8o
Улаанбаатар хот
mobile menu

Боловсролын салбарын магадлан итгэмжлэх эрх зүйн орчин бүрэн шинэчлэгдлээ

2018-06-26 17:20:00

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл (БМИҮЗ)-ийн Удирдах зөвлөлийн хурал Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яаманд өнөөдөр боллоо. Хурлыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, БМИҮЗ-ийн Удирдах зөвлөлийн дарга Ц.Цогзолмаа удирдан явууллаа. Хурлаар БМИҮЗ-ийн дүрмийг шинэчлэн батлах, Ажлын албаны бүтэц, орон тоо, Дээд боловсролын магадлан итгэмжлэх комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэх, Хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Мөн Өргөдлийн хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэх, Мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагааны журам болон бүрэлдэхүүнийг батлах, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, Боловсролын магадлан итгэмжлэх үйл ажиллагааны журам, шалгуур шаардлагыг шинэчлэх, Дээд боловсролын сургалтын байгууллагыг магадлан итгэмжлэх тухай тогтоолын төслийг батлах асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ.

Хурлаас гарсан шийдвэр, дүрэм, журамд оруулж буй өөрчлөлт, үүнээс боловсролын салбарт гарах үр дүнгийн талаар БМИҮЗ-ийн Ажлын албаны захирал Ж.Ариунболдоос тодрууллаа.

-БМИҮЗ-ийн хурлаас ямар шийдвэр гарсан бэ? Боловсролын салбарт магадлан итгэмжлэлийн асуудлаар ямар өөрчлөлтүүд гарах вэ?

-2014 оноос хойш зогсоод байсан ажлуудын үр дүнг нэгтгэж, боловсролын салбарын магадлан итгэмжлэх эрх зүйн орчин бүрэн шинэчлэгдлээ. Энэ хүрээнд магадлан итгэмжлэхтэй холбоотой үйл ажиллагааны 80 хувь нь өөрчлөгдсөн гэж хэлж болно. Өмнө нь байгууллагын магадлан итгэмжлэлийн хуучин журам болон гадны байгууллагаас өгсөн зөвлөмжийн дагуу ажиллаж байсан бол цаашид нэг журам, дүрмийн хүрээнд магадлан итгэмжлэлийг явуулна. Ингэснээр их, дээд сургуулиудын чанар, цаашлаад нийгэмд сайн боловсон хүчин, мэргэжилтэн бэлтгэх тогтолцооны эхлэл суурь тавигдлаа гэж хэлж болно. Магадлан итгэмжлүүлэх хүсэлтээ өгч буй байгууллагуудыг шинэ шаардлага, шалгуур журмын дагуу батална.

-Монгол Улсын боловсролын магадлан итгэмжлэл олон улсын шаардлагад нийцдэг үү?

- БМИҮЗ-ийн Удирдах зөвлөлийн өгсөн үүрэг, даалгаварын хүрээнд 2020 он гэхэд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага болохоор ажиллаж байна. Түүнчлэн олон улсын магадлан итгэмжлэлийн толгой гурван томоохон байгууллагын жинхэнэ гишүүн болох зорилт тавьсан. Энэ жилээс Ази, Номхон далайн бүсийн чанарын баталгаажуулалтын байгууллагын гишүүн болж ажиллахаар ажиллаж байна. Тиймээс их, дээд сургуулиуд хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг хийлгэх шаардлагатай байна. Сайн хөтөлбөртэй болсноор байгууллагын үйл ажиллагаа сайжирч, боловсролын чанар дээшилнэ.

-Монгол Улсын хэмжээнд хэдэн их, дээд сургууль магадлан итгэмжлэгдсэн байдаг вэ? Өмнө нь магадлан итгэмжлэгдсэн сургуулиуд шинэ дүрэм, журмаар дахин магадлуулах шаардлагатай болж байна уу?

- Монгол Улсын хэмжээнд нийт 96 их, дээд сургууль байгаагаас 67 нь магадлан итгэмжлэгдсэн. Үдсэн 29 сургуул байгууллагын магадлан итгмэжлэлд ороогүй байна. Мөн магадлан итгэмжлэгдсэн 67 сургуулийн 210 хөтөлбөрт хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийгдсэн байгаагаас 87 нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байна. Манай улсад давхардсан тоогоор 1500 орчим хөтөлбөр байгаа бөгөөд 20 орчим хувь нь магадлан итгэмжлэгдсэн байна. Тиймээс их, дээд сургуулиуд магадлан итгэмжлэлд хамрагдаж, олон улсад үнэлүүлснээр боловсролын салбар, цаашлаад хөдөлмөрийн зах зээл дэх хүний нөөцийн хомсдол буурна гэж харж байна.
БМИҮЗ-өөс байгууллага, байгууллагын хөтөлбөрийг бүрэн хангасан тохиолдолд таван жилийн хугацаатай, тодорхой шаардлагыг хэсэгчлэн хангасан тохиолдолд нэг жилийн хугацаатай магадлан итгэмжилдэг. 1998-2004 он хүртэл анхан шатны магадлан итгэмжлэл хийгдсэн бол 2004-2014 он хүртэл 10 жилийн хугацаатай хийгдсэн байдаг. Ингээд гурван түвшний магадлан итгэмжлэл 2018-2023 он хүртэл хийгдэнэ. Өмнө нь орсон сургуулиуд журмын дагуу тав таван жилээр магадлан итгэмжлэл хийгдээд явна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment