8o
Улаанбаатар хот
mobile menu

Зээлийн хүүг бууруулах хуулийн төслийг дэмжлээ

2018-06-28 14:16:17

Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцээд дэмжлээ.  Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжихийг гишүүдийн олонх дэмжсэнээр тус хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. Үдээс өмнөх чуулганы хуралдаан түр завсарлалаа.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төслийг дэмжиж байгаа. Нэг өдрийн өмнө ч гэсэн зээлийн  хүүг бууруулах нь чухал. Өнөөдөр зээлийн хүү, түрээсийн төлбөр хоёр ард иргэдийн амьдралыг туйлдуулж байна.Хамгийн баталгаатай мөнгө бол цалин, тэтгэвэр. Ер нь банкууд юун дээр эрсдэлтэй гэж үзээд хүү авдаг юм бэ. Тэтгэврийн болон цалингийн зээлийг хуулийн төсөлд хэрхэн тусгасан бэ. Нийт зээлийг хамруулбал хэтэрхий хавтгайрна. Мөнгө хүүлэлт хавтгайрсан луйвар болсон. Нарантуул зах дээр хоногийн зээл гэж  иргэдийг шулж байна. Өдрийн зээлийн мөнгө хүүлэлтийг зогсоомоор байна. Хоногийн зээл гэдэг нэрийн дор нэн ядуу хүмүүст мөнгө зээлүүлээд өрийн сүлжээнд оруулж эцэст нь эрүүгийн хэрэг үүсгэдэг. Зээлийн хүүгийн дээд хэмжээг хэрхэн дүгнэсэн бэ" гэлээ. 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ "Зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоохдоо Монгол банкны бодлогын хүү, “марж” буюу банкуудын зээлийн хүүтэй уялдуулж байгаа" гэв. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "Хуулийн төслийг дэмжиж байна. Бусад гишүүдээ ч уриалж байна. Уг хуулийн төсөл өмнө нь яагаад дэмжигдээгүй вэ гэхээр төрийн зохицуулалт болон эдийн засгийн арга хоёрыг хослуулъя гэдэг санааг гишүүдийн зүгээс хэлсэн. Монголбанкнаас зээлийн хүүг бууруулах стратегийг гаргасан байгаа. Төрийн зохицуулалтын арга нь үнийн дээд таазыг тогтоодог хэлбэр. Эдийн засгийн арга гэдэг нь макро эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгох асуудал юм. Эдийн засгийн гурван үндсэн үзүүлэлт гэж бий. Тогтвортой өсөлт, нам түвшний инфляци, ханшийн тогтвортой байдал гэсэн энэ гурван үзүүлэлтийг барьж ажиллах явдал юм" гэлээ. 

Ажлын хэсэг:

Зээлийн хүүгийн хязгаарлалтыг тогтоохдоо зээлийн хүүгийн бүтцээ заавал авч үзэх ёстой. Ингэхийн тулд зээлийн хүүгийн  зардал, ашиг гэж хоёр зүйл бий. Зээлийн хүүгийн зардал нь хадгаламжийн хүү. Жишээ татахад, сүүлийн 10 гаруй  жил хадгаламжийн хэмжээ өсч байгаа боловч зах зээлийнхээ журмаар авч үзэхээр хүү нь буурахгүй байгаа. Монгол Улсад 100 саяас дээш төгрөгийн хадгаламжтай  8217 иргэн, 1885 хуулийн этгээд бий. Үүний хадгаламжийн данс эзэмшигчид  дөнгөж 0.15 хувийг эзэлдэг. Үүнээс харахад, Монгол Улсын зах зээлд зөвхөн мөнгө хүүлэлт явагддаг болохыг дээрх жишээнээс харж болно.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Монгол Улсын банк санхүүгийн салбар олон улсын жишгийн дагуу эрүүл явсан бол өнөөдөр бид зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох тухай яриад сууж байхгүй байсан. Гэвч бид өнгөрсөн 25 жил чөлөөтэй явж ирсэн. Өнөөдөр Монгол Улс нь ч, иргэд нь ч, ААН байгууллагууд нь ч зээлийн хүүгийн хүүлэлтэд хүлэгдсэн улс орон болсон нь үнэн.Миний бие хоёр гишүүнтэйгээ хамтраад банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны  тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар зээлийн хүүгийн дээд хязгаарлалтыг Монголбанк тогтоож болно гэсэн заалтыг оруулахаар УИХ-д оруулж ирсэн ч Монголбанк зээлийн хүүг бууруулах стратеги гаргасан мөн С.Эрдэнэ гишүүний боловсруулсан хуулийн төслийг цогцоор нь шийдье гээд буцаасан. Тиймээс энэ хуулийн төслийг би дэмжиж байгаа" гэлээ. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл