8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Оюундарь: Тавантолгой төслийн хувьд бушуу туулай борвиндоо баастай гэгч болж байна

2018-06-28 06:40:00

УИХ-ын гишүүн Н.Оюундарьтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Тавантолгой ордыг ажиллуулахдаа газар доорх гүний усыг ашиглана гэж яриад байгаа. Хэрвээ гүний усыг ашиглавал говийн эко систем алдагдана- 

-  УИХ-ын хаврын чуулганы төгсгөлд Тавантолгой төслийг хэлэлцэж буй нь хэр зохистой гэж та үзэж байгаа вэ?

-  Ер нь Тавантолгой төслийг хөдөлгөх нь зүйтэй. Өнгөрсөн хугацаанд Тавантолгойг хөдөлгөхөөр зургаан удаа оролдсон ч чадаагүй. Харин бид энэ удаа Тавантолгой төслөө батлахын төлөө ажиллах хэрэгтэй. Гагцхүү үүнийгээ яаруу, сандруу баталбал сайн үр дүнд хүрэхгүй. Ялангуяа, Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн 30 хувийг олон улсын зах зээлд IPO хийж гаргана гэж байгаа. Ингэхийн тулд үнэлгээгээ заавал хийлгэх шаардлагатай. Одоогийн байдлаар Тавантолгойн ордын үнэлгээг хийсэн байна. Гэхдээ ордын үнэлгээнээс гадна бизнесийнх нь үнэлгээг хийх шаардлагатай. Тэгэхээр бид энэ ажилд гадны компанийг татан оруулах ёстой. Ялангуяа гадны зөвлөх үйлчилгээг авч IPO-оо хэрхэн гаргах вэ гэдгээ ярих хэрэгтэй. Бид өмнө нь 1072 ширхэг хувьцаагаа нэг сая төгрөгөөр үнэлж байсан. Харин одоо Тавантолгойн хувьцаа олон улсын зах зээлд гаргаж байгаа учраас нэг сая төгрөгөөс илүү үнэд хүрнэ гэж бодож байгаа.Хамгийн өөдрөг төсөөллөөр бодоход бид 30 хувийн IPO гаргаад зургаан тэрбум доллар олох байх. Гэхдээ олон улсын зах зээлд IPO гаргаж зургаан тэрбум долларыг олохын тулд бэлтгэл ажил буюу гэрийн даалгаврыг маш сайн хийх ёстой юм.

Өмнө нь мөн наадмын урьдхан 39 дүгээр тогтоол гэж яаран, сандран баталж ч байсан. Гэхдээ тэр бүр амжилттай хэрэгжээгүй. Та Тавантолгойн энэ удаагийн төслийн хэрэгжих бодит боломжийг хэрхэн харж байгаа вэ?

-  Энэ төслийг хэрэгжүүлэхэд хамгийн хурцаар хөндөгдөх асуудал нь  ус. Бид өөрсдөө ус, ойн нөөц багатай. Манай голууд гадагш урсацтай. Тавантолгой ордыг ажиллуулахдаа газар доорх гүний усыг ашиглана гэж яриад байгаа. Хэрвээ гүний усыг ашиглавал говийн эко систем алдагдана. Тиймээс байгаль орчинд зохистой үнэлгээг хийх ёстой юм. Үүний дараа  дараагийн алхмуудыг ярих ёстой юм. Мэдээж эдийн засгийн эргэлтэд оруулах нь зөв. Гэхдээ Тавантолгойгоос мөнгө олсон ч байгалиа сүйтгэвэл харамсалтай. Байгалиа сүйтгэвэл хүн амьдрах орчингүй л болно гэсэн үг шүү дээ. Энэ бүгдийг урьдчилж тооцоолох ёстой.

УИХ-д оруулж ирсэн Тавантолгой төсөл бүрэн сайн боловсруулагдаагүй, судалгаагүй байна гэж дүгнэж болохоор байна. Та үүнтэй санал нийлэх үү?

- Бушуу туулай борвиндоо баастай гэгчээр яаруу, сандруу хийж буй ажлуудын үр дагавар төдийлөн сайн байдаггүй. Ихэнх бизнесийн том төслүүд төлөвлөлтдөө бүх ажлынхаа 80 хувийг зарцуулдаг. Ингэж байж ажил илүү үр дүнгээ өгнө. Харин манайхан судалгааны ажилдаа цаг, хөрөнгө зарцуулдаггүй. Тавантолгой төслийн хувьд ордын үнэлгээнээс өөр судалгаагүй  байж байна шүү дээ. Аль улсын ямар бирж дээр хувьцаа арилжих талаар ч  мэдээлэлгүй байна.

- Аж, ахуй нэгжийн орлогын албан татварын хууль гадаадын аж, ахуй нэгжүүдэд хамгийн илүү ашигтай- 

Засгийн газраас сая Аж, ахуй нэгжүүдийн орлогын албан татварын тухай хуулийн төслийг дахин өргөн барилаа. Хаврын чуулган завсарлахаас өмнө Татварын багц хуулиудыг хэлэлцүүлэхээр яаравчилж байна. Та энэ хуулийн төсөлтэй нарийвчлан танилцсан уу?

-  Аж, ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төслийг яг одоо өргөн барьсанаар нь баталбал буруудана. Бид Татварын ерөнхий газраа бэхжүүлэх ёстой. Татварын ерөнхий газар нь шударга, ил тод зарчимтай байхаас гадна нээлттэй, цахимжсан байх ёстой юм. Ер нь л элдэв хардлага, сэрдлэг төрүүлэх ёсгүй гэж бодож байгаа. Татварын багц хууль нь Үндсэн хууль, Иргэний хууль, Захиргааны хуулийн дараа бичигдэх том хууль юм. Татварын ерөнхий газар нь Үндэсний аюулгүй байдлын тусгай үүрэг бүхий байгууллага байдаг. Тэр ч утгаараа Монгол улсын бүхий л төсвийг бүрдүүлдэг байгууллага шүү дээ. Аж, ахуй нэгжийн орлогын албан татварын хуулиар төсвийг бүрдүүлнэ гэж улайраад байхаасаа илүү эсрэгээр нь аж, ахуй нэгжүүдээ дэмжсэн байвал зохистой гэж бодож байгаа.  Манай улсад 132.513 /Зуун гучин хоёр мянга таван зуун арван гурав/ аж, ахуй нэгж байдаг. Гэтэл энэ байгууллагын тэн хагас нь X тайлан өгдөг. Ингээд үлдсэн аж, ахуй нэгжүүдийн 20 орчим хувь нь мөн алдагдалтай тайлан өгдөг. Тэгэхээр маш цөөн аж, ахуй нэгж төсвийг бүрдүүлдэг болж таарах нь. Тэгэхээр орлого бүрдүүлж буй аж, ахуй нэгжүүдээ дэмжсэн зарчмыг заавал барих ёстой. Мөн татвар төлөгчдийнхөө суурь баазыг нэмэгдүүлэх ёстой юм. Дээр дурдсан X тайлан өгч буй аж, ахуй нэгжүүд бүгд ашиггүй ажиллаагүй байж болно. Захын наймаачин болон ТҮЦ ажиллуулж буй хүмүүс гэх мэт жижиг аж, ахуй нэгжүүдээс бага ч болов татвар авах ёстой юм. Ингэж татвар төлөгчдийнхөө суурийг зузаатгамаар байна. Тэдний татвараас зайлсхийх нөхцөлийг бүрдүүлэхгүй байх шаардлагатай.

- Сая өргөн барьсан хуулиар татвараа 100 хувь бүрдүүлснийхээ дараа 90 хувийг нь буцаагаад өгөх нөхцөл байдлыг бүрдүүлэхээр байна. Өнөөдрийн Татварын газрын бааз суурь, хүний нөөц энэ ажлыг хийхэд хүч нь хүрэлцэх үү? 

- Татварын байцаагч нар өнөөдөр татвараа хурааж орлогоо бүрдүүлж чадахгүй байна. Тэд ийм их ачаалалтай байхад нэмээд татвараа 100 хувь бүрдүүлээд буцаагаад 90 хувийг өг гэвэл хүнд суртал, авилгал хээл хахууль бий болохоос гадна маш их хардлага, сэрдлэг бий болно. Хамгийн чухал нь энэ хуулинд удирдлагын үйлчилгээний орлого гэж заасан байдаг. Олон улсын томоохон компаниуд удирдлага буюу тансаглалынхаа зардалдаа бусад зардлаа шингээж нуудаг. Тэр хэрээр ашгаас нь авдаг зардал нь багасдаг. Мөн энэ хууль гадаадын аж, ахуй нэгжүүдэд хамгийн их ашигтай. Өмнө нь 20 хувийн татвар авч байсан бол энэ хуулиар 5-10 болгочихож байна. Тэгсэн мөртлөө дотоодын аж, ахуй нэгжүүдээ дэмжээгүй байна. Миний хувьд гадаад, дотоод гэлтгүй бүх компаниас яг ижил хэмжээтэй татварыг авах ёстой гэсэн байр, суурьтай байгаа. Ер нь бид компаниудыг жижиглэхээс илүү томруулах арга хэмжээг авч ажиллах ёстой. Дотоодын компаниуд том байх тусмаа гадны хөрөнгө оруулагчтай харьцаж дэлхийн зах зээлд гарах боломжтой болно. Сая өргөн баригдсан хуулийн 18.6.2-т ногдол ашгаас орлогын албан татвар авна гэж заасан байна. Гэтэл охин компаниудтай групп, холдингууд толгой компанидаа мөнгөө хуримтлуулаад байвал өөрсдөд нь илүү ашигтай байх юм. Дараагийн нэг асуудал нь элэгдэл, хорогдол тооцох тухай заалт байна. Өмнө нь хуулинд элэгдэл, хорогдлыг 40 жилээр тооцож байсан. Харин энэ хуулиар бүх компанийн элэгдэл, хорогдлыг 25 жилээр тооцсон байна. Монгол компаниудад энэ нь ашигтай ч Монголд хөрөнгө оруулаад буцаагаад гаргах гэж буй компаниудад бүр илүү ашигтай болоод байна. Гадны компаниуд Монголд байшин барилаа гэхэд 45 жил биш 25 жилд зардал нь өндөр болоод ашгийн орлогын татвараа бага төлөх нөхцөл үүсээд байна.

- Мэргэжлийн хүрээнийхэн нь Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах нь буруу юм гэдгийг 100 хувь хүлээн зөвшөөрч байна лээ- 

-Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулж, төрд хэмжээлшгүй эрх өгөх замаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийнхантай Засгийн газар тэмцэхээр зэхэж байгаа нь хэр зохимжтой хувилбар вэ?

-Захиргааны ерөнхий хууль болоод захиргааны хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл нь 2016.07.01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн байдаг. Энэ нь шүүх засаглалын хувьд томоохон ололт юм. Саяхан  хуульчдын чуулга уулзалтын үеэр мэргэжлийн хүрээнийхэн нь Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах нь буруу юм гэдгийг 100 хувь хүлээн зөвшөөрч байна лээ. Нийгмийн болоод мэргэжлийн хүрээний энэ эсэргүүцэлд Засгийн газар бодьтой тайлбар өгөх ёстой. Миний бодлоор Захиргааны ерөнхий хуультайгаа ноцолдох биш, шүүгчийн ажлаа хийж чадахгүй байгаа, өөр ашиг сонирхолтой ажилтанд хариуцлага тооцох учиртай.

-Таны бодлоор хамгийн зөв хувилбар юу юм бэ?

-Ер нь хэдэн шүүгчээс болоод шүүхийнхээ системээр тоглож болохгүй. Одоо энгийн амьдрал дээр маш олон төрийн албан хаагчид ажлаасаа халагддаг. Буруу тушаал аваад чөлөөлөгдөх тохиолдол өчнөөн байна. Ийм тохиолдолд иргэний эрх ашгийг хэн хэрхэн хамгаалах юм. Мөн лиценз,  газрын маргаан гэхчлэн маш олон асуудлууд Захиргааны ерөнхий хуулийн хүрээнд шийдэгдээд явдаг. Төрийн захиргааны байгууллага өөрөө хүчирхэг инститүци. Тэр хүчирхэг инститүцийн хажууд энгийн иргэн шууд л хүчгүйдэх нөхцөл байдал үүснэ. Засгийн газрын өнөөгийн оруулж санал нь Үндсэн хуультайгаа зөрчилдөж байгаа.Тиймээс гишүүд салбарын сайдтай нь ярьж байгаад, энэ асуудал дээр ажлын хэсэг гарган ажиллахаар болсон.

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл