8o
Улаанбаатар хот
mobile menu

ТТ-н төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр гишүүд юу гэж ярив

2018-06-26 16:27:14

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны  хэлэлцүүлэг/-ийг хийж, гишүүдийн олонхийн аналаар дэмжлээ. Уг тогтоолын төслийг УИХ-д өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт өргөн барьж, улмаар баасан гаригт байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн билээ. Ингэснээр өнөөдөр байнгын хороогоор анхны хэлэлцүүлгийг хийж буй юм.  Тогтоолын төслийг  Засгийн газраас яаралтай дэгээр өргөн барьсан тул хаврын чуулган завсарлахаас өмнө өмнө батлах чиг барин ажиллаж байна.


Өнөөдрийн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ЫН ГИШҮҮН Х.БОЛОРЧУЛУУН: -Бид улсынхаа гол ордыг үнэд цэнэд хүргэж,  зөв хувьчлах учиртай. Одоо үнэ цэнэд хүрэх нөхцөл байдал нь үүсчихсэн юм уу. Газрын доорх баялгаа аль ч улс үнэлээд явдаг. Бид энэ үнэлгээг хийж, ордоо үнэ цэнэд хүргэж чадах уу. Гишүүдэд тараагдсан материалаас харахад, гаднаас босгосон санхүүжилтээрээ бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн байна. Үүний зарим санхүүжилтийг улсынхаа өрийг дарах чиглэлд зарцуулмаар санагдаж байна. Тиймээс ордоо үнэ цэнэд хүргэх нь хамгийн чухал.

УУХҮ-ИЙН САЙД Д.СУМЪЯАБАЗАР: -Гишүүд томьёоллуудаа зөв хэлмээр байна. Энэ бол өмч хувьчлал биш. Тавантолгой ордоо олон улсын зах зээл рүү гаргах Засгийн газрын санаачлага юм.  Тавантолгой төсөл дээр бид бүтээн байгуулалтуудаа хийж чадаагүй учраас эдийн засгийн үр өгөөжийг нь бодит байдлаар хүртэж чадахгүй явсаар өнөөдрийг хүрлээ. Цаг хугцааны хувьд  таатай цаг үе нь ирсэн гэж бид харж байгаа. Үнэлгээг шинэчлэн тогтооно. Олон төрлийн үнэлгээ хийгдэж байж, үнэ цэнээ өсгөх боломж бүрдэнэ. Гол нь бид төмөр замын ажлуудаа эхлүүлэх хэрэгтэй байна. Ингэж байж, ордын үнэ цэнэ илүү нэмэгдэнэ. Засгийн газраас үнэлгээгээ олон улсад зөвшөөрөгдсөн нэр хүндтэй байгууллагуудаад хийлгэх чиг барина. Өмнөх нийгмийн халамжийн алдаануудыг бид давтаж чадахгүй. Гаднаас босгосон хөрөнгөө бид яг энэ төсөл рүүгээ л хийх учиртай.

УИХ-ЫН ГИШҮҮН Т.АЮУРСАЙХАН: -Тавантолгой төслийг хөдлөөсэй гэж олон нийт хүсч байгаа. Гэхдээ Тавантолгойн 30 хувийг олон улс руу гаргах замаар тогтоолын төслөө оруулаад өгчихсөн. Тогтоолоо дагалдуулаад баахан бүтээн байгуулалт хийнэ гээд  тусгачихсан байгаа юм. Ийм бүтээн байгуулалт хийх эрх Засгийн газарт угаасаа байгаа. Ийм байхад 30 хүртэлх хувийг нь гадагш гаргах санаагаа төөрөгдүүлээд оруулаад ирчихсэн. Үнэлгээг нь 1.6-6 тэрбум ам.доллараар гаргасан нь ямар учиртай юм. Гишүүдийн гар дээр энэ талаарх мэдээлэл ирээгүй байна. Жилдээ 17 сая тонн коксжих нүүрс гаргалаа гэж бодвол энэ орд Монголчуудыг 300 жил тэжээнэ. Бид өөрсдийн чадах хэмжээнд төслөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байж, үнэ цэнээ өсгөх учиртай. Ингэж байж бид эдийн засийн үр ашгийг бодьтооор хүртэх биш үү.

УУХҮ-ИЙН САЙД Д.СУМЪЯАБАЗАР: -Ер нь бид олон улсын стандартын дагуу явах ёстой. Монгол Улс хэдий болтол дотоодын нөхцөл байдлаа харьж, шийдвэр гаргах гэсэн юм. Гадны орнуудын уул уурхайгаа хөгжүүлсэн жишгийг гишүүд хараасай. ОХУ-ын 50, БНХАУ-ын 23, Казахстан Улсын  12 төрийн өмчит компани олон улсын санхүүгийн зах зээл дээр гаргаж, ард түмэндээ үр өгөөжийг нь хүртээгээд явж байна. Бид энэ замаар явах ёстой.

УИХ-ЫН ГИШҮҮН М.ОЮУНЧИМЭГ: -Бид газар ухаад, нүүрсээ авто замаар зөөгөөд байх нь зөв үү. Нүүрсээ угаагаад, төмөр замаар тээвэрлэж үр ашгийг нь хүртэхийн төлөөл ажиллах уу гэдгийг бид бодох ёстой. Тиймээс ч бид Тавантолгой төслийг хөдөлгөх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Гол нь, нүүрсний нөөцийг 1.6-6 тэрбум ам.доллар босгоно гэсэн төсөөлөл хоорондын зай чинь хэт хол байна гэсэн санааг гишүүд хэлэлцүүлгийн үеэр илэрхийлсэн. Үүнийг ажлын хэсэг дээр тухайлан ярилцсан болов уу. Цаашид тогтоолын төсөлтэй холбоотой мэдээллийг тухай бүрд нь аваад, цаг алдалгүй хэлэлцээд явах хүсэлтэй байна.

АЖЛЫН ХЭСГИЙН АХЛАГЧ Б.БАТТӨМӨР ГИШҮҮН: - Засгийн газраас оруулж ирсэн саналд бид хэд хэдэн өөрчлөлт оруулахаар ярилцсан.

УУХҮ-ИЙН САЙД Д.СУМЪЯАБАЗАР: -Үнэлгээн дээр 1.6-6 тэрбум ам.долларын төсөөлөл нь харьцангуй бодит тоо гэж бид харж байгаа. Эцсийн байдлаар бид  олон улсын хөрөнгийн бирж, банк санхүүгийн байгууллагаас өгсөн саналыг үндэслэн, УИХ-д танилцуулах учиртай. Тиймээс яг тэд гэсэн тоо одоогоор хэлэх боломжгүй байна. Дэлхийн коксжих нүүрсний зах зээлийг өнөөдөр Азийн лидер таван улс эзэлж байгаа. Зах зээлийн нөхцөл ийм байхад бид яг нарийвчилсан тоо хэлэх боломжгүй байгаа юм.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЧОЙЖИЛСҮРЭН: -Зах зээлийн нөхцөл байдал муу байгаад, та бүхний төсөөлсөн санхүүжилтэд хүрэхгүй бол яах юм бэ. Заавал “Эрдэнэс Тавантолгой” гэхгүйгээр дунд нь төслийн компани байгуулах замаар саналаа оруулж ирж болоогүй юм бэ. “Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 хувийг олон улсын зах злээлд гаргах гэж байгаа нь өмч хувьчлалын нэг хэлбэр биз дээ.

УУХҮ-ИЙН САЙД Д.СУМЪЯАБАЗАР: -Энэ бол өмч хувьчлал биш. Нэгнийгээ муухай харагдуулах гэж байгаа юм шиг үгээ буруу сонгож ашиглаад байх юм. Монгол Улс тусдаа өмч хувьчлал явуулдаг хууль, журамтай. Тавантолгойг олон улсад гаргах  тогтоолын төсөл УИХ-аар дэмжигдсэн тохиолдолд төслийг цогцоор нь хөдөлгөх боломж бүрдэнэ.

АЖЛЫН ХЭСГИЙН АХЛАГЧ Б.БАТТӨМӨР ГИШҮҮН: - Б.Чойжилсүрэн гишүүн зөв асуулт асууж байна. Охин компани байгуулах замаар гадны зах зээл рүү гардаг жишиг байдаг юм билээ. Бид энэ хувилбарыг бас тооцож харж байгаа. Зүүн цанхийг олон улс руу гаргах асуудал яригдсан. Одоо олон улсын байгууллагуудтай зөвлөж байж, эцсийн шийд гаргана гэж харж байгаа.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ДЭЛГЭРСАЙХАН: -Тавантолгойг шийдэх цаг нь болсон. Бид хэдэн жил л ярилаа шүү дээ.  Хоорондоо булаацалдаад ч байгаа юм шиг, МАН Тавантолгой төслийг хөдөлгөчихвөл  илүү оноо авах гээд байгаа мэт улстөрийн акц хийх гэдэг далд санаагаа болимоор байна. Үнэд хүргэх цаг нь ч  ирсэн. Эдийн засгийн циклээрээ үнэ буурсан хойно нь IPO яриад нэмэргүй. Хувьцаа гаргана гэдэг нь нүүрс  зарж байгаа асуудал биш. Ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Нүүрс өнөөдөр үнэтэй байх  тусам хувьцааны  үнэ дагаад өснө. Ажлын хэсгийн оруулж ирж байгаа үнийн санал нь альтернатив байдлаар орж ирж байгаа нь хувьцааны үнийг дээш, доошоо хөдөлнө гэдгийг тооцоолж оруулж ирсэн гэж ойлгож байгаа. Түүнээс биш тоо мэдэхгүйдээ ингэж тавьж байгаа асуудал биш.  Тавантолгойн төслийн 30 хувийг хөрөнгийн зах зээлд гаргах асуудлыг УИХ-ын хаврын чуулган завсарлахаас өмнө шийдэх хэрэгтэй. Үгүй бол энэ зун ажил явахгүй. Тавантолгойг олон улсын хөрөнгийн бирж дээр гаргана гэдэг дохиог өгчихвөл үүнийг дагасан  дэд бүтцүүдийг сонирхох сонирхол нь улам нэмэгдэнэ. Хятадын тал нүүрс авъя гэдэг саналаа хэлсэн дээр нь бид борлуулалт, дэд бүтцээ сайжруулж хөрөнгийн бирж дээр гаргах юм бол  илүү их  мөнгө босгох боломжтой.

УИХ-ЫН ГИШҮҮН Т.АЮУРСАЙХАН: -Тавантолгойг төслийг дагасан дэд бүтцийн болон бусад хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг олон хүн хүлээж байгаа. Дагалдах дэд бүтцийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хөрөнгө босгох, санхүүжүүлэх бүх эрх Засгийн газарт байхад тогтоолд нэмж тусгах шаардлагагүй. Энэ тогтоолд төрийн өмчийн тодорхой хувийг гадаадын зах зээлд борлуулахтай л холбоотой зүйлийг тусгах ёстой.

Т.Хулан 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment