Сүүлийн үед хархтай холбогдолтой дуудлага ихсэх төлөвтэй байна гэж Зоонозын өвчин судлалын үндэсний төв /ЗӨСҮТ/-өөс мэдээллээ. Харх нь ямар ч орчны нөхцөлд дасан зохицож, өсөж, үржихдээ хурдан байдаг. Дэлхийд одоогоор 64 зүйл харх бүртгэгдсэн байна. Манай улсын хот суурин газарт хархны тархалт байхгүй ч бор болон хар харх хилийн боомтуудаар дамжин урд, хойд хөршөөс орж ирсэн тохиолдол цөөнгүй бүртгэгджээ.
Мөн биологи, анагаах ухааны чиглэлээр лабораторийн нөхцөлд цагаан хархыг өсгөж үржүүлдэг аж. Харх нь орчны бохирдлоос үүдэн хогийн цэг, барилга байгууламж, орон сууцны хонгил, бохирын хоолой зэрэгт орогнож, бүх төрлийн хоол хүнсний үлдэгдлээр хооллодог.
Хархнаас урьдчилан срэгийлэхийн тулд харх үүрлэх, үржих газруудыг олж тогтоон, устгах, орчны эрүүл ахуйг сахиж, хоол хүнсний үлдэгдлийг ил задгай хаяхгүй байх, тэжээвэр хархыг сул тавилгүй бат бөх торонд хийж, гадагш алдагдахаас ЗӨМҮТ-өөс сэрэмжлүүлэв. Мөн иргэд үхсэн болон амьд хархтай таарвал мэргэжлийн байгууллагад шуурхай мэдээлэхийг зөвлөлөө.