2018 оны эхний 5 сарын байдлаар 68 хүүхэд золгүй явдалд өртсөн байна. Үүнээс амь насаа алдсан 34, амиа хорлосон 16, зам тээврийн ослоор эрсдсэн 8, бусад шалтгаанаар 10 хүүхэд харамсалтайгаар амь насаа алджээ. Сүүлийн өдрүүдэд бусдын хайхарамжгүй, хэнэггүй байдлаас үүдэн бага насны хүүхдүүд амиа алдах хэрэг их гарч байгаа юм. Тиймээс Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбоо, Ардчилсан Залуучуудын Холбооноос санаачлан “Хүүхэд хамгаалалд бүх нийтээр оролцъё” 10 хоногийн аяныг эхлүүлж буйгаа мэдэгдлээ.
Уг 10 хоногийн аяныг эхлүүлж хүүхэд хамгааллын асуудлаар Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо, Ардчилсан Залуучуудын холбоо болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ, иргэдийн төлөөлөл оролцсон хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгуулав.
Уг хэлэлцүүлгээр бүхий л байгууллаг, хувь хүмүүсийг энэхүү аянд идэвхтэй оролцож хүүхдүүдээ хамгаалахыг уриалж байгаа юм. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн З.Нарантуяа, БГД-ийн Засаг дарга С.Одонтуяа болон байгууллага, хувь хүмүүсийн төлөөлөл оролцсон юм.
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ХУУЛЬТАЙ Ч ХЭРЭГЖҮҮЛДЭГГҮЙ
Манай улс Хүүхдийн эрхийг хамгаалах хуультай ч хэрэгжүүлж чаддаггүй нь хүүхэд осолд өртөж эрүүл мэнд, амь насаа эрсдэлд оруулахад тодорхой хэмжээгээр нөлөөлдөг байна. Тиймээс хэлэлцүүлэгт оролцогчид Хүүхэд хамгааллын хуулийн хэрэгжилтийг сайжруулах шаардлагатай гэж хэлж байлаа.
Тухайлбал, УИХ-ын гишүүн З.Нарантуяа “ Өнгөрсөн парламентын үед эмэгтэй гишүүд Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийг боловсруулж батлуулсан. Өнгөрсөн жил НҮБ-ын Хүн амын сантай хамтраад Хүүхдийн эрхийг хамгаалах хуулийг төгс хэрэгжүүлье гэвэл хэдэн төгрөгийн зардал гарах судалгааг хийлгэсэн. Энэ судалгааныхаа үндсэн дээр 2017 оны улсын төсөвт Хүүхэд хамгаалахад хэрэглэх 5-6 орчим тэрбум төгрөгийг суулгасан. Хүүхэд хамгаалах хуультай мөн төсөв мөнгийг нь батлуулж өгөөд байхад хүүхдийн эрх хангагдаж чадахгүй байгаа юм. Манай улсад батлагдсан хуулиуд хангалттай байна. Харин бид хуулиа хэрэгжүүлэх ажлыг маш хангалтгүй, сэтгэлгүй, хариуцлагагүй хийж байна. Үүнд л бүх зүйлийн шалтгаан оршиж байна. Хүүхэд хамгаалах үүрэг хүлээсэн байгууллагуудыг шахаж ажиллаж чадаж байна уу.Аль ч байгууллага аюулгүй байдлын ажиллагааны дүрэм, журмыг хангаж ажиллаж чадаагүй байна. Бид аль ч хуулийг хэрэгжүүлж, хангаж ажиллах соёлд суралцаж чадаагүй ард түмэн юм байна. Тиймээс энэ ажилд Хууль зүйн яам оройлж ажиллах ёстой юм. Өнөөдрөөс эхлэн байгууллага, хүн бүр хуулийг хэрэгжүүлж ажиллахаас гадна ойр, орчиндоо аюулгүй ажиллагааны дүрэм журмыг хангаж ажиллаасай гэж уриалж байна” гэлээ.
ХҮҮХЭД ХАМГААЛАХ АСУУДЛААР ХҮН БҮР ИДЭВХТЭЙ ОРОЛЦОХ ЦАГ НЬ БОЛСОН. ГЭХДЭЭ ЯАЖ
Хүүхэд хамгаалах ажлыг иргэн бүр дор бүрнээ хийж болно. Тухайлбал, таны иргэн тойронд хүүхдийн эрүүл мэнд, амь насанд халтай эд зүйлс байвал та иргэний үүргээ ухарсарлан зохих байгууллагад заавал мэдэгдэх хэрэгтэй юм. Мөн хүүхэд хамгааллын асуудалд анхаарлаа онцгой хандуулж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр анхааруулга, сэрэмжлүүлэг, тодорхой сануулгуудыг өрнүүлэх ёстой юм.
Энэ талаар БГД-ийн Засаг дарга С.Одонтуяа “10 хоногийн аяныг эрчимтэй өрнүүлье гэдэг уриалгыг дэвшүүлж байна. Энэ хугацаанд хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд иргэд, төрийн болон төрийн бус байгууллагууд сэрэмжлүүлсэн, урьдчилсан сэргийлсэн ажлыг хийх хэрэгтэй байгаа юм. Аль нэгэн газарт цахилгааны утас ил гарсан байвал иргэн зургийг нь авч олон нийтийн сүлжээнд тавих гэх мэтээр идэвхтэй ажиллах хэрэгтэй. БГД-ийн хувьд хүүхдийг хараа, хяналтгүй байлгахгүй байх үүднээс хүүхэд хөгжлийн төвүүдийг байгуулсан. Усан бассейн сургалтын төв, номын санг байгуулсан. Хүүхэд гэр бүл хөгжлийн төвийг мөн байгуулж ажиллаж байна. Өчигдрөөс манай холбогдох албан тушаалтнууд Нийслэлийн засаг даргын тушаалын дагуу бүхий л шалгалтын ажлыг хийж эхлээд байна" гэв.
СУРГУУЛИУД ДЭРГЭДЭЭ ӨДӨР ӨНЖҮҮЛЭХТЭЙ БАЙХ ЁСТОЙ
Хэлэлцүүлэгт оролцсон иргэн Ж.Гадинжид “Сургууль бүр өдөр өнжүүлэхтэй баймаар байна. Польш улсын бүх сургууль өдөр өнжүүлэхтэй. Өдөр өнжүүлэх нь орой тарах үеэр нь эцэг, эх нь ирээд авчихдаг. Өдөр өнжүүлэхэд байгаа хүүхэд эзэнгүйдэхгүй. Тэгэхээр сургуулиуд дэргэдээ өдөр өнжүүлэхтэй болмоор байна” гэлээ.
Т.Энхэлээ