Нийслэлийн Сүхбаатар дүүргийн долдугаар хороонд байрлалтай эмийн сангийн орчим есөн настай хүү тоглож байгаад харамсалтайгаар амиа алдсан хэрэг өчигдөр гарсан талаар бид мэдээлсэн. Тодруулбал, тус хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дэлгэр төв'-ийн хажууд тоглож явсан есөн настай хүү “Эко шинэс” эмийн сангийн хаалганы төмрөөс барьснаас, тогонд цохиулан амиа алдсан юм.
Өнөөдөр хэргийн газар хүүгийн аав ээж, ах нь ирсэн байсан бөгөөд сэтгүүлчдэд ийн ярив. Тэд ярихдаа “Миний хүү найзуудтайгаа “матар барина” гэдэг тоглоом тоглож байсан юм билээ. Тэгээд найзуудаасаа зугтаахаар шат руу гүйхдээ эмийн сангийн төмөр хаалгыг хоёр гараараа очоод бариад авсан байна. Нялх үрээ алдчихлаа. Үнэхээр хэцүү байна. Урьд шөнийг арайхийж л давлаа.Хүүхдийн буруу гэж юу байх вэ. Эмийн сангийн буруу байдаг юм болов уу. Цагдаагийн байгууллага үнэн зөвөөр шалгах байх гэж найдаж байна. Одоог хүртэл хүүгийнхээ цогцсыг хараагүй байна. Хариуцлага гээч зүйл хаана байна вэ. Цаашид хүний амь дахин эндэхийг үгүйсгэхгүй. Энэ харамсалтай явдал зөвхөн манай гэр бүл, миний бяцхан үрээр төгсгөл болоосой гэж бодож байна” хэмээн уйлан уйлан ярьсан юм.
Талийгаач хүүгийн ах Б.Мандалсайхан “Дүүдээ анхаарал халамж тавьж чадаагүйдээ харамсаж байна. Өчигдөр над руу дүү чинь нас барчихлаа гэж ярьсан. Би хорооллоос наашаа хамаг хурдаараа гүйгээд ирэхэд дүү маань өнгөрчихсөн байсан. Би дүүдээ цалин буухаар дугуй авч өгнө гээд ярьж байсан юм” хэмээн уйлсан юм.