Шатахуун импортлогч компаниуд АИ 92, АИ 80 шатахуун, дезиль түлшний зохиомол хомсдол үүсгэж хэрэглэгчдийн уур, бухимдлыг барсан цаг саяхан. Тэд шатахууны онцгой албан татварын нэмэгдлийг эсэргүүцэн Засгийн газрын эсрэг хоёр долоо хоногийн туршид бойкот хийсний эцэст ялалт байгуулсан. Тодруулбал, шатахууны хомсдолд өртөж үнэтэй бензин хүчээр авч байсан иргэдийн бухимдлыг намжаахын тулд Засгийн газраас АИ 80, АИ 92 шатахууны албан татварыг тэглэсэн. Ингэснээр дээрх хоёр төрлийн шатахууны үнийг нэмэхгүй байх тохиролцоонд Засгийн газар болон нефть импортлогч компаниуд хүрсэн. Гэтэл шатахуун импортлогчид уг тохиролцооноосоо буцаж Цагаан сарын баярын үеэр АИ 92, АИ 80 шатахууны үнийг нэмсэн.
Иргэдийг Цагаан сарын бэлтгэл гэж мунгинах зуурт "даварсан" шатахууны импортлогчид аль хэдийн ард түмний хэрэглэдэг бензиний үнийг нэмж орхиСОН. Тэд энэ үеэр хэнээс ч асуухгүйгээр ямар ч зөвшөөрөлгүйгээр АИ 95 шатахууны үнийг 300 төгрөгөөр нэмсэн. Засгийн газраас тэдний уг шийдвэрийг дуугүй хүлээн зөвшөөрөөд нэмүүлсэн. Гэтэл гар бариад бугуй барьж дахин даврав.
Баяр далимдуулан үнээ нэмж гаршсан шатахуун импортлогчид энэ удаа НААДАМ-ыг далимдуулжээ.
Тодруулбал шатахуун импортлогчид өчигдөр нэгэн зэрэг шатахууны үнийг 90-120 төгрөгөөр нэмлээ. Чоно борооноос гэгчээр шөнө дөлөөр үнээ нэмдэг нь бүр хачирхалтай.
Яг одоо Петровис компани
АИ 98- 2090
АИ 95- 2050
АИ 92 - 1830
АИ 92-1730
ДТ 2010-2070 төгрөгийн хооронд борлуулж байна.
Магнай Трейд
АИ 92-1830
АИ 92- 1750
АИ 95 - 2040
АИ 98 -2100
ЕДТ- 2010 төгрөгөөр борлуулж байна.
Уул, уурхайн дэд сайд, Үнийн зөвлөлийн тэргүүн асан Д.Загджав 2018 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр манай сайтад өгсөн ярилцлагадаа “Нефть импортлогчдоос шатахууны онцгой албан татвар гэж 68 тэрбум төгрөгийг авахаар төлөвлөөд байсан юм. Үүнийг нь Засгийн газар тэглэсэн. Тэгэхээр АИ 92, АИ 80 шатахууны үнэ нэмэгдэхээргүй болж байна. Нефть импортлогч комданиудын захиралтай ярьсан. Тэд “Шатахуунаа хэвийн олгоно. Өнөөдрөөс эхлээд Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлнэ” гэж хэлсэн.
Гэтэл Д.Загджав сайдыг ингэж хэлээд НЭГ САР ХҮРЭХГҮЙ ХУГАЦААНД шатахуун импортлогчид бензинийн үнээ нэмсэн. Ёстой нөгөө эргэж хараад нуруунд хутга зооно гэдэг нь энэ байх.
Үүний дараа Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар үнийн зөвлөлөө би тэргүүлэхгүй бол болохгүй юм байна гэж хэлээд шатахууны үнийн зөвлөлөө ахалж эхэлсэн.
Тэрбээр энэ үед “Шатахууны үнэ хоёр, гуравдугаар сард өсч, дөрөвдүгээр сараас буурах төлөвтэй байна” гэсэн юм.
Гэтэл дөрөвдүгээр сараас хойш гурван сар болох гэж байна. Энэ хугацаанд шатахууны үнэ буух нь битгий хэл өсчихлөө.
Сайд та худлаа хэлсэн хариуцлагаа хүлээнэ үү.
Бүтэн хоёр долоо хоногийн хугацаанд шантааж хийсний эцэст татварын нэмэгдлээ тэглүүлчихээд ийм үйлдэл гаргах нь хэр зохистой вэ.Түүгээр үл барам дахин үнээ нэмлээ. Ер нь шатахуун импортлогч компаниудад хэн хариуцлага тооцох вэ. Тэдний дуртай цагтаа үнээ нэмдэг энэ үйл ажиллагааг хэн хазаарлах вэ. Шатахуун импортлогч компаниудын дэгдээсэн өнгөрсөн удаагийн бужигнааны үр дүнд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн. Тэдний АИ 95 шатахууны үнээ нэмж бусад бензинд зохиомол хомсдол бий болгосноос болж бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн. Энэ хариуцлагыг хэн хүлээх вэ.
Шатахууны үнэ нэмэгдсэн өнөөдрийн нөхцөл байдал ч бараа бүтээгдэхүүний үнэнд нөлөөлнө. Энэ хариуцлагыг хэн хүлээх вэ.
Т.Энхэлээ