газрын төлөөлөл энэ хүнээр шүүх үйл ажиллагааг удирдуулж явуулахгүй гэсэн ч асуудал шийдэгдэхгүй байна. Төлөөлөл нь шүүгчээсээ татгалзах совест байх хэрэгтэй. Ц.Элбэгдоржийн гол хүмүүс энэ асуудлаар хөдөлж эхэллээ.


УИХ-ын Б.Мөнхбаатар:

- Энэ бол маш буруу. Тодорхой гол үндэслэл нь шууд хэлэхэд “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой. Тойроод байхгүйгээр энэ асуудлаа шийдээд явъя. Нийтлэг практикт байдаггүй зохицуулалтыг санал болгох гээд байгаа юм. “Эрдэнэт”-ийн 49 хувийг Захиргааны ерөнхий хуульд хамааруулахгүй байсаар зохицуулвал яасан юм. Ингэж тусгаад явах боломж байгаа. Болсон үйл явдлыг харахаар УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчөөгүй гэж Цэц үзсэн. Захиргааны хэргийн шүүхээс зөрчсөн гээд үзчихсэн. Яаж яваад ийм зөрүүтэй юм гарчихав.Ц.Нямдорж гишүүнийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж АТГ-т өгсөн. Хуулийн төсөл оруулж ирсэнтэй холбоотой АТГ-т өгч шалгуулж болохгүй гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

-Энэ хуулийн төслөөр Засгийн газраас гарсан шийдвэрийг Захиргааны хэргийн шүүхийн хяналтаас гаргаж байгаа.  Энэ хуулийн төслийг бүхэлд нь дэмжих боломжгүй. Стратегийн асуудалтай холбоотой асуудад захиргааны шүүхийн хяналтаас гадуур байдаг. Мафийн бүлэглэлд худалдагдсан Захиргааны шүүхийг буулгах асуудал оруулж ирж байгааг ойлгож байна. Гэхдээ үүнд хүний эрхийн зөрчил гарч байна. Захиргааны шүүхийг татаж буулгаж болохгүй. Ажлаасаа  хууль бусаар халагдсан олон иргэдийн гомдлыг Захиргааны шүүхээр шийдвэрлэсэн байгаа. Харин улс төрийн шийдвэртэй холбоотой  Захиргааны хэргийн ерөнхий хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй.  

Хууль зүйн сайд Ц.Нямдорж

 -Шүүхийн ялзарлыг таслан зогсоохгүй бол болохгүй. Шийдвэр гаргаад байгаа шүүгч чинь даалгавраар томилогддог, даалгавраар ажилладаг болчихсон. Шүүүхийн ялзарлыг таслан зогсооё гэж байгаа юм. Би таван жилийн дараа очиж байна. Танигдахын аргагүй болсон байна. Төрийг урхидах зүйлийг эрчимтэй хийж байна.


УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:

-АТГ-ын үүдэнд хэвлэлийн бага хурал хийх индэртэй болчихмоор байна. Энэ хэвээр батлагдсан ард түмэн хохирно. Энэ байдлаар хүлээн зөвшөөрөх боломжгүй.  Энэ чигээрээ батлах юм бол шүүхийг нураана. Үүнийг Ц.Нямдорж сайдад хэлсэн. Улс төр хэрээс хэтэрсэн. Ер нь энэ хэвээрээ батлагдах юм бол хохирогч нь ард түмэн болно. Тэнд сайдын, даргын шийдвэрийг авч үзэхгүй ард түмэн айдаст автана. Ганц нэг шүүгчид дарлуулаад шүүхийн тогтолцоогоо нураана гээд сууж байгаа нь эмгэнэл. Үүгээр шүүгч, шүүхийн дарангуйлал дуусаасай билээ. Хуульчдын холбоо болон бусад хүмүүсээс гарсан саналыг Нямдорж сайд ойлгох хэрэгтэй.Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох гээд байгаа болохоор тайлбар хэлэх хэрэгтэй.

Хууль зүйн сайд Ц.Нямдорж: Нүд улаан мөнгө цагаан болж. Мэргэжлийн хүний хувьд хүний санаанд оромжгүй зүйл хийж байна. Захиргааны шүүхийн хуулийг оруулж батлуулсан хүн нь би. Шударга ёсыг гишгэдгээ больчих хэрэгтэй. Би хэлсэн үгнээсээ буцахгүй.  Засгийн газрын шийдвэр түүнийг хэрэгжүүлэх гэсэн чиглэлээр томъёолол авсан. Луйврын арга хэрэглээд байгаа учраас түүнийг нь зогсоох гэж оруулсан юм. Цаашаа ямар луйвар хийхийг мэдэхгүй. Мэргэжлийн хуульчийн хувьд хүний санаанд оромгүй юм хийж байна. Уг нь захиргааны шүүхийг батлуулсан хүн нь би. Зарчим ярих нэрээр шударга ёсыг гишгэдгээ больчих хэрэгтэй. Ард түмэнд үнэнийг нь хэлэх хэрэгтэй. Татварын мөнгөөр цалинжиж байгаа өндөр цалинтай хүмүүс нь шүүгчид. Гэхдээ мөнгөтэй хүмүүст үйлчилдэг байж болохгүй.


УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

-Захиргааны хэргийн шүүхийг татан буулгаж болохгүй. Энэ хуулийн төсөл хаврын чуулганаар батлагдаж чадахгүй. Тиймээс энэ хуулиа буцаан татаж, эргэж харах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

-Өнгөрсөн дөрвөн жил бүх зүйлийг самарсан юм шиг ярьдагаа боль. Шүүх байгуулагдаад дөрвөн жил болсон юм уу. Та нар хамтдаа засаг барьсан. Эрдэнэтийн 49 хувийг ярих юм бол 51 хувийг бас шалгая. Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ой маргааш болно. Танай нам “Эрдэнэт” үйлдвэрийг 40 жил идсэн шүү. Та тайлбараа хийж, юмаа гаргаж өгөөч.  Идээд байгаа 51 хувь чинь багадаад байгаа юм уу. Ханаж цад л даа, та нар. Үндсэн хуулиа дээдэлж ажилла, Ц.Нямдорж сайд аа.


Хууль зүйн сайд Ц.Нямдорж:

-Би ард түмнээс нуугаад байх зүйлгүй. Эрдэнэтийн асуудалд хугацаа хожмоор байна. Үндсэн хуулиа барьж ажиллаж байна. Хэлэлцэх эсэхийг нь шийдвэл дараа дараагийн асуудал шийдэгдээд явчихна.

Ийнхүү Захиргааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг байнгын хорооны гишүүдийн 66.7 хувийн саналаар дэмжлээ.

Д.Сумъяабазар: Нүүрсний үнийг 70.1 ам.доллараар тогтоосон

Засгийн газраас Тавантолгойг цогцоор нь эдийн засгийн эргэлтэд оруулж хөдөлгөх тогтоолын төслийг УИХ-д өргөн барьж хэлэлцүүлж байна. Уг асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон МАН-ын бүлэг дэмжээд байгаа юм. Энэ талаар  Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "“Эрдэнэс Тавантолгой” компанийг олон улсын стандартад нийцсэн дүрмээр явах нь зүйтэй гэж энэ удаагийн сонголтыг хийсэн. Хамгийн эхэнд үндэсний эрх ашигт нийцсэн, иргэдэд хувьцааны үр өгөөжийг нэмэгдүүлэх, компанийн хяналтын багцыг төрийн мэдэлд хадгалах, дотоодын үнэт цаасны зах зээлийн хөгжлийг дэмжих зэрэг асуудлыг тусган, тогтоолыг мэдүүлсэн.  Компанийн цаашдын үйл ажиллагааг өргөжүүлэхийн тулд тодорхой санхүүжилт шаардлагатай. Бидний зүгээс шаардлагатай төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх хувилбар буюу зүүн төмөр зам болон Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг санхүүжүүлэх шаардлагууд гарч ирж байгаа. Үүнтэй уялдуулаад бид Тавантолгой баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-г бэлэн болгоод байгаа. Ер нь бол Тавантолгойн нүүрсийг ямар үнэ цэнэ, хэмжээгээр борлуулж гаргах гэдэг гол концепц нь баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ юм. 30 сая хүртэлх нүүрсийг олон улсын зах зээл дээр гаргах нь чухал. Баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулснаар сайн чанарын гангийн үйлдвэрийн хэрэглээг хангасан баяжуулалтыг дотооддоо хийх ёстой гэдгийг мэргэжлийнхэн болон гишүүд шаардаж буй. Тиймээс баяжуулах, нүүрс угаах үйлдвэрийг нэн тэргүүнд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Мэдээж эргэлтийн хөрөнгө маш чухал" гэлээ.

“Эрдэнэс Тавантолгой” компани  нээлттэй хувьцаат компани болгож, дотоод, гадаадын хөрөнгийн бирж дээр зэрэг IPO гаргах юм байна. Олон улсын бирж дээр хангалттай мөнгө босгох хувь нь 30 хувь байдаг аж. Тиймээс Засгийн газраас 30 хувь байх нь зүйтэй гэж үзсэн байна. Тодруулбал, Засгийн газраас төрд байх хувийг нь 78,9 хувь, иргэдэд 14,75 хувь, биржээр арилжаалах боломжтой хувилбар нь 29 хувь гэж тооцоолжээ. IPO гаргахдаа гадаад, дотоодын хөрөнгийн биржүүдийн шалгуур үзүүлэлтүүдийг хангах боломжтой гэсэн дүгнэлтийг мэргэжлийн зөвлөх компаниудаас ирүүлсэн саналыг үндэслэсэн байна. Эдгээр дүгнэлтэд гадаад, дотоодын биржид хувьцаа гаргахад “Эрдэнэс Тавантолгой” компани шалгуур үзүүлэлтийн 60-68 хувийг хангаж байгаа юм байна. Хонконгийн хөрөнгийн биржид хүлээн зөвшөөрөгдсөн компаниар дамжуулан бүртгэгдэх, гадаадын хѳрѳнгийн биржид гарахад компанийн бизнесийн болон ордын нѳѳцийн үнэлгээг хийлгэх, ТЭЗҮ, бизнес тѳлѳвлѳгѳѳг шинэчлэн боловсруулах, эрсдлийн анализ хийх, нѳхѳн сэргээлтийн сан үүсгэх, IPO-р санхүүжих тѳслүүдийн тооцоо судалгааг хийх зэрэг Засгийн газраар хийх ажлууд олон байгааг салбарын сайд нь тодотгосон. УИХ-аас тогтоол гарсны дараа Засгийн газар болон УУХҮЯ-ны ажиллах нөхцөл бүрдэх аж.

Харин хувьцааг эргэлтэд оруулахын тулд компанийн урт болон богино хугацааны стратеги төлөвлөгөө, зах зээлийн нөхцөл байдалд нийцүүлэн нарийвчилсан тооцоо судалгаатай зохион байгуулах шаардлагатай гэнэ.

Энэ талаар тэрбээр "Хувьцааг эргэлтэд оруулахын тулд иргэд, аж ахуй нэгжийн хувьцааны арилжааг эхлүүлэх замаар тэдний хувьцааны эргэлтийг идэвхжүүлэх, компанийн үр ашгийг нэмэгдүүлэх тодорхой төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх, компанийн эргэлтийн хөрөнгийн асуудлыг шийдэх зорилгоор IPO хийгдэх хувилбар бий. Ер нь бол бид компанийн засаглалыг сайжруулах, дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох, үнэт цаасыг нийтэд санал болгох, арилжихад оролцогч мэргэжлийн зөвлөхүүдтэй гэрээ байгуулж, хэрэв УИХ-аас баталбал ирэх арванхоёрдугаар сард хийсэн ажлын тайлан, төлөвлөгөө, явцыг УИХ-д танилцуулах үүрэг хүлээх байх гэж бодож байна. Мөн гаргасан хувьцаанд эзлэх төрийн мэдлийн хувь хэмжээг 50 хувиас бууруулахгүй байх зохицуулалтыг компанийн дүрэм болон бусад холбогдох баримт бичигт тусгаж өгөх ёстой. Төр 50 хувиас  дээш хувиа эзэмшиж, шийдвэр, шийдлүүдээ гаргаад явах нь  зүйтэй гэдэг байдлаар IPO  хийх ажлын төлөвлөгөө явж байгаа. Тавантолгой төсөл эргэлтэд орсноор эдийн засагт оруулах өгөөжийг Сангийн яам болон холбогдох албаныхан гаргасан. Тавантолгой төсөл хэрэгжсэнээр ойролцоогоор 2,8 тэрбум ам.долларын экспортын орлогоо нэмэгдүүлэх, улсын төсөвт жилд 400-аас нэг тэрбум  ам.долларын орлого оруулах, шууд болон  шууд бусаар 5800 орчим ажлын байр шинээр бий болох, дам нөлөөгөөр 43 мянга орчим хүмүүсийн ажлын байр, ажил амьдралтай холбоотой ажлын байрыг хөдөлмөрийн зах зээлд бий болох тооцоо судалгааг эхний ээлжинд гаргаад буй. Тавантолгой төсөл Монголын хамгийн том мега төсөл болно гэдэгт би итгэлтэй байна" гэлээ. 

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Яг өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн санхүүгийн үйл ажиллагаа ямар байна вэ?

“ЭРДЭНЭСТ ТАВАНТОЛГОЙ” /ЭТТ/ КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.ГАНХУЯГ:

-Тавдугаар сарын байдлаар ЭТТ копани 4.7  сая тонн нүүрс олборлож,  6.7 сая тонн нүүрс борлуулж, 328 сая ам.долларын борлуулалт хийсэн. 2018 оны гүйцэтгэлээр 1,2 их наяд төгрөгийн гүйцэтгэлийн орлоготой, 530 орчим сая ам.долларыг улсын төсөвт бүрдүүлэхээр зорьсон. Өнөөдрийн байдлаар хагас жилийн байдлаар борлуулалтын орлого 100 хувиас илүү биелэгдэх боломжтой гэж харж байна. Борлуулалтын орлого, олборлолт, IPO гаргахтай холбоотойгоор борлуулалтын орлогоо төвлөрүүлэхээр ажиллаж байна. 

“Эрдэнэс Тавантолгой” компани IPO  гаргах боломжтой юу гэдэг асуулт олон нийтийн дунд бий.  Одоогоор 7,3 тэрбум тонны нөөцтэй гэдэг тоо байдаг боловч баталгаажсан нөөц нь 2,1 тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэсэн тооцоолол бий. Цаашид олборлолтоо нэмэгдүүлбэл 7,3 тэрбум тонн нөөц нэмэгдэх боломжтой. 2018 оны есдүгээр сарын 1-н гэхэд баруун, зүүн цанхийн ТЭЗҮ-г бэлэн болгох, баяжуулах үйлдвэр, усны асуудал, аудит зэргээ тодорой болгох ёстой. Компанийн үйл ажиллагаа IPO гаргах бэлтгэл ажлын хүрээнд ажлын явц 37 хувьтай явж байна. 

-Нэг тонн нүүрсийг уурхайн амнаас хэдэн төгрөгөөр худалдаалж байна вэ. Орлогоо бас хэрхэн тооцоолж байна вэ?

-Зүүн цанхийн нүүрсийг бид гэрээний дагуух үнэ тогтоодог зарчмаар тогтоодог. Сая тавдугаар сард хийсэн хэлэлцээрийн хүрээнд индексээ нэгээр ахиулж чадсан. Уурхайн амнаас одоо 61 ам.доллараар худалдаалж байна. Баруун цанхиас гаргаж буй коксжих нүүрсийг 70,1 ам.доллараар худалдаалж байна. Нүүрсний үнийг 70,1 ам.доллар болгож өсгөж чадсан нь олборлолт, борлуулалт 30 орчим хувиар өсөх боломжтой. Үүний дагуу улсад төлж буй татвар нэмэгдэх боломжтой.

-Хонконгийн хөрөнгийн бирж дээр IPO гаргахаар бол тодорхой шаардлагуудыг хангахгүй байгаа гэсэн мэдээлэл гараад байгаа. Энэ ямар учиртай юм бэ?

-“Эрдэнэс Тавантолгой” компани Хонконгийн хөрөнгийн бирж дээр IPO гаргах  шаардлагыг бүрэн хангана. Мэргэжлийн хөрөнгө оруулалтын банк болон бусад мэргэжлийн хүмүүстэй ярилцаж байж ийм шийдвэр гаргаж байгаа. Гэхдээ бид Нью-Йорк зэрэг бусад хөрөнгийн биржийг ч бас сонирхож, судалж байна.

-Тодорхой дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлнэ гэж байгаа ч төслүүдийн ТЭЗҮ бэлэн байгаа юу. Өмнө нь Чингис бонд босгож байсан ч төслүүд нь бэлэн байгаагүй гэдэг шүүмжлэл бас байдаг?

-2012 онд 1,5 тэрбум ам.доллар босгосон ч төсөл хөтөлбөрүүд нь бэлэн байгаагүй алдаа дутагдал бий. Гэхдээ бид энэ алдааг давтахгүй. Тавантолгой төслийг дагаж барилга, дэд бүтэц, бусад салбаруудын үйл ажиллагаа сэргэх, өсөлт нэмэгдэх тооцооллыг мэргэжлийн хүмүүс гаргасан. Ер нь бол хөрөнгө оруулалт орж ирсэн тохиолдолд хөрөнгө оруулах дэд бүтэц зэрэг дагалдах дэд бүтцийн төслүүд бэлэн байгаа.

-Ер нь хэдэн төгрөг босгоно гэсэн тооцоолол байна вэ. Гишүүдэд өгсөн мэдээллээр зургаа орчим тэрбум ам.доллар босгоно гэсэн яриа байна?

-110 тэрбум ам.долларын өртөгтэй ордыг 1.5 тэрбум ам.доллараар худалдаалах гэж байна гэж яриад байгаа юм. 120  тэрбум ам.долларын үнэ цэнийг бий болгохын тулд дэлхийн зах зээл дээр коксжих нүүрсний үнэ цэнэ, хэрэглээний 83 хувийг АНУ, Канад, БНХАУ зэрэг улсууд эзэмшдэг. Тэгэхээр дэлхийн зах зээлийн 100 хувь бид гаргаж байж үнэ цэнээ нэмэгдүүлэх шаардлагатай болж байгаа юм. Манай нүүрсний компаниудын үнэ цэнэ яагаад бага байна вэ гэхээр  дэд бүтэц, төмөр зам, цахилгаан станцын эх үүсвэр, усны эх үүсвэр зэргээс үндэслээд маш бага үнэлгээтэй байгаад байгаа юм.

Элэгний C, В вирус үнэгүй тоолно

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд элэгний В, С вирус илрүүлэх, ачаалал тоолох шинжилгээг үе шаттай хийж байгаа. С вирус тоолох шинжилгээг үргэлжүүлэхийн зэрэгцээ В вирусийн ачаалал тоолох шинжилгээг эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй хийх лабораториудыг сонгон шалгаруулжээ. Үүнд,

  • Улсын нэг болон хоёрдугаар эмнэлэг
  • ХӨСҮТ, ХСҮТ
  • "Интермед"
  • УБ-Сонгдо
  • "Итгэл"
  • "Онкоген"
  • "Грандмед"
  • "Аллергимед"
  • "Гялс"
  • "Мобио"
  • "Экспресс"
  • Меданалитик
  • "Хаппиверитас"
  • "Оношмед"
  • "Бонавита"
  • "Юби"
  • "Протлаб"
  • "Гэгээн ар үр"
  • Евростандарт"
  • "Медипас" лаборатори
  • Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг
  • "Элэг" төвд хандах боломжтой.

Та харьяа өрх, дүүрэг, сумын эмнэлэгтээ вирусийг илрүүлэх шинжилгээ өгч, хариу нь эерэг буюу вирустэй гарсан тохиолдолд л тоолуулах юм байна.

Ц.Нямдорж: Хуульчдын ур чадварт эргэлзэх эргэлзээ улам бүр нэмэгдэх боллоо

Хуульзүйн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. 300 мянган төгрөгөөс дээш гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон насанд хүрээгүй хүүхдэд 8 жилийн хорих ял оноодог байна. Уг хуулийн төслөөр 8 жилийг таван жил болгон ялын хугацааг гурван жилээр багасгаж байгаа аж. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн Ц.Гарамжав "Насанд хүрээгүй хүүхдэд оноох ял манайд хүнд байдаг. Хэрвээ энэ хууль батлагдсанаар одоо ял эдэлж байгаа хүүхдэд үйлчлэх үү" гэсэн асуултад ажлын хэсгээс "дүрэм тогтоол гаргасан тохиолдолд хэрэгжүүлнэ" гэсэн хариултыг өгсөн юм. Үүнд

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж "Хууль журмын дагуу энэ асуудлыг шийднэ гэж Эрүүгийн хуульд бичсэн байгаа. Энэ сүүлийн үеийн хуульчдын мэргэжлийн ур чадварт эргэлзэх эргэлзээ улам бүр нэмэгдэх боллоо. Асуудал хэлэлцэх болгонд тайлбарыг буруу хийх юм. Ялыг хөнгөрүүлэх тохиолдол бүрт дүрэм, журам гаргах уу. Та нар ямар сургууль төгссөн юм. Мэдэхгүй бол мэдэхгүй гэдгээ хэлээд яв" хэмээн ажлын хэсгийнхнийг шүүмжлэв. 

Шүүх хуулийг буцаан хэрэглэх гурван тохиолдол байдаг байна. Тухайн хэрэгт холбогдуулах ялыг хөнгөрүүлэх, ялыг хойшлуула, ялыг багасгах зохицуулалт хийгддэг аж. Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд "Энэ хуулийн тайлбарыг чуулганы хуралдаанд ороход нэг мөр ойлголттой болгосон тайлбар хийгээрэй" гэсэн юм.

Ийнхүү Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар чуулганы хуралдаанд гишүүн Н.Оюундарь танилцуулахаар боллоо. 

Дорнод аймагт хүчтэй газар хөдлөлт болжээ

Дорнод аймагт 3.9 магниутын газар хөдлөл болжээ. Газар хөдлөлт өчигдөр 22.29 цагийн орчимд тус аймгийн Баяндун сумын 1 дүгээр багийн “Шивэрийн-Ам” гэдэг газар  /сумын төвөөс хойд зүгт 45 км-т/, /Ө-49064’00”, У-113047’00”/ 06.25-ны өдрийн 22:29 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 23:31 цагт ООГХ-ээс цахим шуудангаар Онцгой байдлын албанд ирүүлсэ байна. 

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Баяндун сумын 1 дүгээр багийн Засаг даргаас тодруулахад тухайн газар нь 6 айл өрх нутагладаг, иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй тухай мэдээлжээ.

Нутгийн захиргааны байгууллагуудад зардлаа хэмнэх шинэ боломж нээгдлээ

Монгол Улсын Засгийн газрын “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-д дэвшүүлсэн “төрийн үйлчилгээний ил тод байдлыг хангаж, цахим үйлчилгээг хөгжүүлэх” зорилт, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.2.6 “Төрийн үйлчилгээний нэгдсэн програм хангамжийг хөгжүүлж, цахим мэдээллийн нэгдсэн сантай холбож, үйлчилгээнд нэвтрүүлэх”, 5.2.3 “Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттайгаар шилжүүлж, хороодоос үзүүлэх төрийн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх” зэрэг зорилтын хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны 5 байгууллагаас үзүүлж буй 47 үйлчилгээг шинэ шатанд гаргах ажлыг эхлүүлээд байна.

Тухайлбал, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны 16, Нийслэлийн Архивын газрын 20, Газрын албаны 2, Аялал жуулчлалын газрын 7, Байгаль орчны газрын 2 үйлчилгээг цахимжуулснаар төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй, цаасгүй, хүнд сурталгүй хүргэх нөхцөлийг бүрдүүлэн иргэдийн цаг завыг хэмнэж, асуудлыг шийдвэрлэх хугацааг багасгах, бүтээмжийг нэмэгдүүлэх боломжтой болно.

Өнөөдрийн байдлаар дээрх байгууллагуудын үйлчилгээний процессыг дахин загварчлан улмаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын мэдээллийн санг шинээр үүсгэж, цахим үйлчилгээний дэд бүтэцтэй холбох, нийтийн хэрэглээнд үе шаттай хөгжүүлэх ажил эхлээд байна.

2018 оны 11 дүгээр сард төрийн үйлчилгээг авахтай холбоотой мэдээлэл, онлайн төлбөрийн систем бүхий иргэн таньд зориулсан портал бэлэн болно.

Энэ чиглэлээр хэрэгжиж буй томоохон төсөл, арга хэмжээг дурьдвал:

Төрийн үйлчилгээний нэгдсэн програм хангамжийг хөгжүүлж, цахим мэдээллийн нэгдсэн сантай холбож, үйлчилгээнд нэвтрүүлэх чиглэлээр

  • Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад хэрэглэж буй програм хангамжуудыг холбож, нэгдсэн платформыг шинээр бий болгох, үе шаттай хөгжүүлэх,
  • Нийслэлийн хэмжээний сургуулийн өмнөх боловсролын хүүхдийн мэдээллийн санг үүсгэж эцэг эхчүүдийг мэдээллээр хангах гар утасны аппликейшн хөгжүүлж, бүртгэлийн системийн нэмэлт хөгжүүлэлт хийж нийтийн хэрэглээнд нэвтрүүлэх,
  • Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын мэдээллийн санг шинээр үүсгэж, цахим үйлчилгээний дэд бүтэцтэй холбох, нийтийн хэрэглээнд нэвтрүүлэн үе шаттай хөгжүүлэх.

Улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажлын талаарх мэдээллийг газар зүйн мэдээллийн системд суурилсан нийслэлийн дундын мэдээллийн санд оруулах ажлыг зохион байгуулах болон тендерийн үйл ажиллагааг иргэд, олон нийтэд ил тод нээлттэй болгож, авилгаас урьдчилан сэргийлэх зорилтын хүрээнд Нээлттэй Улаанбаатар https://open.ulaanbaatar.mn системийг 2018 оны 1 дүгээр улиралд хэрэглээнд нэвтрүүлсэн. Уг системд нийслэлийн нутгийн захиргааны 47 байгууллагын нийт 167 хөрөнгө оруулалтын ажлын тендерийн мэдээ мэдээллийн явцыг иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй хүргэн ажиллаж байна.

Цахим төлбөр, тооцооны нэгдсэн системийг нэвтрүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотод бүртгэлтэй 450 гаруй мянган тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн хэрэгцээ шаардлагыг хангасан, түүнтэй холбоотой олон төрлийн мэдээ, мэдээлэл болон үйлчилгээг нэг дороос авах боломжтой тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний “Смарткар” системийн хөгжүүлэлтийн 3-р үе шатыг эхлүүлж шинээр 9 төрлийн үйлчилгээг нэвтрүүлэх юм. Нийслэлд бүртгэлтэй бүх төрлийн тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлын хүрээнд Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон www.smartcar.mnцахим хуудсанд хандаж, цаг хугацааг хэмнэн, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, зам ашигласны төлбөрийг аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн картаар болон банкны QPay үйлчилгээгээр төлбөрөө төлөх боломжтой болсон. 2018 оны 2 дугаар улирлын байдлаар SMARTCAR аппликейшн болон www.smartcar.mn цахим хуудсаар хандан 18’004 иргэд 1’590’367’504 төгрөгийг төлсөн байна. Цаашид www.smartcar.mn системийг өргөжүүлэн Авто тээврийн хэрэгслийн жолоочийн жолоодох эрхийн оноог шалгах, эзэмшигчийн утасны дугаараар холбогдох, авто тээврийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий нийслэлийн байгууллагын мэдээлэл авах, торгуулийн төлбөрийг онлайнаар төлөх зэрэг үйлчилгээг нэмж оруулахаар ажиллаж байна.

Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэн орох 2 настай хүүхдийн бүртгэл, элсэлтийг цахим системээр зохион байгуулж байсан бөгөөд энэ систем нэвтэрснээр эцэг эхчүүд цэцэрлэгийн үүдэнд урт дараалал үүсгэн, олон хоногоор хонож бүртгүүлдэг байдлыг халж, бүртгүүлэхэд эцэг эхчүүдээс бичиг баримт шаардахыг зогсоож, элсэлттэй холбоотой цэцэрлэгүүдэд үүсдэг ажлын ачааллыг бууруулсан зэрэг тулгамдсан асуудлуудыг нэгэн зэрэг шийдвэрлэсэн юм. Мөн орон зайн мэдээллийн системд суурилсан дундын мэдээллийн сантай холбосноор нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн байршил, сургуулийн өмнөх насны хүүхдийн бүртгэл, элсэлтийн мэдээлэлд дүн шинжилгээ хийж, тухайн цэцэрлэгийн хүчин чадал, боломж бололцоог тодорхойлох, цаашид эрэлт нийлүүлэлтийг тооцоолон анализ хийх, мэдээллийн нэгдсэн сантай болсон. Энэ жилийн хувьд нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт бүртгүүлэх 2-5 насны хүүхдүүдийн хүсэлтийг цахимаар бүртгэж, элсэлтийг зохион байгуулан явуулна. Мөн түүнчлэн цэцэрлэгт явж буй 3-5 насны хуучин хүүхдүүдийн хувьд эцэг эхчүүд нь цэцэрлэг дээр нь очиж баталгаажуулдаг байдлыг цахимаар шийдвэрлэнэ.

Орон зайн мэдээллийн системд суурилсан нийслэлийн дундын мэдээллийн санг өргөжүүлж, дэд сангууд үүсгэх, хяналт удирдлагад дүн шинжилгээ хийж, нийтийн хэрэглээнд нэвтрүүлэх чиглэлээр

Нийслэлийн орон зайн дундын мэдээллийн санд 2018 онд Ус сувгийн удирдах газар, Орон сууц, нийтийн аж ахуйн газар, Геодези, усны барилга байгууламжийн газар, Нийслэлийн Орон сууцны корпораци, Дулааны шугам сүлжээ, Цахилгаан түгээх сүлжээ, Нийслэлийн Мэдээллийн технологийн газруудын мэдээллийн дэд сангуудыг үүсгэж, дүн шинжилгээ хийж боловсруулснаар Улаанбаатар хотын орон зайн өгөгдөлийн дэд бүтэц нэмэгдэн баяжиж өгөгдөл мэдээллийн давхардал арилах, тооцоо судалгаа, шийдвэр гаргалтыг газар зүйн байршлаар олон улсын стандартын дагуу нарийвчлан тооцоолол хийх, хотын төлөвлөлтийг газар зүйн мэдээллийн санд тулгуурлан хийх, иргэдийг хот төлөвлөлтийн мэдээллээр хангах боломж бүрдэх юм.

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв

Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвийн 4 салбарт төр, хувийн хэвшлийн 44 байгууллагын 282 албан хаагч ажиллаж 2016-2018 онд Засгийн газрын яамд, агентлагийн 12 үйлчилгээ, нийслэлийн нутгийн захиргааны 26 байгууллагын 320 үйлчилгээг 2.,813,543 иргэн хуулийн этгээдэд үзүүлсэн байна. Нийслэлийн цахим албан хэрэг хөтлөлтийн нэгдсэн системийг нутгийн захиргааны 1021 байгууллагын 16000 албан хаагч хэрэглэж байгаа бөгөөд цахим бичиг баримтын урсгал 2017-2018 оны 1-р улирлын байдлаар 205,208 байна.

Албан хэрэг хөтлөлтийн систем, байгууллагын архивын системийн нэмэлт, хөгжүүлэлт, системийн аюулгүй ажиллагааг хангах програм хангамжийн нэмэлт хөгжүүлэлт, тоон гарын үсгээр баталгаажсан цахим албан хэрэг хөтлөлтийг хэрэглээнд нэвтрүүлэх чиглэлээр

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлдэг үйлчилгээ, албан бичиг, иргэд аж ахуй нэгжүүдэд үзүүлэх үйлчилгээнд тоон гарын үсгийг нэвтрүүллээ. Ингэснээр үйл ажиллагааны зардал, бичиг хэрэг, шуудан хүргэлт, архивын зардлыг багасгах, нийслэлээс үзүүлж буй үйлчилгээний шийдвэрлэлтийн явц хурдсах, үйлчилгээний хүртээмж чанар сайжирч цаашид нийслэлээс үзүүлж буй үйлчилгээг цахимаар үзүүлэх боломжтой болсон бөгөөд 2018 онд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын бичиг баримт боловсруулах 3000 албан хаагчдад тоон гарын үсэг олгохоор ажиллаж байна.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад цахим шилжилтийг нэвтрүүлж бүтээмжийг нэмэгдүүлсэнээр зардлыг хэмнэж байгаагийн жишээг дараах зургаас харах боломжтой.

Төрийн үйлчилгээг иргэдэд цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хүргэхээр ажиллаж байна гэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

Энэ онд хар тамхитай холбоотой 84 гэмт хэрэгт 186 хүн холбогджээ

Өнөөдөр мансууруулах эм, сэтгэц идэвхт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдөр тохиож байна. Монгол Улсад энэхүү өдрийг тохиолдуулан Донтох эмгэгийг эмчилдэг олон улсын жишээн дээр хийсэн, эмчилгээнд ашиглагдах стандартыг хүлээн авчээ. 2016 оны байдлаар дэлхий дахинд 15-64 насны мансууруулах бодис хэрэглэдэг 200 сая гаруй хүн байдаг гэж тооцоолсон байна. Үүнээс 29 сая хүн мансууруулах бодисыг тогтмол хэрэглэдэг бөгөөд тэдний зөвхөн 1\6 нь эмчилгээнд хамрагддаг. Мансууруулах бодис хэрэглэгчдийн 1.5-1.6 сая нь ХДХВ\ДОХ болон С вируст гепатитээр халдварлагдсан байдаг гэсэн тоо баримт байдаг аж. 

Тэгвэл Нийслэлийн эрүүл мэндийн газар болон бусад байгууллагуудтай хамтарч хийсэн 2010 оны “Өсвөр үе, хүүхэд залуучуудын дундах хар тамхи, мансууруулах бодисын ойлголт, хэрэглээ”-ний талаарх тандалт судалгааны дүнгээс үзэхэд Архи, тамхины хэрэглээ өсвөр үеийнхний дунд өндөр байгаа ба бусад төрлийн мансууруулах эм бодисыг тодорхой хэмжээгээр хэрэглэдэг гэжээ. Тодруулбал нийт судалгаанд хамрагдагсдын 44.6 хувь нь архи, 40.3 хувь нь тамхи, 2.9 хувь  нь бензин, цавуу, 1.8 хувь нь каннабис, 0.9 хувь  нь экстази хэрэглэж үзсэн гэж хариулсан байна.

Харин Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв дээр мансууруулах бодистой холбогдсон хүний тоо сүүлийн жилүүдэд өссөөр байгаа аж. 2011 онд 11 хүн мансууруулах бодистой холбоотойгоор эмчлүүлж байсан бол 2015 онд 90, 2016 онд 139, 2017 оны байдлаар гэхэд 239 хүн холбоотой болсон байна. Эдгээрээс хөдөлмөрийн насны 18-35 насныхан зонхилдог аж.

ЦЕГ, Хар тамхитай тэмцэх газарт "2018 оны эхний таван сарын байдлаар хар тамхитай холбоотой 84 гэмт хэрэгт, 186 хүн холбогдсон байна. Эдгээрийн 40 хувь нь 18-30 насны хүмүүс, 11 хувь нь 18 нас хүртэлх хүмүүс холбогдсон гэх  тоон мэдээлэл байна. 

ЦЕГ: Хүүхдийн аюулгүй байдлыг хангах тал дээр анхаарч ажиллана уу

2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 20 цаг 30 минутын орчимд БЗД-ийн 17-р хороо ерөнхий боловсролын 79 дүгээр сургуулийн хөл бөмбөгийн талбайд 10 настай эрэгтэй “М” хөл бөмбөгийн хаалганы төмрөнд  дарагдаж нас барсан хэрэг гарсан. Одоогийн байдлаар задлан шинжилгээний урьдчилсан дүгнэлтээр тархины суурь ясны гэмтлийн улмаас амиа алдсан хэргийг БЗДЦХ-3 дугаар хэлтэс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 9-р зүйлийн 9.1.1-д “аж ахуй нэгж байгууллага нь байгууллагынхаа дотоодод болон үйл ажиллагаа явуулж буй хүрээндээ гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгах, тодорхой арга хэмжээ авах”, 10 дугаар зүйлд “иргэн бусдын эрх, хууль ёсын ашиг сонирхлыг хохироохгүй байх” үүрэг тус тус хүлээсэн.

Сүүлийн үед насанд хүрээгүй хүүхэд гэмтэх, амь насаа алдах тохиолдол хэд хэд гарч, тухай бүр цагдаагийн байгууллага шалгалтын ажил хийж байна. Урьдчилсан байдлаар гэмт хэрэг гарахад сургууль, аж ахуйн нэгж байгууллага байгууллагынхаа гадаад болон дотоод орчиндхөдөлмөр хамгаалал, аюулгүйажиллагааг хангаагүйнөхцөл байдал тогтоогдож байна.

Иймд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүр аливаа эрсдэлийг илрүүлэх, учирч болзошгүй хор уршгийг арилгах, түүнээс урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол хийх нь Монгол Улсын Үндсэн хуулинд заасан хүн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах баталгаа хангагдах нэг нөхцөл болно.

Цагдаагийн байгууллагаас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хандаж аливаа эрсдэл, ялангуяа хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажиллахыг анхааруулж байна.

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН УРЬДЧИЛАН

СЭРГИЙЛЭХ ХЭЛТЭС

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment